Реалист зураач Х. Баярын тайлбараар уран зураг уншицгаая

Админ
2020/09/25

Зураг тайлбарлая. Реалист зураач Х. Баярын тайлбараар уран зураг уншицгаая ...Багадаа энэ супер зургийг хараад нээг их зузаан ном уншсан мэт сэтгэгдэл төрж билээ. Тиймдээ ч жаахан урт бичиглэл болчихлоо. Репины “Догшин Иван” зураг аллагын дараах драм байдаг бол Суриковын “Цаазын өглөө” зурганд эсрэгээрээ өмнөх үйл явдлыг үзүүлнэ. Тэгэхдээ маш олон хүний бүрэлдэхүүнтэй ансамбль бидэнд өөр өөрийн характераа харуулна. Зураач хүчирхийлэл, цуст үзэгдэлийг дүрслээгүй ч эмгэнэлт явдлыг бидэнд хангалттай дамжуулж өгч байна. Суриков зурагтаа хүчтэй сэтгэгдэл төрүүлэх нэмэлт орчин хайж байсан ба цаазын талбайн ар дэвсгэрт Кремлийг сонгож авчээ. Бараг 4 метр урт 2 метр өргөн энэ зурагт тавиад хүний царайг танигдахаар зурсан байна. Зургийг бүрэн ойлгохын тулд та энэхүү бяцхан түүхийг заавал мэдэх ёстой. “Харваачид” гэж нэрлэгдсэн цэргүүд 16-р зууны дундуур Догшин Иваны байгуулсан Оросын анхны ердийн арми байв. Москвагийн “Харваачид” Оросын үе үеийн хаадын онцгой ивээлд байсан бөгөөд тусгай суурин газруудтай, гол төлөв Москвагийн төвд гэр бүлээрээ үе улиран суурин амьдардаг, хүн амынх нь нэлээд хэсэг чинээлэг амьдралтай байв. Тогтмол цалин авахаас гадна тэд шинэ хааныг томилоход нөлөөлөх хэмжээнд хүрч томорчээ. Петр I хаан болмогцоо цэргийн шинэчлэл хийж, “Харваачид” –ыг олон газар хуваарилан, хамгийн хүнд хэцүү дайнд явуулж, цалин өгөхөөр больжээ. Хааны ивээлийг хүртэхээ больсон тэд Москвад бослого гаргав. “Харваачид”-ыг бослого гаргахад хүргэсэн 1698 он тэдний хувьд муу ёрын жил байлаа. Петрийг хаан ширээнд суух үед нас балчир хэмээн эгч Софья төрийг 7 жил барьсан байдаг. Хаан насанд хүрмэгцээ Софьяг эрх мэдлээс холдуулж сүмд хорьсон байна. Харваачдыг Софьятай нийлж төрийн эрх авах оролдлого хийсэн гэж давхар яллажээ. 1300 гаруй хүнийг цаазалж эхнэр хүүхдийг нь хотоос гаргаж, эзэмшил газрыг нь хураав. Петр I зарим цаазыг өөрийн гараар гүйцэтгэж байсан гэж бодохоор маш их хилэгнэж байсан нь тодорхой байна. За одоо зургандаа оръё. ... Уйтай намрын усан бороо татарсан ч эргэн тойрон нил шавар шалбааг. Талбайг цаазлахаар авчирсан хүмүүс болон тэдний ар гэрийнхэн дүүргэжээ. Цаазын өглөө тэнгэр бүүдгэр, үхлийг зөгнөсөн хэрээнүүд цамхгийн оройгоор эргэлдэх нь таныг эмгэнэлд автуулж, зургийн үйл явдал руу аажмаар хөтлөн оруулна. Энэ зурагт хэн нэг нь илүү гол дүр гэхээсээ илүү бүгд нийлээд нэг дүр гэж ойлговоос зохилтой санагдана. Харваачдыг морин тэргэнд суулган, хүлж авчирсан бөгөөд тэд гартаа асаалттай лаа барьж, нүглээ наминчилж байна. Тэднийг цагаан цамцаар нь таньж болно. Цаана Гэгээн Басилын сүмийн урд олон тооны хүмүүс үйл явдлын гэрч болохоор цугларчээ. ...Хамгийн наад хэсэгт цаашаа харсан буурал үстэй харваач хувь заяатайгаа эвлэрсэн бололтой цөхрөнгөө бараад өөрийн ээлжийг хүлээн хэвтэнэ. ... Хааныг эсэргүүцэгчдийн хамгийн ширүүн дүр болох улаан малгай, сахалтай харваач эр хайлан урсах лаа гарыг нь түлсэн ч мэдэрсэн шинжгүй, ээж эхнэр 2-тоо ч анхаарлаа хандуулсангүй, зөвхөн хааныг үзэн ядсан нүдээр цоо ширтэж, болж өнгөрсөн үйл явдалд түүнийг буруутгасаар байгаа нь шууд ойлгогдож байна. Ингэж эрх мэдэлгүй ард түмэн, харгис төрийн сөргөлдөөнийг зураач уран зургаар илэрхийлсэн ч гэж үздэг. Та сайн ажигтун. Баруун талд Петр, түүний ард жагссан цэргүүд, цэргүүдийн ард Кремлийн өндөр хана хэрэм. Энэ хүчирхийллийн дагнасан элементүүд манай хэллэгээр “Төрийн төмөр нүүр” юм. ...Хар сахал, үстэй харваачийн нүүр дотоод сэтгэлийн түгшүүрээр дүүрэн бөгөөд нөмөрсөн улаан хослолыг нь тайлж буй эхнэрээ байтугай дөнгийг нь тайлж цааз руу аваачихаар ирсэн цэргийг ч анзаарах сөгөөгүй гөлөрчээ. ...Зургийн яг төвд Петр I – ээс ч илүү анхаарал татаж буй нэгэн эрхэм бол хаанд биш өөрийнхөндөө хандаж босож зогсон, толгой гудайн өршөөл эрж, баатарлаг андуудтайгаа салах ёс гүйцэтгэж байгаа харваач юм. Бодвол босочдын удирдагч байх. Цэргүүд үймээн гарахвий хэмээн сандралдан түүнийг доош нь татаж, суулгахыг хичээнэ. Үхэхдээ хүртэл эв нэгдэлтэй байгаа байдал Петрийг хүртэл гайхшруулсан бололтой. Магадгүй өөрөөс нь аврал эрнэ гэж бодож байсан ч байж мэдэх юм. Хааны царайны хувиралыг сайн ажаарай. Мэдэгдэнэ. ...Шар сахал, үстэй харваач өөрт нь наалдан цурхиран уйлах эхнэр хүү хоёртойгоо бас л ойр биш байна. Сайхан цаг үеэ эргэн нэг дурссан болов уу. Түүний зүүн гартаа барьсан лааг нэг цэрэг унтрааж байгаа нь бас л удахгүй болсныг илтгэнэ. ... Хүчгүй болсон нэгэн эрийг 2 цэрэг сугадаг авч явлаа. Үлдсэн эхнэр хүүхэд нь орь дуу тавин уйлах ч тэднийг анзаарч өрөвдөх хүн нэг ч алга. Шаварт унасан гадуур хувцсан дээр малгайг нь зурсан байгаа нь урьдчилаад цаазын ялыг нь гүйцэтгэчихсэн ч юм шиг...Газар хаягдсан лаа нь унтраад уугиж байна. Эдгээрийг дүгнэвэл тун удахгүй цаазлагдах гэж буй ялтнууд үхлийн тухай гүн бодолд эзэмдүүлж, сэтгэл санааны хэмжээлшгүй цочролд орсон бөгөөд түүнээсээ гарч чадахгүй болсныг зураач илэрхийлсэн болов уу. “Яагаад намайг орхиж байгаа юм бэ? Яагаад баяртай гэж хэлэхгүй, сүүлийн удаа үнсэхгүй байна вэ гэх эхнэрүүдийн өрөвдөлтэй уйлалт, гашуун нулимс, гуниг цөхрөлийг бид мэдрэвч тэд харин дүнсийжээ. Тэд дайнд үхэхээс айхгүй байж магадгүй харин цаазлуулах гэдэг бол өөр ойлголт юм. Залуу хаан Петрийг бусдаас ялгаж өндөр цагаан морь унуулжээ. Түүний наад хэсэгт цаазын ажиглагчаар оролцож байгаа хүмүүсийн дотор Петрт үнэнч ноёд болон гадаадын иргэд, элчин сайд нар харагдана... Василий Суриков “Цаазын өглөө” 1881 он. 218 х 379 см Москва.Третьяков галерей #Зурагтайлбарлая


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна