М.Өнөболд: Математикийн судалгаа хийдэг эрдэмтэн болно

Г. Болортуяа
2020/09/30

Олон Улсын математикийн 61 дэх удаагийн олимпиадад амжилттай оролцож мөнгөн медиалаар энгэрээ мялаасан математикч хүү М.Өнөболдтой ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн жилд тус олимпиадад оролцож Монгол Улсын гуравдахь алтан медалийг хүртсэн билээ.

- Олон Улсын олимпиадад амжилттай оролцсонд баяр хүргэе. Манай сонины уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Намайг М.Өнөболд гэдэг. Би нэгдүгээр сургуулийн XII ангид сурдаг. Нэгдүгээр ангиасаа л математикийн хичээлд дуртай хүүхэд байсан. Ахлах ангийн олон улсын олимпиадад дөрөв дэх удаагаа оролцож байна.Долдугаар ангид байхдаа Хонконгт олимпиадад оролцож тусгай байр эзэлсэн. Харин дараа жил нь Румын улсын олимпиадаас хүрэл медаль, өнгөрсөн жил Англи улсад зохиогдсон Олон улсын олимпиадаас алтан медаль авсан. Энэ жил мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна.

Мөн энэ жил ОХУ-д зохигдох байсан ч короновирусийн улмаас цахимаар болсон. Тухайн олимпиадад болох газраа очиж чадаагүйдээ сэтгэл дундуур байна. Бусад жилд тухайн улс руу явахдаа орон орны хөгжил, байгалийн үзэсгэлэнтэй танилцахад их сонирхолтой байсан. Ингэснээр олимпиаддаа ороход ч гэсэн сэтгэл санаа сайхан болдог. Олон улсын олимпиадад тухайн улсаас жил бүр зургаан хүүхэд оролцдог. Улсын олимпиад таван сард болж түүнээс өмнө хоёр сорил авч хүүхдүүдээ сонгодог. Энэ жилийн хувьд хоёр сорил авсан. Анхны алтан медалиа аваад ээждээ хэлж байсан. Ээж минь их баярласан. Олимпиадын дүн гарч байхад Монголд үүрийн таван цаг болж байсан ч ээж бас тэр үед нойр хүрэхгүй, гэгэлзээд сэрүүн байсан гэсэн.Хүсэл тэмүүллийг минь үргэлж дэмжиж, миний талд байдаг ээждээ их баярладаг. Ээж минь цэцэрлэгийн багш.

-Багшийгаа танилцуулаач. Ямар арга барилаар хичээлээ заадаг вэ?

-Манай сургуульд математикийн гүнзгийрүүлсэн сургалттай анги байдаг. Энгийн ангийг бодвол олон цагаар математик үздэг. Математикийн багшийг М.Баянбат гэдэг. Багш хичээлээ сонирхолтой заадаг нь бид математикийн хичээлдээ дуртай болоход нөлөөлсөн. Эхний арван минутад үндсэн хичээлээ үзээд, даалгавраа өгдөг. Харин дараа нь түүх, газар зүй, энгийн амьдралын талаар ярьдаг. Намайг зургадугаар ангиас хойш М.Баянбат багш олимпиадад бэлдэж эхэлсэн. Өнгөрсөн жил багш сургуулиасаа гараад өөр сургуульд багшилж байгаа ч хааяа уулзаж зөвлөгөө авдаг.Одоо ерөнхийдөө бэлтгэлээ өөрөө хийж байгаа.

-Энэ жил хэдэн оноо авч мөнгөн медалийн болзол хангасан бэ?

-Медалиудын оноо янз бүр байдаг. Зарим жил хүнд бодлого байвал оролцож байгаа хүүхдүүд муу оноо авна. Тэгэхээр эхний байрын оноо буурна гэсэн үг. Ерөнхийдөө дөрвөн бодлого бодох хэрэгтэй. Энэ жил би 29 оноо авсан. Миний багаасаа муу байсан төрөл бол конторкийн бодлогууд байсан. Тэр бодлогууд эхний өдөр ирсэн. Өнгөрсөн жил муу байсан ч гэсэн хичээж бодсон. Энэ жил бодож чадаагүй. Цаашдаа бэлтгэх хэрэгтэй юм байна. Би олон улсын олимпиадад орж байр эзлэхээс илүү олимпиадад тавигдсан сонирхолтой бодлогыг бодох нь илүү чухал. Олимпиаддаа амжилттай оролцож, өөрийнхөө чадах бүх зүйлийг хийж, хүсэл мөрөөдлийнхөө нэг алхмыг давсандаа баяртай байна. Энэ удаагийн олимпиад хоёр өдрийн турш үргэлжилж, нэг өдөрт гурван бодлогыг 4:30 минутад бодсон. Яг мэдэж байсан, тухайн үедээ бодсон бодлогоо буруу бодсон тохиолдол ер нь ховор байдаг. Математикийн сууриуд үндсэн элемент, энгийн сэтгэлгээ хүртэл нь бодлогоо буулгаж боддог учраас бодсон бодлогоо алдахгүй. Ерөнхийдөө оноогоо мэдэж байсан. Нэг орноос зургаан хүүхэд оролцох эрхтэй. Зарим улсаас оролцсон бүх хүүхдүүд медаль авах боломжтой байдаг. Энэ жилийн хувьд Хятад улсаас оролцсон хүүхдүүд бүгд алтан медаль авсан.

-Энэ удаагийн Олон улсын олимпиадад багийнхаа дүнгээр 29-р байранд орсон. Хамгийн хүчтэй өрсөлдөгч аль улсын оролцогч байсан бэ?

-Хятад улсаас оролцож байгаа хүүхдүүд хамгийн хүчтэй өрсөлдөгчид байдаг. АНУ-ын өмнөөс олимпиадад оролцож байгаа хүүхдүүдийн ихэнх нь хятад, тэд долдугаар ангиасаа хойш байнгын бэлтгэлтэй байгаа. Зайлшгүй ийм байхыг шаарддаг. Хятад улсын хувьд хот болгондоо арав гаруй хүүхдийг багаас нь бэлтгэдэг. Бараг орж ирэх боломжтой бүх номоо бодсон байдаг. Тиймээс тэр хүүхдүүдээс сонгогдсон зургаан хүүхэд чадвартай байдаг. Тэгэхээр тийм хүүхдүүдтэй өрсөлдөхийн тулд сайн хичээж бэлтгэл хийх ёстой. Сургуулийн минь зүгээс их дэмждэг. Хичээлээс чөлөөлж бэлтгэл хийх боломж олгодог. Ингэснээр илүү цагийг бэлтгэлдээ зарцуулах боломжтой. Юу хийх ёстойгоо мэдсэн, материалуудаа хаанаас олох нь тодорхой байгаа тохиолдолд өөрөө бэлдээд явахад хүндрэлтэй зүйл байхгүй. Олимпиадын хороо тэнцсэн зургаан хүүхдэдээ хоёр сар гаруй бэлтгэл өгдөг. Өдөрт 10 цаг бэлтгэл хийдэг. Тиймээс ч миний хамгийн хүчтэй өрсөлдөгч нь би өөрөө гэж боддог. Өглөө эрт босохоос эхлээд, аливаа зүйлд шантархгүй хичээлээ хийнэ гэдэг их тэвчээр шаарддаг. Хааяа сэтгэл санаагаар унавал олон сараар бэлтгэл хийхгүй тохиолдол байна. Ийм байдал үргэлжилбэл олимпиаддаа сайн оролцож чадахгүй шүү дээ. Олон жил бэлтгэл хийсний эцэст математикийг сонирхлоор хийх нь зөв юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.

-Өмнө нь дөрвөн удаа олон улсын олимпиадад оролцсон гэсэн. Аль улсад зохиогдсон олимпиад сэтгэлд чинь тод үлдсэн бэ?

- Тухайн жил олимпиад болох улсдаа очоод бодлогоо бодсоны дараа хоёр өдөр нь тухайн улсаар аялж, бараг 7-10 хоног болдог.Тэр хооронд материалыг засаж байдаг гэсэн үг. Наймдугаар ангиа төгссөн зун бага дунд ангийн олон улсын олимпиадад Энэтхэг улс руу явж оролцсон. Энэ миний хамгийн сонирхолтой аялал, бас олимпиад байсан. Энэтхэгээс буцах замдаа Агро хот руу машинаар явахад үлгэрийн мэт гайхалтай санагдсан. Тэр хотод үзэсгэлэнт Таж Махал байдаг.

-Удахгүй арван жилээ төгсөх гэж байна. Ямар мэргэжилтэй хүн болохыг хүсдэг вэ?

-Математикийг бүх шинжлэх ухааны хаан гэдэг шүү дээ. Энгийн үр дүнгүүд маш ойлгомжтой арга замуудаар, ойлгомжгүй нууцлаг арга замыг нээж байгаа нь гайхалтай санагддаг. Математикийн бодлогууд их сонирхолтой.Бодож байгаа аргуудаас их зүйл сурдаг.Мөн бүх шинжлэх ухаан логик сэтгэлгээний үндэс суурь болдог шүү дээ. Би долдугаар ангид сурдаг байхаасаа математикч болохыг хүсдэг байсан. Миний цаашдын хүсэл мөрөөдөл бол их сургуулиа амжилттай төгсөөд математикийн судалгаа хийдэг эрдэмтэн,их сургуулийн математикийн багш болно гэж боддог. Судлаач багш болвол судалгааныхаа ажлыг хийгээд, мөн судалгааныхаа ажилтай холбоотойгоор доктороор сурч байгаа оюутнуудын ажлыг удирдаж зөвлөгөө өгдөг хүн болно.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна