ИНСТАГРАМЫН ОД “БҮЖИГЧИН САЯТАН” ЖИАНЛУКА ВАЧЧИ

Админ
2020/09/25

М. Хүслэн Эхнэртэйгээ бүжиглэж байгаа бичлэгээ инстаграм хуудсандаа хийснээр цахим ертөнцийг байлдан дагуулж “бүжигчин саятан” хочийг авсан Италийн бизнесмен Жианлука Ваччи (Gianluca Vacchi) өдгөө 53 нас хүрч яваа ч 20 настай залуусаас ялгаагүй бие хаа царай зүстэй, өөрийн гэсэн өвөрмөц амьдралын хэв маягтай нэгэн. Тэрээр энэхүү амьдралын хэв маягаа GV Lifestyle хэмээн нэрлэдэг бөгөөд үүнийхээ тухай ном хүртэл бичжээ. Тэрээр инстаграмын идэвхтэй хэрэглэгч бөгөөд үүгээрээ дамжуулж өөрийн сонирхолтой, өвөрмөц амьдралын хэв маягаа олон сая хүнд харуулж байдаг. Спортлог бие хаа, загварлаг хувцаслалт, үнэтэй дарвуулт завь, нисэх онгоц, чамин тансаг харш болон үзэсгэлэнт залуу охид түүнийг “инстаграм”-д од болгож, нэр алдартайгаараа Мадоннатай эн зэрэгцдэг болжээ. Италийн саятан Жианлука Ваччи одоо өөрийнхөөрөө маш сонирхолтой, италичуудын хэлдгээр “Амандаа мөнгөн халбагатай төрсөн” юм шиг амьдарч буй.Жианлука Ваччи 1967 онд Италийн Болонья хотод төржээ. Түүний эцэг Жианлука Ваччи эмийн хайрцаг үйлдвэрлэдэг компани байгуулсан байна. Түүний гэр бүлийн бизнес ч амжилттай хөгжиж бүтээгдэхүүн нь дэлхийн зах зээлд ч байр сууриа эзэлсэн аж. Жианлука залуудаа их гоё, ганган хувцасладаг байжээ. Дунд сургуулиа төгсөөд Болоний их сургуульд элсэж, эдийн засаг бизнесийн чиглэлээр суралцаж 1993 онд дипломоо авсан байна. 29 нас хүртлээ гэр бүлийнхээ бизнест тусалж, дараа нь хувийн ажил хэргээ эхлүүлжээ. Жианлука Ваччи биендээ шивүүлсэн олон тооны шивээсээрээ бас алдартай. Янз бүрийн шоунд оролцож шивээстэй бие хаагаа гайхуулдаг. Гэр бүлийн компани болох “Fin Vacchi”-д Жианлука Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд хувьцааны 30 хувийг эзэмшдэг байна. Компанийг түүний үеэл ах Альберто удирддаг. Амьдралын өдөр тутмын хүнд хэцүү зүйлийг Жианлука хөнгөхөн даван туулдаг. Өдөр бүр дасгал сургуулиалалт хийж, акробат эргэлтүүдийг амархан хийнэ. 2018 онд “саятан бүжигчин” олон улсын флешмобт нэгдэж, рэпер Дрейкийн “In my feelings” дуунд өөрийн гэрийнхээ хажууд эмэгтэй хувцас өмсөж бүжиглэсэн. Тод өнгийн шляп, өндөо өсгийтэй туфли, хар өнгөтэй эмэгтэй усны хувцсаар гангарсан байна. Тэрбээр даруухан, хэвлэлийнхэнд хаалттай хүн аж. Жианлука ахтайгаа хамтран ажиллахад таатай байдаг гэж үздэг. Учир нь түүнд бизнесийг амжилттай эрхлэх, хөтлөх авьяас бий. Энэ нь Жианлукад хүссэнээрээ амьдарч, өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэх боломж олгодог. Гэхдээ “инстаграм” сүлжээний од болсон “Бүжигчин саятан”-ы бизнес ажил хэрэг үргэлж амжилттай байгаагүй. 2017 онд түүний амьдралд хүндхэн үе тохиож байв. Есөн жилийн өмнө банкнаас авсан зээлээ төлж чадахгүйд хүрч зарим хөрөнгөө битүүмжлүүлж байжээ. Тансаг дарвуулт завь, чамин харшаа зарахад хүрсэн. Жианлука Ваччи өөрөөсөө 18-25 насаар дүү эмэгтэйчүүдтэй нэр холбогддог. Саятан од Нина Сеникао болон Белен Родригестэй учир ургуулж явсан. 2011 онд Жианлука телевизийн хөтлөгч Мелисса Саттатай найзалж буйгаа зарласан ч, сарын дараа тэд салцгаасан байна. 2014 онд хэвлэлийнхэн Ваччи жүжигчин Мишель Родригестэй үерхэж байгаа талаар шуугисан. Гэвч тэдний үеэрхэл мөн л богинохон байв. Удалгүй Итали саятан жүжигчин Линдсей Лохантай нэр холбогдоод эхэлсэн. Харин 2016 онд Жианлукагийн “инстаграм” дахь кино мэт замналын “гол дүр”-ээр загварын “Wandering” брэндийн дизайнер Жоржия Габриэле тодорлоо. Түүнийг Ваччи өөрийнхөө эхнэр хэмээн зарласан. Жоржия нөхрөөсөө 18 насаар дүү байсан ч “хайр дурлалд нас хамаагүй” гэв. Залуу бүсгүй өдөрт хоёр цаг биеийн тамираар хичээллэдэг нөхрийнхөө булчинлаг бие хааг гайхан биширнэ. Жианлука 173 см өндөртэй биеийн жингээ 72 кг-д тогтмол барьдаг. Саятан нөхрийн амьдралын хэв маяг залуу бүсгүйг уйдаасангүй. Тэрбээр нөхрөө байнга дэмжихийг чармайдаг байлаа. Тэдний хамтарсан бүжиг их амжилт олж, “инстаграм”-д тавьсан бичлэгийг олон зуун мянган хүн үзэж сонирхжээ. 2017 оны зун саятан найз бүсгүйгээсээ салав. Салалт юунаас болсныг тайлбарласангүй. Яг тэр үеэр хүүхэмсэг саятны цахим хуудсанд “Дэлхийн гоо бүсгүй-2015”-ын дэд мисс Ариадна Гутьеррестэй хамт авахуулсан зургууд нь нийтлэгдэх болжээ. Тун удалгүй дэд миссийг Венесуэлийн загвар өмсөгч Шэрон Фонсекээр солилоо. Загвар өмсөгч харин ч “бүжигчин саятан”-д удаан тэссэн байна. Тэд одоо хүртэл хамтдаа амьдарч буй. Хос хоёр 25 насны зөрүүтэй аж. Шэрон Фонсек, Жианлука хоёр удахгүй хүүхэдтэй болно. Хоёулаа анх удаагаа эцэг, эх болох гэж байна. “Бүжигчин саятан” өмнө нь хүүхэдгүй гэдгээ хэд хэдэн удаа хэлсэн. Өнгөрсөн наймдугаар сард хосуудын дарвуулт завь дээр амарч байгаа зургууд нийтлэгдсэн. “Бүжигчин саятан” Сардины эрэгтэй жирэмсэн эхнэртэйгээ бүжиглэж, хамтдаа амарч буй зургуудаа “инстаграм” дахь дагагчидтайгаа хуваалцжээ. Жианлука Ваччийн учирсан бүсгүйчүүдээс Жиневр Мавиллыг дурдахгүй байж болохгүй. Бүжигчин бүсгүй цахим ертөнцөд блог хөтөлдөг аж. “Бүжигчин саятан” мөн жүжигчин Зак Эфрон (Zac Efron) -той маш сайн найзууд гэнэ. Холливудын залуу жүжигчин 2014 онд Италид амарч байхдаа La Dolce Vita буудалд Жианлукагийн хамт буудаллаж байсан гэнэ. Тэд далайн эргээр морьтой зугаалж, Жианлукагийн хувийн усан онгоцон дээр үдэшлэг зохиож цагийг зугаатай өнгөрүүлж байжээ. Амьдралын өдөр тутмын хүнд хэцүү зүйлийг Жианлука хөнгөхөн даван туулдаг. Өдөр бүр дасгал сургуулилалт хийж, акробат эргэлтүүдийг амархан хийнэ. 2018 онд “саятан бүжигчин” олон улсын флешмобт нэгдэж, рэппэр Дрейкийн “In my feelings” дуунд өөрийн гэрийнхээ хажууд эмэгтэй хувцас өмсөж бүжиглэсэн. Тод өнгийн шляп, өндөр өсгийтэй туфли, хар өнгөтэй эмэгтэй усны хувцсаар гангарсан байна. Одоо Жианлука шүтэн бишрэгч, дагагчдаа цахим хуудсандаа нийтэлдэг шинэ дүрс бичлэгүүдээрээ баярлуулдаг. Саяхан “саятан бүжигчин” өөрийнхөө бичсэн “Сайхан өнгөрүүлээрэй” нэртэй номыг хэвлүүлсэн байна. Саятан Болонья хот дахь тансаг харшид амьдардаг. 15 га эзэмшил газартай, хэд хэдэн байшинтай эдлэн ойролцоогоор 350 сая ам.долларын үнэтэй. Эдлэндээ хэд хэдэн усан сан, теннисний корт, хөлбөмбөгийн талбай, спорт заал болон спатай. Жианлука олон мянган залуусын мөрөөдлийн амьдралаар амьдардаг болох нь түүний “инстаграм” хуудаснаас тодхон харагдана. Тэрбээр тансаг хөлөг онгоцоор зугаалж, “Харли Дэвидсон” хөлөглөн, хувийн онгоцоор дэлхийг тойрон аялдаг. Мэдээж өөрийн гэсэн амьдралыг үзэх үзэл бодолтой. “Амьдралд чи юу унаж хэрэглэж байгаа чинь сонин биш, түүнийг яаж унаж эдэлж байгаа чинь сонин” хэмээн тэрээр хэлсэн байдаг.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна