12 МЯНГАН ТӨГРӨГИЙН ХАЛУУН ХЭМЖИГЧИЙГ 200 МЯНГААР АВСАН БАЙСАН“

Админ
2020/09/25

“Захиргааны шинэ санаачилга” төрийн бус байгууллагаас коронавирусийн үед нийслэлийн Онцгойкомисст цугларсан мөнгөн болон мөнгөн бус хандивыг хэрхэн зарцуулсан талаарх мониторингийн судалгааны үр дүнг мягмар гарагт танилцууллаа. Нийслэлийн Онцгой комисс энэ оны гуравдугаар сарын 5-наас дөрөвдүгээр сарын 1-нд нийслэлийн төрийн өмчийн болон хувийн цэцэрлэг, сургуулийн 337 байгууллагаас 227.2 сая төгрөгийн хандив цуглуулжээ. Мөн дараа нь буюу зургадугаар сарын эхээр зургаан дүүргийн татварын хэлтсээс 19.2 сая төгрөгийн хандив авч, нийт 257.4 сая төгрөг цугларсан байна. Дээрх хандив тусламжийн мөнгөнөөс Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн А/472 тоот захирамжаар “Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх болзошгүй эрсдэлийг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагын албан хаагчдын халдвар хамгааллын хувцас, унаа хоолны зардалд 211.7 сая төгрөгийг зарцуулахыг зөвшөөрч, найман товчоо болон мал эмнэлгийн газруудад шилжүүлжээ. Мал эмнэлэг гэхэд л 213 мянган кг бодисонд 42 сая төгрөг зарцуулсан. Үлдсэн мөнгөөр нь амны хаалт болон халуун хэмжигч аппаратхудалдаж авсан байна. Үүнээс гадна “Нийслэлийн Засаг даргын А/472тоот захирамж” гэсэн утгатай 21 сая төгрөг Нийслэлийн онцгой комисст цугласан хандивын мөнгөнөөс гарсан болох нь мониторингийн үр дүнгээс харагджээ. Гэсэн хэдий ч тус захирамж ямар утгатай болох нь тодорхой болоогүй гэнэ.Тус байгууллага холбогдох албаны хүмүүсээс тодруулах гэсэн боловч хариу өгөөгүй байна. Тиймээс хандиваар цугларсан мөнгийг юунд, хэрхэн зарцуулснаа иргэдэд тодорхой болгохыг уриалав. Энэ үеэр “Захиргааны шинэ санаачлага” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал С.Цэрэнпүрэвээс зарим зүйлийг тодрууллаа. -Хандив өгсөн байгууллагуудын нэрс, хандивын хэмжээг хэрхэн гаргасан бэ? -Бид мониторингийн төслийн явцад мэдээллээ албан ёсны эх сурвалжаар баталгаажуулж хийсэн. Сангийн яам шилэн дансны мэдээлэлдээ “Ковид-19”-ийн мөнгөн тусламж ба зарцуулалт, “Ковид-19-ийн мөнгөн материалын зарцуулалт гэсэн хоёр хуудас тайлан гаргасан. Тэр нь иргэдэд нээлттэй, ил тод байгаа. Энэхүү хандив өгсөн байгууллагуудыг ангилж үзвэл төрийн 17, 49 хувийн өмчийн сургууль, улсын 169 улсын, хувийн өмчийн 98 цэцэрлэг оролцсон. Хандивын дүнг хувиар нь тооцож үзвэл, хувийн цэцэрлэг 30 буюу 68 сая, улсын 29 хувь буюу 113 сая төгрөг, улсын сургууль 14 хувь буюу 31.7 сая, хувийн сургууль таван хувь буюу 11.3 сая төгрөгийг тус тус хандивласан байсан. -Аудитын дүгнэль гарсан болов уу? -“Ковид-19”-ийн хуульдзааснаар халдвар дууссанаас 30 хоногийн дараа УОК, Үндэсний аудитын газараудит хийнэ гэж заасан. Халдвар хэзээ дуусах нь тодорхойгүй болохоор аудитын судалгаа хэдэн ч жилийн дараа хийж магадгүй. Тэгэхээр Засгийн газар аудитыг улирал, жилээр хийх заалт оруулах саналыг дэвшүүлмээр байна. -“Ковид-19”-ийн тухай хууль гараагүй байхад хандив, тусламж авсан нь судалгаагаар тогтоогдсон гэсэн. Өөр зөрчил байв уу? -Гадны цахим сайтуудад хоёр ширхэг нь 12 мянган төгрөгийн үнэтэй халуун хэмжигч аппаратыг 200 мянган төгрөгөөр авсан байсан. Энэ мэт хандив тусламжийн мөнгөнөөс өндөр үнэтэй бүтээгдэхүүн авсан нь судалгаагаар тогтоогдсон. Яагаад төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгээс хандив авсан талаар нийслэлийн онцгой комиссоос асуухад албан даалгавраар авсан болов уу гэсэн хариулт өгсөн. Энэ тухай хандив өгсөн байгууллагуудаас лавлахад“Албан бичиг ирсэн бил үү яасан билээ” гэх байдлаар хариулан. А/472 дугаар захирамж нь сайт дээрээ тавигдахгүй байгаа болохоор эргэлзээтэй. Захирамжаа сайтдаа тавихгүй юм уу гэхэд хариу өгөөгүй. -Өөр ямар мониторонг хийхээр төлөвлөж байгаа вэ? -Олон улсын хандив тусламжийн талаар мониторинг хийхээр Сангийн яаманд албан тоот өгөөд гурван долоо хоног болж байна. Үүний араас тууштай явж судалгаа хийн, мэдээлэл өгөх болно.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна