Ээжээ намайг эрүүл төрүүлээрэй

Г. Болортуяа
2020/09/29

П. Даваажаргал

Өнгөрсөн зургадугаар сард ажлаа тараад явж байсан эмэгтэй гэнэт өвдөлт өгч, таксины жолооч машиндаа хүүхэд эх барьж авсан тухай мэдээ олон нийтийн сүлжээгээр тархаж, иргэд, олон нийт шинэхэн мэндэлсэн охиныг өхөөрдөн хайрлаж, сайхан сэтгэлтэй жолоочоор бахархан алдаршуулсан билээ. Охиныг эх барьж авсан жолооч үүнийгээ ихэд бэлэгшээж, насан туршид нь машинаараа үнэгүй үйлчилнэ гэдгээ ч хэлж байсан юм. Мөн хоёр жилийн өмнө Монголын үндэсний их сургуулийн оюутан хичээлийн танхимдаа амаржиж, тус сургуулийн удирдлагууд хүүд н.Төгс-Эрдэм хэмээх нэр хайрлан сургуульдаа хүссэн мэргэжлээрээ 100 хувь үнэ төлбөргүй сурах эрхийн бичгээр шагнаж байлаа. 

Эдгээр үйл явдалд үзэгч, уншигчид монгол хүний уужимхан сэтгэлээр хандаж, аз жаргалыг ерөөцгөөсөн. Манай улсад энэ мэт гэртээ, түргэний машинд, эмнэлгийн гадна төрөх тохиолдол цөөнгүй. Тэр бүрд бид хэсэг шуугиад, эрүүл мэндийн байгууллага, эмч, сувилагч нараа ам уралдан муулсаар мартагнадаг. Гэтэл XXI зуунд, нийслэл хотод амьдарч буй эмэгтэй огт эмчийн хяналтад орохгүй явсаар, өвдөнгүүт нь төрөх эмнэлэг рүү гүйж өөртөө эрсдэл дагуулж, бусдад хүндрэл удах, эмнэлгийн бус орчинд төрөх нь хэр зохимжтой үйлдэл болох тухай хэн ч дурсдаггүй.

Эрүүл мэндийн салбарт төрөх эмнэлэгт, төрөх орон дээр төрөөгүй бол гэрийн төрөлт хэмээн үздэг аж. Түргэний машинд амаржсан ч ялгаагүй. Олон улсад ч мөн ижил. Учир нь, эмнэлгийн бус орчинд төрөх нь эх, хүүхдийн эрүүл мэндэд асар их эрсдэл дагуулдаг. 100 жилийн өмнө ихэнх эмэгтэй гэртээ, араг түшиж амарждаг байсан бөгөөд төрсөн эхчүүдийн 15 гаруй хувь нь энддэг байсан гэх тоо үүний нотолгоо болно. Гэвч өдгөө ч энэ дүр зураг үргэлжилсээр байгаа нь харамсалтай. Адаглаад дөнгөж төрсөн нярайн хүйг ахуйн хэрэглээний тонгоргоор тасалж, ариун бус нөхцөлд өлгийдөнө гэдэг эрүүл ахуйн шаардлагаас эхлээд олон асуудал үүсэх нь тодорхой. 

Эрүүл мэндийн байгууллагын хүрэлцээ, хүлээгдэл чирэгдлийн тухай дээр дооргүй ярьдаг ч эцэг эх болох үүрэг хариуцлагын тухай асуудлыг умартсаар удлаа. Аав, ээж болохоор шийдсэн цагаас эхлэн үр хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээх учиртай. Тэдний хамгийн эхний үүрэг бол жирэмсний хяналтад эрт орох. Яагаад гэвэл, жирэмсний хяналтад орж, тогтмол үзлэгт хамрагдсанаар жирэмсний болон төрөх хугацааг үнэн зөв тогтоох, эхийн биеийн байдал, хүүхдийн өсөлт, хөгжил зэргийг хянах ач холбогдолтой. Иймд жирэмсний эхний гурван сард багтан эмчийн хяналтад орох журамтай. 

Гэвч сүүлийн гурван жилийн дунджаас харвал,нийт эмэгтэйчүүдийн 10 гаруй хувь хожуу буюу 4-8 сартайд жирэмсний хяналтад оржээ. Эндээс хамаг асуудал эхэлдэг гэхэд хилсдэхгүй. Учир нь, хэвлийдээ хүүхэд тээж буй эмэгтэй хэзээ төрөх, аль эмнэлэгт хандах, төрөхөөр очихдоо ямар бичиг баримт бүрдүүлэн очихоо мэддэг байх ёстой. Гэтэл ямар ч ойлголтгүй явсаар нийтийн тээвэр, олон нийтийн газар төрөх үйл явц эхэлж, өөрийгөө эрсдэлд оруулж, бусдыг сандаргана гэдэг хатуухан хэлэхэд бүдүүлэг үйлдэл юм. 

Тодруулбал, өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд гэрийн нөхцөлд болон эмчийн хяналтад огт орохгүй явсаар төрсөн 400 орчим, эх нялхсын эндэгдлийн 500 гаруй тохиолдол бүртгэгджээ. Нийт төрөлтийн түвшинтэй харьцуулахад бага үзүүлэлт мэт санагдах хэдий ч шинэ зуунд эдгээр тоо “0” байх учиртай. Энэ бол эцсийн дүндээ өөрийн эрүүл мэнд, үр хүүхдэдээ нэн хариуцлагагүй хандсаны гор юм. Жирэмсэн эмэгтэйчүүдийн хамгийн эхний хандах, мэдээлэл авах ёстой газар бол Өрхийн эрүүл мэндийн төв. Гэтэл жирэмсэн эхчүүд хожуу хяналтад ордог, давтан үзлэгтээ ирдэггүй. Зарим нь тогоо шиг том гэдэстэй болсон хойноо халамжийн бичиг л авах гэж эмнэлгийн хаалга татдаг байх юм. Ингэснээр ургийн гажиг, гэрийн болон хяналтгүй төрөлт, бэлгийн замын халдварт өвчин, эх нярайн эндэгдэл гэх мэт олон сөрөг үр дагавар дагуулдаг. 

Энэ тухай Чингэлтэй дүүргийн XI дүгээр хорооны өрхийн эмч Ж.Амартүвшин “Манай хороо түрээсийн байр ихтэй. Хүмүүс хяналтад орж, карт нээлгэчихээд алга болчихдог. Утас нь холбогдохгүй, бүртгүүлсэн хаягаар нь яваад очихоор тэндээ байдаггүй. Энэ нь эмч, сувилагч нарын ажилд хүндрэл учруулдаг” хэмээн учирласан юм. Тэрбээр найман жил өрхийн эмчээр ажиллаж байгаа бөгөөд түүнийг шинэхэн эмчээр ирээд байхад нэгэн эмэгтэй найман сар гаруйтай хяналтад орохоор ирж. Шалтгааныг тодруулахад “Өмнөх төрөлт дээр хүндрэлгүй сайхан төрсөн, зуны улирал тул хөдөө гадаа яваад амжсангүй” хэмээн гайхшруулсан гэнэ. 

Нэгэнт хожуу хяналтад орсон тул ургийн гажиг эрт оношлох, эмчлэх боломжоос хоцорсон байв. Мөн шинжилгээгээр тэмбүү илэрсэн бөгөөд хүүхэд томорсон тул эмчилгээ хийхэд хэтэрхий хожимдсон бөгөөд өвчний явц хүндэрсэн байлаа. Ингээд хэдхэн сарын дараа амаржихад хүүхэд уруул, тагнай сэтэрхий, төрөлхийн тэмбүү өвчинтэй мэндэлсэн юм. Түүнээс болж нөхөр нь “Манай удамд ийм тахир дутуу хүн байгаагүй” хэмээн хүүхдээ ад үзэж, эхнэрээ хаяад явжээ. Ингээд нялх биетэй тэр эмэгтэй энгэртээ үрээ тэврээд ганцаар үлдэж. Хүүхэд нь өвчтэй төрсөн, бие бялдар сул дорой тул одоог хүртэл эмнэлэг, эмнэлгийн хаалга татсаар явдаг гэнэ. 

Хэрэв тэр эмэгтэй эрт өрүүл мэндийн байгууллагад хандсан бол хүүхэд эрүүл төрж, элэг бүтэн амьдрах боломж дүүрэн байсан юм. Эмнэлгийн бус орчинд хүүхэд мэндэлсэн тухай яриа гармагц, эрүүл мэндийн байгууллагын хүртээмжийн асуудал яригддаг. Учир дутагдалтай асуудал олон бий ч өдгөө жирэмсэн эмэгтэй оршин суух хаяг харгалзахгүйгээр, амьдарч байгаа газраас тусламж үйлчилгээ авах эрхзүйн орчин бүрдсэн. Гагцхүү иргэдийн сэтгэл, хандлага үгүйлэгдэж байх шиг.

Тодруулбал, нийслэлийн хэмжээнд Өрхийн эрүүл мэндийн төвүүд болон Дүүргийн эмнэлгүүд дээр Жирэмсэн эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зохион байгуулдаг ч иргэдийн идэвх оролцоо тун ч сул байдаг аж. Энэ тухай алслагдсан гэр хорооллын өрхийн нийгмийн ажилтан “Жирэмсний сургалт зохион байгуулах тухай 30 хүнд утсаар мэдээлэл өгөхөд гурван хүн л ирдэг. Эсвэл төсөв санхүүтэй хоол цайтай сургалтад ирж, үзэгдчихээд, явдаг. Хүмүүсээ бүрэн суулгахын тулд чихэр, жигнэмэгээ сургалтын дараа тараадаг. Тэгэхгүй бол хүмүүс авах юмаа авчихаад хичээлийн дундуур гараад явчихдаг. Уг нь бид хэдэн ширхэг живх, жигнэмэгтэй зүйрлэмгүй хэрэгтэй мэдээлэл өгөх гэж дууддаг юм шүү дээ” хэмээн ярьж байлаа. 

“Бусдад тавьдаг шаардлагадаа өөрөө хүрдэг бай” гэж үг бий. Бид төр засаг, эмч сувилагч нарт өч төчнөөн шаардлага тавьдаг ч өөрсдөө яагаад ирээдүй хойчийнхоо төлөө хариуцлагатай, ухамсартай хандаж чадахгүй байна вэ. Таны хэвлийд бяцхан зүрх цохилж эхэлсэн л бол жирэмсний хяналтад орохоор яаравчлаарай. Магад хэвлий дэх үр тань “Ээжээ намайг эрүүл төрүүлээрэй” гэж залбирч байгаа ч юм билүү. Таны эргэн тойронд эмчийн хяналтад ороогүй жирэмсэн эмэгтэй гүйж яваа юм биш биз анхаарлаа нэг хандуулаарай. Эрүүл, элэг бүтэн ирээдүйн төлөө хүн бүрийн оролцоо чухал юм шүү.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.