Япон улсын экс ерөнхий сайд Ясүкүни сүмд зочиллоо

Админ
2020/09/25

Хэдхэн хоногийн өмнө Япон улсын ерөнхий сайдын суудлаас өөрийн хүсэлтээр огцорсон Абэ Шинзо өчигдөр дайнд амь үрэгдэгсдийн бунхан гэгддэг Ясүкүни сүмд зочилсон байна. Тэрбээр энэ үйл явдлын зургийг сошиал хуудсандаа нийтлээд өөрийн огцорсон тухай мэдээг дайнд хэлмэгдэгсдийн сүнснүүдэд дуулгахаар очсоноо тайлбарласан гэв. 1869 онд байгуулагдсан Ясүкүни сүмд дэлхийн хоёрдугаар дайнд амь үрэгдсэн Япон улсын 2.5 сая иргэний сүнсийг тахидаг. Мөн хэдэн зуун дайны гэмт хэрэгтнүүдийн шарилыг бунхалсан байдаг байна. Тодруулбал, 1948 онд цаазлуулсан дайны үеийн ерөнхий сайд Хидеки Тожог энд оршуулжээ. Иймд Японы төрийн өндөр албан тушаалтнууд уг сүмд зочлох бүрт дайнд хамгийн их хэлмэгдсэн Хятад, Өмнөд Солонгос улсууд эсэргүүцэл илэрхийлдэг. Абэ Шинзо ерөнхий сайд байхдаа хамгийн сүүлд 2013 онд Ясүкүнид зочлох үеэр эдгээр улсуудын зүгээс ширүүн эсэргүүцэлтэй тулгарч байсан. Тэр цагаас хойш дахин сүмд биеэр зочлоогүй ч төлөөлөгчөөрөө дамжуулан өргөл барьц илгээдэг байжээ. Абэ ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа дэлхийн хоёрдугаар дайны дараа баталсан үндсэн хуулийг өөрчилж, Япон улсыг зэвсэгт хүчинтэй болгох зорилготой байсан ч бүтээгүй. Түүнийг залгамжилсан ерөнхий сайд Ёшихидэ Сүга энэхүү эмзэг асуудалд хэрхэн хандах нь одоогоор тодорхойгүй байгааг эх сурвалжууд мэдээлж байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна