Б.Долгормаа: “УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ” ДУУРИЙН ХОРОЛМААГИЙН ДҮРЭЭР ТЭРГҮҮН БАЙРЫН ШАГНАЛ АВЧ БАЙЛАА

Админ
2020/09/25

Б. Нямдорж

СУИС-ийг дуурийн дуучин мэргэжлээр төгсөж, Улсын филармони, цагдаагийн “Сүлд” чуулгад10 гаруй жил ажилласан дуучин, СТА Б.Долгормаатай ярилцлаа. 

Тэрбээр мэргэжлийн урлагийн байгууллагад цаг наргүй ажиллахын зэрэгцээ “Гэгээн хатад”, “Үлэмж яруу” цомог, “Амьдралын уянга”, “Торгоны хээ”, теле концерт, “Хайрын урь” бие даасан тоглолтоо үзэгч түмэндээ өргөн барьсан билээ. Түүнийг дуучны мэргэжил нь бүрэн илэрхийлж чадахгүй. Өдгөө дөрвөн хүүхдийн ээж болж, өөрийн санаачилгаар “D” студийг байгуулж, сурсан нэг ч гэсэн зүйлээ бусдад хүргэх юмсан гэсэн гэгээн хүсэл, тэмүүллээр зорьж явна.

 -Энэ мэргэжлийг сонгоход багаасаа дуулдаг байсан нь нөлөөлсөн болов уу. Аав, ээж нь сайн дэмждэг байсан уу? 

 -Манай аав, ээж ах бид хоёрын авьяасыг маш сайн дэмждэг, ойлгодог байсан. Тийм их боломжтой айл байгаагүй ч хоёуланг нь гадаад хэлний хувийн сургуульд сургаж, бүх зүйлээ хүүхдүүдийнхээ боловсрол, авьяаст зориулдаг байсанд нь маш их талархдаг.Багаасаа л урлаг соёлын арга хэмжээнд идэвхтэй оролцож, шилдэгт үлдчихдэг хүүхэд байв.Ээж минь намайг дөрөвдүгээр ангиас эхэлж, Монголын хүүхдийн ордонд оруулж авьяасаа нээх боломж олгосон.Улсын чанартай болон дүүргийн уралдаан тэмцээнд амжилттай оролцож ирсэн нь Соёл урлагийн их сургуульд орох эхлэл минь болсон.

 -Таныг “Хангайн намар” дуугаар нь илүү сайн мэдэх юм байна. Оюутан байхдаа дуулж байв уу?

 -Уран бүтээл хийж эхэлж байх үеийн хамгийн анхны дуу нь “Хангайн намар”. Ээж минь Булган аймгийн хүн. Би хотод өссөн ч амралтаа Булганд л өнгөрүүлдэг байлаа.“Моддын орой тэндээ шуугина аа, Могодын айраг дэргэд шаагина аа” гээд тэр сайхан нутгийг санагдуулсан, миний хоолойд ч зохисон дуу. Булган аймгийн Могод сумын харьяат Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн аялгуу, яруу найрагч Т.Очирхүүгийн шүлгээр бүтсэн. Номонд нь байсан шүлгийг гэргий дээр нь ээжтэйгээ хамт очиж, зөвшөөрөл авч, дуулж байлаа. Нутгийн хүмүүсийн сайн мэддэг болсон энэ сайхан дууг анхлан дуулсандаа баярлаж явдаг шүү.

 -Шинэ уран бүтээл гаргах бүрт ямар сэтгэгдэл төрдөг вэ. Үзэгчдэд хүрэх байдал нь харилцан адилгүй байх?

 -Уран бүтээл гэдэг дуучны хувьд хүүхэд шиг нь байдаг. Анх “Чамайгаа хүлээнэ” дууг дуулж байхад Төрийн хошой соёрхолт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай “Би 700 гаруй дуутай. Тэгэхэд гурав нь л хүнд хүрсэн. Тэгэхээр ерөөсөө шантарч болохгүй шүү. Анхны уран бүтээл хит болно гэж хүлээх хэрэггүй” гэж хэлж байсан. Тэгэхээр уран бүтээлээ хийгээд л байх хэрэгтэй. Чаддаг юмаа байнга хийгээд байвал байрандаа л зогсоно. Чадахгүй зүйлээ хийж тэр дундах сорилтоос дараагийн түвшинд хүрдэг. Ач холбогдол өгөөгүй дуу олонд хүрэх, эсрэгээрээ зүрх сэтгэл, цаг хугацаа, хөрөнгө мөнгөө зориулаад хийсэн нь хүрдэггүй тохиолдол ч бий. 

 -Өнгөрсөн онд Та өөрийн “Хайрын урь” анхны бие даасан тоглолтоо хийсэн. Үзэгчдэдээ уран бүтээлээ тайлагнах тэр мөч ямар байв?

 -2009 онд сургуулиа төгсөөд, 10 жилийн дараа тоглолтоо хийсэн. Энэ хооронд дөрвөн хүүхэд төрүүлж, магистрын зэргээ хамгаалсан.Төрийн алба хатуу л даа. Би төрсөн гээд ажил, уран бүтээлээсээ хоцроод байж болохгүй. Адилхан л цагаа барьж, уран бүтээлээ хийж явах ёстой. Би аливаа зүйлийг хийвэл манлайд нь л байж, хоцрохгүй байх ёстой гэж боддог. Чуулга өдөр бүр тоглолт, арга хэмжээтэй. Албаны ажил, гэр бүлийн амьдралын хажуугаар уран бүтээлийн бие даасан тоглолтоо хийх зав гарахгүй л байсан юм шиг байгаа юм. Гэхдээ уран бүтээлээ таслахгүй хийхийг зорьсоор ирсэн.

-Дуурийн шилдэг дүр шалгаруулах улсын уралдаанд тэргүүн байр эзэлж байсан гэсэн. Оюутан байхдаа ямар дүрүүдийг бүтээж байсан бэ? 

 -Төгсөлтийнхөө шалгалт дээр “Үүлэн заяа” дуурийн Наранзэлийн дүрийг бүтээж байсан. Дөрвөн жилд нэг удаа болдог дуурийн шилдэг дүр шалгаруулах улсын уралдаанд 2012 онд “Учиртай гурван толгой” дуурийн Хоролмаагийн дүрээр тэргүүн байрын шагнал авч байлаа. Тухайн үед миний хоолой одооныхоос өөр, арай шингэн талдаа байсан шиг байгаа юм. Нансалмаа, Хоролмаагийн дүрийн бүтэн партиг сурчихсан байсан л даа. Гадаад дүр төрхийн хувьд Нансалмаатай төстэй байсан ч хоолойн хувьд Хоролмаа илүү зохисон. Мөн 2015 онд Соёл урлагийн их сургуульд магистр хамгаалахдаа тус дуурийн Нансалмаагийн дүрээр хамгаалж билээ.

 -Цагдаагийн “Сүлд” чуулгад сургууль төгсөөд орсон уу. Анхны томилолт ямар байсан бэ. Сайхан дурсамж олон байх?

 -2009 онд чуулга дахин сэргээд дуучид шалгаруулж авч байв. Тухайн үед сургуулиа төгсөж байхад, урлагийн байгууллагуудаас ажлын санал ирж байсан. Тэгсэн миний сайн найз Э.Сүнжидмаа “Сүлд” чуулга чамайг ирж уулзаарай гэсэн” гэж хэллээ. Өдөр бүр найзтайгаа хамт байхыг бодно. Шалгалт өгөөд тэнцлээ. Хувь тавилангаараа холбогдсон доо. Байнга л ийш тийш томилолтоор явдаг. Анхныхаа томилолтыг сайн санахгүй байна. Энэ сайхан хүндтэй, хийморьтой байгууллагад ажиллаж, мөрдөс гоёсон, уран бүтээлч болсондоо баяртай байдаг. Тухайн үед гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, Л.Нарангэрэл,Э.Сүнжидмаа, П.Өнөржаргал эгч, Б.Жавхлантөгс гээд нэгэн үеийн залуу дуучид орж байлаа. Чуулгадаа амьдралынхаа хамгийн сайхан үеийг өнгөрүүлжээ. Би чинь ахлах дэслэгч цолтой хүн. Харин энэ жил гадаадад дуурийн чиглэлээрээ сурах гээд “Сүлд” чуулгаасаа түр гарчихсан байгаа. Хэлний бэлтгэлээ Монголдоо хийж байтал хөл хорио тогтоочихлоо. Гадаадад доктор хамгаалах хүсэлтэй. Өөрийгөө хөгжүүлж ирчихээд эргээд чуулгадаа орно доо. Өөрийгөө хөгжүүлье л гэж бодсон. 

-Өнгөрсөн жил бие даасан “Хайрын урь” тоглолтоо хийсэн. Мөн Цагдаагийн “Сүлд” чуулгын “Хачин гоё” тоглолт болсон гээд уран бүтээл арвин жил болсон байна?

 -Манай чуулга бусад урлагийн байгууллагаас ялгаатай нь төрийн тусгай албыг давхар гүйцэтгэдэг. Хагас цэрэгжилтийн байдалтай ажилладаг, тэсвэр тэвчээр, хат суулгадаг, уран бүтээлчдээсээ сайн уран бүтээл нэхэж, шахаж шаардаж, урамшуулж чаддаг байгууллага даа.Чуулгын дарга,цагдаагийн хурандаа, соёлын гавьяат зүтгэлтэн Л.Гаваасүрэн өөрөө уран бүтээлч болохоор биднийг дэмжиж, ойлгож чаддаг шүү. Чөлөөт орон зайнаас уран бүтээл төрдөг. Уран бүтээлчийг шахаж, сайн бүтээл гаргавал урамшуулж чаддаг тийм л хүн. Урлаг өөрөө дэг журамтай түүний зэрэгцээ цэргийн хүн байна гэдэг цаг барих, хариуцлага хүлээх чадвар суулгадаг. 

 -Таны хань хөгжмийн зохиолч, СУИС-ийн багш Ш.Өлзийбаяр гэдгийг мэдэх юм байна. Хамтдаа ямар уран бүтээлүүд хийж байв. Адилхан урлагийн хүн болохоор дэмтэй байдаг болов уу?

 -Миний ханиар дуучид уран бүтээл зохиолгоод явдаг. Тухайн дуучны хамгийн анхны олонд хүрсэн уран бүтээлүүдийг ч хийсэн байдаг. Тэд зорьж ирээд хийлгэдэг болохоор гарчихаад байдаг. Бид хоёрын хувьд ар гэрийн амьдрал гээд ч юм уу хамтдаа хийсэн уран бүтээл ховор юм байна лээ. Одоо сайхан бүтээлүүд хийе гэж ярьж байгаа. Хоёулаа уран бүтээлч болохоор анхнаасаа л дэврүүн хүмүүс суусан. Бид хоёрын зан чанар тохирсон гэж боддог. Хүн дүрэлзэх үедээ дүрэлзэж, гуниглах үедээ гуниглаж, өөрийнхөөрөө байх боломжийг олгож байж амьдрал сайхан явдаг. Залуу хүмүүс алдах онох зүйл байна, тэр болгоныг нь ойлгодог л байвал. Гэр бүл боллоо гээд тэр хүнийг өмчлөөд авч байгаа биш хамтдаа сайхан амьдрах гэж байгаа юм чин дэмжээд, хайрлаад явбал болно доо. Залуу хүмүүст түүртэх юм байлгүй яах вэ. Хүүхэд гараад ирэхэд амьдрал бодсоноос шал өөр болоод ирнэ. Тэр үед нөхөр нь эхнэрээ ойлгож, аливаа зүйлийг хамтдаа туулах ёстой болов уу.

 -Та олон ажлыг зэрэг амжуулдаг юм байна. Хүсэл мөрөөдлөөр дүүрэн хүн юм гэж харлаа?

-Би багадаа хүүхдийн ордны дуулаачийн дугуйлан, дугуйлангийн дэргэдэх англи хэлний сургалтад ч явдаг байлаа. Гаднын улс руу жилдээ 2-3 удаа тоглолтоор явдаг. Тэгэхэд хэлний мэдлэг маань хэрэг болно. Тэр болгоныг аав, ээжийн минь намайг дэмжиж, хөгжүүлж ирсэний гавьяа гэж бодож, талархаж явдаг даа. Би гурав дахь хүүхдээ гэдсэнд байхад юм оёж байгаа хүмүүсийг хараад оёж чадмаар юм шиг санагдаад сургалтад сууж байсан. Үргэжлүүлээд танил оёдолчноор хувиараа заалгаж сурсан. Манай ээж төрийн албан хаагч байсан ч социализмын үед ажилгүй болоод савхи, монгол хувцас, сурагчийн форм оёдог байлаа. Багадаа түүнийг нь харж өссөн нь юм оёход нөлөөлсөн байх. Одоо гэр бүлийнхнийхээ үндэсний хувцасыг оёдог. Урлаг цаг хугацаатай. Хүн өөрийгөө голоогүй байсан ч тайз голоод эхэлдэг. Хэсэг хугацааны дараа дуулахаа болихоороо хувийн энэ мэт хообийгоо хөгжүүлж амьдарна гэж боддог. Оёдлын салоныхаа нэрийг хүртэл бодчихсон яваа шүү. Хүн болгонд бүтээлч чанар байдаг. Түүнийгээ ашиглаад дуртай зүйлээ олох ёстой байх.

 -Та дөрвөн хүүхдийн ээж “Алдарт эх” болсон шүү дээ. Анх ээж болж байхад ямар мэдрэмж төрж байв? 

-Би том охиноо 21 настай, төгсөх курст байхдаа төрүүлсэн. Төрөөд долоо хоногийн дараа сургуулиа төгсөж, ромбо дипломоо очиж, авч байсан. Залуу байсан болоод ч тэр үү миний сэтгэлзүй эхний хоёр хүүхдээ төрүүлээд ээж болоогүй байсан. Гурав дахь хүүхдээсээ ээжийн гоё мэдрэмжийг авсан. Дөрөв дэх хүүхэд дээрээ жинхэнэ утгаараа ээж болсон гэж хэлж болно. Бурхан надад олон сайхан зүйлийг бэлэглэсэн. Намайг гээд зориод ирсэн хүүхдүүдээ сайн боловсрол эзэмшүүлэхэд бүх боломжоо дайчилна даа.

 -Дөрвөн хүүхэдтэй ээжийн хувьд хүүхдийн хүмүүжлийн тал дээр юуг чухалчилдаг вэ? 

 -Хүүхдэд үгээрээ биш үйлдлээрээ үлгэрлэх ёстой. Өөрөө түүнийг хийж байж шаардах хэрэгтэй. Энэ жишгээр хүүхдүүдийнхээ боловсролд анхаараад, авьяасыг нь тордохыг боддог. Тэр тодорсон авъяас болгон амьдралд үр өгөөжөө өгч байдаг гэдгийг ч өөрийн биеэр мэдэрсэн учраас аав, ээж минь намайг яаж дэмждэг байсан тэр чинээгээр л дэмжинэ гэж боддог.Амьтай бүхнийг хайрлах, зөв хүн байхыг багаас нь сургана.

 -Одоо ямар уран бүтээл хийж байгаа вэ. Дараагийн уран бүтээлийн тоглолтоо хэзээ хийх вэ? 

 -Студийн ажил, уран бүтээлээ хоёуланг нь зэрэгцүүлээд явна. Ардын дуугаар теле концерт, цомог хийсэн. Уран бүтээлээрээ дамжуулж бусдыг сайн сайханд хүргэх зорилготой. Би өмнө нь гоё л дуу хайгаад байлаа. Одоо илүү мэргэжлийн ур чадвар шаардсан, өөрийгөө сорьсон уран бүтээлд тэмүүлж байна. Би гавьяат багш М.Найдалмаагийн шавь. Шударга, зарчимч сайхан багшаасаа суралцсан олон зүйл бий. Багш минь “Миний охин жил болгон тоглолтоо хийж байгаарай” гэж захиж байсан. Ноднин хийсэн тоглолтоо үргэлжлүүлээд жил болгон хийе гэж бодож байгаа. Энэ жилийн тоглолтоо цаг үеийн байдлыг харж байгаад амжвал энэ ондоо амжихгүй бол он гаргаад хийнэ. Энэ жилээс эхлээд уран бүтээлчидтэй эстрад, поп опера чиглэлээр хамтран дуулах бодол бий. Саяхан гавьят Л.Болдбаатартай “Чамд алдрах сэтгэл” гэсэн сайхан дууг дуулсан.

 -Та өөрөө бие дааж “D”студийг байгуулсан гэсэн. Ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ? 

-Нэрийнхээ эхний үсгээр студээ нэрлэж, өнгөрсөн тавдугаар сард нээлээ. Бүжиг, веган хоол, нүүр будалт зэрэг гурван төрлийн сургалт явуулдаг. Би багаасаа л бүжиглэх дуртай байсан болохоор тууштай хичээллэж, одоо бүжгийн багш. Веган хоолны сургалт явагдана. Одоо хүмүүс хоолноос болоод дөнгөж 40 гараад хавдар тусах болжээ. Эрүүл амьдрах нь 80 хувь хоолноос шалтгаалдаг. Хөдөлгөөн, эрүүл хооллолттой байж хүн хүсэл зорилгоо биелүүлэх боломж нээгддэг юм байна. Хүүхэд байхаасаа л тоглолтод орно. Тэр болгонд өөрөө нүүрээ буддаг байж байгаад сүүлд мэргэжлийн нүүр будалтын сургалтад суусан. Тэгэхээр студийн ажил тэр бүсгүйчүүдэд чиглэсэн. Бусдаас түрүүлж сурсан нэг ч гэсэн зүйлээ хүнтэй хуваалцахыг боддог. Хүн мэдлэг чадвараа бусдад заах тусмаа хөгждөг. Би бясалгал хийдэг болсноос хойш хүний хамгийн эрхэм чанар нь бусдад туслах юм байна гэдгийг ойлгосон. Тиймээс олсон орлогынхоо 50 хувийг бусдын сайн сайхны төлөө түгээхээр “Чин хайр мөнхийн гэгээн үйлс” төрийн бус байгууллага нээгээд ажиллаж байгаа.

 -Та яагаад веган хоолтон болсон бэ? 

 -Багаасаа л мах идэж чаддаггүй байсан. 2009 онд Монголд анх удаа цагаан хоолны мэргэжлийн тогоочийн дамжаа хичээллэхэд, сурч төгссөн.Тэгэхэд анхны хүүхэд гэдсэнд байсан. Ээж “Айлын эхнэр болох гэж байгаа юм чинь өөрөө мэргэжлийн түвшинд хоол хийгээд сурчихвал амар” гээд суулгаж байсан юм. Тухайн үедээ яагаад суух ёстойгоо ойлгоогүй ч одоо амьдралын нэг хэсэг болжээ. Хүн аливаа зүйлийг сурсан байхад эргээд ямар нэг байдлаар хэрэг болдог юм байна. Хүний амьдрал дандаа дардан байдаггүй. Жаргал зовлонтой үе ч байнга үргэлжилдэггүй. Миний амьдралд ч хүнд цохилтууд ирсэн. Хоёр жил гаруй нойргүйдлийн нэлээд хүнд түвшинд орсон. Манай нөхөрч гэсэн хавдартай болоод энэ өвчнийг яаж давах гээд л явж байсан. Манай гэр бүл веган хоол идсэнээр амьдрал асар өөрчлөгдсөн. Нөхөр маань одоо эрүүл болж ажлаа хийгээд явж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна