АТАР ХӨРСНИЙ АМТ, АМУУ БУДААНЫ САН

Админ
2020/09/25

Тариан түрүү халиурч, ургацын талбайд трактор, комбайн дуу хадна. Жаргах нарны туяанд тариан түрүү, Сэлэнгийн уудам хөндий тэр аяараа шаргалтан, тариаланчдын сэтгэл тэнүүхэн, амар амгалан байна. Үндэстэй бүхэн үр шимээ өгдөг намрын налгар өдрүүдэд Сэлэнгийн хүн зон амсхийх завгүй хөдөлмөрлөнө. Байгалийн өнгө солонгорч, тариа, будаа боловсорч дууссан энэ цагт тариан талбайгаас сурвалжилга бэлтгэхээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй яваа нь энэ. Монгол Улс газар тариалангийн бүс нутгаа зарлаж, гурил, улаанбуудайн хэрэгцээгээ дотоодоосоо хангадаг болсон хөдөлмөрч ард түмэн. Бидний очсон Сэлэнгэ аймгийн Сайхан сумын энгээр тариа будаа халиурч, төрөл бүрийн хүнсний ногоо, эрдэнэшиш боловсорчээ. Тэнд трактор, комбайны нүргээнт дуу хадаж, хөдөлмөр, сэтгэл үнэртсэн хамт олон анхны цаснаас урьтаж бүтэн жилийнхээ хөдөлмөрийг “чулуу” болгохоор ханцуй шамлан зүтгэцгээж байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ургац хураалтын явцтай танилцах үеэрээ Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Номгон багт үйл ажиллагаа явуулж байгаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ш.Мардаан гуайн тариалангийн талбайд очив. Засгийн газар сүүлийн гурван жилд тариалан эрхлэгчдийг эрчимтэй дэмжиж байгаад тэд талархахын зэрэгцээ дотоодын гурилын хэрэгцээгээ 100 хувь хангахаа илэрхийлсэн. Засгийн газраас тариалангийн бүс нутгийг тогтоож, нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр шинэ техник, тоног төхөөрөмж нийлүүлсэн. Цаашид Монгол Улс хүнс үйлдвэрлэгч, улмаар экспортлогч орон болох зорилтыг биелүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдгээ тариаланчдын төлөөлөл хэлж байлаа. Харин Хөдөлмөрийн баатар, Гавьяат агрономич, “Газрын Ундраа” компанийн захирал Ш.Мардаан гуай нийт тариаланчдад тулгарч байгаа асуудлаа Ерөнхий сайдад уламжлав. Тус компанийн хувьд энэ жил 1350 га талбайд улаанбуудай тариалснаас 90 гаруй хувийг нь хураан авчээ. Энэ жил ургац арвинтай байгаа ч хөдөлмөрөө шингээн ьургуулсан тариа буудайгаа хур, нарны завсраар, цаснаас урьтаж хураан авах нь чухал хэмээв. Мөн тэрбээр “Газар тариалангийн бүс нутгийн эзэмшилт, ашиглалтыг сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, хөрсний үржил шимийг хамгаалах зорилгоор газар тариалангийн бүс нутгийг тодорхой газруудад зааж өгсөн. Бид нэг үеэ бодвол байгаль, цаг уурын эрс тэс нөхцөл байдалд дасан зохицсон техникийн шинэчлэлтүүдийг, мөн уринш бэлтгэлийг цаг хугацаанд нь хийж чадаж байна. Харин бэрхшээлтэй нэг асуудал нь биднийг зөрчилдөхөд хүргээд байгаа мал сүрэг. Малчид малаа бүтэн нэг жилийн долоон сард нь шахуу ямар нэг зохицуулалтгүйгээр бэлчээж, тариалангийн талбайг элэгдэл, доройтолд ьоруулахад хүргэж байна. Иймд газар тариалангийн бүс нутагт зөвхөн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх тухай зохицуулалт хийж өгөх”-ийгхүссэн. Ерөнхий сайд У.Хүрэлсүх газар, тариалангийн бүс дэх цөөн тооны малчдынхаа амьдралыг бодох хэрэгтэй ч 3.2 сая иргэдийнхээ хүнс, талх тариаг бэлдэх шаардлагатай учир эрчимжсэн мал аж ахуйг хурдацтай хөгжүүлж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээ авахыг салбарын сайд, холбогдох албан тушаалтнуудад энэ үеэр үүрэг болгосон юм. Зөвхөн Ерөө суманд социализмын үед 11 мянган толгой мал байсан бол одоо 92 мянган болж өссөн бөгөөд бэлчээр хүндэрч, хадлангийн төвс ургахаа больсон учир ногоон тэжээл тарьж, малаа тэжээж байгаа аж. Тиймээс Засгийн газрын шийдвэрийг бодитоор хэрэгжүүлэхгүй бол цаашид хүндрэхээс эмээж буйгаа тариаланчид мөн энэ үеэр илэрхийлсэн. Тэгвэл энэ асуудалд салбарын сайд З.Мэндсайхан “Мал аж ахуйгаас шалтгаалан тариаланчид нийт ургацынхаа 30 хувийг алдаж байгаа учир тулгамдсан асуудлыг шийдвэрлэж чадвал ургацаа 30 хувиар нэмэгдүүлэх боломжтой. Тариаланчдын зүгээс Дархан, Сэлэнгэ аймгийг газар тариалангийн бүс нутаг болгож, эрчимжсэн мал ахуйг хөгжүүлэхэд сайтар анхаарах хэрэгтэй байгаа. Ингэхгүй бол тариалангийн талбайд бэлчээрийн мал талхлах үзэгдэл гарч байна” хэмээв. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон бусад бодлогын баримт бичигт Дархан-Уул, Сэлэнгэ аймгийг газар тариалангийн бүс нутаг болгохоор тусгасан. Иймд шаардлагатай бүх арга хэмжээг үе шаттай, шуурхай авч ажиллахаа салбарын сайд тариаланчдад хэлж, тэднийг хөрс хамгааллын асуудалд онцгой анхаарах хэрэгтэй гэдгийг захилаа. Ч.УНДРАМ: МАЛЫН ҮҮЛДЭР УГСААГ САЙЖРУУЛЖ, ТОО БУС ЧАНАРТ ШИЛЖИХ ЁСТОЙ Дээрх асуудалд тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ч.Ундрамын байр суурийг хүргэж байна. -Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх ёстой гэх хүсэлтийг Сэлэнгийн тариаланчид байнга хэлдэг. Энэ удаа ч асуудлыг хөндөж байна. Тус аймгаас сонгогдсон гишүүний хувьд та энэ асуудалд байр сууриа илэрхийлэхгүй юү? -Монгол бол хөдөө аж ахуйн орон. Тийм учраас нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх ёстой. Энэ хүрээнд бид малын үүлдрийг сайжруулах шаардлагатай. Мэдээж үүнийг тооцоо, судалгаатайгаар эхлүүлэх хэрэгтэй, Мах, сүүний чиглэлд судалж, хэрхэн хөгжүүлэх вэ гэдгээ маш сайн тооцож байж хэрэгжүүлбэл үр дүнтэй байх. Дээрээс нь боловсруулах үйлдвэр, агуулах баригдах ёстой. Ер нь мал аж ахуйн салбарыг системээр нь цогцоор хөгжүүлж байж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож, малынхаа үр шимийг бид нийтээрээ хүртэнэ. Ингэж байж экспорт нэмэгдэнэ. Өнөөдрийн нөхцөл байдалд Сэлэнгэ аймагт малчид, тариланчдын дунд үл ойлголцол бий. Сэлэнгэ бол газар тариалангийн бүс нутаг. Мөн хөрсний үржил шим сайтай хэсэгт малчид малаа малладаг. Тариалангийн талбай руу нь мал орсноос малчид, тариаланчид хоорондоо муудалцах тохиолдол байдаг. Тэгэхээр малыг тоо бус чанарт илжүүлэх ёстой. -Ингэхийн тулд нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх ажил нь юу юм бол? -Хамгийн түрүүнд миний өмнө хэлсэнчлэн, малынхаа үүлдэр угсааг сайжруулах бодит нөхцөл үүссэн. Малын вакциныг дотооддоо үйлдвэрлэх, цаашлаад мах, сүүний чиглэлийн, арьс шир боловсруулах гээд бүх шатны үйдвэрлэлийг цогцоор нь хамтад нь хөгжүүлэх хэрэгцээ харагдаж байна. Ер нь, Сэлэнгийг эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангаас гадна боловсруулах үйлдвэр болгож, аж үйлдвэрийн парк маягаар хөгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Эрчимжсэн мал аж ахуйг газар тариалантай хослуулж хөгжүүлэх тал дээр Сэлэнгэ аймгийн малчид сэтгэл зүйн хувьд бэлтгэгдсэн гэж хэлж болно. Тэд малын тооноос илүүтэй чанарт шилжих ёстой гэж ярьж байгаа ч яаж вэ гэдгээ төдийлэн мэдэхгүй байна. Тиймээс энэ хүмүүст бодлогоор төр туслалцаа үзүүлж, малынх нь үүлдэр угсааг яаж сайжруулах юм, малаа хэрхэн маллавал ашиг шим нь нэмэгдэх вэ, цаашлаад худалдаж авах ноос ноолуур, арьс ширний үйлдвэрийг нь барьж, малчдыг бизнес сэтгэлгээтэй болгох ёстой гэж бодож байна. УРГАЦ ХУРААЛТЫГ 20-25 ХОНОГТ ДУУСГАНА Энэ жил улсын хэмжээнд 394.6 мянган га-д үр тариа, үүнээс 364 мянган га-д улаанбуудай, 18.6 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 61.1 мянган га-д тосны, 52.7 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 536.6 мянган га-д тариалалт хийжээ. Урьдчилсан балансаар 513.3 мянган тонн үр тариа, үүнээс 487.6 мянган тонн буудай, 237 мянган тонн төмс, 113.6 мянган тонн хүнсний ногоо, 32.8 мянган тонн тосны ургамал, 109.4 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах төлөв гарчээ. Ингэснээр улаанбуудайн хэрэгцээг 100 хувь дотоодоос хангах боломж бүрдэж буй юм байна. Ургацын урьдчилсан төлөвийг өнгөрсөн оны ургацын дүнтэй харьцуулбал хураан авах улаанбуудай 80 мянган тонноор, төмс 46.2 мянган тонноор, хүнсний ногоо 19 мянган тонноор нэмэгдэх төлөвтэй байгааг ХХААХҮ-ийн яамны холбогдох албаны төлөөлөл хэллээ. Энэ сарын 15-ны байдлаар 6.1 мянган га-г ангилан хадаж нийтдээ 3.6 мянган га-гаас 3.9 мянган тонн үр тариа, үүнээс 2.3 мянган тонн улаанбуудай, 2.6 мянган га-гаас 35.2 мянган тонн төмс, 2.1 мянган га гаас 24.7 мянган тонн хүнсний ногоо хураан авчээ. Үр тарианы хураалт 0.9, хүнсний ногооных 22.2, төмснийх 14.3 хувьтай байна. Ургац хураалтад нийтдээ 1020 ширхэг комбайн, үүний 300 нь дэвшилтэд технологид суурилсан 2-6 жил ашиглаж байгаа өндөр хүчин чадлын комбайн байгаа бол төмс хураах комбайн 70 ширхэг, төмс ухагч 410 ширхэг, үр тариа цэвэрлэх, ялгах, ачих зориулалттай 678 ширхэг техник, тоног төхөөрөмж бэлэн болжээ. Ингэснээр ургац хураалтыг технологийн 20-25 хоногт багтаах боломжтой гэж тооцсон аж. Түүнчлэн ОХУ-аас үр тариа хураах 30 комбайн, Беларусь Улсаас төмс хураах зориулалттай 50 трактор, 30 төмс ухагч, гурван төмсний комбайныг ойрын хугацаанд авчрах юм байна. Улсын хэмжээнд үр тариа хадгалах 523 мянган тонн багтаамжтай төмөр бетон элеватор байгаагаас Хөдөө аж ахуйг дэмжих санд 182 мянган тонн, хувийн хэвшилд 341 мянган тонн нь ашиглагдаж байна. Хөдөө аж ахуйг дэмжих сангийн 146 мянган тоннын элеваторт ариутгал, засвар үйлчилгээ хийж буудай хүлээн авахад болжээ. Ямартай ч бид ирэх жилийн хавар улаанбуудай импортоор авахгүй нь. Тариаланчид ч техник хэрэгсэл сайжирч, цаг агаар тогтуун сайхан байсан учир тариа, буудайгаар таслахгүй гэх өрнүүн итгэл, зүтгэлээр хөдөлмөрлөж байна.      


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна