Алсыг зорих “чиг” гутал

Админ
2020/09/25

Монголын өдөр тутмын “Үндэсний шуудан” сонин өв улажмлал, түүх соёлоо түгээн дэлгэрүүлэх, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих зорилгоор “Үндэсний үйлдвэрлэл” хэмээх шинэ булангаа уншигч танд хүргэж байна. Энэ удаагийн дугаарт арьсан гутал үйлдвэрлэлийг онцоллоо. Хүн төрөлхтөн агнасан ан авынхаа арьсаар хөлөө ороож, хучих болсон цагаас гутлын үүсэл эхэлсэн гэдэг. Анх даарч, хөрөх, хад чулуунд хөлөө гэмтээхээс сэргийлэх зориулалттай байсан гутал хэмээх бүтээгдэхүүн цаг хугацааны явцад улам бүр боловсронгуй болж өдгөө хүн төрөлхтний хамгийн чухал эд хэрэглэл төдийгүй гоёл чимэглэл болжээ. Мөн улс үндэстний зан заншил, аж амьдралын онцлогийг тээсэн соёлын биет өв юм. Түүнчлэн гутлын эд материал, чанар хийц хүний эрүүл мэндэд онцгой нөлөөтэй. Тийм ч учраас хүн төрөлхтөн үеийн үед гутал сонгохдоо онцгой анхаарч ирсэн. Ялангуяа эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд улирлын онцлогт тохирсон, эдэлгээ сайтай гутал эдэлж хэрэглэх нь чухал. Өдгөө дотооддоо дэлхийн жишигт нийцсэн гутал үйлдвэрлэх гэж зорьж яваа байгууллага, хамт олон олширсоор. Тэдний нэг бол “Чиг” брэндийн гутлаараа эчнээ танил болсон “Брэнд гутал” компани. Өнгөрсөн оны аравдугаар сард зохион байгуулагдсан гутал үйлдвэрлэгчдийн ур чадвар шалгаруулах улсын анхдугаар уралдаанд III байр эзэлж шилдэг гэдгээ нотолсон хамт олны ажил ундарч, тэмүүлэл оргилсон урланд хэдэн хором саатлаа.Кино үйлдвэрийн автобусны буудлын хойхнотоо Улаанбаатар их сургуулийн зүүн талд байрлах таван давхар цайвар ногоон байрны нэг давхрын зүүн буланг хар өнгөөр будаж, тохижуулсан нь алсаас тодхон харагдана. Энэ бол “Брэнд гутал” компаний оффис. Матт хар өнгийн ханан дээр “Chig Shoes” хэмээн цагаан өнгөөр угалзруулан бичсэн нь донжтой гэж жигтэйхэн. Хаалгаар ормогц жижгэвтэр нарийн коридорыг цагаанаар будаж тохижуулан голын хананд хар өнгөөр “CHIG” гэж товгор үсгээр бичжээ. Түүний урд талын цагаан тавцан дээрх гутлын хоншоор нарны гэрэлд толь шиг гялалзах аж. Хаалга нь дэлгээстэй өрөө рүү орвол, гартаа балын харандаа, шугам барьсан бүсгүй цагаан цаасан дээр тун ч нухацтай зурж сууна. Ийнхүү ажилдаа шамдан суугаа бүсгүй бол тус компанийн гүйцэтгэх захирал А.Золзаяа. Тэрбээр аав, ээжийнхээ үүсгэн байгуулсан гутлын үйлдвэрийг үргэлжлүүлэн авч яваа залуу бизнесмэн. Хүүхэд байхаас нь л гэрээр гутлын бэлдэц хөглөрч, бэлэн болсон гутлыг нь өрж, зөөх, үзэсгэлэн худалдаанд оролцоход нь лангуун дээр зогсох зэргээр аав ээждээ тусалсаар гутлын үйлдвэрлэлтэй амьдрал нь салшгүй холбогджээ. Тиймдээ ч “Урлах эрдэм” дээд сургуульд гутал, арьсан эдлэлийн дизайнер, зохион бүтээгч мэргэжлээр сурч, 2008 онд төгсчээ. Тэрбээр “Манай компани 1993 оноос өрхийн үйлдвэрлэлийн түвшинд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн цэвэр арьсан гутал үйлдвэрлэдэг. Монгол орны цаг уурын нөхцөлд нийцүүлэн төрөл бүрийн загвар, хийцээр үйлдвэрлэдэг. Мөн гоёлын болон өдөр тутмын загвартай бүтээгдэхүүн гаргадаг. Үндсэн түүхий эд болох арьсаа дотоодоос болон гадаадаас авдаг. Дотрын материалын хувьд 100 хувь дотоодоос буюу “Их эргэлт” арьс боловсруулах үйлдвэрээс авч байна. Туслах түүхий эд, материалыг Монголд үйлдвэрлэдэггүй учраас урдаас захиалгаар авчирдаг” хэмээн танилцуулсан юм. Бид үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцахаар өрөөнөөс гарлаа.Төмөр дээр өнгө өнгийн арьс тохож, өргөн тавцан дээр янз янзын нэхий дэлгэсэн өрөөнд орсон нь эсгүүрийн хэсэг байв. Загвар зохион бүтээгчийн гаргасан зураг, эскизийн дагуу оёход бэлтгэн эсгэдэг аж. Цонхон талын ногоон дэвсгэр бүхий том ширээний ард суух эсгүүрчин тун ч завгүй харагдана. Хүрэн өнгийн зузаан арьсны дээр гутлын түрийний цаасан үлгэр тавьж, цагаан шохойгоор тойруулан зурна. Зурж дуусмагц дээр нь “1,2” хэмээн тэмдэглэх нь гадна, дотор хэсгийг ялгаж буй бололтой. Хоёр метр орчим том хүрэн шир хэдэн минутын дараа цагаан цоохор болж орхив. Ийнхүү зурж, тэмдэглэсний дараа эсгэж, хайчилдаг аж. Ширээний зүүн захад байрлах жижгэвтэр цагаан сагсанд бэлэн болсон эсгүүрээ давхарлан тавьсан байх бөгөөд шинэхэн зүссэн зузаан хүрэн ширний ирмэг ширхэг ч сэвгүй юм. Түүний эсрэг талын ширээн дээр хром гутал эгнүүлж, доод талд нь шаргал, саарал өнгийн арьсан углаашууд өржээ. Бэлэн бүтээгдэхүүнүүд хэмээн сониучирхахад “Гутал үйлдвэрийн дамжлагаас гарууд дэлгүүрийн лангуу руу явчихдаггүй өнгөлж, цэвэрлэдэг” хэмээн хариуцсан ажилтан нь тайлбарлав.Оффисын байрны эсрэг талын таван давхар тоосгон байшингийн В1 давхарт байрлах оёдол, уллагааны хэсгийг зорилоо. Оёдлын машин нэчигнэсэн жижгэвтэр өрөөнд гурван хүн сууж байв. Хаалганы чанх эсрэг талд янз бүрийн хэлбэр хэмжээтэй гутлын улны төмөр хэвүүдийг эгнүүлсэн өржээ. Наахантаа нь удаан хэрэглэсэн гурилын бандан шиг тавцан нь хонхойсон үрэлгээний машин байршуулсан байв. Түүний хажуугийн ширээнд суух залуу саарал өнгийн цэмбийг нямбайлан цавуудаж харагдана. Өрөөний зүүн буланд өөд өөдөөсөө хоёр хөл машины ард суух оёдолчид дуу дуугаа авалцан хааз гишгэх жолооч шиг машинаа тачигнуулсаар. Дамартай өнгө өнгийн утас өлгөсөн хананы урд суух эмэгтэйг н.Гэрэлмаа гэдэг. Тус компанид хамгийн олон жил буюу 14 жил ажиллаж байгаа гэнэ. Тэрбээр их ажлынхаа дундуур “Би зөөлөн оёдлын мэргэжилтэй. Анх энэ үйлдвэртэй ажил амьдралаа холбосноор хатуу оёдол хийж сурсан. Загварын хүнд, хөнгөнөөс хамаараад 15-20 түрий оёж, татлага, уллагааны хэсэг рүү шилжүүлдэг. Ер нь арьс оёх урамтай, гоё санагддаг. Монголчууд гутлыг өөдөө харсан амтай хувцас гэж бэлгэшээдэг учраас сэтгэлд таатай байдаг” хэмээн хуучилсан юм.Оёдлын хэсгийн цаад талын өрөөнд уллагаа, татлагын хэсэг байрлана. Өрөөний хаалгаар ормогц жижиг, гурван давхар тавцан дээр оёдлын хэсгээс ирсэн бэлдэцийг эгнүүлэн тавьжээ. Түүний хажууд ногоон эрээн хормогтой 40 эргэм насны халзан эр, уллагаанд бэлдэн, зүлгэхийг нь зүлгэж, хэмжихийг нь хэмжиж суув. Түүнийг н.Баяржаргал гэх бөгөөд сонсгол, хэл ярианы хөгжлийн бэрхшээлтэй ч бусдын адил ажил хөдөлмөр эрхэлж байгаа нь энэ. Энэ тухай гүйцэтгэх захирал А.Золзаяа “Анх зарын дагуу манайд ажилд орохоор ирсэн юм. Бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үйлдвэрт дагалдуулан сургаснаар, үндсэн ажилтан болсон. Одоо зургаа дахь жилдээ ажиллаж байна. Анх байрныхаа нэг өрөөг оёдлын цех болгон тохижуулж бизнесийн гараагаа эхэлсэн үйлдвэр өдгөө олон арван залуусын ажил, амьдрал эх ундарга болжээ. Ер нь гутал, арьс ширний оёдлоор мэргэшсэн боловсон хүчин дутагдалтай байдаг учраас ихэвчлэн сургаж авдаг. Хамгийн залуу ажилтан маань н.Тэмүүлэн гэж 23 настай залуу бий. Арван жилийн сургуулиа төгсөөд л манай компанид ажилд орсон. Өнгөрсөн жил цэргийн алба хаачихаад, эргээд ирсэн. Боломжоороо ажилчдаа дэжих, урамшуулахыг хичээдэг. Гэхдээ энэ жил цар тахлын улмаас орон тоогоо цомхотгож, одоо 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна” гэж ярьсан юм. Уллагаа, татлагын хэсэгт зуузай суулгалтын, ул шахалтын зэрэг нэрийг нь үл мэдэх олон тоног төхөөрөмж, загвар, хийцийг нь дүрсэлж дийлэмгүй ганган гуталнууд олон байлаа. Гагцхүү их ажлынхаа дундуур үе үе хөгжөөнт яриа дэлгэх үеийн залуус, гаднын хүн орохыг ч үл анзааран ажилдаа улайрах оёдолчдын дүр зураг сэтгэлд дотнохон үлдэж. Ерөөс тус үйлдвэрийн шат дамжлага бүрд идэр залуус сэтгэл, зүтгэлээ шингээн ажиллаж, 100 гар ажиллагаагаар гутал үйлдвэрлэдэг нь сайхан санагдав.Анх байрныхаа нэг өрөөг оёдлын цех болгон тохижуулж бизнесийн гараагаа эхэлсэн үйлдвэр өдгөө олон арван залуусын ажил, амьдрал эх ундарга болжээ. А.Золзаяа “Аав ээж маань “Говь” ХХК-д сүлжигчээр ажиллаж байгаад, нийгэм зах зээлийн тогтолцоонд шилжих үед малгай, хувцас хийж зарж эхэлсэн. Яваандаа гутал үйлдвэрлэл сонирхон, шинэ гутал авч, задалж, эсгүүр, оёдлыг нь судалсаар гутал хийж сурсан гэдэг. Тэгээд Германаас арьс татаж, гутлын үйлдвэрлэлээ эхлүүлсэн. Өөрсдөө ч гарын дүйтэй хүмүүс л дээ. Намайг багад манайх яг гутлын үйлдвэр шиг байдаг байсан. Гутлын чиглэлээр сурна гэж учиргүй хүсэж, тэмүүлээгүй ч нэг л мэдэхэд дизайнер болчихсон. Хүсэл зориг нэгтэй хамт олон, чанар стандартад нийцсэн бүтээгдэхүүнээ хараад улам бүр урам авдаг. Бид сард 300-400 хос гутал үйлдвэрлэн гаргаж байна. Томоохон үйлдвэрийн нэг өдрийн норм гэсэн үг. Үйлдвэрлэлээ өргөжүүлэхийн тулд эргэлтийн хөрөнгө хэрэгтэй. Гэвч зээл авахад барьцаа хөрөнгө шаарддаг. Барьцаа нь заавал үл хөдлөх хөрөнгө байх ёстой. Үйлдвэрлэл эрхлээд учиргүй ашиг олоод байдаг зүйл байхгүй. Орлогын 60-70 хувь нь цалин, түрээсэнд явчихдаг. Цалингийн зардлаа багасгая гэвэл тоног төхөөрөмжөө нэмэгдүүлж, гар ажиллагааг багасгах учиртай. Гэвч нөгөө л хөрөнгө мөнгөний асуудал яригдана. Гэхдээ дуртай ажлаа хийгээд, хэрэглэгчдэдээ чанартай гутал нийлүүлж байгаа маань бидний бахархал бас урам” хэмээн намдуухан ярих бүсгүйн цээжинд хийж, бүтээх хүсэл зориг ундран байгаа нь илхэн.Түүний яриа үндэсний үйлдвэрлэлээ дэмжих уриа лоозон хөрсөнд буухгүй байгааг гэрчлэх шиг. Адаглаад бэлэн бүтээгдэхүүн, оюуны бүтээл болох загвар хийцийг үнэлж, зээл олгож болмоор. Дэлхийд хамгийн өндөр үнэлэгддэг оюуны өмч, биет бус хөрөнгийг бид үнэгүйдүүлсээр байх гэж үү. Бид үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн үнэтэй байна гэж шүүмжилдэг ч бүтээгдэхүүн өртөг багатай бий болох нөхцөл боломж хэр бүрдсэн тухай огт дурсдаггүйг сая л анзаарав. Халамж, хандив нэрийдлээр харамгүй урсгадаг мөнгөө гарааны бизнес эрхлэгчдийн түрээсэнд хөнгөлөлт үзүүлэх, жижиг дунд бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зээл, эргэх хөрөнгөд нэмэрлэвэл ирээдүйд авах үр өгөөж нь арвин байх нь дамжиггүй. Түүнчлэн Монгол Улсад гутлын стандарт байдаггүй тухай яриа ч бидний дунд өрнөсөн юм. Өөрөөр хэлбэл, гутал үйлдвэрлэгчид өөрсдийн стандартаар үйлдвэрлэдэг байна. Ингэснээр чанар, хийцэд хяналт тавих боломжгүй болж байгаа юм. Тиймээс хариуцлагагүй үйлдвэрлэгчдээс болж “Дотоодын гутал чанаргүй” гэх яриа үүсдэг нь зах зээлд хөлөө олох гэж дэнжигнэж буй үндэсний үйлдвэрлэгчид нэрмээс болдог гэлтэй.Гэвч урлаж шаглах, хийж бүтээхийн төлөөх хүсэлдээ дотроосоо шатаж, үйл хэргээрээ дүрэлзэж яваа “Брэнд гутал”-ын залуус гараа хумхиад суусангүй. Төдийгөөс өдий хүртэл боломж бүрийг сүвэгчилж, бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулж, урагшилсаар буй нь энэ. Нэг хэсэг хувь хүнд зориулсан цор ганц загварын захиалга их авдаг байсан ч өдгөө үндсэн загварын захиалга ихэссэн учир тус үйлчилгээгээ түр завсарлаад байгаа аж. Түүнчлэн олныг хамарсан хөл хорионы улмаас орлого муудаж, ажилчдаа цомхотгосон ч аюулт өвчний голомтод ажиллаж буй ХӨСҮТ-ийн эмч ажилчдад 100 хос арьсан эмнэлгийн углааш хийж бэлэглэн, сэтгэлийн дэм хайрлажээ. Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэг ийм сайхан. Биднийг дэмжсэнгүй гэж гоншигоносонгүй. Бид хэцүүдлээ гэж ч чарласангүй. Өөрсдөө хэцүүхэн байсан ч нийгмийн хариуцлагаа умартаагүй хамт олноор бахархмаар. Оёо шаглаа бүрд нь монгол хүмүүний сэтгэл шингэж, хийц хэлбэрт нь ур ухаан нэвчсэн гутал алсыг зорьж, дэлхийн брэнд болох өдөр ойрхон биз ээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна