Уран зураг уншицгаая: Зураач Василий Перов ”Гурвалсан тэрэг (Сурагчид)”

Админ
2020/09/25

Зураг тайлбарлая  Уран зураг уншицгаая: Зураач Василий Перов ”Гурвалсан тэрэг (Сурагчид)” хэмээх зургийг Реалист зураач Х. Баярын тайлбараар хүргэж байна. ... Жавартай өвлийн нэгэн өглөө эхэллээ/таамаг/. Хотын гудмыг тэр чигт нь царцтал ташуурдан ороолгох цасан шуурганы өөдөөс бага насны гурван хүүхэд том торхтой ус чарганд тавиад чирж айсуй. Торхноос цалгиж асгарсан ус мөстсөн байгаа нь гадаа хэр хүйтэн байгааг бидэнд хангалттай ойлгуулж байна. Тэдний ядарсан царай, үжирч муудсан хувцас нь тухайн үеийн харгис хэрцгий нийгмийн төрхийг илтгэнэ. Хүчтэй салхи хүүхдүүдийн хуучин хувцсыг хийстэл үлээж тэсэхүйеэ бэрх дааравч сурч мэдэхийн төлөө хотод ирж, шавилахын хажуугаар хүнд хүчир ажил хийж амиа зогоож байгаа тэд зовлон бэрхшээлийг шүд зуун тэсвэрлэн алхлана. Зам тэгш биш байгаа нь үүнийг шууд илэрхийлнэ /Зураачийн гайхалтай шийдэл/. Энэрэлгүй хатуу ширүүн нийгмийн үед тэдэнд хэн ч туслахгүй/Цаашаа одож буй хүнээр илэрхийлэгдэж байна/ орхигдсон хүмүүс болох нь ойлгомжтой атал “нэг хүн” устай чарганы араас түлхэж өгдөг/Энэ бол хийсвэр дүр бөгөөд зураачийн дотоод энэрэхүй сэтгэл юм/. "Тройка" -гийн дүрүүд: ...Голд нь тэмүүлж буй бусдаасаа биеэрхүү хүү бол нөгөө хоёрынхоо оюун санаа, хүч чадлын төв нь юм. Тэр бусаддаа үлгэр дууриал болохыг хичээж байна. Хамгийн их ачааллыг үүрч, хамгийн ихээр ядравч тэргүүн өөдөө, хараа цэгц шулуун ... зураач ...энэ хүүгийн дүр төрхөнд, амьдралын сайн сайханд итгэх сэтгэлийн гал нь удахгүй бөхөхнүү гэмээр харцыг шингээжээ/Миний бодол/. ...Ганц охины ” байдал” таныг эмзэглүүлж байгаа, нэг бол ийм мөлжлөгт суурилсан нийгмийн байгууллыг та үзэн ядна . Ийм орчинд, ийм хүнд, биеийн хүчний ажлыг эмэгтэй хүн тэгээд бүр таны охин хүүхэд хийгээд явж байна гэвэл толгойд тань буух уу ? Буухгүй. Ирээдүйд хэрхэн амьдарч, хэрхэн эх хүн болох вэ? Газар ширтсэн түүний нүд бушуухан хөдөө гэртээ харьж ээждээ эрхлэхийг хүсэх мэт ! ...Хамгийн цаана байгаа бага хүү хүчгүй болсон нь илт. Энэ хүүхэд бараг зөнгөөрөө урагшилж байгаа ч ядарсандаа шургаж унах нь. Хүүхдүүдийн өмнө давхиж байгаа нохойн эрч хүчийг бага хүүд аваад өгчихмөөр... Сайн харвал тэдний өөрсөддөө бэхэлсэн олсоор үүрэг роль, хүч чадлыг давхар харьцуулан шинжиж болно шүү... Хүүхдүүдийн амьдрал ирээдүйгүй байсаар атал зурган дээрх бор саарал өнгийн гэрэл сүүдэр, нөгөө талаар цас, мөсөөр бүрхэгдсэн манантсан гудамж нь нөхцөл байдлыг улам бүр дордуулж байна ...Гэвч “Тройка”-д шударга ёс байхгүй бишээ. Хэн нэг нь торхыг түлхэхэд нь тусалдаг бол нохой тэднийг дэмжихийг хүсч байгаа мэт давхидаг. Бурангуй нийгэм, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг эсэргүүцсэн Оросын романтизмийн нэрт төлөөлөгч, зураач Василий Перов ”Гурвалсан тэрэг (Сурагчид)” хэмээх 123.5 × 167.5 см хэмжээтэй энэ зургаа 1866 онд бүтээжээ. Та энэ зургийг Третъяковын музейд очиж үзэх боломжтой.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна