Украинд цэргийн онгоц осолджээ

Г. Болортуяа
2020/09/28

Украины Харьков мужийн Чугуев хотын ойролцоо тус улсын зэвсэгт хүчинд харьяалагддаг Ан-26 нисэх онгоц осолдсон байна. Онгоцонд 27 хүн зорчиж явжээ. Тэдний тав онгоцны нислэгийн багийн гишүүн, бусад нь сонсогчид байсан аж.

 Осол сургуулийн нислэг хийх үеэр гарсан гэж тус улсын Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлийн нарийн бичгийн дарга Алексей Данилов мэдээлсэн байна. Харьковын мужийн төрийн захиргааны дарга Алексей Кучерийн мэдэгдсэнээр, эмгэнэлт явдлын шалтгаан нь нисэх онгоцны хөдөлгүүрийн доголдол болжээ. 

Харьков мужийн эрх баригчид есдүгээр сарын 26-ны өдрийг гашуудлын өдөр болгон зарлажээ. Ослоос ганц хүн амьд үлдсэн байна. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ослоос амьд гарсан цор ганц сонсогчийг баатар хэмээн өргөмжилж, амиа алдсан бусад хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ. Нисэх онгоц Чугуев цэргийн баазаас холгүй орших хурдны зам дээр газардахдаа шатсан байна. 

Мөрдөн шалгах албаныхан ослыг техникийн доголдол, хүний буруутай үйл ажиллагаа, засвар муу хийгдсэн зэрэг олон шалтгаанаас болсон гэж урьдчилан дүгнэж байна. Нисэх онгоц нь 1977 онд үйлдвэрлэсэн ба сүүлийн гурван жил завсар үйлчилгээ хийгдээгүй гэж албаныхан мэдэгдэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна