И.Даваадорж: ШИНЖЛЭХ УХААНЫ БИЧВЭРИЙГ Ч ЯРУУ БИЧДЭГ “СУДЛААЧ” БОЛОХЫГ ХҮСДЭГ

Админ
2020/09/25

М. Дэвээжаргал Энэ удаагийн “Оюунт Монгол” буландаа МУИС-ийн Утга зохиол судлал мэргэжлийн VI дамжааны оюутан Ишдоржийн Даваадоржийг урьсан юм. Түүний хэлж буй үг, өгүүлбэр бүрээс “бахархалын ааг” мэдрэгдэж байлаа. -Өөрт тань хамгийн их нөлөөлсөн номоо нэрлэхгүй юу? -Долдугаар ангидаа “Алхимич”-ийг уншсан. Энэ л хамгийн анхны айхтар нөлөөлсөн номнуудын нэг. Үүний араас номын сан болгонд байдаг монголын сонгодог зохиолуудыг уншиж эхэлсэн дээ. -“Гэгээн шувуу” наадамд өөрийн тань өгүүллэг шилдэг таван бүтээлийн нэгээр шалгарсан. “Цаснаар ирэх хүн” өгүүллэгийн тухай шүүмжлэл харагдана лээ? -Шүүмжийг уншихад судрын хэл хуулсан гэсэн байна билээ. Хэн бүхэн хэрэглэхгүй, зөвхөн түүхчид л уншдаг тийм хэл, тийм эх зохиол, бичвэрээр яах юм. Орчин цагийн монгол хэлний өргөн хэрэглээний хэдхэн мянган үгэн дотроо гацчихсан. Өвөг үеийн бичиж үлдээсэн “Алтан товч”, Саган Сэцэний “Эрдэнийн товч”-д тэр үед хэрэглэж байсан хуучирсан үг олон байдаг. Тэдгээрийг гаргаж ирээд орчин цагийн монгол хэлэнд инжаан шиг шигтгэж өгнө гэдэг зохиолчдын хийх ёстой ажил гэж боддог. Нэг талдаа, хүн болгоны мэддэг үлгэр юм шиг боловч хэзээ ч уншиж байгаагүй үлгэр шиг зохиол бичихийг хүссэн. Харин болсон юм уу, үгүй юу гэдгийг хараахан хэлж мэдэхгүй юм. Хэдий судрын хэл хуулсан гэж гүжирдэж болох ч өөртөө таатай зүйлээ л гөрдөж тавьсан мэт харагдсан даа. Ер нь бичвэр сүлэлдээн, эшлэл сэтгэхүй гээд орчин цагийн постмодерн дотор яригддаг зүйлс байдаг шүү дээ. Судлаач хүний хувьд нэг тавцанд гаргаж тавьсан олон өгүүлэмжийг уншигч хэрхэн хүлээж авах нь л сонин байсан. Тэгээд ч юу уншихыг хүснэ, түүнийгээ бич гэдэг байх аа. Нэг тийм олигтой юм болсон гэж одоо бодохгүй л байна. Нэг, хоёр жилийн дараа бас л устай, энд тэндээ цөвтэй юм харагдах болов уу. -Цаашдаа утга зохиол судлалаар мэргэшээд явна биз дээ? -Тэгнэ дээ. Утга зохиол гэдэг онол, арга зүйн түвшинд ч өөр салбаруудтай хамжиж болох, салбар дундын судалгаа ч явуулахаар салбар шүү дээ. Парафилисофи буюу филисофи шиг байж болдог онолын салбар. Харин зан үйлийн аман зохиолыг хүнтэй холбож судалдаг. Тэгэхээр угсаатан зүйн судалгаа болчихож байгаа юм. Өнгөрсөн үеийн үзэл суртал уран бүтээлд хэрхэн тусдаг тухайд, яагаад “Шоовдор хүмүүс” романыг орчуулав гээд үзэхээр улс төртэй ч холбон судалж болмоор. Тууль хайлахдаа яаж хайлдаг байсан бэ, зан үйлтэй байсан уу? гэх мэт эх нь олдвол судлахад сонирхолтой зүйл олон. Жишээ нь Богд хаант үеийн монголын уран зохиол ерөөс тодорхой бус. Нийгэм шилжихэд уран зохиол хэрхэн хувирч байсан гээд л. Энэ бүхнийг судлахад ахисан түвшний мэдлэг заавал хэрэгтэй. Ядаж арга зүйд суралцмаар байна. Сурах зүйл их байна. Үгүй бол олсон хэдээ л эвлүүлдэг тоглоом шиг эвлүүлээд суухыг хэн ч чадна. -Аман зохиолын төрөл зүйлээр судалгаа хийх болсон шалтгаан нь юу вэ? -Аливаа зүйлд үндэс суурь гэж бий. Түүний адил аман зохиол бол бичгийн уран зохиолын үндэс суурь шүү дээ. Хэдий чи, би зохиолч байлаа гэж бодоход, алс холоос бичих зүйлээ эхэллээ ч авч хэрэглэж буй дүрслэх хэрэглүүрүүд аман зохиол дотор байгаа. Нэг зохиолч, яруу найрагчийн бүтээлийн туурвил зүй, үг сонголт хэрхэн холбогдож байна гэдгийг мэдэхэд дөт болдог. Аман зохиолын сэдэв барьж авсан хүн туультай орны судлаач байна гэдэг хамгийн том аз юм болов уу. Туульгүй хөгжингүй орнууд зөндөө байна шүү дээ. Тууль дотор санаанд оромгүй анологи, дүрслэлүүд олон тохионо. Ер нь юутай гэдгээ мэддэг хүнд бусдын юутай байх нь сонин биш болоод ирдэг. Гэр нэвт гэгээтэй Гишүү улаан хацартай гээд л эхэлдэг шүү дээ. -Тэгээд л судалгааныхаа сэдвээ сольсон хэрэг үү? -Үгүй ээ. Өмнөх сэдвээ бичиж дуусгаагүй шалтгаан нь хаашаа явахаа мэдэхээ байчихсан байхгүй юу. Багш маань тухайн сэдвээр эхний жилдээ дагнаж бичээд судалгааны арга зүйд суралцаад ав гэсэн л дээ. Б.Одгэрэл гэдэг хүний уран бүтээлийг аль талаас нь төнхөх үү? гэж их бодсон. Одоо харахад миний эрж хайсан хоосон зай байсан л юм билээ. Аман зохиолын судалгаагаа дуусгаад нэр бүхий яруу найрагчдийн бүтээлийн тухай судалгаагаа үргэлжлүүлнэ. Онол, түүхийн талаас хэрхэн холбож бичихээ бодоод л байгаа. -Туурвин бүтээх цаг олдох юм уу? -Шүлэг бараг л бичихгүй байгаа даа. Өгүүллэг бичих минь ч цөөн. Эрдэм шинжилгээний ажил, туурвил зүй хоёрыг хослуулаад явна гэдэг миний хувьд хэцүү санагддаг. Болдог юм аа гэхэд энэ хоёрыг зааглаж байх дадал ч юм уу байх ёстой юм шиг. Судалгааны ажил зүрх сэтгэлгүй бичвэрүүдийг шаарддаг. Харин уран зохиолын хальдаг, нисдэг, дэвдэг тэр бүхнийг үүний хажуугаар бичнэ гэдэг авьяастай хүний л хийдэг ажил байх. Гэхдээ шинжлэх ухааны бүтээл хэрнээ уран зохиолын текст шиг уншигддаг бүтээлүүд байдаг. Монгол хэл сайтай хүмүүс л юм даа. Жишээлбэл, С.Дулам багшийн өгүүлэлүүд, Л.Хүрэлбаатар гуайн “Огторгуйн цагаан гарьд” гэх мэт. Үүний л нэгэн адил шинжлэх ухааны бичвэрийг ч яруу бичдэг “судлаач” болохыг хүсдэг. -Хэрэгтэй мэдээллээ шүүрч чадвал цахим хуудсууд өгөөжтэй санагддаг. Уран зохиолын холбогдолтой ямар хуудсыг дагадаг вэ? -Youtube дээр R.C.Waldun, The school of life, ArielBissett , инстаграмаар Jothereader, Рeotryfoundation гэсэн хуудсыг дагадаг. -Та судалгааны ажил хийдэг шүү дээ. Анхны судалгааных нь сэдэв юу байв, одоо ямар судалгаан дээр ажиллаж байна вэ? -Аман аялгуут яруу найргийн дотроос оньсого, зүйр цэцэн үг, ертөнцийн гурав гэх мэт төрлийг эхний ээлжинд судалж дуусгахаар төлөвлөсөн. Дипломын ажлаа ч бас энэ сэдвийн хүрээнд хийх бодолтой байна. Хоёрдугаар курстээ багш бид хоёр Б.Одгэрэлийн “Уран сайхны хэлний онцлог” сэдэвтэй ажил хийсэн. Одоо харвал жаахан ичмээр. Арай өөрөөр тайлбарлах боломжтой зүйлс ажиглагддаг. Эрдэм шинжилгээний ажлыг аль болох явцуу хүрээнд, байж болох хамгийн бага хэмжээнд нь чанартай хийх чухал.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна