НЭГ САЯ ЖУУЛЧИН АВАХ МОНГОЛЫН АМБИЦ БА ТӨРДӨӨ ХАЯГДСАН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР

Б. Бямбасүрэн
2020/09/28

Б. Бямбасүрэн

  •  “МҮХАҮТ-ын 60 жилийн ойн шилдэг бүтээлийн уралдаанд зориулав”

Дэлхийн олон оронд худалдаа хийж, эдийн засгаа тэлж, иргэдээ хил хязгааргүйгээр суурьших үүд хаалгыг нээсэн даяаршлыг хүн төрөлхтөн өдгөө эргэн харахад хүрээд буй нь “Ковид-19”-ийн нөлөө. Бөмбөрцөгийн 213 орны 33 сая хүнд халдварлаж, нэг сая хүний амийг аваад буй энэхүү аймшигт цар тахлаас хамгийн хүчтэй цохилт авч, тэг зогсолт хийгээд байгаа салбар бол аялал жуулчлал.

McKinsey-н тооцож гаргаснаар дэлхийн нийт ДНБ-ий 10 хувийг бүрдүүлж, 2019 оны байдлаар есөн их наяд ам.доллароор буюу хөдөө аж ахуйн салбараас ч том байсан аялал жуулчлалын салбарт өдгөө 120 сая хүний ажлын байр эрсдэлд орж, нэг их наяд гаруй ам.долларын алдагдал хүлээн, хөгжил нь 20 жилээр ухарсан хэмээн Дэлхийн эдийн засгийн форум тодорхойлж байна. Харамсалтай нь, 2023 оноос нааш 2019 оны түвшиндээ эргэж очиж чадахгүй гэдгийг олон улсын шинжээчид анхааруулав.

Ялангуяа, Монголын аялал жуулчлалын салбар өнөөдөр элгээрээ мөлхөж байна. 2019 он бол манай улсын аялал жуулчлалын салбарт рекорд тогтоосон он жил байв. Тухайн жилд 570,262 жуулчин манай улсыг зорин ирсэн нь хамгийн дээд үзүүлэлт бөгөөд 607 сая ам.доллар буюу 1.7 их наяд төгрөгийг улсдаа оруулжээ. Энэ бол 2018 оны түвшнээс 10 хувь өссөн үзүүлэлт. 607 сая ам.доллар гэдэг манай улсын гадаад валютын нөөцийн 17 орчим хувьтай дүйх хэмжээний мөнгө билээ. Тийм ч учраас аялал жуулчлалын салбарыг үл үзэгдэх экспортлогч хэмээн тодотгодог юм.

Гэтэл “Ковид-19” цар тахлаас үүдэн 2020оны эхний гурван сард л гэхэд Улаанбаатар хотын эдийн засагт аялал жуулчлалын салбараас шууд олох боломжтой байсан 30.5 тэрбум, шууд бусаар 325 тэрбум төгрөг буюу нийт 113 сая доллар алдсан гэдгийг МҮИС-ийн багш, Аялал жуулчлалын боловсрол хөгжлийн нийгэмлэгийн гишүүн, судлаач Б.Ербахыт хийсэн судалгаагаараа танилцуулан юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар тус салбарт шууд болон шууд бусаар хамаардаг буюу 300 гаруй зочид буудал, 460 гаруй тур оператор компани, 400 гаруй жуулчны бааз болон шууд бусаар ажилладаг хөтөч, жолооч, тогоочид, малчид гэх мэт гэрээт ажилчид нийлсэн 88 мянга гаруй хүн орлогогүй болоод байна. 

НЭГ САЯ ЖУУЛЧИН АВАХ АМБИЦ

Монгол Улсын аялал жуулчлалын салбарт өдгөө сая саяар хэмжигдэх том тоонууд төр засгийн түвшинд яригддаг болсон. Өнгөрсөн дөрөвдүгээр сард ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймагт 400 сая жуулчин ирэх боломж байгаа талаар МҮОНТ-аар ярьсан бол БОАЖ-ын шинэ сайд Д.Сарангэрэл сарын өмнө “Хүн амынхаа дунд корона алдаагүй учир аялал жуулчлалын зорилгоор манай улсыг сонирхсон хандалт 159 сая болсон” хэмээн хэвлэлд ярив. Тус яамны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга С.Баясгалан мөн 153 сая жуулчин манай улсыг сонирхож байгаа талаар ярьсан байдаг. Ямартай ч шинээр бүрэлдсэн Засгийн газар ирэх дөрвөн жил хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөртөө 2024 он гэхэд нэг сая жуулчин авдаг болох зорилт тавин УИХ-ын ээлжит бус чуулганаар батлуулж амжсан.

Тэгвэл дээрх тоонууд үнэхээр бодитой байх боломжтой юу? Энэ талаар Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга С.Баясгалан factcheck.mn-д өгсөн тодруулгадаа Аялал жуулчлалын технологийн тэргүүлэгч Amadeus- (https://amadeus.com/en) компанид бид 2019 онд анх удаа хүсэлт гарган төлбөр төлж, Монголд жуулчлах хүсэлтэй хүмүүсийн тоо статистикийг авах болсон. 

Тус компанийн системийг ашиглан хүмүүс тухайн орон руу хэдэн сард жуулчлахад тийзийн үнэ ямар байх, зочид буудлын захиалга зэрэг мэдээллийг хайдаг буюу зөвхөн жуулчлах зорилгоор хайлт хийдэг. Энэ бол google-ээр Монголын талаар хийсэн хайлтын тоо биш. Яг одоо байгаа бодит тоогоор 162 сая хүн байгаа. Тухайлбал, БНСУ-аас Монголд жуулчлах хүсэлтэй хайлт хийсэн 42 сая хүн байна” гэжээ. Түүний хэлснээс үзвэл “Ковид-19” цар тахал намжиж, Монгол Улс хилээ нээвэл сая сая жуулчин манай орныг зорих хүсэлтэй байгаа ажээ. Тэгвэл үүнд манай улс бэлэн үү?



СОРИЛТ БА БОЛОМЖ

Хэрэв үнэхээр С.Баясгалангийн өгсөн тоо судалгаа биеллээ олох боломжтой бол манай улс үл үзэгдэгч экспортын салбараасаа тэрбумаар тогтохгүй ам.доллар олох боломж байна. Үгүйсгэх ч аргагүй юм. Монгол Улс цар тахлыг дотооддоо алдаагүй бөгөөд хамгийн эрүүл хүнс, цэвэр агаар, сайхан байгалтай юу гэвэл тийм. Гэвч манай улс тэр хэмжээний даацыг үүрэхэд бэлэн үү?Сорилт бүхний цаана боломж байдаг. Тэгвэл цар тахлын энэ хүнд цаг үеийг Монгол Улс боломж болгон ашиглах учиртай. Ийм л үед бид хилээ нээсний дараа манай улсыг зорих жуулчдыг хүлээн авах дэд бүтцээ бэлдэж хөрөнгө оруулалтуудаа хийх хэрэгтэй. 

Гэхдээ энэ бол Хэнтий аймагт босож байгаа үзэмж, агуулга муутай, 7.2 тэрбумын өртөгтэй “бүтээн байгуулалт” биш юм. Энэ бол хэмжиж болохуйц төлөвлөгөө зорилт дэвшүүлж, маркетинг боловсруулж, хариуцсан агентлагтай болох тухай асуудал. Үүний тулд салбараа бодлогоор дэмжих хэрэгтэй гэсэн үг. Тийм бодлого стратегитай улс орнууд бүх нөхцөлөө бүрдүүлээд эхнээсээ хилээ нээж байна. Гэтэл өнөөдөр аялал жуулчлалын салбар хөсөр хаягдаж байна гэхэд хилсдэхгүй. 

Монголын Аялал жуулчлалын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн С.Амгаланбатын ярьсанчлан манай улстай ойролцоо, нүүдэлчин ахуйг сурталчилж, өрсөлддөг Казахстан, Узбекистан зэрэг улсад аялал жуулчлалын салбарынхандаа төсвөөс нөхөн олговор олгож байгаа бол манай улс гурван сарын хугацаанд 200 мянган төгрөг хагас дутуу олгосон гээд харахаар дэмжлэг ямар зөрүүтэй байгаа нь харагдана. Энэ нь төрөөс заавал мөнгө өг гэж байгаа хэрэг биш. Тийм боломж ч муу. Гэхдээ менежмент хийх шаардлага байгааг хэлж байгаа юм. “Аялал жуулчлалын салбар бол маш том орон зай. Энэ салбарт улс өөрөө хөрөнгө гаргаад хийх биш, харин хүүгийн татаасаар компаниудыг дэмжих нь өөрөө бодитой хөрөнгө оруулалт болно. 

Төрд хохиролгүй. Нэг төгрөгийг яаж тав болгох тухай л асуудал. Төрийн оролцоо энэ мэт байвал өгөөж нь илүү байна. Ингэж дэмжихгүй бол 45 хоногийн хугацаатай дотоодын аялал жуулчлалаар компаниуд хувийн өндөр хөрөнгө оруулалт хийгээд хөл дээрээ босох хүнд” гэдгийг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин онцолж байсан удаатай. Адаглаад жуулчдыг ирэх цагт жорлонгийнхоо асуудлыг шийдвэрлэчихсэн байх хэрэгтэй бус уу. Энэ бол дотоодын аялал жуулчлал хөгжихөд ч тээг болж буй томоохон хүчин зүйл. Тэр тусмаа гадаадынхны хувьд манай улсын жорлонгийн асуудал “Ковид-19”-өөс ч илүү том бэрхшээл гэдгийг мартаж боломгүй.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна