ЭШЛЭЛ: Муухай Монгол хүн номноос

Админ
2020/09/25

Муухай Монгол хүн номноос дараах эшлэлийг түүвэрлэн хүргэж байна. Дарга цэрэг Монгол ...Аливаа нэг удирдах хүний үг “бурхны зарлиг” болж, хүссэн ч хүсээгүй ч, ард түмэн түүнд нь үг дуугүй захирагдах болсны учир юу вэ? хэзээ юунаас болов? Асуулт, асуулт, асуулт, хариулт нь хаана байна?... Бялдуучлан долигоногч Бялдуучлан долигонох хүн дээшээ явдаг нь эзэрхэг засгийн үед ч, хаад ноёдын дунд ч байсан... Тэрхүү зангийн цаана найз нөхдөө яахаас ч буцахгүй муу шинж буй... Ерөөсөө энэ нийгмийн гажуудал, өнгөрсний энэ балаг ч бялдууч долигоногч нараас шалтгаалсан. Тэд л хов зөөж буруу мэдээ өгч байсан. Их бага, том жижиг аливаа ажил, тийм улсаас болж төр улс, алба амины ажил хохирч, хамт олны эв нэгдэл алдагдаж, сайн хүн шахагдаж,  харин ч саар явдалтай хүн дээш гарч ирдэг болсон бөлгөө...   Дээрэлхэгч Муу нь муудаа муна нь гадсандаа дээрэлхүү... Жишээлэхэд дарга нар гэхэд л шат шатандаа дээрэлхүү, цэргүүд бол он оныхоороо ялгарч  бие биесээ дээрэлхэнэ... Мөнгөтэй нь мөнгөгүйгээ дээрэлхэнэ... Албан тушаалыг ах дүү танил талаараа хувааж авчхаад аливаа үнэнийг хэлсэн  цөөнхийг дээрэлхэн хална... Бэлэнчлэгч Бэлэнчлэх, хүн хүнээ үл хайрлах, залхуурах сэтгэлгээг газар авахуулж, дэвжээн дэвэргэх, тийм систем үйлчилж иржээ. Тухайлбал “бүхнийг хүүхдийн төлөө” хэмээх лоозон дэвшүүлсэн бид. Хүүхдэд тоглоом өг. Хоол өг. Хувцас өг. Ялангуяа хот суурины хүүхдүүдэд өгөөд л байлаа. Тэд аваад л байлаа. Авах нь ч өгөх нь ч зөв л дөө. -Би авах ёстой. Эвдэж болно. Сүйтгэж болно. Дахиад л өгөх юм чинь. Хоолыг асгаж болно. Хувцсыг урж болно... Ийм ойлголт хоногшино. Харин тэр бүхнийг хүний хүч хөдөлмөрөөр бүтээдэг. Чи ч том болоод үүнийг хийж бүтээдэг хүн болно хэмээн ухааруулах нь орхигдсон. Тиймээс бэлэн юм шаардаж сүйтгэж, хийж бүтээнэ, ажиллаж хөдөлмөрлөнө гэхээр үстэй толгой нь өрвөсхийдэг үеийг бий болгох талаар бид багагүй ажилтанд хүрчээ... Залхуу ... Хэрвээ Монгол хүн маргааш гэж хойш тавьдаггүй сэн бол тийм хэнэггүй, назгай зангүй сэн бол даанч ихийг хийж бүтээхсэн. Харамсалтай нь энэ бол нийгэмд маань архагшсан, халдварласан өвчин юм. Сохор номин Соёлт ертөнцийн хүмүүс биднийг хайран түүх соёл, хөшөө дурсгал, сүм хийдээ хоморголон устгасанд халаглан харамсаж байна. Бид ч өнгөрсөн борооны хойноос цув нөмөрсөн үлгэрийн үлгэрийн баатрууд болоод л шогширч сууна... Алуурчин ... Хууль дэндүү зөөлөн байна гэдэг. Эхийнхээ сүүнээс гараагүй шахам нялх үрийг хүчиндсэн хүнд амьд явах нүүр байх уу? Цэл залуухан анд нөхрөө хөнөөж шоронд орчхоод оргож, дахин хүн хөнөөсөн хүнийг яах вэ? Төрсөн үрээ хүчиндсэн эцэг, хүмүүн төрөлхтний дунд байж болох уу? бодох л асуудал... Хог ургамал их ургасан цэцэгсийг эс цэвэрлэвээс цэцэг нь бус “зэрлэг” ургамал нь сагсайдаг хорвоо доо хөөрхий... Олноороо л аливааг хэлцдэг, олноороо эвлэгхэн аж төрж амьдардаг болохсон. Тэр цагт юм өөр болно оо. Харин тийм “болохсон” тэгвэл тэгнэ гээд хэлчих ямар амархан юм бэ? Яаж хийх вэ? Хүн ард түмэн минь одоо л хүн болж төрсний утга учраа нэг эргэцүүлж, хэрхэхээ шийдэж, “гэрээ засаад төрөө засахгүй бол” он цагийн буухиа гэдэг нисэн одном биш үү?  ...  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна