АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬ БОДИТ АМЬДРАЛД ХЭРЭГЖИХГҮЙ БАЙНА

Админ
2020/09/25

Б. Бямба УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, Хууль зүйн бодлогын байнгын хороо, УИХ-ын эмэгтэй гишүүд болон Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран пүрэв гарагт Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулав. Манай улсад спиртын зургаа, архины 26, шар айрагны 12, нийт архи, согтууруулах ундааны 44 үйлдвэр байгаа бөгөөд энэ нь 2012 онд 75 байсантай харьцуулахад үйлдвэрийн тооны хувьд буурсан үзүүлэлт. Гэхдээ Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр нэг хүнд ногдох архи, дарсны хэмжээ 2011 онд 10.6 литр, 2015 онд 7.2 литр байсан бол 2019 онд 8.5 литр, шар айрагны хэмжээ 2011 онд 28.1 литр, 2015 онд 25.3 литр байсан бол 2019 онд 28.8 литр болж манай улс нэг хүнд ногдох архины хэрэглээ Ази тивд дөрөвдүгээрт бичигджээ. Дээрх тооноос харахад үйлдвэрийн тоо буурсан ч архи, согтууруулах ундааны хэрэглээ төдийлэн буураагүй байна. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайланд Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгож, зохицуулалтын утга, агуулга, нэр томъёог тодорхой, ойлгомжтой болгох шаардлагатай гэж дүгнэсэн бөгөөд тус хууль өнөөг хүртэл 20 жил гаруй хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөхдөө найман удаа нэмэлт, өөрчлөлт орж байсан хэдий ч, нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэмжээ, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоо, согтууруулах ундааны нийгэмд үзүүлж байгаа сөрөг нөлөөлөлд мэдэгдэхүйц өөрчлөлт гарахгүй байгаагаас харахад тус хуулийн зохицуулалт нь бодит байдалтай нийцээгүй, нийгмийн харилцааны өөрчлөлт, хөгжлөөс хоцорсон, зайлшгүй зохицуулах ёстой харилцааг хамарч зохицуулаагүй гэх үндэслэлтэй талаар дурдсан байна. Судалгаагаар сурагч-өсвөр үеийнхний 29.1 хувь нь согтууруулах ундаа хэрэглэж үзсэн, 12.9 хувь нь согттол хэрэглэж үзсэн төдийгүй тэдний эцэг эхчүүдийн 39.8 хувь нь архи, согтууруулах ундааг хэрэглэдэг, оюутан залуучуудын 38.8 хувь нь хэтрүүлэн хэрэглэдэг, 70.6 хувь нь баар, диско клубт хэрэглэдэг, оюутнуудын сургууль, амьдарч байгаа орчноос 100 метр хүрэхгүй газар яваад архи, согтууруулах ундаа авч болдог байна. Үүнээс гадна архины хэрэглээний талаарх хандлагыг тодорхойлох судалгаанаас харахад 15-24 насны хүүхэд залуучуудын 56.5 хувь нь сүүлийн нэг сарын хугацаанд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн гэж хариулж, 40.0 хувь нь монголчууд архи, согтууруулах ундааг нэг дор их хэмжээгээр уудаг гэдэгтэй санал бүрэн нийлж, 52.0 хувь санал нийлж байна гэжээ. Энэхүү хандлага эрэгтэй, эмэгтэй, аль ч насны хүмүүст ижил байгаа нь ерөнхийдөө ихэнх хүмүүс монголчууд архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг дадалтайг хүлээн зөвшөөрч байгаа нь илэрхий, уг асуудалд бүх нийтээрээ анхаарлаа хандуулах шаардлага зүй ёсоор харагдаж байгаа бөгөөд архидан согтуурахтай тэмцэх, архидан согтуурахаас үүсэх эрсдэлийг бууруулах ажлыг үр дүнтэй, оновчтой зохион байгуулах, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зайлшгүй шаардлага үүссэн гэж төсөл санаачлагчид үзжээ. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр олон нийтийг архидан согтуурахад хүргэж байгаа орчин, нөхцөл, боломжийг багасгах, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, архи, согтууруулах ундаатай холбоотой хууль, тогтоомжид дурдагддаг ч тайлбарлагдаагүй нэр томъёог тодорхойлох, согтууруулах ундааны хэрэглээний соёлыг төлөвшүүлэх, согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдаанд тавигдах шаардлага, хяналтыг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангуулах, согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд үүрэг, шаардлагыг нэмэгдүүлэх, согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээний нэгжийн нормативыг тогтоох зэрэг зохицуулалтыг оруулахаар төсөл санаачлан боловсруулж байгаа гэв. Дараа нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор, профессор Л.Насанцэнгэл “Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилт болон хуулийн төслийн тухай” сэдэвт илтгэл танилцууллаа. Тэрбээр дөрвөн хүний нэг нь амьдралынхаа хугацаанд ямар нэг сэтгэцийн эмгэгт нэрвэгддэг бол хөдөлмөрийн чадвар алдагдалтад хүргэдэг 10 өвчний тав нь сэтгэцийн эмгэгтэй байдаг байна. Манай улсын хувьд 1984-1992 оны судалгаатай харьцуулбал стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг 10 дахин, архинд донтох эмгэг 40 дахин нэмэгдсэн. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны “Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаа”-нд сэтгэл түгшилт, нойргүйдэл, архаг ядаргаа, биеийн хэлбэрийн эмгэг, архинд донтох эмгэг, сэтгэл гутрал хэмээн эрэмбэлэгдсэн байна. Архинд донтох эмгэгээр эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээс 13 дахин их, гэр бүл салсан байх нь гэр бүлтэй хүнээсээ гурав дахин их өртдөг гэжээ. Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан “Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилт, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн өнөөгийн нөхцөл байдал, хуулийн төсөлд тусгуулах санал” илтгэл танилцуулав. Тэрбээр согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын талаар эхлээд мэдээлэл хийлээ. Улсын хэмжээнд 2020 оны эхний найман сард нийт 18000 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 5120 хэрэг буюу 22.1 хувиар буурчээ. Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 2910 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 369 хэргээр буюу 14.5 хувиар өссөн. Нийт гэмт хэргийн 16.2 хувийг согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг эзэлж байгаа бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 5.2 нэгжээр өсчээ. Архины хурц болон архаг хордлогын улмаас 299 хүн нас барсан нь өмнөх оны мөн үетэй адил түвшинд байгаа аж. Энэ оны эхний найман сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн нийт хэргийн 53.3 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна.


0
0
0
0
2
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.115.70
    2021/05/04

    Зүгээр л бичихээс цаашгүй л юм даа! Ажил хэрэг болгоод тууштай явуулах л хэрэгтэй байна! Улс орон чинь архи дарсанд живлээ!

    Хариулах
    • 103.229.122.67
      Өчигдөр

      Яг үнэн, рахинаас болж хичнээн гэр бүл, улс орны эдийн засаг, эрүүл мэндэд хичнээн хохирол учирч буйг таашгүй.