Тайландчууд хаант засаглалыг эсэргүүцэн жагслаа

Админ
2020/09/25

Тайландын нийслэл Бангкок хотод хэдэн мянган хүн цугларч засгийн газар, хаант засаглалыг эсэргүүцэж шинэчлэл шаардан жагссан байна. Ойролцоогоор 15 мянган хүн жагсаалд оролцсон нь сүүлийн хэдэн жилд хамгийн том жагсаал болжээ. Жагсагчид “Феодализм нурж, ард түмэн урт наслаг” хэмээн орилцгоосон байна. Жагсаалын үеэр ямар нэгэн хүчирхийлэл болоогүй байна. Оюутнууд жагсаалыг санаачлан өчигдөр /2020.09.19/ Таммасат их сургуулийн байрнаас эхлэн элитүүдийн баяр тэмдэглэдэг гранд палас хүртэл жагсч, цаашлаад Ерөнхий сайдын оффисын өмнө очиж өнөөдөр /2020.09.20/ өглөө хүртэл шөнөжин үргэлжлүүллээ. Долдугаар сараас хойш иргэдийн хөдөлгөөнүүд Ерөнхий сайд Прают Чаночаг огцрохыг шаардаж байгаа. Тэрбээр 2014 онд анх Ерөнхий сайдаар сонгогдож түүнээс хойш тасралгүй энэ албыг хашиж байгаа нь иргэдийн шүүмжлэл дагуулаад буй юм. Тайландад улс төрийн эмх замбараагүй байдал, эсэргүүцлийн жагсаал удаан үргэлжилсэн билээ. Гэвч энэ оны хоёрдугаар сард дөнгөж байгуулагдаад байсан ардчиллыг дэмжигч сөрөг хүчний намыг эрх баригчид хүчээр татан буулгасан нь гал дээр тос нэмсэн үйлдэл болж иргэдийн бухимдлыг улам дэвэргэсэн гэж эх сурвалжууд хэлж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна