О.Амартүвшин: Хувийн хэвшлийнхэндээ илүү итгэх хэрэгтэй байна

Админ
2020/09/25

Эдийн засгийн хүндрэлийг төр, хувийн хэвшил хамтарч байж л даван туулна. Тиймээс итгэлцэл, ойлголцол чухал Б. Бямбасүрэн МҮХАҮТ-ын 60 жилийн ой өнөөдөр тохиож байна. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, бизнесийн орчныг сайжруулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд тус байгууллага түүхэн үүрэг гүйцэтгэж ирсэн. Тэгвэл энэ том байгууллагыг удирдаж яваа МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшинтэй ярилцлаа. -Юуны өмнө энэ түүхт байгууллагын 60 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Өнөөдрийн ололтыг та хэрхэн дүгнэж, ямар боломжийг шинээр олж харж байгаагаа бидэнтэй хуваалцахгүй юу? -Шинэ жарны үүд нээгдэж байна. Танхимын түүхийг бичиж ирсэн үе үеийн удирдлага, баг, хамт олон, хувийн хэвшлийнхэн, төр засаг, бид бүхэнтэй хамтран ажиллаж буй бүхий л дотоод, гадаадын байгууллага, гишүүдэдээ 60 жилийн ойн мэнд хүргэе. Өнөөдрийн хүрсэн ололт, амжилтын эзэд бол хувийн хэвшлийнхэн. Хөдөлмөрийн зах зээлийн хамгийн том ажил олгогч нь баялаг бүтээгчид буюу бизнес эрхлэгчид байна. Шинэ боломжууд бидний өмнө байна. Гол нь үүнийг хэрхэн үр дүнтэй ашиглах, хэрэгжүүлэх нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, уялдаа холбооноос шууд хамаарна. Бидний өмнө нь хийсэн хэд хэдэн судалгаа бий. Үүн дотор Монголын эдийн засгийн гол салбар нь юу вэ, яаж хөгжүүлэх боломжтой вэ гэдэг тооцоололхэдийнэгарчихсан байгаа. Нэгдүгээрт, уул уурхайн үйлдвэрлэлийг эцсийн бүтээгдэхүүн болгож хөгжүүлэх. Энэ бол маш том орон зай. Хоёрдугаарт, уул уурхайн бус буюу бидэнд байгаа ноос ноолуур, махзэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг дэлхийн түвшинд хүргэж, экспортлох. Мэдээж аялал жуулчлал гэж том орон зай бий. Эрчим хүч, дэд бүтэц, IT гээдолон боломжит, өрсөлдөхүйц салбар байгаа. Энэ болгоноо бид зөв эрэмбэ дараалалтай хөгжүүлж чадвал Монголын эдийн засаг маш богино хугацаанд 2-3 дахин өсөх боломжтой. Үүнд хувийн хэвшил нэгдмэл, зохион байгуулалттай, сахилга баттай хамтарч оролцох хэрэгтэй. Тэгж чадахгүй бол энэ өөрөө боломжгүй.Төрийн бодлогын дэмжлэг юу юунаас илүү чухал . Төрд байгаа олон тусгай зөвшөөрөл, бизнест тулгардагсаад бэрхшээлийг үгүй хийх ёстой. Эдийн засгийг тэлэхэд хоёр л зүйл байгаа. Хөрөнгө оруулалт ба экспорт. Дотроо бид гурван саяулаа хэчнээн их хэрэглээд ч эдийн засаг хэрэглээгээр дамжин богино хугацаанд тэлэхгүй. Экспортыг л тэлэх нэн чухал байна. Одоогийнхоос гурав дахин өсгөх. Мөн гаднын хөрөнгө оруулалтыг татах. Ингэж байж л валютын орох урсгал болон ажлын байр нэмэгдэнэ, гадаад өрөө төлнө. Үүнээс өөр эдийн засгийн онол байхгүй -Үүний тулд энэ асуудлыг хариуцсан тодорхой бүтэц байх ёстой. Гэтэл Монголд яамны мэргэжилтэн, их сайндаа нэг хэлтэс хариуцсан маягтай байдаг. Энэ талаар Та юу гэж бодож байна вэ? -Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр энэ асуудлыг хариуцсан бие даасан яам ажиллах ёстой байсан ч Засгийн газар өөрийн бүтцэд оруулсангүй. Харин танхимд шилжүүлэх санаачилга УИХ дээр яригдсан. Тэр утгаараа танхим өөрсдөө санаачилаад энэ ажлыг хийгээд явж байгаа.Гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хамгаалахад чиглэсэн ажил сүүлийн найман жилд дорвитой хийгдээгүй юм байна. Тэгэхээр танхим үүн дээр санаачилгатай ажиллана. Ялангуяа, экпортыг дэмжих тал дээр илүү бодит санаачилга гаргаад явж байгаа. Ерөнхийдөө танхимаас “Эзэн-900” гээд Эдийн засгийг эрчимжүүлэх нэгж байгуулах саналаа Засгийн газартхүргүүлсэн. Тэндээс хамтарч ажиллах боломжтой гэсэн эхний ойлголцол бий болсон гэж ойлгож байгаа. -Боломж бий гэсэн гэж байна. Тухайлбал, цар тахалтай холбоотойгоор танхим анх судалгаанд тулгуурлаж, тодорхой саналуудаа Засгийн газарт хүргүүлсэн. Хэдийгээр тухайн үедээ нааштай хүлээж авч байгаа гэж байсан ч олон нийтэд танилцуулахдаа огт өөр шийдвэр гаргасан байсан шүү дээ. Тэгэхээр Та бүхний эдийн засгийг эрчимжүүлэх энэ удаагийн бодитой саналуудад энэ байдлаар хандвал яах вэ? -Тэр үед сонгууль дөхсөн байсантай холбоотойСангийн яамны зорилго нь аж ахуйн нэгж гэхээсээ илүү хувь хүнийг чиглэсэн. Тодруулбал, илүү халамж тал руу хэлбийсэн. Энэ бол аль ч улсын Засгийн газрын хийх гээд байдаг алхам. Тухайн үед бид төсвийг тодотгоё, үргүй зардлуудаа бууруулъя, хэмнэлтээсээ ААН-үүдээ дэмжье гэсэн боловч үнэндээ сонсоогүй л дээ. Өнөөдөр Монгол Улс бодит хямралтай тулчихсан. Төсвийн алдагдлыг харсан ч тэр, өрийн удирдлага ч тэр нөхцөл байдал амаргүй байна. Монгол Улсын гадаад өр 30.2 тэрбум доллар болчихоод байна шүү дээ. Энэ дотроо төрд хамааралтай өр 26 тэрбум болчихоод байна. Түүнээс гадна ДНБ буюу эдийн засгийн өсөлт хасах руу орчихлоо. Ингэж агшиж байгаа үед хамгийн их ажлын байрыг шингээж болохуйц ХАА-н боловсруулах үйлдвэрийн салбарууд зогсонги байна. Тиймээс одоо зугтах газар үгүй. Байдал улам л хүндэрнэ. Үүн дээр үндэслээд ОУВС Өргөтгөсөн хөтөлбөрт шүүмжлэлтэй хандлаа. Дэлхийн банкны тайланд маш олон зүйлийг сөргөөр гаргаж ирж байна. АНУ-ын ЭСЯ-ны тайлан анхаарал татахуйц, шүүмжлэлтэй хандсан. Ерөөсөө л хөрөнгө оруулалтын орчин илүү муу байна гэж. Энэ байдлыг Засгийн газар дангаараа засах боломжгүй. Юу ч хийхгүй хараад суугаад байх боломж ч байхгүй. Тэгэхээр хүссэн хүсээгүй хувийн хэвшлийн манлайллыг дэмжих замаар хамтарч л ард нь гарна. Одоо бид бодит үнэнтэйгээ нүүр тулах ёстой. Үүнээс улам доош унаад бүрэн дампуурдаггүй л юм бол өөр гарц байхгүй. -Өрийн тал дээр та илүү тодотгохгүй юу?-Нийт төрд хамааралтай 26 тэрбум долларын өр байгаа. Төрийн компаниуд, Засгийн газар Монголбанкны өр. Манай улсын ДНБ-ийг хоёр дахин өсгөсөнтэй дүйх хэмжээ. Үүний зээлийн хүүтэй холбоотой санхүүгийн үйлчилгээний зардал ойролцоогоор 10 хувь буюу 2.6 тэрбум ам.доллар. Төгрөгөөр тооцвол төсвийн орлогын 75 хувьтай тэнцэж байгаа. Энэ нь буруу менежмент хийсэнтэй холбоотой гэдэг нь ойлгомжтой болчихсон. Энэ янзаараа улс дампуурал зарлахад ойрхон болсон. Тэгэхээр бүгд хичээх хэрэгтэй. Дахиж ийм алдаа гаргахгүй болов уу гэж харж, найдаж байна. -Коронавирусийн хохирлыг хамгийн их амсаж байгаа салбар бол аялал жуулчлал. Гол салбар гэдгийг Та яриандаа мөн дурдсан. Тэг зогсолт хийчихээд байгаа энэ салбарт цар тахал боломж олгох боломжтой юу? -Аялал жуулчлалын салбарын тухайд улс өөрөө хөрөнгө гаргаад хийх биш, харин хүүгийн татаасаар компаниудыг дэмжих нь өөрөө бодитой хөрөнгө оруулалт. Компаниуд бол хаана хүн ирэх, юу хийхээ ойлгочихоод байгаа. Харин үүнийг нэгдмэл байдлаар ярих ёстой. Тухайлбал, Улаанбаатараас гараад явахаар энд тэнд цөөн цөөнөөрөө гэрүүд таардаг. Орлоготой, эрэлттэй болоод байгаа хэрэг. Тэгвэл тэр гэрүүдийг нэгтгээд хөнгөлөлттэй, эсвэл бүр хүүгүй зээл олгоод орчин үеийн бие засах газар, тохилог үйлчилгээний газар шийд гэх мэтээр хөшүүрэгдэхэд л дороо хөгжинө. Төрд хохиролгүй. Нэг төгрөгийг яаж тав болгох тухай л асуудал. Төрийн оролцоо энэ мэт байвал өгөөж нь илүү байна. Ингэж дэмжихгүй бол улирлын хэт хамааралтай дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд компаниуд хувийн өндөр хөрөнгө оруулалт хийгээд хөл дээрээ босох хүнд. -Ирэх оны төсвийг удахгүй Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлнэ. Танхимын зүгээс энэ оны төсвийн тодотголд ямар санал тусгасан бэ? -Үр ашиггүй хөрөнгө оруулалтуудаа болиод хөнгөлөлттэй зээл хэлбэрээр ААН-үүдээ дэмжээч гэдэг бидний гол санал байсан. Яагаад гэвэл Монголбанктай хамтарч хийсэн судалгаагаар ААН-үүдийн 73 хувь нь нэмэлт санхүүжилт хүссэн. Банканд хандаад дөрвөн компанийн нэг нь л зээл авсан. Тэр мөнгөөрөө өмнөх зээлээ төлөх, эргэлтийн хөрөнгөө санхүүжүүлэх гэж шүү дээ. Зээл авч чадаагүй компаниудын нөхцөл байдал одоо бодитойгоор хүндэрч байна. Үүний шийдэл нь зээл болон хүүгийн төлөлтийг хойшлуулах байсан ч ААН-үүдийн хувьд шийдэгдээгүй. Үүнийг Монголбанк мөнгөний бодлогын хүрээнд шийдэж болно гэж харж байгаа. Валютын ханш чангарсан нь экспортын орлого буурсантай л холбоотой шүү дээ. Гэтэл экпортыг сэргээх, уул уурхайн бус экспортыг дэмжих талаарх бидний санал ажил болж чадаагүй. Тиймээс Европын холбооны дэмжлэгтэй төслийн хүрээнд уул уурхайн бус бүтээгдэхүүнийг экспортод гаргахын тулд зээлийн батлан даалт болон нэн хөнгөлөлттэй зээл чухал юм байна гэж үзээд судалгааны ажил эхлүүлсэн. -Экспортыг Та хэд хэдэн удаа онцоллоо. Япон, Хятад зэрэг улс руу экспортын бүтээгдэхүүн гарах асуудал хэр урагштай байгаа бол? -Одоогоор мэдээж уулзаад очиж танилцуулах боломж хязгаарлагдмал ч өмнөх харилцаа, хамтын ажиллагаа үргэлжилж байгаа. Дэлхий даяар эрэлт муудсан. Ноолууран бүтээгдэхүүн нэлээд хүнд байдалтай, сэргэлт ажиглагдахгүй байна. Энд л нөгөө төрийн татаас, дэмжлэг хэрэгтэй. Хятад улс бол Монголын уул уурхай болон уул уурхайн бус бүтээгдэхүүн экспортлох хамгийн таатай зах зээл. Ялангуяа, өвөрмонголчууд манай бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэх сонирхол өндөртэй тул танхим энэ зах зээлд анхаарч ажиллаж байгаа. Цахим худалдааны төсөл хэрэгжүүлсэн нь амжилттай явж байна. Мөн Герман, Хөх хотод Монголын бараа бүтээгдэхүүний худалдааны төв нээж байгаа. Япон улсын тухайд маш өндөр түвшний стандарт, чанар шаарддаг тул энэ талаар хамтарч ажиллах суралцах шаардлагатай гэдэг үүднээс Японы Элчин сайдтай ярилцаад, компаниудтай нэлээд ажиллаж байна. Японы компаниуд манай улсад үйлдвэрээ байгуулбал ажиллах хүч, эрчим хүч хямд, татварын орчин бага, хоёр том зах зээлийн дунд оршдог гэдгээрээ Монгол бол сонирхолтой зах зээл. Тиймээс нэлээд ирээдүйтэй гарц гэж харж байгаа. Япон, Америк, Европ тэргүүтэй орны хөрөнгө оруулагчид Хятадаас гадагшилж байна. Ойрын таван жилд 20орчим мянган компани гарна гэсэн тооцоотой. Үүнээс 20 компанийг л Монголд оруулж ирэхэд 50-100 мянган ажлын байр бий болно гэж харж байгаа. Эдийн засгийг тэлэхэд хоёр л зүйл байгаа. Хөрөнгө оруулалт ба экспорт. Дотроо бид гурван саяулаа хэчнээн их хэрэглээд ч эдийн засаг хэрэглээгээр дамжин богино хугацаанд тэлэхгүй. Экспортыг л тэлэх нэн чухал байна. Одоогийнхоос гурав дахин өсгөх. Мөн гаднын хөрөнгө оруулалтыг татах. Ингэж байж л валютын орох урсгал болон ажлын байр нэмэгдэнэ, гадаад өрөө төлнө. Үүнээс өөр эдийн засгийн онол байхгүй. -Танхимд тодорхой ажлуудыг шилжүүлэх тухай дээр ярьсан. Үүн дээр яг бодитой ахиц гарч байгаа жишээ бий юу? -Махны экспортыг онцолмоор байна. Ч.Улаан сайдын үед махны экспорт тэг зогсолт хийсэн. Шинэ сайд энэ чиглэлээр нэлээд ахицтай ажиллаж байгаа. ХХААХҮ-ийн сайдтай хийсэн уулзалтын үр дүнд махны квотын хуваарилалтыг танхим хариуцахаар болж байгаа. Ер нь Засгийн газраас нэлээд олон үүргийг хуулийн дагуу мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага руу шилжүүлэх ажлыг зоригтой эхлүүлж байх шиг байна. Махан дээр бид систем динамикаар тооцоо хийгээд үзчихсэн. Бүх судалгааг орц, гарцаар нь хийсэн. Үр дүнд нь мал төллөх үед хэдэн тэрбум төгрөг зах зээлд оруулахад үр дүн нь хэд болж өсөх вэ гэдгийг судлаад хөрөнгө оруулах шаардлагатайг нотолсон. Тэгвэл одоо 200 сая доллар хүрэхгүй байгаа орлого нэг тэрбумд хүрнэ. Малчдын орлого ч нэмэгдэнэ. Орлогыг нь нэмэгдүүлэхгүйгээр татвар төлөгчдийн мөнгийг үнэгүй тарааж өгөх нь менежмент биш. -МҮХАҮТ-ын зүгээс дараагийн 60 жилийг хэрхэн харж байна вэ? -1990 онтой харьцуулахад 2020 он гэдэг бол хөгжил дэвшил, ололт амжилт гээд олон зүйл байгаа. Гэвч цаана нь алдагдсан боломжийн өртөг гэж зүйл бий. Үүнээс илүү зөв зохион байгуулалттай явсан бол одоо байгаагаас илүү сайн байж болох байсан. ДНБ-ий өсөлтөө тогтвортой хадгалаад явж болох байсан. Ингээд зогсохгүй дагаад боловсруулах үйлдвэрүүдийг нэмэгдүүлэх боломж байсан уу гэвэл тийм. Тэгэхээр цаашдаа бид олон алдана гэдэг тэр хэрээр улс орны хөгжлийг улам хойш чангаана гэсэн үг. Тиймээс тодорхой гараад ирсэн салбарууд дээр бид хамтраад маш хурдтай ажиллах хэрэгтэй. Эрчим хүч, дэд бүтэц, бүтээн байгуулалт, боловсруулах үйлдвэрээс гадна дээр дурдсанчлан аялал жуулчлал гээд цэвэр биднээс хамаарах салбар байна. Зөвхөн яам үүнийг бодоод хийх биш, хувийн хэвшилтэй хамтраад, мэргэжлийн байдлаар, маш тодорхой судалгаа шинжилгээнд үндэслээд зохион байгуулалтад ороод ажиллах ёстой. Дээрээс нь хамгийн гол түнш бол Хятад улс. Евраазийн эдийн засагтай бид газар зүйн байрлал гээд бүх зүйлээрээ ойр. Иймд энэ хоёр зах зээл дээрээ л сайн ажиллахад хангалттай болов уу.Өнгөрснийг бид өөрчлөх боломжгүй. Харин маргаашийг хамтдаа өөрчилж чадна. Үүний тулд хувийн хэвшлийнхэндээ итгэх хэрэгтэй байна. Төр нь төр шиг байгаад бид ажлаа мөрөөрөө хиймээр байна. Нэг зоосны хоёр тал бол хамтдаа л урагшлах ёстой. Шинэ жарны хаалга нээгдэж байна. Энэ бол ойлголцол, хамтын ажиллагаагаар тодорхойлогдоно. -Ярилцсанд баярлалаа.


1
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна