ЦӨӨН ӨГҮҮЛБЭРЭЭР

Г. Болортуяа
2020/09/28

 Беларусь

Өнгөрсөн бямба гарагт Беларусийн нийслэл Минск болон зарим хотод болсон жагсаалын үеэр 100 хүнийг баривчилсан гэж хүний эрхийн “Весна” төв мэдээлэв. Хүний эрхийг хамгаалагчдын мэдээлж буйгаар, сөрөг хүчнээс зохион байгуулсан жагсаалд оролцсон 93 хүнийг Минск хотод баривчилсан байна. Баривчилсан хүмүүсийн дийлэнх нь эмэгтэйчүүд аж. Мөн Брест, Гомель, Заславль, Фаниполь хотуудад долоон хүнийг баривчилжээ. ТАСС агентлагийн сурвалжлагчийн мэдээлснээр, Минскт болсон бямба гаргийн жагсаалд 400 орчим хүн оролцсон байна. Минск хотын Ялалтын талбайд жагсахыг амралтын өдрүүдийн өмнө “Telegram” сүлжээний Беларусь дахь сувгуудаар эмэгтэйчүүдэд уриалсан байна. Эсэргүүцлийн ажиллагаа эхлэхийн өмнөхөн жагсаал болох газрыг Комаровын зах руу шилжүүлжээ. Беларусийн сөрөг хүчнийхэн энэ удаагийн эсэргүүцлийн ажиллагаагаа тус улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Светлана Тихановскаягийн “тангараг өргөх ёслолын бэлтгэл” гэж нэрлээд жагсаалд оролцогчдыг баярын хувцастай ирэхийг уриалжээ. 

АНУ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсын Дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд Эми Кони Барреттыг нэр дэвшүүллээ. Өдгөө 48 настай Баррет Трампын томилсон гурав дахь шүүгч болох аж. Барретт католик шашин шүтдэг, долоон хүүхэдтэй. Түүнийг нэр дэвшүүлэхийг шашны консерватив үзэлтнүүд дэмжсэн. Баррет консерватив христийн шашны бүлэгтэй холбоотой байсан тухай Америкийн хэвлэлүүдэд хүчтэй яригдаж байжээ. Хүний эрхийн “Human Rights Cam-paign” хөдөлгөөн Барретыг Дээд шүүхийн шүүгчээр томилохыг идэвхтэй эсэргүүцэж, түүнийг “ЛГБТ хүмүүсийн эрхэнд ихээхэн аюул учруулна” гэж мэдэгдэв. Эми Барретт нь карьераа Дээд шүүхийн гишүүн агсан Антонин Скалиягийн ажлын албанаас эхэлсэн. 

Канад

Канадын Альберт муж улсад өнгөрсөн бямба гарагт бага оврын онгоц осолдож хоёр хүн амиа алдсан байна. Энэ тухай CBC телевиз мэдээлээ. Золгүй явдал Эдмонтон хотоос баруун өмнөд хэсэгт 70 км-ын зайд Торсби хотод болжээ. Хэргийн газарт очсон аврагчид болон цагдаа нар хоёр хүний цогцосыг олсон байна. Онгоцны осолтой холбоотойгоор мөрдөн байцаах ажиллагаа эхэлжээ.

БНАСАУ

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нутаг нэгтэн нь Шар тэнгист амь насаа алдсантай холбогдуулан БНСУ-ын иргэдээс уучлал хүсжээ. Энэ тухай “Yonhap” агентлаг БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын мэдээллээс иш татан уламжилсан байна. “Энэ явдалд Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон Өмнөд Солонгосын ахан дүүс ямар их урам хугарсныг маш их гэмших сэтгэлээр бодож байна” гэж Ким Жөн Ун захидалдаа дурдсан байна. БНСУ-ын эрх баригчдын хүлээн авсан захидалд мөн БНАСАУ ийм “жигшүүрт хэрэг” дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна гэдгээ баталжээ. “Yon-hap” агентлагийн мэдээлж буйгаар, Умард Солонгосын тал усан нутаг дэвсгэрт нь нэвтэрсэн Өмнөд Солонгосын иргэн рүү 10 гаруй удаа буудаж, дараа нь түүнийг завьтай нь хамт шатаасныг хүлээн зөвшөөрсөн байна. Өнгөрсөн долоо хоногт БНСУ-ын Далай, загасны аж ахуйн яамны харьяа загас агнуурын хяналтын газрын ажилтныг Умард Солонгосын хилчид буудан хөнөөж, цогцсыг нь шатаасан гэж өмнөдийн цэргийнхэн пүрэв гарагт мэдээлсэн юм.

 ОХУ

“Ковид-19”-ийн цар тахлын улмаас БНСУ-тай зогсоогоод байсан нислэгээ ОХУ сэргээхээр болжээ. “Ковид-19”-ийн халдвар гаднаас зөөвөрлөгдөн орж ирэх, тархахаас урьдчилан сэргийлэх ОХУ-ын шуурхай штабын хурлын дараа ийм шийдвэр гаргажээ. Тус улсын Засгийн газар энэхүү шийдвэрийг баталсан байна. Оросын агаарын тээврийн “Аэрофлот” компанийн мэдээлснээр, долоо хоногт нэг удаа, пүрэв гарагт Өмнөд Солонгосын нийслэл рүү нислэг үйлдэнэ. Харин Сөүл-Москва чиглэлийн буцах нислэгийг бямба гаргуудад үйлдэх аж. “Ковид-19”-ийн цар тахлын улмаас ОХУ гуравдугаар сарын 27-ноос эхлэн гадаадад байгаа иргэдээ татаж авах тусгай үүргийн нислэгээс бусад агаарын тээврийн бүх харилцаагаа түр зогсоосон юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна