ДЭЛХИЙД: ЦӨӨН ӨГҮҮЛБЭРЭЭР

Админ
2020/09/25

Энэтхэг Энэтхэгийн Уттар Прапеш мужийн Агра хотод оршдог дэлхийд алдартай “Таж Махал”-ыг нээжээ. Дэлхийн өвд бүртгэгдсэн уг байгууламж нь “Ковид-19” халдварын улмаас зургаан сар гаруйн турш хаалгаа бариад байсан юм. “Таж Махал”-ыг өдөрт 5000 жуулчин үзэж сонирхох боломжтой бөгөөд өдрийн 14:00 цагаас өмнө 2500 хүн, түүнээс хойш үлдсэн 2500 хүнийг хүлээн авах аж. Мөн үзэгчид амны хаалт заавал зүүх шаардлагатай бөгөөд бүх тасалбарыг цахимаар худалдаална. Жуулчдын сонирхлыг маш их татдаг “Таж Махал” жилд долоон сая гадаадын жуулчин хүлээн авдаг боловч “Ковид-19” халдварын улмаас энэ оны гуравдугаар сарын 17-ноос хаагдсан юм. Энэтхэгт халдварын тохиолдлын тоо нэмэгдсээр байгаа хэдий ч Засгийн газар халдвараас сэргийлэх хязгаарлалтыг дахин сулруулах шийдвэр гаргасантай холбогдуулан дурсгалт газруудыг дахин нээж байна. БНХАУ БНХАУ-ын эрх баригчид АНУ-ын технологийн компаниудыг хар жагсаалтад бүртгэж байгаа боловч энэ жагсаалтыг хэзээ нийтэлж болох талаар хараахан шийдвэр гаргаагүй байна гэж “The Wall Street Journal” сонинд нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээллээс иш татан бичжээ.БНХАУ-ын удирдлага компаниудынх нь эсрэг Вашингтоны үйл ажиллагаанд хариу өгөхийг оролдсон ч АНУ-ын хэрэгжүүлж буй арга хэмжээнээс илүү хатуу арга хэмжээ авахаас зайлсхийхийг хичээсэн гэж тус сонинд тэмдэглэсэн байна. Америкийн компаниудын хар жагсаалт гаргах гэж байгаагаа Хятадын эрх баригчид тус улсын харилцаа холбооны “Huawei Technologies” компанид хязгаарлалт тавьсны дараахан буюу 2019 оны тавдугаар сард анх мэдэгдэж байсан. ОХУ “Ажлын дөрвөн өдөртэй болох нь архидан согтууралт нэмэгдэхэд нөлөөлнө” гэж Оросын академич, Төрийн Думын Боловсрол, шинжлэх ухааны хорооны тэргүүн дэд дарга Геннадий Онищенко үзэж байна. “Ажлын дөрвөн өдөртэй болох нь нэг талаас хор хөнөөлтэй. Ингэх нь архидан согтуурах үйл явцыг огцом нэмэгдүүлнэ” хэмээн тэрбээр цохон тэмдэглэв. Женев хотод 2019 оны зургадугаар сард болж байсан Олон улсын хөдөлмөрийн бага хурлын үеэр ажлын өдрийг дөрөв болгож багасгах тухай санаачилгыг тухайн үедээ ОХУ-ын Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байсан Дмитрий Медведев дэмжиж байжээ. Ингэхдээ хөдөлмөрийн хөлсний хэмжээг хэвээр нь хадгалан авч үлдээд зогсохгүй бүтээмжийг нэмэгдүүлэх ёстой гэдгийг тэрбээр онцолж байсан аж. Герман Германы Христийн Ардчилсан холбоо намын даргад өрсөлдөгч Фридрих Мерц Оросын хэрэгжүүлж буй “Хойд урсгал-2” төслийг хоёр жилээр царцаах ёстой хэмээн мэдэгдэв. Фридрих Мерц нь намын даргаар сонгогдвол Германы одоогийн Канцлер Ангела Меркелийг залгамжлах хамгийн магадлал өндөртэй хүнээр нэрлэгдээд байгаа билээ. Доод Саксонд болсон Христийн Ардчилсан холбоо намын залуучуудын байгууллагын арга хэмжээнд оролцох үеэрээ тэрбээр ийнхүү мэдэгджээ. “Эрчим хүчний эх үүсвэрийн нийлүүлэлтээр АНУ-аас ч, Оросоос ч хамааралтай байж болохгүй” хэмээн Фриприх Мерц хэлжээ. “Хойд урсгал-2” төсөл нь Оросоос Балтын тэнгисээр дамжуулан Герман руу байгалийн хий нийлүүлэх том төсөл юм. Төсөл хэрэгжвэл жилдээ 55 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлнэ. Энэ төслийг АНУ идэвхтэй эсэргүүцэж байгаа. АНУ бас Герман болон Европын хэд хэдэн оронд байгалийн хий нийлүүлдэг. “Хойд урсгал-2” төслийг ОХУ-ын талаас “Газпром” компани Европын хэд хэдэн түнштэй хамтран хэрэгжүүлж байгаа. Япон Японд өндөр настай хүмүүсийн тоо өссөөр байна. Тус улсын статистикийн сүүлийн үеийн мэдээгээр 65-аас дээш настай хүний тоо 36 саяыг давжээ. Эрүүл мэндийн яамны мэдээлснээр энэ нь Японы нийт хүн амын гуравны нэгтэй тэнцэж байгаа аж. Ингэснээр наран улсын иргэд дэлхийд хамгийн өндөр насалдаг хүмүүс болж байна. Хүмүүсийн өндөр наслахад чанартай эмнэлгийн үйлчилгээ, ард иргэдийн амьдралын зөв хэв маяг нөлөөлдөг гэнэ. Түүнчлэн эмчийн тусламжийг цаг алдалгүй авах нь өндөр наслахад тус болох гол хүчин зүйлсийн нэг аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна