Н.Алтантулга: СПОРТ ГЭДЭГ ЯЛАЛТ, ЯЛАГДЛЫН ХЭЛХЭЭС ШҮҮ ДЭЭ

Г. Болортуяа
2020/09/29

Б. Нямдорж

Монгол Улсын Зэвсэгт хүчинд алба хаахынхаа сацуу спортоор хичээллэж, амжилт гаргаж яваа залуус олон бий. Тэдний нэг нь ҮБХИС-ийн Хээрийн сургалтын төвийн автомат цахилгаан сүлжээний техникч, дэд ахлагч Н.Алтантулга юм.Сурын харвааны дөрвөн төрлөөр хичээллэдэг бөгөөд буриад сурын Улсын хошой мэргэн, халх, мөсөн сурын спортын мастер, урианхай сурын спортын дэд мастер цолтой.

-Сурын спортод цахиур хагалж яваа залуу тамирчных нь хувьд мэдэх юм байна.Та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу? 

-Би 2000 онд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн. 2017 онд Бөхийн Баастын нэрэмжит Ерөнхий боловсролын II дунд сургуулийг, 2019 онд ҮБХИС-ийн Ахлагчийн сургуулийг Цахилгаан холбоо компьютер сүлжээний техникч мэргэжлээр төгссөн юм. Төгсөөд сургуульдаа томилогдон, ажиллаж байна.

-Цэргийн албыг сонгох болсон талаараа ярихгүй юу?

-2018 оны Үндэсний их баяр наадамд буриад сурын харваанд түрүүлж улсын мэргэн цол хүртсэн. Наадмын дараахан “Алдар” спорт хорооны амжилт гаргасан тамирчдыг Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн юм. Тэр үед Батлан хамгаалахын сайд Н.Энхболд надад ҮБХИС-д суралцах урилга өгсөн. Багаасаа цэргийн хүн болох мөрөөдөлтэй байсан миний хувьд үнэхээр юугаар ч хэмжишгүй бэлэг, том боломж байсан. Мэдээж урилгаа хүлээн авч, суралцсан минь энэ. Цэргийн алба харилцаа, биеэ авч явах соёлоос эхлээд бүх зүйлд сургадаг. Дээрээс нь маш сайн төлөвшүүлдэг юм билээ. 

-Спортоор хичээллэдэг хүний хувьд цэргийн алба нь тийм ч хүнд биш байх?

-Арван жилийн сурагч байхдаа сурын спортоос гадна жүдогоор хичээллэдэг байсан л даа. Улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авч байсан. Ахлагчийн сургуульдаа ороод бүтэн жил казармдаа байрласан. Тэнд цэргийн албан хаагчийн хийх ёстой бэлтгэл сургуулилалт бүгдийг нь хийлгэдэг юм байна лээ. Багаасаа л спортоор хичээллэдэг байсны хувьд хэцүү зүйл огт байгаагүй. Дуртай зүйл гэдэг чинь цаанаасаа л өөр байдаг даа. Саад бэрхшээлийг нь хүндээр тусгаж авч байгаагүй. Амар хялбар зүйл гэж хаана ч байхгүй шүү дээ. Даваад л гарах ёстой. Хичээсний үр дүнд бэлтгэл сургуулилалт, хичээл номдоо ч шилдэг нь байж чадсан.

-Та сурын спортоор хэзээнээс хичээллэх болсон бэ?

-Миний гурван ах энэ спортоор хичээллэдэг. Хоёр том ах маань спортын мастер, удаах ах гоц харваач цолтой. Хүүхэд байхын дурсамж санаанаас гардаггүй юм. Би долдугаар ангид байсан. Хичээл тараад гэртээ иртэл том ах Н.Алтаншагай “Сургуулийн сурын аварга шалгаруулах тэмцээн болж байна. Чи орох уу?” гэлээ. Манай ангийн хүүхдүүд харвадаг байсан болохоор харваж үзэхээр аз сорилоо. Түрүүллээ. Тэгээд хичээллэж болох юм байна гэдэг итгэл төрсөн. Тэр цагаас хойш харвааныхаа техникээс суралцаж, аймаг, улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцож эхэлсэн. Мэдээж тэмцээн бүртээ амжилттай байгаагүй. Спорт гэдэг ялалт, ялагдлын хэлхээс шүү дээ. Тэгээд тасралтгүй хичээллэж байсны дүнд 2013 оны өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн. Тэр амжилт надад маш их урам зориг өглөө. Дараа жил нь буюу 2014 оны Үндэсний их баяр наадмын өсвөрийн харваанд 32 сумаас 31 онон түрүүлж, улсын өсөх идэр мэргэн цол хүртсэн. Энэ амжилтаа 2016 онд бататгаж дахин түрүүлсэн. Ингээд 18 нас хүрч, насанд хүрэгчдийн ангилалд орсон доо.

- Өсвөрөөс насанд хүрэгчдийн ангилалд шилжихэд хэр их ялгаа гарсан бэ?

-Өсвөрт 65 метрээс 32 сум тавьдаг бол насанд хүрэгчдэд 75 метрээс 40 сум тавьдаг. Харвах зай, сумны тоо л нэмэгдсэн болохоос биш харвааны техник өөрчлөгдөхгүй. Миний насанд хүрэгчдийн ангилалд оролцсон анхны тэмцээн бол 2017 оны наадам. 40 сумнаасаа 34 онож, спортын мастерын болзол биелүүлсэн. Харин дараа жилийн наадмаар нутгийнхаа ах, найз нартай оноо тэнцэж, сум уралдуулж дөрөвт орсон. Ер нь тэгээд бүхий л зүйл өөрөөс шалтгаалдаг гэж боддог.

-Сурын харвааны дөрвөн төрлөөр хичээллэдэг харваачийн хувьд хоорондын ялгааг нь хэлэхгүй юу?

-Халх, буриад, урианхай, мөсөн сурын харваа нь хоорондоо харвах зай, нум сумны чадал, онох бай зэргээрээ ялгаатай. Мөсөн сур, урианхай сурын хувьд чих буюу бөөрөнхийлж сүлжсэн сурыг хоёр метр бөмбөрүүлж, овоолсон шороог давуулж байж оноо авна. Зөвхөн эрчүүд л харвадгаараа онцлог. Буриад сурын хувьд мөн л байгаа хоёр метр бөмбөрүүлдэг учраас урианхай, мөсөн сурын харваатай төстэй. Үүгээр эмэгтэйчүүд харваж болдог. Харин халх сурын харваа хөнгөн сум, зөөлөн нумаар холын зайнаас харвадаг. Миний нутаг бол урианхай сурын өлгий. Харвааны суурь урианхай сураар тавигдсан. Хатуу нумаар харваж эхэлсэн болохоор энэ нь ямар ч төрөлд давуу тал болдог. Харвааныхаа онцлогт таарсан нум сум, хэрэгсэлтэй байх нь чухал л даа.

-Сур харвааны спортын онцлог нь юу байдаг вэ?

-Нумыг янгирын эвэр, хусны үйс, тэмээний шөрмөсөөр нааж хийдэг. Байгалийн гаралтай түүхий эдээр хийдэг учраас цаг уурыг дагаж хувирдаг. Өөрөөр хэлбэл, халуунд зөөлөрч шидэл нь багасна, сэрүүнд чангарч шидэл нь ихэснэ гэсэн үг. Салхитай үед салхиа тооцоолно. Энэ бүхэнд сум гаргахынхаа өмнө түрүүн салхи баруунаасаа байсан одоо зүүнээсээ болчихлоо тэгэхээр хараагаа тэд нэмье, хасъя гээд тооцоолж гарна шүү дээ. Харваач хүн байгалийн ямар ч нөхцөлд дасан зохицож харваж чаддаг байх хэрэгтэй. Тухайлбал, наадмаа тодорхой заасан хугацаанд явуулж дуусгах ёстой байдаг. “14:00 цагаас өмнө дуусгаарай” гэж байхад“Бороо ороод байна, шороо босоод  байна” гэж хойш тавьж болохгүй. Үүгээрээ онцлог.

-Та ноднин буриад сурын харвааны хошой мэргэн болсон. Цолны үүрэг хариуцлага их байдаг байх?

-2018 оны Үндэсний их баяр наадмаар 64 сумнаас 61 онож түрүүлсэн. Энэ амжилтаа дахин бататгалаа. Буриадын хошой мэргэн болдог тэр жил наадмын бэлтгэл эхлэхийн өмнөхөн ҮБХИС- ийн захирал маань бэлтгэлээ хий гэж чөлөө өгсөн. Итгэлийг зүтгэлээр хариулж дахин түрүүлсэндээ баяртай байгаа. Спортоор хичээллэхэд ар гэр, орчин тойрныхны дэмжлэг маш чухал байдаг. Дэмжиж ирсэн аав, ээж, баг хамт олон, сургуулийн захиргаа бүгдэд нь баярлаж явдаг. Улам их хичээе л гэж боддог доо.

-Бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ. Сургуулийн захиргаанаас нь сайн дэмждэг гэж байсан?

-Тийм ээ, сургуулийн удирдлагууд маань сайн дэмждэг. Урин дулаан цагт сурын талбай дээрээ, өвлийн улиралд сургуулийнхаа зааланд бэлтгэлээ хийж байна. Харваач хүн харвааны техникийн бэлтгэлээс гадна хүчний бэлтгэл сайн хийх ёстой. Миний хувьд жүдогоор хичээллэж, мөн цэргийн байнгын бэлтгэл сургуулилт нь давхар бэлтгэл болж байна.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.