Амьдрал судлаачид

Админ
2020/09/28

П. Даваажаргал

Иргэдэд хамгийн ойр байрлах эрүүл мэндийн байгууллага бол Өрхийн эрүүл мэндийн төв билээ. Тэр хэрээрээ эмч, сувилагч, иргэд нь бие биенээ таньдаг, төрөл садан шиг дотноссон буйдхан сумын төвийг санагдуулам эгэл дотно зураглал тэнд үргэлжилдэг. Гэхдээ тэд “Өрхийн эмнэлгийн үйлчилгээ удаан. Эмч, сувилагч нь ур чадваргүй” гэх мэт ярианд өртөх нь цөөнгүй. Сайн муугаараа дуудуулсан ч шантарч үзээгүй эгэл зүтгэлтнүүдийн төлөөлөл Чингэлтэй дүүргийн XIV хорооны “Чин-Хүслэн” Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагчийн ажлын нэг өдрийг сурвалжиллаа.


09:00 цаг Таван буудлын автобусны буудлаас дөрвөн гудамжны цаахантай байрлах хоёр давхар барилга өглөөний наранд шил толь мэт гялалзан харагдана. Хайлааст орчмын гэр хорооллын гудамжинд сүндэрлэх энэхүү барилга бол Чингэлтэй дүүргийн XIV хорооны “Чин-Хүслэн” Өрхийн эрүүл мэндийн төвийн байр. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан орчин үеийн стандартад нийцсэн, жишиг өрхийн эрүүл мэндийн төвийн байрандаа үйл ажиллагаа явуулж эхлээд буй нь энэ.

Тэд хариуцсан хэсгийн хүн бүрийн ар гэр, ажил амьдралыг судалж, онцлогт нь тохируулан зөвлөгөө өгч, эмчилгээ хийдэг нь бахархмаар. Мэдээж, согтуу нөхөртөө дээрэлхүүлээд, бухимдаж, ганцаардсандаа даралт нь ихэссэн эмэгтэйд 1000 удаа даралтны эм уулгаснаас сэтгэлийг нь онгойтол ярилцаж, архины хамааралтай нөхөрт нь зөвлөгөө өгөх, эмчлэн эрүүлжүүлсэн нь үр дүнтэй шүү дээ.

Гадна талдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан налуу шаттай, төмөр өнгөлгөө бүхий саарал барилгын дэргэд ирлээ. Барилгын баруун урд булан тэр чигтээ хотын төвийн оффисыг санагдуулам шилэн цонхтой аж. Үзлэгийн цагаа хүлээж буй залуу хос хоёр давхрын цонхоор алсыг ширтэн зогсож харагдана. Хаалгаар ормогц, цагаан халаадтай сувилагч бүсгүй инээмсэглэн угтаж, гараа ариутган нэвтрэхийг санууллаа. Угтах хэсэгт хүрэн мебель тавцан байршуулсан нь орчныг илүү дулаахан болгожээ. “Шинжилгээний өрөө” гэсэн хаягтай өрөөний хүлээлгийн сандалд арваад хүн дугаарлан суусан байв. Эмнэлгийн хоёр давхарт гарвал, хоёр талын цэлгэр цонхоор нар нэвт тусаж, хүлээлгийн танхимын шаланд ойн гялалзана. 

Танхимын голоор урт төмөр сандлууд байршуулсан байх бөгөөд сандал бүр эзнээ олжээ. Өчигдөрхөн тууз хайчилж, шинэ байрандаа орсон эмнэлгийн үйлчлүүлэгчид тун ч сэтгэл хангалуун байгаа нь илхэн. Баасан гараг тул харьцангуй ачаалал багатай байгаа аж. Тарианы өрөөний үүдэнд суух хоёр настан “Үгүй ээ мөн сайхан байртай болжээ. Хүлээж суухад ч урамтай юм. Гэр хорооллынх гээд тоосонд дарагдсан умгар өрөөнд суух ёстой биш дээ. Улс орон хөгжөөд л байна шүү, тийм ээ” хэмээн дүнгэтэл хөөрөлдөнө. “Эмчийн өрөө -209” гэх хаяг бүхий өрөө рүү шагайвал, эмч “Ороод сууж бай” хэмээн гараараа дохичихоод, үзлэгээ үргэлжлүүлэв. Жирэмсэн эмэгтэй хяналтад орохоор ирсэн тул амбулатори, жирэмсний карт нээх гэх мэтчилэн ажил ихтэй байгаа нь илхэн. Ийнхүү ажилдаа шамдах бүсгүйг Г.Энхжаргал гэдэг. 

Ажлынхаа гарааг энэ байгууллагаас эхэлж, өдгөө ес дэх жилдээ ажиллаж буй залуу эмч. Арваад жил тогтвор суурьшилтай ажиллаж буй нь ажил мэргэжилдээ дуртайн илрэл биз ээ. Учир нь, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар үргэлж солигддог. Дандаа шинэ, залуу, туршлагагүй эмч нар байдаг гэх гомдол нийгэмд тасарддаггүйг хэн бүхэн мэднэ. Түүний ажлын явцыг ажиглан суух зуур үзлэгийн өрөөнд орж ирсэн хүн бүр “Яарч яваагаа” юун түрүүнд онцлох юм. Эрүүл мэндийнхээ төлөө арван минут зарцуулахдаа тайван сууж, эмчийнхээ зөвлөгөөг анхааралтай сонсож болдоггүй юм байх даа гэх бодол өөрийн эрхгүй төрөв. “Яаралтай” үйлчлүүлэгчдээ хүлээлгэхгүйн тулд эмч, бид хоёрт үг солих зав гарсангүй. Гадаа суух үйлчлүүлэгч үзлэгийн дундуур үе үе хаалга онголзуулж, дотор буй хүнийг цүнх хувцсаа янзалж, суудлаас өндийж амжаагүй шахам байхад аль хэдийн өрөөнд орж ирээд зогсчихно. Энэ мэт дүр зураг үргэлжилсээр, эмч 10 гаруй хүнд үзлэг, хийж зөвлөгөө өгөв.

11:00 цаг Хүлээлгийн сандлууд суларч, дуугарах завгүй байсан Г.Энхжаргал эмч аяга ус завтай болоход нь хүмүүс таныг их яаруулах юм аа гэж асуухад “Харин тийм ээ. Манайхан ажил нэгдүгээрт, эрүүл мэнд хоёрдугаарт юм шиг л ханддаг. Ажлаасаа авсан хэдэн цагийн чөлөөндөө баригддаг байх. Өнөөдөр харьцангуй ачаалал багатай байна. Ханиад томууны улирал болон долоо хоногийн эхээр ачаалал улам ихэснэ. Би Хайлаастын 1-9,16,17 дугаар гудамжны айл, өрхийн 2000 гаруй хүн ам хариуцан ажилладаг.

 Түүнчлэн эмч бүр үндэсний хөтөлбөр, стратеги хариуцан, хэрэгжүүлдэг юм. Би нөхөн үржихүйн эрүүл мэнд, хүүхдийн тусламж үйлчилгээ болон дүн бүртгэл хариуцдаг. Ер нь өрхийн эмчид оролцохгүй, хийхгүй юм байхгүй дээ” хэмээн ярьсан юм. Биднийг ийн ярилцах зуур нэгэн сувилагч “Та энэ тариаг бичиж өгсөн юм уу” гэсээр орж ирэв. Тэдний ярианаас сонсвол үйлчлүүлэгч эмчийн бичиж өгөөгүй тариаг өөрөө дур мэдэн худалдан авч, сувилагчаар хийлгэнэ гэж зүтгэжээ. Энэ мэт өөртөө дур мэдэн эмчилгээ хийх, хүссэн эм, тариаг нь бичиж өгөхгүй бол эмнэлгийн ажилтнуудыг хэл амаар доромжлох тохиолдол ч гардаг гэнэ. “Бичгээ мартчихаж. Яараад байна энэ тариаг залгаад өгөөч” гэсэн үйлчлүүлэгчийн мэдээллийг нягтлахаар орж ирсэн сувилагч бол Г.Базаррагчаа байв. 

Тэрбээр 1987 онд одоогийн АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийг Хүүхдийн хүмүүжүүлэгч, сувилагч мэргэжлээр төгссөн бөгөөд өдгөө 30 орчим жил эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа аж. Ажил амьдралын гараагаа Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгаас эхэлж, дараагаар нь цэргийн хүний гэргий ёсоор нөхрөө даган Улаанбаатар хотод шилжин ирж, Ардын армийн 165 дугаар ангид дөрвөн жил сувилагчаар ажиллажээ. Харин 1998 оноос хэсгийн эмнэлэг байгуулагдахад энэ байгууллагадаа ирснээр өдий хүртэл ажиллаж буй. 

Өөрөөр хэлбэл, тэрбээр Монгол Улсад Өрхийн эрүүл мэндийн төв үүсэж, хөгжсөн 21 жилийн түүхэнд биечлэн оролцож яваа нэгэн. Өрхийн эрүүл мэндийн төвд нэг эм, нэг сувилагч баг болж, тодорхой гудамж, хэсгийг хариуцан, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд Г.Базаррагчаа, Г.Энхжаргал нар өдгөө гурав дахь жилдээ хамтран ажиллаж байгаа аж. Энэ тухай сувилагч Г.Базаррагчаа “Би 20 гаруй жил өрхийн эмнэлэгт ажиллахдаа 16 эмчтэй хамтарч ажилласан. Тэдний ихэнх шинэ, залуу төгсөгчид. Залуугаас нь эрч хүч, шинэ санаа олж авна, ахмадаас нь туршлага судална гэх мэтээр хүн бүрээс суралцах зүйл бий. Нарийн мэргэжлийн сувилагч нар аль нэг төрлөөр дагнан мэргэшдэг. Гэтэл өрхийн сувилагч ахмад, нярай, жирэмсэн эмэгтэй гэх мэт нас харгалзахгүй сувилахуйн тусламж үзүүлнэ. 

Түүнчлэн долоо долоо хоногоор ээлжлэн тариа, шинжилгээ, хүүхдийн өсөлт, хөгжилт хэмжинэ. Мөн гэрийн эргэлтэд явна. Энэ олон жилийн хугацаанд ганцаараа яаралтай тусламж үзүүлэх тохиолдол ч гарч байлаа” хэмээн ярив. Тэрбээр өнөөдөр тариа, шинжилгээний хэсэгт хуваарьтай бөгөөд 10 орчим хүнд үйлчилгээ үзүүлжээ. Тус эмнэлэг шээс, цус, биохимийн шинжилгээ болон товлолын дархлаажуулалтыг өрх дээрээ хийдэг тул явдал чирэгдэл багатай байдгийг иргэд онцолж байсан юм.13:30 цаг Үдийн цайны дараа эмч, сувилагч хоёр жирэмсэн эмэгтэй, болон төрсөн эхийн бүртгэлдээ тулгалт хийв. Үзлэг, тариа багатай үедээ бичиг цаасны ажлаа цэгцэлдэг гэнэ. Тэд одоогоор 17 нярайтай байгаа бөгөөд Өрхийн эрүүл мэндийн төвийн хэмжээнд он гарсаар 99 жирэмсэн эмэгтэй хяналтад оржээ. Ийн хүн тус бүрийн оршин суух хаяг, төрөх хугацаа, товлолт үзлэгтэй ирсэн эсэхийг нягтлан, өнгө будгаар ялгах тэмдэг тавин завгүй суутал хүлээлгийн танхимаас “Эмч ээ яаралтай хүн ирлээ” гэх дуу хадав. 

Баримт, бичгээ цэгцэлж суусан хоёр босон харайж, гүйх шахам гарвал, барилга дээр ажилладаг бололтой усны гутал, шавар шавхай болсон усны гуталтай, 40 гаруй насны эр хүнээр түшүүлэн зогсож байв. Өөрөө ярих тэнхэлгүй нь илт, гар нь татганаж, ам нь ангалзахаас илүүг хийсэнгүй. Эмч, сувилагч нар яаралтай тусламжийн өрөө рүү авч орлоо. Шилэн цонхны наанаас харвал, эмнэлгийн орон дээр хэвтүүлэн, энгэрийг нь задгайлж, даралт болон зүрхний цохилтыг нь хэмжинэ. Хэсэг хугацааны дараа Г.Энхжаргал эмчийг өрөөнөөс гарч ирэв. 

Тэрбээр “ Тав хоног архи уусан, огт хоол идээгүй гэсэн өгүүлэмжтэй архины хордлоготой хүнд тусламж үзүүллээ. Сүхбаатар дүүргийн харьяалалтай хүн байна. Энэ хавьд ажил хийдэг гэнэ. Ер нь архины хордлоготой хүн маш их ирдэг. Ихэвчлэн ямар ч бичиг баримтгүй хүн таарна. Уг нь эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, амбулаторийн карт зэрэг бичиг баримтаа авч ирэх шаардлагатай” хэмээв. Энэ зуурт үсээ шууж, хавчсан дунд эргэм насны эмэгтэй хэзээний танил эмнэлгийнхэндээ шинэ байранд орсонд нь баяр хүргэж, далимаар нь даралтаа үзүүлэхээр ирлээ. 

“Сувилагч нарын өрөө” гэсэн хаягтай өрөөнд орвол, өөд өөдөөсөө харсан дөрвөн ширээний ард сувилагч бүрийн хувийн хэрэгсэл байв. Сувилагч Г.Базаррагчаа өөрийн ширээний ард очиж, эмэгтэйг сандал татан суулгалаа. Амьсгаа дарагдаж, тайвширсны дараа даралт хэмжих учиртай тул түүнийг түр хүлээлгэв. 10 гаруй минутын дараа үйлчлүүлэгчийг хоёр хөлөө тавхайгаар бүтэн газар гишгэж, нуруугаа цэх суухыг зөвлөж, автомат даралтны аппаратаар даралтыг нь хэмжиж, хооллолт, дасгал хөдөлгөөний зөвлөгөө өглөө.16:00 цаг Эмчийн үзлэг цөөрч, эмнэлгийн хөл хөдөлгөөн шингэрсний дараа тэд гэрийн эргэлтэд гарахаар бэлтгэв. Өнөөдөр хуваарийн дагуу хоёр нярай эргэнэ. Өрхийн эмнэлэг автомашинтай тул эмч, сувилагч нарт дөхөм байдаг аж. 

“Түүнээс биш автомашингүй үед өвлийн хүйтэнд хальтарч унах шахаад хэдэн гудамжаараа алхдаг байлаа” хэмээн эмч, ажилтнууд хуучилсан юм. Бид гудамж уруудсаар XVII сургуулийн зүүн талд байрлах “Далайхүү” худалдааны төвийн дэргэд ирэв. Тус хороо гэр хорооллын бүсэд оршдог ч бидний ирж буй энэ хэсэгт 2-3 түрээсийн орон сууц байдаг аж. Зэрэгцүүлэн барьсан цайвар шаргал байруудын тагт дээр угаалгын машин, авдар, угаасан хувцас, чемодантай хувцас зэрэг элдвийг овоолсон байхаас харвал ихэвчлэн түрээсийн оршин суугчид байдаг нь илт. Бид зүүн хойд талын байрны хоёр давхрын 47 тоотод орлоо. Хаалга нээгдмэгц, нялх хүүхдийн үнэр анхилах нь тэр.

 Цонхны дэргэдэх хатаагч дээр ягаан, цайвар өнгийн хүүхдийн хувцас, өлгий даавуу дэлгэснээс харвал үйлчлүүлэгч маань охин хүүхэд бололтой. Эмч, сувилагч хоёр гараа угааж, улавч өмсөн хоймрын орон дэр тарвалзаж буй охины дэргэд очив. Эмч цээжийг нь чагнаж, хэвлийг нь хэдэнтээ тэмтэрч, үзлэг хийв. Ингэхдээ шарлалт нь буусан эсэх, нуралт үүссэн эсэхийг нүдээр ажина. Үүний дараа сувилагч модон зөөврийн өндөр хэмжигч дэлгэн, дээр нь зөөлөвч даавуу дэвсэн охиныг хэвтүүлэв. Ээж нь охины толгойн эгцлэн барьж, сувилагч хөлнөөс нь зөөлөн барин, аясаар нь өвдгийг тэгшилж, өндрийг нь хэмжлээ. Үзлэг, хэмжилтийг нэг бүрчлэн “Эх хүүхдийн эрүүл мэнд” гэсэн ягаан өнгийн дэвтэрт тэмдэглэв. Тэд охины эрүүл, чийрэг өсөж байгааг онцлон хэлж, гэдэс нь бага зэрэг дүүрэн байгаа тул зөв хөхүүлэхийг анхааруулсан юм. Мөн гэр чийгтэй, бүгчим байгаа тул агаар сайн оруулах, хүүхдээ ойр ойрхон агаарт гаргаж байхыг зөвлөлөө. 

Сувилагч Г.Базаррагчаа охиныг жимбийтэл өлгийдөж, ээжид нь тэврүүлж “Хүүхдээ хөхүүлэхдээ хоёр хөлөө бүтэн газар тавьж, нуруугаа цэх суух хэрэгтэй. Мөн хөхөө гараараа битгий барь. Хүүхэд хөхөө хөхөж байхад биеэрээ займчвал хүүхдийн гэдэс зайлагддаг юм” хэмээн маш нарийн зөвлөгөө өгөв. Энэ зуур Г.Энхжаргал эмчийн утсанд хариуцсан хэсгийн иргэдээс хэдэнтээ дуудлага ирж, тэр бүрд төвөгшөөлгүй зөвлөгөө өгч сонстов.17:30 цаг Ажлын цаг дуусахтай зэрэгцэн гэрийн эргэлт дуусаж, ажлын зүгт хөдөллөө. Орсон айл бүр эмч, сувилагчаа уриалгахан угтаж, үдэх нь сайхан. Буцах замдаа тэдний ажил амьдралын дурсамжаар цөөн хором аяллаа.

 Г.Энхжаргал эмч “Би багын л эмнэлгийн хлорамины үнэрт хачин дуртай хүүхэд байсан юм. Тэгээд мөрөөдлөө биелүүлэх гэж, хоёр удаа конкурс өгч байж их эмчийн ангид орсон. Өрхийн эмч үйлчлүүлэгчийнхээ ар гэр, аж амьдралыг мэддэг байх хэрэгтэй. Эм, тариа бичихээс илүү цаад асуудлыг нь шийдэхэд анхаардаг. Зарим үйлчлүүлэгч зовлон, жаргалаа яриад хэсэг суухаараа даралт нь буугаад, тайвшраад гарах нь бий” хэмээн хуучилсан юм. Түүний сувилагч Г.Базаррагчаа гэх шавилхан биетэй эмэгтэйг энэ хороонд танихгүй хүн цөөхөн юм билээ. Эмнэлгээр орж гарсан хүн бүр мэндэлж, гудамжинд зөрсөн ч хаа холоос гар даллана. Тэр байтугай, нэгэн үйлчлүүлэгч нь түүнд зориулан дууны үг зохиож өгсөн нь саяхан дуу болон мэндэлсэн гэнэ. Тэрбээр энэ тухай “10 гаруй жилийн өмнө Д.Нямдорж гэдэг үйлчлүүлэгч надад зориулж “Сувилагч бүсгүй” гэдэг дууны үг бичиж, гар бичмэлээ дурсгасан юм. Дараа нь номондоо хэвлүүлэн бэлэглэсэн. Тэгээд би Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Эрдэнэ-Очирт санал тавьж, аялгуу хийлгэснээр салбарт маань шинэ дуу мэндэлж байна. Д.Нямдорж гуай, тэдний үр хүүхдүүд одоо ч манайхаар үйлчлүүлж байна” гэж ярилаа. 

Ерөөс өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар амьдрал судлаач шиг санагдсаныг нуух юун. “Та өчигдөр уучихаа юу даа” гэхэд үйлчлүүлэгч “Тийм ээ” л гэнэ. “Охиноо бодоод шаналаад байна аа даа”, “Нөхөртэйгөө маргалдаа юу” гэхэд яг таарах нь хачирхалтай. Тэд хариуцсан хэсгийн хүн бүрийн ар гэр, ажил амьдралыг судалж, онцлогт нь тохируулан зөвлөгөө өгч, эмчилгээ хийдэг нь бахархмаар. Мэдээж, согтуу нөхөртөө дээрэлхүүлээд, бухимдаж, ганцаардсандаа даралт нь ихэссэн эмэгтэйд 1000 удаа даралтны эм уулгаснаас сэтгэлийг нь онгойтол ярилцаж, архины хамааралтай нөхөрт нь зөвлөгөө өгөх, эмчлэн эрүүлжүүлсэн нь үр дүнтэй шүү дээ.

 Түүнчлэн хэний охин хэдэн нас хүрч байгааг, хэн хэнтэй хөтлөлцөөд гүйгээд байгааг хүртэл аждаг. Эцэг эхэд нь өсвөр насны хүүхэдтэйгээ ярилцах, нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох тухай чиглүүлдэг. Доржийн эхнэрийн спиральны хугацаа дуусаж байгааг, Дулмаа гуай энэ жил умайн хүзүүний эсийн шинжилгээ өгөх ёстойг, Дондогийнх хоёр тэрсхэн, нялх хүүхэдтэй тул жирэмснээс хамгаалах арга, хэрэгсэлд хамрагдах талаар ярилцах шаардлагатайг тооцож, төлөвлөдөг аж. Гэхдээ тэд ажилдаа түүртээд зүгээр суудаггүй. 

Жишээлбэл, Сувилагч Г.Базаррагчаа 2014 онд “Гоё гэр” компаниа үүсгэн байгуулж, үндэсний өв уламжлалыг шингээсэн эмч, эмнэлгийн ажилтны ёслол хүндэтгэлийн болон өдөр тутмын хувцас, хүний биеийн өндөр хэмжих, зөөврийн хэрэгсэл, 0-2 насны хүүхдийн өсөлт хөгжилтийн цогц ширээ зэрэг шинэ бүтээл санаачилж, Оюуны өмчийн гэрчилгээ авчээ. Байгууллагынх нь үүдээр ормогц, түүний зохиосон үндэсний загварын ёслол хүндэтгэлийн хувцсаар гангарсан хамт олных нь зураг, инээд цацруулан угтдаг юм билээ. Өрхийн эрүүл мэндийн төв гэх жижигхэн байшин дотор ийм л эрч хүч, эрэлхийлэл, чин сэтгэл ундарсан хамт олон бужигнаж, эрүүл энхийн манаанд эгнэгт зогсдог ажээ.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.10
    2020/09/28

    Тийм шүү сайхан бичжээ

    Хариулах
    • 66.181.161.67
      2020/10/13

      яг үнэн үү эмнэлэг гоё блж эмч нар нь солигдох блсон бна даа