ӨТӨГ ДУЛААНД НАМАРЖИХ ГЭРЭЭТ ХИЛЧНИЙ ТЭМЭЭН СУУРЬТ

Г. Болортуяа
2020/09/29

Хурим найрын гэгдэх намрын дэлгэр цаг. Айраг цэгээ ихсэх ч цаг. Энэ л тавиун цагаар Өмнөговь аймаг дахь хилийн 0166 дугаар ангийн тэмээн суурьт зочиллоо. Тус малын суурь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг “Өтөг дулаан” гэдэг газар намаржиж байв. Аргагүй л нэр шигээ сайхан газар юм. “Хөдөө, тэр тусмаа хязгаар энэ нутагтаа хилчид мал сүргээ хариулан сайн ажиллаж, сайхан амьдарч байгааг сурвалжлахгүй юу” гэсээр хилийн 0166 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Мөнхбат хувцасаа засан машинаас буув.

Ажих тусам малын суурийн ахлагч тун чамбай залуу юм. Орж гарах залуусын хөлөөр зөөвөрлөгдөх шороо чулууг тэр дор нь шүүрдэнэ. Дондов одоогоос нэг жилийн өмнө хугацаат цэргийн алба хаагч байсан бол өнөөдөр цэргүүдээ хариуцах тун хариуцлагатай үүргийг хүлээжээ. Хугацаат цэргийн алба хаагчдаа сурган хүмүүжүүлэх, тэмээ малыг эдэлгээнд зөв хэрэглэх ашиглахад сургана.Малын суурийн ахлагч цэргүүдтэйгээ жагсан тайвныг илтгэн угтлаа. Говь нутагтаа багагүй өндөрлөгт тооцогдох газарт тэд гэрээ барьжээ. Бодвол тэмээгээ адгуулах газрын баримжааг бодолцон сонгосон биз. Малын суурийн урдхан тэмээд налайжээ. Баруун урд талдаа түлшний загаа овоолсон харагдав. Заг илчтэй учраас говийнхны гол түлш нь болдог. Гэхдээ сүүлийн үед заг түлэхийг хориглож буй учраас хилчид хэрэглээнээс татгалзаж байгаа гэлээ.

Гэрийнхээ гадна хос мотоцикл сойжээ. Говь цөлийн бүсийн хилчдийн гол уналга нь энэ аж. Гэрийн зүүн хатавчинд дэлгэцэн дээр ааруул хатаахаар дэлгэсэн байв. Уналгын атаа уясан харагдав. Ногт, тушаа, бурантаг, буйлыг гэрийн үүдний хэсэгт нямбайлан өржээ. Энэ бүхнийг ажаад ёстой л жаргалын орон юм даа гэж сэтгэлдээ хэлээд их, бага гэрийн том руу орлоо.

Босго давангуут хуримаа хийх гэж буй шинэхэн айлд ирчихэв үү гэж бодогдох. Битүү хулдаас дэвссэн нь цэлгэр уужим харагдуулах аж. Гэрийн хойморт бор мөлхөө тавилга, телевиз, хөгжим, суурин утас ч харагдав. Баганын голд 50 литрийн саваар дүүрэн ингэний хоормог байх. Ёстой л арааны шүлс асгарав. Хурандаа Б.Мөнхбат хамгийн түрүүнд хөлдөөгчийг нь шалгаж харагдав. Бодвол малын суурийн махны байр байдлыг тандав бололтой. Энэ шалгалтад тэд тэнцсэн бололтой юм хэлсэнгүй.

Ширээн дээр таваг дүүргэн тавьсан ингэний ааруул тос дааварлан сайхан харагдана. Энэ бүхэн хөдөө ирснийг батлах ч нөгөөтэйгүүр, чихэр, жимс, самар тэргүүтэй амттан бас байх нь төв суурин газарт ирсэн мэт сэтгэгдэл төрүүлэх. Жижиг ширээний хөл дор ундаа дарсан өргөст хэмх үзэгдэв. Залуус сүүтэй цай аягалахад нь хоормог уучихъя гэлээ. “За энэ баян айлын бандгар хөвгүүд чинь хэн билээ?” гэж би яриа үүсгэн наргив. Ингэхэд тус малын суурийн ахлагчийг гэрээт хилчин, ахлах түрүүч Г.Лувсандондов гэх. Хилийн цэрэгт хугацаат цэргийн алба хааж улмаар өөрийн хүсэлтээр гэрээт хилчин болжээ. Мөн л өөрийн хүсэлтээр албаны тэмээ маллаж байгаа нь энэ.

Дуунд гардагчлан хөдөөгийн сайхан талыг зориод хөгжилтэй цэнгэлтэй амьдарч байгаа залуус гэвэл тэд л байна. Гэрээсээ холбоо харилцаа барьчихна, цэнхэр дэлгэцээ үзнэ, дэргэдээ худагтай гээд л. Бас хөлдөөгчиндөө шинэ махаа хадгална. Хөдөө сайхан нутагтаа эх орны дархан хилийг хамгаалах эрхэм үүргийг гүйцэтгэхийн зэрэгцээ хилчдийнхээ мал сүргийг өсгөн үржүүлж байгаа залуус сайхан амьдарч байна.

Хилийн 0166 дугаар анги малын бүтэц сайжруулах үүднээс чанартай цөөн малтай байх бодлого барьж байгаа аж. Тус суурь 100 гаруй тэмээтэй. Энэ жил 30 ингэ ботголж, төлөө бүрэн хүлээн авчээ. Малын суурийн ахлагч, гэрээт хилчин Дондов багаас тэмээ малтай ойр өссөн нэгэн. Баянхонгор аймгийн Шинэжинст сумын уугуул. Өнгөрсөн жил дөрвөн ботготой суурийг хүлээж авч байсан бол өнөө жил төл бүрэн хүлээн авч өсгөн үржүүлж байгаа сайн гэрээт гэж ангийн захирагч түүний мөрийг алгадан магтлаа.

Тэмээний суурийн өдөр тутмын амьдралын зах зухаас сонирхлоо. Тэдний эрхэм үүрэг нь улсын хил хамгаалалтад оролцох. Мөн хилийн манаанд явах уналгын тэмээ малыг номхруулах, сургах үүрэг хүлээнэ. Бидэнд тором сургаж үзүүллээ. Бахадлаа. Мөн хүнсэнд ашиглах малыг тарга тэвээрэг авахуулах, хэдэн тэмээг хүнсэнд нийлүүлэх зэргээр нарийн малч ухааныг шаарддаг. Ямар сайндаа л хурандаа энэ жил хүнсэнд нийлүүлэх тэмээний тоо авах гэсэн ч “энэ жил тарга тэвээрэг тааруу өнжөөх бодолтой” гэж Дондов халгаасангүй.

Малын суурийн ахлагч малд нүдтэй энэ залуу цаашид хилчин болох чин хүсэлтэй гэлээ. Түүний гэрээтийн албаны хугацаа ирэх хавар дуусах юм. Хоёр гэрийн хооронд орж гарах залуус чухам юу хийгээд байгааг сонирхохоор бага гэр рүү орлоо. Хоол төхөөрөөд завгүй байлаа. Бууз хийхээр бэлджээ. Тэмээний суурийн ахлагчтай энэ зуурт ярилцав. “Энэ жил бороо хур тааруугаас үүдэж малын тарга тэвээрэг тааруу. Гэхдээ манай мал тийм ч өнгө зүс тааруу биш байгааг та харсан байх. Бусдаар зүс сайтай, ахар сайн атгасан” гэлээ. 

Малын суурийн залуусын ажил мундахгүй. Сүү цагаан идээгээ боловсруулна. Гантай байгаа учраас ингээ оройдоо ганц сааж байгаа аж. Сүүгээ дараагийн шатанд боловсруулан айргаа исгэнэ, аарц гарган ааруул хийнэ гээд ажил ихтэй. Бас нормтой. Ангид ааруул, аарц нийлүүлэх нормоо биелүүлээд байгаа гэлээ. Харин хоормог 300 литрийг нийлүүлнэ гэв. Энэ зуурт гэрийн байр байцыг ажаад дан эрчүүд гэхэд ямар цэвэрхэн аж төрдөг юм бэ гэвэл, “Заавал эмэгтэй хүний гар харах албагүй шүү дээ. Бид хоол ундаа хийнэ, гэрээ цэвэрлэнэ, хувцасаа угаана гээд ажил мундахгүй. Хөдөө малын суурьт гэхгүй сайхан амьдарч болно шүү дээ” гэж подхийтэл хариуллаа.

Ажих тусам малын суурийн ахлагч тун чамбай залуу юм. Орж гарах залуусын хөлөөр зөөвөрлөгдөх шороо чулууг тэр дор нь шүүрдэнэ. Дондов одоогоос нэг жилийн өмнө хугацаат цэргийн алба хаагч байсан бол өнөөдөр цэргүүдээ хариуцах тун хариуцлагатай үүргийг хүлээжээ. Хугацаат цэргийн алба хаагчдаа сурган хүмүүжүүлэх, тэмээ малыг эдэлгээнд зөв хэрэглэх ашиглахад сургана. Хамгийн гол нь өдөр бүр өөрийгөө дайчлах, тэдэнд үлгэрлэх үүрэг хүлээнэ. Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь гэдэгчлэн сайн ажиллаж байхад хил залгаа сумынхан нь хэл сураг дуулна гэж дотроо хичээдэг гэсэн. Чамбай гэрээт хилчний энэ чин сэтгэл, хүч хөдөлмөрийг үнэлж ХХЕГ-ын Даргын тушаалаар “Хил хамгаалалтад амжилт гаргасны төлөө” тэмдгээр шагнажээ. 

Энэ зуурт тарган сайхан бууз чимхэж, нийслэл салат хутгасаар ширээ дүүргэн манай хэд тавилаа даа. Болоогүй ээ хөлдөөгчнөөсөө ундаа гарган ирж дайлав. Нийслэл салатны амт жин бан маш сайхан таарчээ. Хамтдаа идье гэж байлдагч Б.Баасанжаргал, Э.Бямбацэрэн, Г.Бямбажаргал нартай ширээ тойрон суув. Тэд Баянхонгор аймгаас цэргийн албанд татагдан иржээ. Цэргийн алба сайхан байгаа ажил сурч байгаагаа ярилаа. Ингээд хамтдаа хооллосон тэд тэмээ малаа услах зэргээр тус тусын хуваарьт ажилдаа гарав. Нэг удаад малаа услахдаа 250 орчим ховоо татдаг гэж байлдагч Б.Баасанжаргал сонирхуулав.Сэнгэнэтэл дуу аялан ус ховоодож эмээгээ услахыг нь харж хэсэг бахадлаа. Ийнхүү эзний сэтгэлээр бүхий л зүйлд хандаж мал сүргээ өсгөн өндийлгөж байгаа хөрслөг бор залуу гэрээт хилчин Г.Лувсандондовынд хэсэг саатлаа.

Хүрэнтэн шаргалтах намрын говьд тэнд л жаргал байна. Говийн намар сайхан. Шаргалтан өрөмтөөд салхи нь хүртэл аясуу. Зулай дээрээс төөнөх нарны элч нь зөөлөн. Ингэн буйлаанд нь говь уясан бас уйтайхан байх шиг. Жаргалыг хүн сэтгэлээсээ мэдэрч чадвал дэргэд оршдог гэдэг. Энд сэтгэлийн амар амгаланг мэдрэв. Нэг л тунсаг, нэг л яруухан бас амгалан юм санж. Тэдэнд баяртай гэж хэлэх цаг болжээ. Амжилт хүсэн талархсан сэтгэлээ илэрхийлээд гар барив. Гарын алга эвэршсэн нь мэдрэгдлээ. Хөдөлмөрч хүний гар ийм байдаг даа гэж дотор бодогдох. Амжилт хүсье залуустаа.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.31
    2020/10/13

    Hairtai duudee bayr hurgii.Nutgiinhaa neriig sainaar gargaj ajilaa amjilttai hiij ywaa duu mine.Eruul enh saihan buhniig husii.

    Хариулах