Х.Амгаланбаатар:НАЙМДУГААР САРЫН БАЙДЛААР 16 МЯНГАН ХҮН АЖИЛГҮЙ БОЛЖ, 33 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖ АВСАН

Админ
2020/09/25

П.АМГАЛАНБАЯР МҮЭХ-ны зүгээс “Ковид -19” ба хөдөлмөр эрхлэлт цахим хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ үеэр Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатараас зарим зүйлийг тодруулсан юм. -Уг цахим хэлэлцүүлгийн хамрах хүрээ, ач холбогдлын талаар мэдээлэл хүргэвэл? -Цахим хэлэлцүүлэгт 21 аймаг болон засаг төрийн, ажил олгогчийн төлөөлөл оролцож байна. Өнөөдөр дэлхий дахинд тулгамдаж буй цар тахлын үед бид хүчээ нэгтгэж, эв нэгдэл хамтын ажиллагааг бүх түвшинд хангаж ажиллах хэрэгтэй юм. МҮЭХ-ны зүгээс ажлын байрыг хадгалах,цалин нэмэгдүүлэх шаардлага тавихаас гадна үүнд хувь хүн, бизнес эрхлэгчид хэрхэн хувь нэмрээ оруулах талаар ярилцана. Цахим хэлэлцүүлгийн хугацаа бага учраас тулгамдсан ямар асуудал байна гэдгийг гурван аймгаас авна.МҮЭХ-ноос орон нутаг руу тодорхой чиглэл өгч байгаа. Нэгдүгээрт, ажлын байрыг хадгалах тал дээр тодорхой арга хэмжээ авч ажиллаж байна. Мэдээж ажилтай байж цалин орлогийн асуудлыг ярих нь чухал шүү дээ. Хоёрдугаарт, үйлдвэрчний эвлэлийн гишүүд хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүстэй байнгын холбоотой байх хэрэгтэй. Бодит мэдээллийг газар дээрээс нь шуурхай өгөх ёстой. Ер нь нийгмийн хэрэгжүүлж буй аливаа шийдвэр, үйл ажиллагаа мэдээлэл муутайгаас эргэлзээтэй болдог. Удахгүй орон нутгийн сонгууль болох гэж байгаа учир улс төрийн зорилгоор бодит байдлыг гуйвуулах байдал үүсэх магадлалтай.Тиймээс энэ цахим хэлэлцүүлэг иргэдэд бодит мэдээллийг хүргэхэд чиглэсэн. -Өнөөдрийн байдлаархүмүүсийн хөдөлмөр эрхлэлт ямар түвшинд байна вэ? -“Ковид-19” цар тахал гарсан буюу хоёр, гуравдугаар сардМҮЭХ-нд ажлын байраа хадгалж хамгаалъя гэсэн хүсэлтэй хүмүүс их ирсэн. Энэ оны наймдугаар сарын байдлаар 16 мянган хүн ажилгүй болж, 33 тэрбум төгрөгний ажилгүйдлийн тэтгэмж авсан судалгаа гарсан. Мөн орон нутагт үйл ажиллагаагаа хэвийн явуулдаг байсан зарим жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид хүнд байдалд орж арилжааны банканд тавьсан өр зээлээ дарж чадахгүй хүндрэл үүссэн. Мөн барилгын салбар зах зээл хүнд байдалтай байсан ч энэ чиглэлд хандсан үйл ажиллагаа, банкны зээлийн бодлогыг Засгийн газраас хэрэгжүүлсэн. Түүнчлэн аялал жуулчлалын салбарт бэрхшээл үүсэж үүнийг дагасан нийтийн хоол, зочид буудал, бусад нийтлэг ахуй үйлчилгээний ажлууд хүнд байдалд орсон. Мөн соёл урлагийн үйлчилгээ бүрэн хаагдсан. Зарим байгууллагууд ажлын байраа цөөлж, цалингаа өгөөд, ажилуулах бодлого хэрэгжүүлж байна. Нөхцөл байдал гайгүй болсон үед буцааж ажилд нь авах гэрээ хийх зэрэг зохицуулалтууд хийсэн. Харин Засгийн газар УИХ-ын хүрээнд цар тахлын үед ажлын байрыг хадгалж үлдэх, хөдөлмөр эрхлэлтийн түвшинг бууруулахгүй байх чиглэлээр арга хэмжээн авсан. Тухайлбал, бизнес эрхлэгч, ажил олгогч, даатгуулагчийг нийгмийн даатгалын шимтгэлээс тодорхой хугацаагаар чөлөөлөх, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, хүүхдийн мөнгийг нэмэх зэрэг бодлого хэрэгжүүлсэн юм. Үүний дараа МҮЭХ-нд хандах хүмүүсийн тоо харьцангуй буурсан гэж хэлж болно. Мөн үндэсний статистикийн хорооны үзүүлэлтээрнийгмийн даатгалд шимтгэл төлж байгаа аж ахуйн нэг байгууллагын тоо тодорхой хэмжээгээр нэмэгдэж, даатгуулагчийн тоо буураагүй гэсэн судалгаа гарсан. -Цаашид нөхцөл байдал ямар байх нь тодорхойгүй байгаа.Тиймээс хөдөлмөр эрхлэлтийн аюулгүй байдал дээр хэрхэн анхаарч ажиллах вэ? -НҮБ болон Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас хэд хэдэн асуудал дээр анхаарах зөвлөмжийг өгсөн. Нэгдүгээрт хөдөлмөр эрхлэлттэй холбоотой хамгийн чухал асуудал бол ажлын байр юм. Тиймээс ажлын байрыг аль болох бууруулахгүй байх, хадгалж хамгаалах, бололцоо байгаа салбарт нь ажлын байрны тоог нэмэгдүүлэх дээр анхаарахыг сануулсан. Мөн ажлын байрыг хамгаалсан бол цалинг нь бас давхар хамгаалах хэрэгтэй. Учир нь тухайн ажил эрхлэгчийн өмнө авч байсан цалингийн хэмжээ буурсан тохиолдолд ажлын байраа хадгалж үлдсэний үр дүн гарахгүй гэж үзсэн. Тиймээс цалингийн хэмжээг хадгалах, бололцоо байвал нэмэгдүүлэх шинэ эх үүсвэр бүх салбар, аж ахуйн нэгжид бий болгох хэрэгтэйг заасан.Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн салбар дээр энэ ажлыг авч хэрэгжүүлж байна. Эмнэлэгийн ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх хууль эрх зүйн хүрээнд бий болгож байна. Мөн цалин орлогыг хадгалж, хамгаалах нь бараа бүтээгдэхүүн хууль бус үнийн өсөлтийг зогсоох ач холбогдолтой. Дараагийн чухал зүйл нь хөдөлмөр эрхлэлтийн дэмжсэн бодлогыг хэрэгжүүлэхийг чухалчилсан. Шаардлагатай хэсэгт нийгмийн хамгааллын арга хэмжээ хүргэх хэрэгтэй. Учир нь, халамжийн бодлого таслан зогсооно гээд нийгмийн эмзэг давхаргаа орхиж болохгүй. Зөв зүйтэй нийгмийн хамгааллын бодлогыг бууруулахгүй байх, эмзэг бүлэгтээ тохирсон нийгмийн хамгааллын бодлогыгхэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзсэн. -УИХ сонгуулийн дараа эрх барих засгийн газар 150 ажлын байр бий болгоно гэсэн зорилт тавьсан. Өнөөдрийн байдлаар аль салбарт ажлын байрыг бий болгох шаардлагатай байна вэ? -Улсын Их хурлын сонгуулийн дараа эрх барих засгийн газар ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт шинээр 150 мянган ажлын байр бий болгоно гэсэн зорилт тавьсан. Бүрэн эрхийн хугацаанд ажлын байр бий болбол,хөдөлмөр эрхлэлтийн хүрээнд том ахиц гарна. Ямар салбарт хэдэн ажлын байр бий болгох тал дээр Засгийн газрын нарийвчилсан бодлого гарах байх. Өнөөдрийн байдлаар Хөдөө аж ахуйн салбарт дээрх тооны ажлын байрыг бий болгох шаардлагатай байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна