Хэрлэнгийн урсгал шиг Ц.Цэвээнхэрлэн

Админ
2020/09/25

Хэвлэл мэдээллийн салбарын дөрөв дэх засаглалын үүргийг үлгэр жишээ гүйцэтгэж яваа нэгнийг нэрлээч гэвэл “Байгаль орчны сэтгүүлч Ц.Цэвээнхэрлэн” хэмээн уншигч, шүүмжлэгчид төдийгүй үзэг нэгт нөхөд маань нэгэн дуугаар хэлэх нь дамжиггүй. Тэр бол эгэлгүй баян, зүйрлэшгүй тансаг эх нутгийнхаа атга шороо, ширхэг чулууг бүрэн бүтэн авч үлдэхийн төлөө сэтгэлээ эмтэлж, залуу насаа зориулж яваа ган үзэгтэн. 20 шахам жил хөдөө хээрээр явж, олон мянган бээрийг туулан нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэхдээ хүнд хэцүүгээс халшраагүй. Тэнгэрт шувууд дураар дүүлэн нисэж, тэртээд гол мөрөн цэнхэртэн халилзаж байвал түүний сэтгэл тэнүүн байдаг мэт. Уул уурхай, хууль бус лиценз зэрэг асуудлын цаадах учиг зангилааг олох, эрэн сурвалжилах, үнэнийг илчлэхийн тулд үзэгнээс өөр зэвсэггүй тэрбээр түмэн бэрхтэй нүүр тулж, түүнээс ч олон шахалтад өртсөн нь дамжиггүй. Гэвч үнэний дуу хоолой байх итгэл үнэмшилдээ бат зогсож, эзэмшсэн мэргэжлийнхээ эд хавыг гайхуулсаар яваа нь бахархам. 17 настайдаа орон нутгийнхаа телевизэд нэвтрүүлэгч хийх болсноор хэвлэл мэдээллийн салбартай холбогдсон нь хувь тавилан гэлтэй. Ийм нэгэн даацтай, уртай, хурдтай сэтгүүлчээр Монголын сэтгүүл зүй дутах байсан нь гарцаагүй. Өдөр тутмын сонины халуун тогоонд 13 жил боловсорч, байгаль орчны чиглэлээр мэргэшсэн шиг мэргэшсэн түүний ажил, амьдралын түүхийг сонсоод суухад уйдамгүй. Бичиж найруулахад шинэ сэтгүүлчийн ур дутам байлаа. КИНО НАЙРУУЛАГЧ БОЛОХ МӨРӨӨДӨЛТЭЙ АСРАГЧ ОХИН Үндэсний телевизийн цэнхэр барилгын өмнө товлосон цагаа хүлээн зогслоо. Зангарагтай, зартай сэтгүүлчтэй ярилцах болсондоо баахан сандарч зогсоход хэвлэл мэдээллийн салбарын “акул”- ууд орж гарах нь бүр ч түгшээж орхив. Цайвар жинсэн хүрэм, саравчтай малгай өмссөн эмэгтэй инээмсэглэсээр бууж ирсэн нь Ц.Цэвээнхэрлэн эгч байв. Түүний загварлаг хувцаслалт, эелдэг зан, нээлттэй байдал намайг бага зэрэг тайвшруулах нь тэр. Товлосон цагаасаа нэг минутын ч зөрүүгүй гарч ирснээс нь харахад хэчнээн туршлагатай сэтгүүлч болохыг нь асуух хэрэггүй мэт. Тэрбээр Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрж өсжээ. Аав Д.Цэвээндолгор нь хөгжимчин мэргэжилтэй, аймгийнхаа чуулгад ажилладаг уран бүтээлч хүн байж. Түүнийг 12 настай байхад Төрийн шагналт Б.Сумхүү агсны найруулсан “Эцгийн голомт” хэмээнх Буриад зоны тухай кинонд аав нь туслах дүрд тоглосон аж. Тийнхүү зурагтаар л хардаг кино хэрхэн бүтдэг, түүний ард хэрхэн ажил ундардгийг нүдээр үзсэн бяцхан охин кино найруулагч болох мөрөөдөл тээж гэнэ. Тэрбээр энэ тухайгаа “Аав атаман буриадын дүрд, гол дүрд нь МУГЖ Г.Золбоот ах тоглосон. Киноны зураг авалтыг Биндэр, Батширээт, Дадалд суманд авахаар болж, Б.Сумхүү гуай, Г.Золбоот ах нар манайд хэд хоног байрласан юм. Тэр үед надад жүжигчдээс илүү Б.Сумхүү гуайн байгаа байдал, яриа, киног амилуулах бүх зүйлийг бодож, шийдэж байгаа нь маш их таалагдсан. Тэгээд л кино найруулагч гэдэг хамгийн гоё мэргэжил юм байна гэдэг сэтгэхүйтэй болсон доо” хэмээн хуучилсан юм. Түүнээс хойш өөрөө кинонд тоглож, эсвэл найруулж буйгаар зүүдэлж, ёстой л өдөр шөнөгүй киногоор амьсгалах болж. Гэвч насаараа урлагийн мөр хөөсөн аав нь салбарын зовлон жаргалыг мэдэхийн дээдээр мэддэг учир хатуу хүтүүгээс охиноо энхрийлж “Үнэхээр гоц авьяастай биш бол урлагийн амьдрал хэцүү” хэмээн ээж шигээ эмч болохыг зөвлөжээ. Мөн насаараа хүүхдийн эмч хийсэн ээж нь “Бага охиндоо мэргэжлээ өвлүүлнэ” хэмээн ярьдаг байсан гэнэ. Энэ тухай Ц.Цэвээнхэрлэн “Хүмүүс ээжтэй гудамжинд таарсан ч, гэрт ирсэн ч өвчин ярьдаг байсан болохоо тухайн үед их залхуутай санагддаг байсан. Одоо бодоход ээж минь олон хүний өвчин зовлонг эдгээхийн тулд мэдлэг чадвараа зориулсан буянтай ажил хийдэг байж. Миний ээж Д.Буянхүү насаараа хүүхдийн эмч хийсэн. Одоо ч эгчийн маань цэцэрлэгт эмчээр ажиллаж байгаа” гэж ярьсан юм. Хэдий өөрөө эмч болох хүсэлгүй ч ээж аавынхаа үгэнд орж, Анагаах ухааны их сургуульд шалгалт өгтөл хоёрхон онооны зөрүүтэй хамраараа таслуулж, хуваарь авч чадаагүй гэнэ. Сургуульд орж чадаагүй тул аав ээж нь охиноо ажилд сургах зорилгоор эмнэлэгт асрагчаар оруулжээ. Мэс заслын тасагт хуваарилагдаж, хоол цай зөөхөөс эхлээд өтгөн шингэн асгах, шарх цэвэрлэх, шал угаах зэрэг ажил хийх болж. Угаас сонирхолгүй тул ийм ажил хийх нь үнэхээр хэцүү санагдсан гэдэг. Тэрбээр “Би асрагчаар ажилласан хоёр сарын хугацаандаа эрүүл мэндийн салбар, тэр дундаа өвчтэй хүний асаргаа сувилгаа хэчнээн хүнд болохыг ойлгосон. Зуны халуунд шарх цэвэрлэх, өтгөн шингэн зөөх тийм ч амар ажил биш. Хэдий хамт олонтой болж, ажлын ур дүйтэй болсон ч маш их халширсан. Тэгээд ер нь би эмч болох хүн биш байна гэдгээ ойлгосон. Ирэх жил нь дахин анагаахад конкурс өгөхөөр байсан ч ээж, аавынхаа зөвлөгөөг бүрмөсөн орхиё гэж шийдсэн” дээ гэсэн юм. Эцэг эхийнхээ үгнээс зөрж, толгой мэдэн шийдвэр гаргах амаргүй цаг үед хүсэл мөрөөдлийнхөө төлөө баттай зогссон нь түүний дайчин, тууштай зангийн илрэл гэлтэй. АЙМГИЙН ТЕЛЕВИЗИЙН 17-ТОЙ НЭВТРҮҮЛЭГЧ “Эмч болох ёстой” гэдэг бодлоо таягдан хаячихаад найруулагч болох мөрөөдлөө зүрхэндээ нандигнаад дэрвэж явсан 17-той охинд ажлын санал иржээ. Аймагт телевиз байгуулагдахаар болж нэвтрүүлэгчийн эрэлд гарсан нь тэр байв. Арван жилдээ урлаг, спортын арга хэмжээ алгасаж үзээгүй, хөгжимчин аавын сэргэлэн охин маргаангүй зөв сонголт байсан биз. Ц.Цэвээнхэрлэн тэр үеийн тухай “Юу ч мэдэхгүй, ямар ч ойлголтгүй хэрнээ гүйгээд очиж байлаа. Жаахан ч байж. Зоригтой ч байж. Алдаа, дутагдал зөндөө л байсан байх. Ах эгч нар маань зааж сургаад, чиглүүлээд аваад явсан даа. Надад мэдээ унших, бэлтгэх, ярилцлага авах зэрэг сэтгүүлзүйн чиг баримжаа олгосон анхны багш маань “Хэнтийн мэдээ” сонины эрхлэгч н.Байгалмаа. Нэвтрүүлэгч гээд ганц мэдээ уншихгүй. Зочин урьж, ярилцлага хийнэ. Тухайн үед “Ая дууны мэндчилгээ” гэж гоё нэвтрүүлэг байсан. Түүнийг хөтөлдөг байлаа” хэмээн дурсахдаа тэгшхэн цагаан шүдээ яралзуулан инээмсэглэл тодруулна. Нээрээ л түүний тунгалаг алаг нүд, сайхан инээмсэглэл цэнхэр дэлгэцээр ширтэж суумаар. Аймгийнхаа телевизийн анхны нэвтрүүлэгчээр хоёр жил орчим ажилласны дараа үүрнээсээ нисэх цаг болжээ. Түүний багш н.Байгалмаа “Чи сэтгүүлзүйн чиглэлээр тодорхой суурь авчихлаа. Одоо мэргэжлийн сэтгүүлч болох хэрэгтэй. Монголын Хэвлэлийн хүрээлэнд ажиллаж байсан хүмүүсийг сэтгүүлчээр бэлтгэдэг сэтгүүлзүйн дээд курс гэж бий. Хот орж, суралц. Заавал эргэж ирэх гээд хэрэггүй. Залуу хүн ахиж дэвших хэрэгтэй. Өөрийгөө дайчилж ажиллаарай” хэмээн чиглүүлсэн гэдэг. Багшийнхаа зөвлөсний дагуу 1998-2000 онд сэтгүүлчээр сурч, танилцах дадлагаа өдөр тутмын сонинд хийх болсноор сэтгүүлч болох тухай зүүдэлж байгаагүй охин хэвлэл мэдээллийн салбарт эргэлт буцалтгүйгээр орсон нь тэр байв. Ц.Цэвээнхэрлэн “Багш нар сэтгүүлч хүн сайн бичдэг байх ёстой. Өдөр тутмын сонинд л сурдаг гэнэ. Тэгээд 2000 оны хавар “Өнөөдөр” сонины Эдийн засгийн албанд дадлага хийсэн. Тус албаны даргаар Лунтангийн Болормаа гэж мундаг сэтгүүлч байлаа. Дадлага дуусаад явах болоход “Цэвээн ээ чи заавал Хэнтий рүү буцах ёстой юу. Хэрэв телевиздээ үргэлжлүүлэн ажиллах гэрээ байхгүй бол манай хэлтэст ажиллаж болно шүү” гэсэн юм. Би ч уриалгахан зөвшөөрч, Л.Болормаа даргынхаа цэрэг болж, эдийн засгийн албанд сэтгүүлчээр орж байв” хэмээн дурсан ярив. Дадлагын 14 хоногийн хугацаанд туршлагатай сэтгүүлчид тоогдож, ажлын санал авна гэдэг баргийн хүний шандас дутах хэрэг. Харин угийн сэргэлэн, дайчин Ц.Цэвээнхэрлэнд төвөггүй байсан мэт. Тэрбээр “Би хувь тавилангаар хэвлэл мэдээллийн салбартай холбогдсон гэж боддог” хэмээн даруухан өгүүлнэ. БАЙГАЛЬ ЦЭВЭЭНЭЭ ХОЁРЫН ХҮЙН ХОЛБОО Түүний ааль авирыг ажих нь ээ зургаан хүүхэдтэй айлын бага охин болоод ч тэр үү эрх танхил өссөн шиг. Их хайранд өссөн хүн л ийм өөрийнхөөрөө, эрх чөлөөтэй байж чаддаг байх. Хэдий аймгийн төвийн хүүхэд ч гэсэн зуны амралтаа хөдөө хурга ишигтэй хөөцөлдөж өссөнөөр хонь малын зүс мэддэг болжээ. Мөн аав Д.Цэвээндолгор нь хөдөө явах, байгальд аялах дуртай, ан ав сонирхдог нэгэн байсан тул хамт загасчилдаг, аавыгаа хаана л явна дэргэдээс нь холдоггүй “гангар шаазан” байсан гэнэ. Тэрбээр “Миний багад тарвага, зээр ч элбэг байлаа. Аав байсхийгээд л хөдөө явна. Тэр бүрд мотоциклынх нь араар сундлаад хамтдаа явна. Надад тохой хэртэй урт бургасанд сатурк уяж, дэгээ залгаад жижигхэн загасны уурга хийж өгсөн юм. Тэрийгээ бариад голын эрэг дээр өдөржин сууна шүү дээ. Одоо бодоход аав надад маш их зүйл зааж өгдөг байж. Жишээлбэл, жараахай юм уу жижиг загас байвал буцаагаад усанд нь тавих хэрэгтэй. Нас бие гүйцсэн том загас байвал хоол хүнсэнд ашиглаж болно. Гэхдээ өөрийн хэрэгцээт хэмжээнээс ихийг барьж болохгүй гэх мэт. Сонсоход энгийн юм шиг хэрнээ байгаль дэлхийгээ хайрлах, ан амьтантай зөв харилцах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах ухаанд сургаж байжээ” хэмээн багийн дурсамжаасаа дэлгэв. Аав хүний, байгальдаа хайртай Монгол хүний сурган хүмүүжүүлэх ухаан аугаа юм даа хэмээн эрхгүй бодогдоно. Түүний газар шороо, ан амьтанд хайртай сэтгэл бүр багаас нь төлөвшжээ. Аавыгаа даган голын зэгсэн дундуур гүйж, тэртээд цэнхэртэх уулсын бараа, алсын зэрэглээг ширтэн алхах бяцхан охины гэгээн дурсамж бүхэн байгальтай холбоотой нь дамжиггүй. Тиймдээ ч тэр уул уурхай цэцэглэн хөгжихийн хэрээр доройтож буй байгаль дэлхийгээ хамгаалах, түүний цаана уух ус, гишгэх газаргүй болтлоо хохирч, өдрөөс өдөрт тоо толгой нь цөөрсөөр ан амьтны төлөө бүхнээс чанга орилж, бусдыг уриалан уухайлж яваа биз ээ. Гэхдээ байгаль, Цэвээнээ хоёрын хүйн холбоо аавыгаа дагаж загасанд гүйхээс ч эрт эхэлсэн мэт. Эзэн Чингисийн өлгий нутагт мэндэлсэн охиндоо аав нь өөрийнхөө нэрийн нэгдүгээр үеийн араас Хэнтийн нуруунаас их эх авч урссаар Хөлөн нуураар дамжин Номхон далайд цутгадаг Хэрлэн голын нэрийг залган Ц.Цэвээнхэрлэн хэмээх нэр хайрласан нь тохиолдлын хэрэг байгаагүй бололтой. Угаас монголчууд хүүхдэд нэр өгөхдөө учир утгад нь онцгой анхаардаг билээ. Түүний нэр шигээ мяралзсан тунгалаг, халгисан оргилуун, хил дамнан ундаран явааг түмэн гэрчлэх биз ээ. Аав байсхийгээд л хөдөө явна. Тэр бүрд мотоциклынх нь араар сундлаад хамтдаа явна. Надад тохой хэртэй урт бургасанд сатурк уяж, дэгээ залгаад жижигхэн загасны уурга хийж өгсөн юм. Тэрийгээ бариад голын эрэг дээр өдөржин сууна шүү дээ. БАЛ ЭРХЛЭГЧИЙН ШАВЬ БОЛСОН НЬ Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог “Балдорж” шагналыг атгаж үзэх хүсэл сэтгүүлч бүхний цээжин цаана булгилж байдаг. Монголын сэтгүүл зүйд бүтээсэн үйл хэрэг, байгуулсан гавьяагаараа өндөр босго тогтоосон нэрт, сэтгүүлч зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Цэрэндоржийн Балдорж гэх хүмүүний үг сургаалыг сонсож, түүнээс бичвэрээ эрээн цоохор болтол засуулж, хянуулна гэдэг нэр төрийн хэрэг болох нь тодорхой. Тэгвэл тийм өндөр хувь заяа Ц.Цэвээнхэрлэнд тохиожээ. Гэхдээ зүгээр ч нэг цэрэг нь явсангүй, Байгаль орчны чиглэлээр мэргэн үг, хурц үзгээ зориулах үүрэг авч үлдсэн гарынх нь ганц шавь билээ. Тиймдээ ч тэрбээр одоогоос дөрвөн жилийн өмнө "Чонон сүргийн сүүлийн өчил" нийтлэлээрээ багшийнхаа нэрэмжит шагналыг хүртэхдээ олны өмнө нулимсаа нуугаагүй биз. Энэ тухайгаа “Гранпри авчихлаа гэхэд ердөө итгээгүй. Дэд байр хавьцаа байх гэж бодож байсан юм. Эрхлэгч маань нүдэнд харагдаад өөрийн эрхгүй уйлсан даа” хэмээн дурсав. Эдийн засгийн албанд ажиллахынхаа хажуугаар байгаль орчин, ан амьтны тухай танин мэдэхүйн мэдээ, материал бэлтгэдэг. Түүнийгээ үнэнд ойр, “амьд” биччихдэг. Тэглээ гээд албаныхаа ажлаас хойш татаж, хэл ам таталдаггүй сэргэлэн охин хүнийг харцнаас таньж, сэтгүүлчийг өгүүлбэрээс нь өлхөн дүгнэчихдэг зангарагтай эрхлэгчийн нүдэнд өртөх нь аргагүй гэлтэй. Хоёр жил гаруй ажилласных нь дараа Бал эрхлэгч өрөөндөө дуудаж “За Цэвээн ээ чи байгаль орчны сэдвээр дагнаж ажилла. Би өөрийнхөө сэдвийг чамд хариуцуулж өглөө. Олигтойхон авч яваарай” хэмээсэн гэдэг. Түүнчлэн Монголын хэвлэл мэдээллийн салбарт анх удаа Экологийн мэдээллийн алба байгуулж, албаны даргаар Ц.Цэвээнхэрлэнг томилсон нь хэдий чинээ итгэж, үнэлдгийнх баталгаа байв. 2005 онд Бал эрхлэгч түүнд нэгэн даалгавар өгсөн нь байгаль орчны баримтат кино, телевизийн нэвтрүүлэг хийх. Яг энэ үед Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас уул уурхай дагасан байгаль орчны доройтлын талаар цуврал, асуудал хөндсөн нэвтрүүлэг хийх санал Ц.Цэвээнхэрлэнд ирүүлжээ. Сэтгүүлчээр ажилласан таван жилийн хугацаанд байгаль орчны чиглэлээр өөрийгөө чамгүй сайн таниулж чадсаны илрэл нь тэр байв. Ийнхүү бүтэн жил уран бүтээлийн чөлөө авч, Монгол орны хэмжээнд уул уурхайн олборолт явагдсан бүх газраар тойрон Уул уурхайн нөхөн сэргээлтийн тухай “Монголын эмгэнэл-Байгалийн сүйрэл”, хувиараа алт олборлогчдын тухай “Гээгдэгсэд”, мөнгөн усны хор аюулын тухай “Чимээгүй үхэл” гэх гурван бүлэг баримтат кино хийсэн байна. Үүнээс таван жилийн дараа буюу 2011 онд ямар өөрчлөлтүүд гарсан талаар нэхэн сурвалжилсан байдаг. Мөн 2006 оноос жилд нэг удаа байгаль орчны нэвтрүүлэг хийдэг уламжлалтай болжээ. Тэрбээр ийнхүү багшийнхаа өгсөн үүргийг нэр төртэй гүйцэтгэж, Монголын сэтгүүл зүйд гялалзаж яваа билээ. Ц.Цэвээнхэрлэн “Хэрэв Бал эрхлэгч шахаагүй байсан бол өдийд өдөр тутмын ажлаа хийгээд суж байх байсан ч юм билүү. Сэтгүүлчдээ ахиж дэвшихэд маш их дэмждэг эрхлэгч байлаа.Ц.Балдоржийн ганц шавь нь гэдгээрээ маш их бахархаж явдаг даа” хэмээн ярина. Ерөөс тэрбээр багшийнх нь болоод байгаль орчны тухай яриа дэлгэвэл олон жил уралдсан морь шиг дүүхэлзэж ирээд өгүүлэх юм билээ. САЙН СЭТГҮҮЛЧИЙН АРД ТҮШИГТЭЙ ХАНЬ БИЙ Сэтгүүлчийн ажил амаргүй гэдгийг гадарлах хүн цөөхөн биз. Үргэлж инээд алдсан, эрч хүч ундарсан хүмүүс гүйж явдаг болохоор. Харин Монголын сэтгүүл зүй гэх их айлын хаалгаар шагайж үгүй ядах нь аа цонхоор нь харж үзсэн хүн л сэтгүүлчийн зовлонг ойлгоно. Бичих үг, өгүүлбэрээ оновчтой сонгох гэж хэдэнтээ шаналж, түүний цаадах үнэн мөнийг нягтлах гэж хэчнээн удаан судалж, ойлгомжтой бөгөөд уран яруу дүрслэхийн төлөө эд эсээ шатааж, эндүү тавьсан цэг таслал бүрийнхээ төлөө зэмлэл хүлээх хариуцлагатай ажлыг сэтгүүлч хийдэг юм. Тэр дундаа байгаль орчны сэтгүүлч байна гэдэг үргэлж хөдөө гадаа явж, халуун хүйтнийг ажралгүй зүтгэхийн нэр. Ийм нэгэн бартаат замаар Ц.Цэвээнхэрлэн 20 жил мацаж, оргилоос оргилд дүүлж яваа “уулчин”. Түүнийг аливаа ээдрээтэй асуудлын гогцоог тайлтлаа цаг наргүй зүтгэж, ажил, мэрэгжилдээ улам бүр тэмүүлэх эрх чөлөөг гэр бүл нь бүрэн олгодог аж. Угаас мэргэжлийнх онцлогийг нь ойлгож, дэмждэг хань үгүй бол эрхэлсэн ажилдаа амжилт гаргана гэдэг мянгуужингийн үлгэр мэт. Та ханийнхаа тухай яриач гэхэд “Манай хүнийг Б.Билэгдэмбэрэл гэдэг. Сэлэнгэ нутгийн залуу. Холбооны инженер мэргэжилтэй, төрийн байгууллагад ажилладаг. Сэтгүүлч хүний хувьд гэр бүл хамгийн чухал. Хань маань миний бүтээл, сурвалжлагын идэвхитэй уншигч, зөвлөгч. Хааяа нэг шүүмж хэлэхэд нь би наанаа аашилсан ч дотроо нээрээ тиймдээ гэж бодон дараагийн уран бүтээлдээ шингээгээд явдаг. Түүнээс минь өөр чин сэтгэлийн үг хэлэх хэн байх билээ. Ажил мэргэжлийгm маань ойлгодог, тусалж дэмждэг ханьтай байна гэдэг бахархмаар” гэж хариулсан юм. Түүний гэрэл цацарсан нүд, өөрийнхөөрөө байдал сайн ханийн хайрлагдсан эмэгтэй гэдгийг үггүйгээр өгүүлнэ. Багаасаа “Гуч хүрч байж хүнтэй сууна даа” гэж боддог байсан тэрбээр үнэхээр л гучин насандаа ханьтайгаа учирчээ. Түүний зорьсон үйлс гэгээн болохоор санасан бүхэн нь сэтгэлчилэн бүтдэг болов уу. Учрах л гэж учирсан хосууд дөрвөн сарын дараа чемодантай хувцсаа нийлүүлж, нэг гэрт орсон гэнэ. Өдгөө тэд хоёр хүү, нэг охины ээж аав болжээ. Ц.Цэвээнхэрлэн гурван хүүхэд төрүүлж өсгөхдөө нэгийг нь ч ой хүргэж амжилгүй ажилдаа орсон гэхээр түүний ажил хэчнээн хэцүү болохыг хэлээд өгнө. Тэр бүхний ард нөхөр нь бат зогсож, үр хүүхдээ өсгөдөг хариуцлагатай аав, сайн хань билээ. “Хүүхдүүдээ бага байхад орхиод олон хоногоор томилолтоор явна. Манай хүн л хичээл, сургууль аж амьдрал бүгдийг зохицуулдаг байлаа. Хэрэв ажил ойлгодоггүй, хартай хүн байсан бол би байгаль орчны чиглэлээр тууштай бичиж чадахгүй шүү дээ. Тиймээс би азтай эмэгтэй. Сүүлийн үед олон хоног явахаар гэр лүүгээ яардаг болоод байгаа. Нас тогтож байгаа юм байлгүй” хэмээн тас тас хөхрөх түүнийг харахад сайн ханийн нөмөрт хорвоо үргэлж дулаахан байдаг даа гэж эрхгүй бодогдов. Мөн тэрбээр гурван хүүхдийнхээ нэгийг байгаль орчны сэтгүүлч болгох юм сан гэж боддог тухайгаа хуваалцсан юм. Сэтгүүлч мэргэжлээр сурч, ажиллахгүй байлаа ч гэсэн ийм төлөв түвшин гэр бүлд өссөн юм чинь амьдрал, үйл хэргээрээ байгаль дэлхийг хайрлан хамгаалсан иргэн болох дамжиггүй. ЗАЛУУ СЭТГҮҮЛЧИЙН УХААРАЛ Түүнийг байгаль орчны чиглэлээр бичиж эхлэх үед Монгол Улсад хувиараа алт олборлох үйл ажиллагаа өргөн дэлгэр байв. Төв аймгийн Заамар, Өвөрхангай аймгийн Уянга сум, Өмнөговь, Баянхонгор зэрэг уул уурхай компани олборлолт хийж эхэлсэн ихэнх нутагт алт угааж, амьдралаа залгуулах гэсэн иргэд аймаг, сумаараа бүл үүсгэн сууурьших болсон. Ийнхүү гар аргаар алт олборлогчдыг “нинжа” хэмээн нэрлэдэг болоод удаж буй. Тэгвэл Ц.Цэвээнхэрлэн сэтгүүлчид “нинжа” тодотголтой явсан үе бий. Учир нь, тэрбээр уул уурхайн нөхөн сэргээлт, гар аргаар алт олборлогчдын бодит нөхцөл байдлын талаар нэвтрүүлэг бэлдэж, тэдэнтэй танил дотно болтлоо ажилласан нь тэр. Залуухан сэтгүүлч бүсгүйтэй танилцаж, үерхэж нөхөрлөх гэсэн залуус цөөнгүй таардаг байж. Тэднийг хөөргөж байгаад өчнөөн юм яриулж, нэвтрүүлгээ бэлдэж аваад, ор сураггүй алга болчихдог байсан тухай хөгжилтэй яриа бидний дунд өрнөөд амжсан юм. Тэгсэнээ “Хот ороод ярина аа” гээд явдаг юм. Бас муухай байгаа юм шүү би. Гэхдээ ажил болохоор яалтай билээ” хэмээн инээмсэглэнэ. Тэрбээр олон жил “нинжа” нартай ойр дотно ажиллахдаа насан туршдаа санаж явах нэг зүйлийг ухаарсан гэнэ. Нэлээд хэдэн жилийн өмнө Испанийн хоёр сэтгүүлч хувиараа ашигт малтмал олборлогчдын тухай фото сурвалжилга хийхээр олон улсын байгууллагаар дамжуулан Ц.Цэвээнхэрлэнтэй холбогджээ. Тэднийг Төв аймгаар дагуулан явж, хоёр хоног зураг авчээ. Энэ чиглэлээр цөөнгүй жил ажилласан, хуучны танил нь ирсэн тул “нинжа” нар, алт ухах, угаах, шороо зөөх гэх мэтчилэн нарийн үйл ажиллагааны зураг даруулахыг зөвшөөрчээ. Ийнхүү ирсэн гийчид талархсанаа илэрхийлээд буцах болоход нэгэн эр “Нинжа” нарыг төр өөрөө төрүүлсэн. Бид төрийн бодлогын алдааны үр дүн. Төрүүлсэн хүүхдээ адлах ёсгүй юм шүү. Ахын дүү чи бол монгол хүн. Чамайг дагуулж ирсэн болохоор бид энэ гадаадын зурагчдын гуйсан болгоныг зөвшөөрлөө. Гэхдээ наад хүмүүс чинь хамгийн муу муухай бүхнийг сонгож зургийг нь дарсан. Ахиж битгий ийм гаднын муухай хүмүүс дагуулж ирээрэй” гэж захижээ. Үүнийг сонссон залуухан сэтгүүлч “Нээрээ би юу хийчих вэ. Буцаж очоод Монгол Улсыг ийм дүр төрхтэй мэтээр бусдад таниулах юм байна” гэдгийг ухаарсан. Тэгээд дарсан бүх зургаа үзүүлнэ, хориглосон зургийг ашиглаж болохгүй гэж тохирсон ч испаничууд эргэж холбогдоогүй гэнэ. Түүнээс хойш хэзээд Монголоо гэсэн сэтгэлээ гээлгүй, бие биедээ дэмтэй явахыг эрхэмлэж яваа аж. Би сэтгүүлчийн ажлыг хэн ч хийж чадна гэдэг үгийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Төрийн тангараг өргөсөн цэрэг, цагдаагаас ялгаагүй ёс зүй, үүрэг хариуцлагатай мэргэжил. Сэтгүүлчийн ярьж, бичсэнээс хамаарч хүмүүсийн хандлага, сэтгэлзүй өөрчлөгдөж байдаг. Нийгэм тэр чигтээ хаашаа ч эргэж, болно. Нөлөө бүхий салбар. Сэтгүүлчийн үзэг ийм л хүчтэй зэвсэг. Тийм болохоор сэтгүүлч бүхнийг ёс зүйтэй, хүнлэг байгаасай гэж хүсдэг. Бичсэн үг, өгүүлбэр бүрийн цаана хэн нэгэн хүний амьдрал, гэр бүл, хамт олон цаашлаад улс орны ирээдүй хамааралтай байдаг юм шүү. МЭРГЭЖЛЭЭРЭЭ “ӨВЧЛӨХИЙН” ГАЙХАМШИГ Өдгөө түүнд Монголын 21 аймаг, 330 сумаас очиж үзээгүй нь гарын таван хуруунд багтахаар цөөхөн гэхээр хэчнээн их цаг хугацааг ажил мэргэжилдээ зориулсан нь тодорхой. Үдшийн бүрийгээр хаа нэгтээ шаварт суусан машинаа түрж эсвэл өглөөний нарнаас урьтан зорьсон газартаа хүрэхээр яарч явсан өдөр олон байх. Гэвч сэтгэлдээ сайн материал бичих, сайхан нэвтрүүлэг бэлдэхсэн гэж шатаж явсан нь мэдээж. Энэ бол сэтгүүлчийн амьдрал. Хайсан үнэн нь хэдэн бээрийн цаана ч байж мэдэх тул олтлоо шантарч болдоггүй алтан дүрэмтэй. “Би сэтгүүлчийн ажлыг хэн ч хийж чадна гэдэг үгийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Төрийн тангараг өргөсөн цэрэг, цагдаагаас ялгаагүй ёс зүй, үүрэг хариуцлагатай мэргэжил. Сэтгүүлчийн ярьж, бичсэнээс хамаарч хүмүүсийн хандлага, сэтгэлзүй өөрчлөгдөж байдаг. Нийгэм тэр чигтээ хаашаа ч эргэж, болно. Нөлөө бүхий салбар. Сэтгүүлчийн үзэг ийм л хүчтэй зэвсэг. Тийм болохоор сэтгүүлч ёс зүйтэй, хүнлэг байгаасай гэж хүсдэг. Бичсэн үг, өгүүлбэр бүрийн цаана хэн нэгэн хүний амьдрал, гэр бүл, хамт олон цаашлаад улс орны ирээдүй хамааралтай байдаг юм шүү. Сэтгүүл зүй хэт сенсаци хөөснөөс болж иргэдийн итгэл үнэмшил алдрах нь ихсэх боллоо. Гэхдээ би Монголын сэтгүүлзүйг дэлхийн шилдгүүдтэй эн тэнцүү хөгжиж байна гэж хардаг” хэмээн ярих түүний ярианаас эзэмшсэн мэргэжлээ хайрлах, эрхэлсэн ажилдаа эзэн байхын учрыг ухаарах шиг. Магадгүй мэрэгжилдээ үнэнхүү дуртай, байгаль, дэлхийд дэндүү хайртайнхаа хүчинд тэр салхи, шуурга бүрийг даван туулсан биз ээ. Ингэж хэлэхийн учир нь, тэрбээр урвалт, шарвалт, гүтгэлгэ доромжлол бүрийг үл ажран гагцхүү зорилгынхоо төлөө зүтгэж яваа нь энэ. Томилолтоор явж байхад нь ”Ална шүү. Зайлаарай” гэж машин дээр нь сийчих нь энүүхэнд. Түүнчлэн нийтлэл, сурвалжилгынх нь дор “Наад Цэвээнээгээ бууд. Худалч авгай” зэргээр хорвоогийн муу муухай үгээр харааж зүхдэг гэнэ. Арай танагтайгаас нь сонгож надад хэлж байна даа гэж бодоход нуруугаар хүйт даах шиг. Хараал, зүхэл, занал хийлэл дунд ч тэр итгэл үнэмшлээсээ ухарсангүй бас уравсангүй. Хар амиа хоохойлоод амаа жимийгээд суусангүй. Тэрбээр “Уул, уурхай, байгаль орчны асуудлаар ажиллах хугацаандаа олон ч урвалт үзсэн. Сарын өмнө уйлан дуугараад “Нутаг усаа алдлаа туслаач” гээд гуйж байсан хүмүүс шуудай гурил, жилийн идэш, оюутны төлбөрөөр нутгаа худалдчихна. Нэг зорилгын төлөө дуугарч явсан мэргэжил нэгт нөхөд маань гэнэт “Энэ уурхай шиг сайн байгууллага алга гэх нь холгүй” магтаж бичнэ. Гэхдээ урвах, гарвах зүйл хэзээ ч хаана ч байдгийг ойлгочихоор гомдож, бухимдаж өөрийгөө зовоодоггүй юм” хэмээн ярьсан юм. Үнэхээр ч ард нь үргэлж их хэмжээний мөнгө, томоохон ашиг сонирхол нуугдаж байдаг энэ салбарт цэх шулуун алхах амаргүй. Тэрбээр хулгайн ан авын буун дуу, овоо хараа, эрх мэдэлтнүүдийг цүнх сэлт, гэрээ, зөвшилцөл, уул уурхайн бужигнасан саарал тоосон дунд алхахдаа үзэл, бодол, итгэл үнэмшлээ гээгээгүй юм. “Та энэ хугацаанд шантарч байв уу” гэхэд “Байгаль хамгаална гэдэг их буянтай ажил шүү дээ. Устаж үгүй болох эрсдэлд ороод буй амьтдын эрх ашгийг хамгаалж, иргэдэд учир байдлыг ойлгуулан, эрх баригчдад сонсогдтол дуугарч, түүнийхээ үр дүнг харах сайхан байдаг. Энэ бол дөрөв дэх засаглалын гол үүрэг. Монгол Улс 2000 оны эхээр БНХАУ-руу их хэмжээгээр мод экспортлох шийдвэр гаргаж байсан юм. Тухайн үед энэхүү мэдээллийг илж болгож хэдэн мянган шоо метр мод экспортлох шийдвэрийг хүчингүй болгуулж байлаа. Ер нь болохгүй байгаа асуудлыг ил гаргаж, иргэдийн эрх ашгийг хамгаалж, байгал орчны сөрөг нөлөөллийгтаслан зогсоосон үр дүн бүрээсээ урам авч урагшилсаар ирсэн. Миний гол зарчим баримт бас дахин баримт. Хөндөх гэж буй асуудалтайгаа холбоотой хуулийн заалт, шинжлэх ухааны байгууллагын дүгнэлт, олон жилийн дундаж зэрэг бүхий л зүйлийг судалж, баримтжуулах хэрэгтэй” хэмээн даруухан хариулах нь хүндлэл төрүүлэм. Байгаль орчны асуудал эдийн засаг, дэд бүтэц, эрүүл мэнд, улс төр гэх мэт олон салбартай хамааралтай байдаг болоод ч тэр үү түүнтэй ярилцахад даанч уйдамгүй. Хэлж буй үг бүрээс нь мэдлэг амтагдсан хүнтэй ярилцах хэзээд сайхан байдаг даа. Тэр тийм л хүн байв. МҮОНРТ-ийн Эрэн сурвалжлах, экологийн албаны даргаар ирээд удаагүй байгаа тэрбээр байгаль орчин, экологийн доройтлыг хөндөхөөс гадна экологийн боловсрол олгох чиглэлээр “Ногоон шошго” хэмээх нэвтрүүлэг бэлтгэн хүргэхээр ажиллаж байгаа аж. Ийн ажлын тухай эхэлсэн бидний яриа ажлын сонин сайхнаар өндөрлөв. Үргэлж шинэ санаа эрэлхийлж, түүнээ хэрэгжүүлэхийн төлөө нойр хоолоо умартан зүтгэдэг учраас тэр бусдаас тод томруун гэрэлтдэг аж. Түүнд өдгөө Монголын сэтгүүл зүйд ажиллаагүй салбар, хашаагүй алба гэж үгүй юм. Сэтгүүлч, тоймч , албаны дарга, ерөнхий редактор, нэгдүгээр орлогч эрхлэгч гээд уртаас урт хөвөрнө. Гэхдээ тэр “би би” гэж цээжээ дэлддэггүй даруухан нэгэн. Түүний эгэл дару у хан амьдралын замнал, гал халуун сэтгүүлчийн дурсамжаар аялсан хэдэн хором ухаарал, бахархлаар дүүрэн өнгөрөв. Ц.Цэвээнхэрлэн гэх сайхан инээмсэглэлтэй эмэгтэйн өнөөдрийг хүртэл туулж ирсэн амьдралыг ном хэмээвэл хуудас бүр нь уншууртай, мөр бүхэн нь үнэн, чин сэтгэлээр тамгалсан ховор нандин бүтээл мэт ажээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна