ШҮҮГЧ ТААЛАЛ ТӨГССӨН НЬ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НӨЛӨӨЛӨХ ҮҮ

Админ
2020/09/25

М. Хүслэн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ойртсон энэ үеэр гэнэтийн зүйл тохиолдов. Энэ сарын 18-нд АНУ-ын Дээд шүүхийн шүүгч Рут Бейдер Гинзбург таалал төгссөнөөр Сенатад улс төрийн төлөвлөөгүй нөхцөл байдлыг бий болголоо. АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамп болон түүний өрсөлдөгч Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй Жо Байден нар Миннесота мужид кампанит ажлаа өрнүүлж байхад шүүгч нас барсан. Шүүгчийг хэн залгамжлах вэ гэх асуулт сонгуулийн кампанит ажлын гол асуудал болж хувирлаа. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Дээд шүүхийн шүүгчийн суудал эзгүйрсэн нь улиран нэр дэвшээд буй одоогийн төрийн тэргүүн Дональд Трампад нэгэн сорилт болов. Гэхдээ Сенатын танхимын олонхын дарга Митч МакКоннелл хэлэхдээ “Ерөнхийлөгч Дональд Трампын санал болгох хүний төлөө Сенат санал өгнө” хэмээн мэдэгджээ. Гинзбург нас барсан явдал Дээд шүүх дэх либералуудын фракцын хүчийг сулруулсан байна. Рут Бейдер Гинзбург энэ сарын 18-нд 87 насандаа Вашингтон хот дахь гэртээ нойр булчирхайн хорт хавдрын улмаас таалал төгсөв. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагч тэрбээр тууштай либерал үзэлтэн бөгөөд Дээд шүүхэд шүүгчээр ажилласан хоёр дахь эмэгтэй юм. Түүнийг АНУ-ын Дээд шүүхийн шүүгчээр тухайн үеийн Ерөнхийлөгч Билл Клинтон томилж байжээ. Сүүлийн жилүүдэд либерал фракцын лидер болсон. Түүнчлэн АНУ-ын Дээд шүүхийн шүүгчдээс хамгийн ахмад нь. Рут Бейдер Гинзбург 1933 онд Нью-Йорк хотод төржээ. Тэрбээр АНУ-ын нэр хүндтэй Корнелл, Харвард болон Колумбын их сургуульд сурч боловсорсон. Их сургуулиа төгссөний дараа өмгөөлөгч хийж, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр олон жил ажиллажээ. Шүүгчийн ажлаа 1980 оноос эхлүүлж Колумбын тойргийн шүүгчээр томилогдсон байна. 1993 онд Дээд шүүхийн шүүгч болсон Гинзбург АНУ-ын хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг аж. Түүний тухай хэд хэдэн баримтат кино гарч байв. Тэрбээр одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампын явуулж буй бодлогыг дэмжээгүй бөгөөд нас барахаасаа өмнө Цагаан ордны тэргүүн өөрчлөгдөхөөс нааш албан тушаалаасаа буухгүй гэж мэдэгдсэн билээ. Гинзбург таалал төгсөхийн өмнө Дээд шүүхэд Бүгд найрамдахчууд тав, Ардчилагчид дөрвөн шүүгчтэй байсан. Хэрэв Гинзбургийн орыг Бүгд найрамдахчуудын хүн авбал, тэдний харьцаа 6:3 болох аж. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх арваннэгдүгээр сарын 3-нд болох ёстой ч Миннесота муж улсад санал өгөх үйл явц эхэлсэн. Тус муж улсын иргэдэд “Ковид-19”-ийн халдварын тархалтын улмаас урьдчилсан санал өгөх боломж олгосон билээ. Санал өгөх эхний өдөр хоёр нэр дэвшигч тус муж улсад очиж кампанит ажлаа өрнүүлсэн байна. Түүнчлэн урьдчилсан санал өгөх үйл явц Виржин, Өмнөд Дакота, Вайоминг муж улсад мөн эхэлжээ. Гинзбург шүүгч таалал төгссөн талаар мэдээлэл гарах үеэр Дональд Трамп Миннесота муж улсын Бемижи хотод дэмжигчдийнхээ өмнө үг хэлж байжээ. Шүүгчийн нас барсныг сэтгүүлч нараас сонссон Цагаан ордны тэргүүн “Нас барсан гэв үү. Би одоо л сонсч байна” гэж хариулсан байна. Гинзбургийн оронд эмэгтэй хүний нэрийг дэвшүүлнэ гэж Дональд Трамп мэдэгджээ. “Би нэр дэвшигчийг ирэх долоо хоногт танилцуулах бөгөөд эмэгтэй хүний нэрийг дэвшүүлэх болно” гэж Д.Трамп өнгөрсөн бямба гарагт Хойд Каролин муж улсын Фейетвилл хотноо болсон кампанит ажлын цуглааныхаа үеэр мэдэгдсэн байна. Д.Трампыг ийн хэлэх үеэр дэмжигчид нь “хоосон суудлыг дүүргэ” хэмээн хашхирч байжээ. Өмнө нь Ерөнхийлөгч Дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвших боломжтой хэмээн хоёр эмэгтэйг нэрлэсэн юм. Дээд шүүхэд өрнөөд буй шинэ нөхцөл байдал Трамп Ерөнхийлөгчид тэнд байх Бүгд найрамдахчуудад давуу эрх олгох боломж олгоно. Дээд шүүхийн шүүгчид насан туршдаа томилогдох болохоор Бүгд найрамдахчууд тэнд олон арван жил давуу эрх эдэлнэ гэсэн үг. Сонгуулийн өмнөх санал асуулгын дүнгээр Трамп Жо Байденээс ялагдаж явж буй. Хэрэв Трамп сонгуульд ялагдал хүлээсэн ч Дээд шүүхэд шүүгч сонгох эрхтэй. Учир нь тэрбээр 2021 оны нэгдүгээр сарын 3-ныг хүртэл Ерөнхийлөгчөөр ажиллана. Дээд шүүх улсынхаа асуудлыг шийдвэрлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг. Дээд шүүх Үндсэн хуульд харш гэж үзвэл Конгресс болон Ерөнхийлөгчийн баталсан аливаа хууль, журмыг хүчингүй болгодог. ТРАМП ДЭЭД ШҮҮХИЙН ХОЁР ШҮҮГЧИЙГ ТОМИЛСОН Дональд Трамп Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаандаа Дээд шүүхийн хоёр шүүгчийг томилж байсан. 2017 онд Нил Горсач, 2018 онд Бретт Каваноны нарыг Дээд шүүхийн шүүгчээр томилж байв. Түүнчлэн олон тооны холбооны шүүгчдийг томилсон аж. Дээд шүүхийн шүүгчийг Ерөнхийлөгч санал болгож, Сенат батладаг. Одоо Сенатад Бүгд найрамдах намынхан олонх болж буй. Тэд Трампын нэр дэвшүүлсэн хүнийг хурдан хугацаанд томилж магадгүй. Бүгд найрамдах намынхан олонх болдог Сенат 2016 онд Ерөнхийлөгчийн сонгуулиас олон сарын тухай үеийн төрийн тэргүүн Барак Обамагийн нэр дэвшүүлсэн хүнийг дэмжээгүй аж. Трампын гол өрсөлдөгч Жо Байден Гинзбург шүүгчийн орыг залгамжлах хүнийг сонгуулийн дараа сонгох ёстой гэжээ. Ардчилсан намын Сенат дахь бүлгийн ахлагч Чак Шумер ч тийм бодолтой гэдгээ илэрхийлсэн байна. Дээд шүүхийн шүүгчийг нэр дэвшүүлэх үйл явц Сенатад очих хүртэл 70 орчим хоногийн хугацааг зарцуулдаг. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болоход 46 хоног үлдээд байна. Гэхдээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэр хугацаанд Дээд шүүхийн шүүгчэд нэр дэвшигчийг тодруулан зарлахыг заасан хугацаа байхгүй. Энэ нь зөвхөн улс төр болон санал хураалтаас шалтгаална. Олонхын саналаар Дээд шүүхийн шүүгчийг сонгодог. Сенатад 53-47 гишүүний харьцаагаар Бүгд найрамдахчууд олонхын суудлыг эзэлдэг. Энэ нөхцөлд Бүгд найрамдахчууд гурван санал алдвал санал хураалт тэнцэнэ. Санал тэнцвэл дэд Ерөнхийлөгч Майк Пенс хайнаа хагалах ёстой. Дээд шүүхийн шүүгчийн нэр дэвшигчийг баталгаажуулахад Сенатын танхимын 60 гишүүний саналыг авахад болно. Харин 2017 онд МакКоннелл энэ дүрмийг өөрчилж, 51 санал авахад болохоор заасан. Дүрмийг өөрчилсөн нь Ардчилсан намаас Ерөнхийлөгч Дональд Трампын нэр дэвшүүлсэн шүүгч Нил Горсачийн томилгоонд саад болохоос сэргийлжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна