Т.Пялзай: Л.ВАНГАНЫХАА ТОГООГ БАРЬЖ, ТООСТОЙ ХУВЦСЫГ ЦЭВЭРЛЭЖ ЯВСНААРАА БАХАРХДАГ

Ж.Солонго
2020/09/25

Ж. Солонго 

 Авьяастнуудын дэргэд тэднийг гялалзуулдаг шидтэн хамт байдаг гэдэгт би итгэдэг. Уран бүтээл, ажилдаа сэтгэл зүрх, үйлс бүтээлээ бүрэн зориулчихсан тэдний арыг бат дааж, өөрөө ч түүнтэйгээ нэгэн хэмнэлээр амьсгалдаг болсон ханийн түүхийг олонтаа сонссон. Энэ дундаас нэгэн эмэгтэйг онцлон уншигчидтайгаа уулзуулж байна. Түүнийг Түмэнбаярын Пялзай гэдэг. 90 шахаж яваа ч хоолой нь цолгиун, хөл нь чанга, ухаан нь саруул, мэдлэг нь уужуу нэгэн. Тэрбээр хорьдугаар зууны гарамгай авьяастнуудын нэг Ламзавын Ванганы гэргий. Ханьтайгаа хамт аз жаргалтай он жилүүдийг үдэж, дөрвөн хүүхдийн аав, ээж болон амьдарч байсан түүх түүнийх. Цэл залуугаараа бэлэвсэрч үлдээд, нэр, мөрөө хичээн олны дунд ханийнхаа алдрыг сэвтээхгүй, үрсийнхээ дэргэд аавынх нь халамжийг дутаахгүй гэж хичээж явсан өдрүүд ч түүнийх. Урлагийн сургуулийн бүжигчин бүсгүй Л.Ванган хэмээх агуу хүний гэргий болж, хожим нь хэрхэн амьдарч, ямар замналаар өдий хүрсэн түүхийг хүргэе .

-Сайн байна уу, Та. Л.Ванган гуайн амьдрал, уран бүтээлээс бүтсэн номынхоо гурав дахь ботийг хэвлүүлчихсэн гэв үү. Хэзээ нээлтийг нь хийх вэ?

 -Энэ Л.Ванган гэдэг хүн хувьтай, тэнгэртэй хүн юм. Өөрийнх нь юм аяндаа л бүтдэг. Номыг нь хийе гэхэд шавь нар туслаад өгнө. Хэвлэх мөнгөгүй байна гэхэд “Би энэ хүнийг шүтдэг” гээд Төрийн тэргүүн хүртэл тусалсан. Үүнийг ёстой тэнгэртэй л гэхээс өөр юу гэх билээ. Гурав дахь цувралаа хэвлүүлчихлээ. Би хамгийн их талархаж байгаа хүмүүстээ номын дээжээ хүргэчихээд нээлт хийнэ гэж бодож байлаа. Тэгсэн Номын баяр болж байна гээд миний өвгөний тухай дурсамж бичсэн Баяр минь ирж ном авч явна гэсэн. Одоо эгч нь хүлээгээд л сууж байна.

 -Ламзавын Ванган, Нацаг гэдэг хоёр хүү хоёулаа Монголын урлагийн түүхэнд тод мөрөө үлдээжээ. Л.Ванган гуай театр, кинотой илүү холбогддог бол дүү Л.Нацаг нь Циркийг үндэслэгч. Гэхдээ Л.Ванган гуай ч бас циркт цойлж явжээ. Та тэр түүхийг тодруулж өгнө үү? 

 -Би урлагийн сургуульд 1948-1950 онд сурсан. Гурван жил бүжгийн ангид сурч байлаа. Тэгэхэд урлагийн сургуулийн ерөнхий эрдмийн хичээлд Циркийн сургуулиас З.Дэмчигжав нарын хүүхдүүд ирж суудаг байсан. Тэр хүүхдүүдтэй ажиллаж байсан үндсэн багш нь Л.Нацаг, Ж.Раднаабазар, Д.Гомбо нар байсан юм билээ. Энэ үеэс хамаагүй өмнө 1940-1946 онд Л.Ванган Циркт манежийн эрхлэгчээр орж ажилласан байдаг. Би энэ тухай номондоо биччихсэн. Анх манай Л.Ванган циркт орохдоо манежийн эрхлэгч, лоонж баригчаар (Өндөрт үзүүлбэр хийхэд хамгаалдаг бүс) орсон. Дараа нь орос мэргэжилтэн А.М.Волошины орчуулагчаар ажиллаж байгаад, циркийн найруулагч, уран сайхны удирдагч болсон. 1940-1946 онд жилд нэг шат ахиж, зургаан төрлийн ажил хийж байсан юм билээ. Тэгээд 1946 онд Л.Ванганыг шалгалтгүйгээр Москвад найруулагчийн мэргэжлээр суралцуулах үүргийг Соёлын яамнаас өгсөн байдаг юм. Энэ хооронд Л.Ванганыг циркт орохоос өмнө нь Д.Гомбо, Л.Нацаг, Ж.Раднаабазар гурав хойно сургууль төгсөж ирээд, Циркийн сургуулийг байгуулчихсан байжээ. Л.Ванганыг циркт ороход тэр хүмүүс түшиг болсон. Л.Ванган унаган орос хэлтэйн зэрэгцээ Л.Нацаг дүүтэйгээ хамт нэг нэгнээ түшиж тулсаар хэн хэн нь асар богино хугацаанд хөгжсөн байдаг. Хөдөлмөрийн соёл, гадаад хэл сурсан нь гайхалтай. Ямар гоё зургууд авсан байдаг гээч. Бараг өнөөдөр авсан юм уу гэмээр тийм гоё тавигдсан, тийм гоё авсан, сценари шиг зургууд бий. Ламзав гуайн энэ хүүхдүүд гаргуунд авьяастай. Манай Л.Ванган бас л циркчин. Улаан хивсэн дээгүүр гүйж байгаад трамполин дээгүүр үсэрч гараад, газар буухдаа гараа мулталж байсан гэсэн. Тэр тухайгаа “Манай Хичээнгүй дарга хүн дуудаж ирж боолгоод, эдгээсэн” гэж ярьдаг. Тухайн үед циркт ажиллаж байсан С.Чилаажав, Ж.Нямдаш, Т.Дорж, Б.Дамдинсүрэн, Ц.Цэрэндорж бол гэмтэх бэртэхийг тоохгүйгээр өөрсдийн эрүүл мэнд, амь насаар дэнчин тавьж, циркийг хөгжүүлсэн улсууд. Би урлагийн сургуульд сурч байсан болохоор ерөнхий эрдмийн хичээлд тохой залган суудаг байсан хүүхдүүдээ дагаад цирк үздэг байлаа. Л.Ванган, Л.Нацаг хоёр Завхан аймаг буюу тухайн үед эднийг төрж байхад Засагт хан аймгийн Цэцэнсартуул хошуу Галуутайн хүрээ, Галуутайн голд төржээ. Тэр нутаг ус, удам судар ямар гайхамшгийн орон байсан юм бэ гэж би дандаа боддог, биширдэг. Нэг айлд хоёр хүү төрөхөд урлагийн тэнгэрт мөнхөрсөн авьяастан байна гэдэг тасархай. Л.Нацаг хаана байдаг билээ. Дандаа дөрвөн хүний орой дээр, тэр дээр байдаг. Тэгэхээр энэ хоёр хүүд энэ нутаг ус, газраас дээш амьдрах эрч өгсөн юм биш үү. Л.Нацаг, Л.Ванган хоёрыг сэнсэртэл мост эргэдэг байсан гэж Л.Цогзолмаа ярьсан шүү. 

 -Завханы театр Л.Ванган гуайн нэрэмжит, Ардын цирк нь Л.Нацаг гуайн нэрэмжит бил үү?

 -Завхан аймгийн Тосонцэнгэл суманд Ардын цирк гэж байсан. Үндэслэн байгуулагч нь Л.Нацаг. Багшилж, заасан нь ч Л.Нацаг. Тэр олон мэргэжилтэн циркчдийг бэлтгэсэн хүмүүс нь ч Л.Нацаг. Тиймээс энэ хүний нэрэмжит. Завханы театр нь Л.Ванганы нэрэмжит. 

 -Өнгөрсөн зуунд урлагийг эх орондоо нутагшуулж, хөгжүүлсэн хүмүүс их авьяастайн зэрэгцээ хөдөлмөрч юм аа?

 (Энэ асуултад ээжийгээ хариулахаас өмнө дунд охин Ванганы Оюунгэрэл нь нэг дурсамжаа хуваалцсан юм. Тэрбээр “Би аав, Нацаг ах хоёрыг их дагаж явдаг байлаа. Театрт бол орой бүр очиж тоглолт үзнэ. Аав бас бусад байгууллага руу явахдаа дагуулж явдаг байсан. Тухайн үед хүүхэд болохоор Л.Нацаг ахын албан тушаалыг мэдэхгүй л дээ. Циркт очоод, Хуучин циркийн хоёрдугаар давхрын жижиг лоожноос циркийн тоглолтыг олонтаа үзсэн. Ямар ч хүнгүй танхимд аав, Л.Нацаг ах хоёр л сууж байхад бүх жүжигчин нүүрээ будаж, хувцсаа өмсөөд хүндэтгэлтэй тоглодог байсан” гэв.) 

 -Олон хүн бужигнаж, орж гарсан айл байсан тухай нь хүмүүс ярьдаг. Та бас тэр олны хөлд дарагдаж, хоол цай болсоор бүр дасчихсан байсан уу? 

 -Энэ айлын тогоог барьж, тоостой хувцсыг нь цэвэрлэж явснаараа би бахархдаг. Ээж минь ч надад тэгж захьсан. Би хадам ааваасаа тогоо, галын хайч, шанага гурвыг нь өвлөж авсан хүн шүү дээ. Нэг удаа Л.Ванган миний дургүйг их хүргэсэн.”Хамгийн хүнд ялтай хэрэгтэнг манай дээр ирж тасална гэсэн” гээд ярьж байснаа бүр нэгийг нь дааж аваад, гэртээ авчирдаг байгаа. Би бүр ухаан алдсан. Уурлаад ижийд хэлтэл, Л.Ванган ижийг галын өрөө рүү авч орж байгаад нам болгочихсон. Би юм хэлж чадахаа больсон. Хулгайн хэргээр хүнд ял эдэлж явсан тэр хүнийг суллаж, манай Л.Ванган дааж авч гэртээ 20 гаруй хонуулаад, дараа нь Зоргол хайрхны үйлдвэрт аваачсан. Сүүлд нь манайд мах, айраг бариад ирсэн шүү дээ. Бүр төрөөс одон медаль хүртээд, мундаг сайн засарч, хүмүүжиж амьдарсан. (Энэ тухай охин В.Оюунгэрэл нь ч дурсамж нэмэв. Тэрбээр Сэрээтэр хэмээх тэр ахыгаа сайн хүн байсан гэж дурсаад, ажилд томилогдоод очиход нь хамт явж байснаа дурссан. Харин түүнтэй хамт таслагдсан нөгөө хулгайч нь дахин хулгай хийхгүй гэж олны өмнө хуруугаа огтолсон хэрнээ дахин хулгай хийгээд, шоронд орсон гэнэ)

 -Та байсхийгээд сонинд сайхан дурсамж бичиж гаргадаг. Үнэхээр зүгээр суухгүй хүн юм аа? 

 -Хүүхдүүд хоорондоо Маам зохиолоо бичиж байна гэдэг юм. Зүгээр суухгүй ээ. Би уул зурах дуртай. Уул гэдэг амьтай. Бас самади буюу нүд зурдаг. Дурсамжаа ч бичдэг.

 -Л.Ванган гуайн гэргий байснаараа та дандаа бахархах юм аа. Ханиа насаараа дээдэлж амьдрах бас нэгэн гайхамшиг шүү.

 -Би хүний ганц охин байсан л даа. Ямар азаар Урлагийн сургуульд орж, ямар золоор Э.Оюун багшдаа загнуулж гүйж, ямар буянаар театр дээр сагсаганаж гүйж яваад Л.Ванганы нүдэнд өртөв гэж боддог. Би эхнэр нь байсан гэдэггүй ээ. Тогоог нь барьж явлаа л гэж бичдэг. Эхнэр нь байсныг хүн бүр мэднэ шүү дээ. 

 -Гоё хүүхэн байсан болоод л тэр мундаг хүний хараанд өртсөн байх л даа. 

 -Сэргэлэн, шар хүүхэн л байсан байх даа.

 -Урлагийн хүмүүс романтик шүү дээ. Та хоёрт ч нандин гоё дурсамж олон байх даа.

 -1951 оны арванхоёрдугаар сарын 31-ний орой намайг дагуулаад цирк рүү явсан. Даргынх нь өрөөнд олон хүний дунд орж шампанск буудуулаад “Би энэ бүжигчин бүсгүйтэй гэрлэлээ” гэж хэлж билээ. Би тийм зүйл мэдэхгүй, хөдөөний охин. Хаанаас ч шампанск авсан юм. Гайхаж билээ.

 -Та хоёрын хамт амьдарсан он жилээс илүү ганцаараа туулсан хугацаа нь урт шүү дээ. Ханиасаа хойш дахиад хүнтэй сууя гэж бодож байв уу?

 -Би хүний ганц охин. Нүүдэлчин, малчин, нэлээд час хийсэн амьдралтай айлын охин байлаа. Хөл нүцгэн ч явж үзээгүй хүн. Хөвсгөлийн сургуулиас Улаанбаатарт Урлагийн сургуульд ирээд, 1951 онд энэ Л.Ванган гэдэг гайхалтай хүнтэй заяа тавилангаа холбож, амьдарсан. Сүүлд нь бодох нь ээ, Ванганы ямар нүд энэ олон сайхан эмэгтэйн дундуур гарч, намайг олж хардаг байна аа. Л.Ванган бид хоёр 19 жил амьдарсан. Хүнд харсан тэнгэр бий. Л.Ванганыгаа унаснаас хойш амьдралаа аваад явж байхдаа харсан тэнгэр байдаг юм байна аа гэж боддог болсон. Хүүхдүүдээ бүгдийг нь дээд сургууль төгсгөсөн. Тэр ч бүү хэл гадаадын пионерын зусланд ч явуулж байсан. 

 -Л.Ванганы хүүхдүүд гэж улсаас тусгай анхаарал тавьдаг байсан уу?

 -Тэр ч тааруухан. Таньдаг байсан хүн хүртэл дуугарахаа л больдог юм билээ. Гэхдээ нэг л юм бий. Хүн болгонд бий. Чи тэрийгээ олж харж мэдэрвэл санасан болгон чинь заяагаараа бүтнэ ээ.

 -Аавыгаа өнгөрөхөд бага нь хэдтэй байсан бэ? 

 -Бага нь тавтай, том нь 15 настай хоцорсон.

 -Ганцаараа хүүхдээ өсгөх амаргүй дээ. Ялангуяа эрх, танхи, элбэг хангалуун байсан бүсгүйн нуруу дээр их хүнд ачаа буусан байх нь?

 -Миний хүү аавынхаа тухай “Аав минь анд дуртай, намайг загасанд авч явж байсан” гэж ярьсан. Бас хичээлийн дүнгийн хуралд суугаад, надтай тооцоотой гэж хэлсэн ч зодож байгаагүй ээ гэх мэтээр ярьсан байна лээ. Тэгэхээр тийм л хэмжээнд зэрвэс дурсамж ааваас нь үлджээ. Манайх дутах юмгүй амьдарсан. Л.Ванган минь бүгдийг бэлдчихдэг байсан учраас тэр. Намайг нөхрөө хөдөөлүүлээд буцаж байхад танил бүжигчин бүсгүйчүүд “Ванганы авчирсан цүнх дүүрэн мөнгийг үрж амьдарсан хүн одоо яана аа” гэж ярьсныг сонсоод би харин ч их биеэ хатамжилж, боссон шүү. Түүнээс хойш ажлаа хийж хүүхдүүдээ өсгөж торниулаад, 1985 онд тэтгэвэртээ гарсан хойноо харин өөрөөсөө “Би одоо хүргэний юм уу, бэрийн тогоо барьж амьдарч чадах болов уу” гэж асуусан. Миний ээжийн болоод ханийн бий болгож, амьдруулсан замнал намайг ийм зүйлд дасгаагүй. Тэгээд л бодож байгаад малчин хүний охин байна гээд гэр аваад, хөдөө гарсан.

 -Монгол кино үйлдвэрийн 85 жилийн ой энэ онд тохиож буй. Та энэ байгууллагаас тэтгэвэртээ гарсан шүү дээ. Хамт олонтойгоо уулзав уу, ойрд? 

 -Ж.Солонго захирал минь газраа алдчихгүй, байшингаа тавиад туухгүй, ахмадуудаа нэгтгээд, чадлаараа ажиллаж яваа. Бид жилд хоёр уулзчихдаг байсан чинь коронагаас болоод байдаггүй ээ. Ахмадын баяр, Цагаан сараар уулзуулдаг юм. Би 1971 онд УБДС-ийн Кино драмын ангийг найруулагч, жүжигчин мэргэжлээр төгссөн. Раднаа, Ө.Рэнцэнноров, ОХУ-ын мэргэжилтэн найруулагч С.Бэйлис гэж гурван хүний удирдлаганд 24 хүн төгссөний нэг нь. Л.Ванганыхаа зохиол “Ач хүүгийн зүүд”-ээр Барилгачдын соёлын ордонд дипломын ажлаа онц дүнтэй хамгаалж, төгсөөд тэндээ найруулагчаар томилогдсон. Л.Ванган минь өмнө нь “Миний Маам кино үйлдвэрт л очно шүү” гэж хэлдэг байсан юм. Барилгачдын соёлын ордонд ажиллаж байхдаа Кино үйлдвэр рүү байнга гүйдэлтэй байлаа. Тэд ч намайг ажилд авмаар байна гээд л. Ингэж явсаар 1972 онд “Баянбулгийнхан” киноны туслах найруулагчаар ажиллахаар болж, үндсэн байгууллагадаа хэлээд, шилжиж байлаа. Дарга намайг “Яах гэж чамд би 700 төгрөгийн цалин өгч байв аа” гээд загнасан ч дараа нь хамт олонтойгоо үдэн гаргаж өгч “Мэргэжил, мэдлэгээ чангаруулалгүй яах вэ дээ” гээд урамшуулсан. Д.Жигжид найруулагчийн туслахаар “Баянбулгийнхан” кинонд ажиллаад, 1972 онд “Чимгээгийн төрсөн өдөр” Н.Нямдаваагийн хоёрдугаар найруулагчаар бас ажилласан. Дараа нь Д.Жигжидсүрэнгийн “Газрын жигүүр”-т ажиллаж явтал, Баримтат киноны студи байгуулагдаж, баахан найруулагч томилоход нь би багтсан. Би ёстой залбираад, тийшээ орсон. Энэ хэдэн хүүхэд минь бага балчир байхад уран сайхны кинонд яваад хэдэн сараар алга болчихно. Баахан юм бичиж үлдээгээд орхиход том нь жижгийгээ хараад л үлдэнэ. Эх хүнд ямар хэцүү байх вэ. Нялх хүүхдүүдээ хаячихаад явна гэдэг амаргүй. Өөрөө дурлаж очсон ажилдаа шалтаг хэлж болохгүй, хойш суух аргагүй. (Бараг тавин жилийн өмнөх дурсамж ч гэлээ ийм түүх ярих түүнд амар байсангүй. Хоолой нь зангирч, нулимс нь бөмбөрсөн) Баримтат кинонд намайг томилоход би учиргүй их баярласан. Эхлээд кино мэдээ, сэтгүүл гардаг байлаа. Би баримтат кинонд ажиллах хугацаандаа 20 кино мэдээ сэтгүүл хийсэн. Бүжгийн тухай хоёр кино хийж байтал, Уран сайхны удирдагч дуудаад, Позитив монтажны цехийн дарга бол гэсэн. Кинонд ажилладаг байхдаа позитив монтаж мэддэг болчихсон байсан ч ирлэсэн юм шиг 20 гаруй хүүхний учрыг олж чадахгүй байх гэж бодсон. Голдуу найруулагч, зураглаач нарын эхнэрүүд ажилладаг байлаа. Р.Доржпалам найруулагчид “Чадахгүй байх аа” гэж хэлээд гарсан чинь 2-3 хоногийн дараа дахиж дуудаад, тулгаж тушаал гаргаад, өөрөө дагуулж ороод танилцуулсан. 10 жил энэ цехдээ ажиллаад, тэтгэвэртээ гарсан. Одоо миний хүүхнүүд намайг даргаа гээд хүндлээд явдаг. 

 -Та энэ хамт амьдардаг охиноо “Миний Ванган” гээд дотночлон дуудах юм”. Аавтайгаа илүү адилхан хэрэг үү? 

 -Энэ бас учиртай. Миний том охиныг Оюунбилэг гэдэг. Түүний дараа Вангантай минь их адилхан хөөрхөн охин төрөөд, эндсэн. Найман сартайдаа өөд болж, хоёр хөх чинэрээд, Ванган минь ч сэтгэлээр унаад, их хэцүү байсан. Ванганыгаа айхтар гунидгийг охиноо өнгөрөхөд нэг харсан. Тэгж байгаад энэ охин минь ирсэн. Тэгээд ч тэр үү амиа тавьдаг. Би өөрөө гэр оронтой хэрнээ энэ охинтойгоо зууралдаад байдаг нь ийм учиртай. Мятайчаад, жигтэйхэн адилхан. Моглой гэдэг байсан юм, аав нь. 

 -Танай хүүхдүүд бүгд аавтайгаа адилхан юм аа? 

 -Адилхан, адилхан. Зээ нар ч адилхан. Заримдаа дуугарахаар нь юу билээ гэж боддог юм.

 -Сүүлд мал маллаж байгаад, хэзээ хотод орж ирэв ээ?

 -Тэтгэвэрт гараад гурван сар суулаа. Нэг л биш ээ. Б.Норовсамбуугийн ээж Бэгзсүрэнд хэллээ. Эднийх манай Л.Ванганы их ойрхон хамаатан шүү дээ. Гандангийн тэнд нэг хүн 2000 төгрөгөөр гэр зарах гэж байна гэхээр нь очиж аваад, хүүгээрээ бариулаад, айлын хашаанд буулаа. Дараа нь банкны харуул хийж үзлээ. Тэр үедээ айлаас сүү гэрээлж ууж байсан юм. “Ингэж мөнгөөр сүү авахаар үнээтэй болооч” гэж нэг нь хэллээ. Тэгэхээр нь хаа байх билээ гэж бодож байгаад Чингэлтэйд ойн хамгаалагчийн гадаа айл авна гэхээр нь очсон. Тэгээд ганц үнээ нь арван хэд болсон. Тэгж байтал хүү минь хүнд өгсөн мөнгөндөө 60 хонь авах болсон. Ингээд малаа аваад, Алтанбулаг руу явж 27 жил мал маллаж байгаад, 2013 онд хотод орж ирсэн. Тэмээнээс бусад л малтай байсан. Баялаг айлын гал тогоо барьж байсандаа ч тэр үү, хөдөө мал маллаж байсандаа ч юм уу, эрүүл саруул сайхан л явна. Мал маллах сайхан. Даарна даарна л гэнэ, даарахгүй яаж амьдрах юм. Хэцүү, хэцүү л гэнэ, хэцүүгүй юм гэж хаа байх вэ. Мал дагасан хүн халтар нохойдоо ч хайртай, хурга ишигтээ ч хайртай байдаг юм. Сүүлд бүгдийг нь зарчихаад ирсэн дээ.

 -Сайхан өрнүүн, баялаг амьдралын түүх юм аа. 

 -Энэ хорвоог иймэрхүү янзтай туулж явна. Надад хорвоод гунисан, гутарсан, гомдсон зүйл байхгүй ээ. Аа, ганцхан дутагдал гэх үү, тэвчээргүй зан байсан. Амьдралынхаа турш ганц л юмыг тэсэж чаддаггүй байсан юм. Тэр нь архи. Л.Ванганыгаа архи амссан байхад л арзасхийгээд л явчихдаг байсан. Нэг удаа салах шахаж ч явлаа. Элдэв авир байхгүй ч архи уухыг нь би тэвчдэггүй байсан юм даа.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна