ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Н.ЭНХТАЙВАНЫ ОХУ-Д ХИЙХ АЙЛЧЛАЛ ЭХЭЛЛЭЭ

Админ
2020/09/25

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна. Энэ нь 2020 оны долдугаар сард байгуулагдсан шинэ Засгийн газрын гишүүний анхны гадаад айлчлал юм. Н.Энхтайван сайд тэргүүтэй төлөөлөгчдийг Москва хотын “Домодедово” нисэх буудалд хүрэлцэн ирэхэд ОХУ-ын ГХЯ болон Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны албаны хүмүүс угтан авав. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай хэлэлцээ хийхээс гадна ОХУ-ын парламент, зарим яам болон Евразийн эдийн засгийн комиссын удирдлагатай уулзалт хийнэ. Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт гэж заасан байдаг. 2019 онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад айлчлах үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ”-нд гарын үсэг зурсан. Гэрээг хоёр улсын Парламент соёрхон баталсан билээ. Айлчлалын үеэр соёрхон баталсан батламж жуух бичгийг Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров нар солилцох аж. Ингэснээр тус гэрээ хүчин төгөлдөр болох юм. Айлчлалын үеэр манай талаас ийм асуудлууд ярилцана: -2021 онд тохиох Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хамтран тэмдэглэх төлөвлөгөө боловсруулан, улс төр, худалдаа, эдийн засаг, соёл боловсрол, хүмүүнлэгийн чиглэлээр 30 гаруй арга хэмжээ хэрэгжүүлэх талаар, -Монгол, Оросын худалдааны хэмжээг нэмэгдүүлэх, ялангуяа Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэх зорилгоор ОХУ болон Евразийн эдийн засгийн холбоотой хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх боломжуудын талаар, -Хийн хоолойн асуудлаар үргэлжлүүлэн ярилцана. -Дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа, Монгол, Оросын хамтарсан “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, төмөр замын шинэчлэлийн ажлыг эхлүүлэх, энэхүү үйл ажиллагааг санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын асуудлаар, -Монгол, Оросын хоорондын боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран хэрэгжүүлэх арга хэмжээ, -Монгол, Орос, Хятадын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгагдсан төслүүдийг урагшлуулах, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хуралдааныг энэ онд зохион байгуулах асуудлаар ярилцахаар төлөвлөж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна