Реалист зураач Х. Баярын тайлбараар уран зураг уншицгаая

Г. Болортуяа
2020/09/28

УРАН ЗУРАГ УНШИЦГААЯ  

Реалист зураач Х. Баярын тайлбараар уран зураг уншицгаая 

 /Таны уран зургийн мэдлэгийн санд зориулав/ 

 Фламандын зураач Питер Паул Рубенс "Газар учсны нэгдэл" ...Баруун гартаа төрөл бүрийн жимс барьж, бараар хамгаалуулсан Кибела нь үржил шимт газар, ой мод, цэцэг жимс, ан амьтдыг ивээгч бурхан юм. Харин гурван сэрээт жад барьсан тэнгис далайн бурхан Посейдон бол манайхаар лусын хаан билээ. 

Бурхдын холбоог нэгтгэхээр Олимп уулнаас Ялалтын бурхан Ника лаврын навчин титмээ Кибелад өмсгөнө. Үс нь бууралтсан ч чийрэг байдлаа хадгалсан ахимаг эрээр дүрслэгдсэн эзэрхэг Посейдон гоо бүсгүйн гарнаас барьж, нүд рүү нь нэвт ширтэн, ямар нэгэн хариу хүлээн шахамдуулах мэт. Үзэсгэлэнт Кибела нүцгэн байхаасаа огтхон ч ичиж зовоогүй байх ч түүний царайд ямар нэгэн эргэлзсэн дүр төрх илрэнэ... Зургийн зүүн доод буланд Посейдоны хүү Тритон дун үлээн ямар нэгэн дуу гаргах бөгөөд уснаас хагас цухуйсан түүний дүр дүрс нь нэн тааламжгүй сэтгэгдэл төрүүлнэ. 

Жич:Түүнийг би багадаа архи ууж байгаа согтуу хүн байна гэж хардаг байж билээ. Бараг оносон байхаа. Зургийн хамгийн доод хэсэгт хоёр нялх хүүхэд ваарны амнаас доошоо урсах усны цутгаланд эрхлэн наадаж байна. Зургийн зохиомж дээрээс доош гурвалжилсан пирамид хэлбэртэй. Эртний домогт Кибела, Посейдон хоёр хоорондоо ямар ч холбоогүй бөгөөд эд болоод бусад зурагдсан дүрүүд бүгд халхавч буюу зураачийн хувьд хуурмаг баг юм. 

Зураач юу хэлэхийг хүссэн бэ? ...Фламандын зураач Рубенсийн зураг үнэндээ бидэнд огт өөр гунигт түүхийг өгүүлнэ. Алдарт зураачийн амьдарч буй цаг хугацаанд Фламандчууд Испани, Голландын эрхшээлд ороод байсан бөгөөд тэднийг далайд Шельт голоор дамжин гарах эрхийг хориглосноор цэцэглэн хөгжиж байсан хамгийн том хот болох Антверпен нь үгүйрэн хоосорчээ. ...Залуухан гоо үзэсгэлэнт Кибела бол түүний саяхан мандаж байсан төрөлх Антверпен юм. ... XVII зуунд бүх тэнгис далайг захирч байсан флот бүхий Испанийн хааныг далайн бурхан Посейдоноор дүрсэлжээ. ...Ваарны амнаас урсах ус бол Шельт гол. ...

 Кибелагийн үл итгэсэн харцыг та бүхэн одоо ойлгосон байх. Хэдий улс хооронд хэлэлцээ явагдавч улс төрийн шахаанд орж, үр дүн ахиц муутай байгааг түүний царайгаар илэрхийлэгдэж байна. ... Цааш нь ургуулан бодож болно л доо. Жишээ нь: Ялалтын бурхан Никаг зураач өөрөө хэмээн үзвэл тэрээр өөрийн төрөлх хотоо дахин хүчирхэгжихийг ихэд хүсэж байгааг Кибелад Посейдонийхтой адил ялагчын титэм өмсгөж буйгаар бид ойлгож болно. Тритоноор булаан эзлэгчдийг, 2 бяцхан хүүхдээр гэмгүй номхон ард иргэдийг төлөөлүүлжээ гэх мэт... 

 Иймээс Рубенсийн "Газар усны нэгдэл" хэмээх үлгэр домгийн элементийг шингээсэн гайхамшигт зохиомж бүхий яруу тансаг гүйцэтгэлтэй энэхүү уран зураг нь эв нэгдэл, эрх чөлөөний төлөөх яриа хэлцлийг дүрсэлсэн бөгөөд Антверпены удаан хүссэн зүйл бол далайд нэвтрэх эрх чөлөө, улмаар хотын ирээдүйн хөгжил цэцэглэлт байжээ гэж бид ойлгож авлаа.  

Антверпен-Одоогийн Белги улсын нэгэн хот 

 Фламандын зураач Питер Паул Рубенс "Газар усны нэгдэл" 

223 x 181 см 

Тос зотон Барокко үе 1618 он

 Эрмитаж Санкт-Петербург 2020.8.19. 17:57


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.