ЦӨӨН ӨГҮҮЛБЭРЭЭР

Г. Болортуяа
2020/09/30

Их Британи

Энэ долоо хоногоос эхлэн. Их Британид тусгаарлалтын горимыг зөрчсөн хүнд оноох төлөх төлбөрийн хэмжээ өсжээ. Хэрэв тусгаарлалтын горимыг анх удаа зөрчсөн бол 1000 фунт (ойролцоогоор 1.3 мянган ам.доллар) төлөх болно. Хөл хориог хоёр дахь удагаа зөрчих юм бол 10.000 фунт хүртэл (13.000 ам.доллар) торгуулна. Их Британийн Засгийн газар хүмүүсийн маш бага хувь өөрийгөө тусгаарлах горимыг дагаж мөрдөж байгааг тогтоосон судалгааны дүн гарсны дараа төлбөрийг нэмэхээр шийджээ. Их Британиас гадна Шотланд, Уэльс болон Хойд Ирланд мөн торгуулийн хэмжээг нэмэхээр төлөвлөж байна.

БНХАУ

“БНХАУ өнгөрсөн оны эцэс гэхэд хөгжлийн бэрхшээлтэй 2.55 сая эмэгтэйд ядуурлаас гарахад тусалсан” гэж тус улсын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны дэд дарга Лю Шимин мэдээллээ. Бээжинд болсон симпозиумын үеэр Лю Шиминий мэдээлснээр, 2019 оны эцсийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 10.5 сая гаруй эмэгтэй амьжиргааны юм уу эрүүл мэндийн тэтгэмж авсан байна. “Мөн хөгжлийн бэрхшээлтэй, ажиллах насны 5.9 сая эмэгтэйгээс 1.9 сая орчим нь мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж, 2.54 сая эмэгтэй ажлын байртай болсон” гэж Лю Шимин хэлжээ. Симпозиумд нийгмийн янз бүрийн салбарын 20 төлөөлөгчийг урьж, амьдралын түүх, ажлын туршлагаа хуваалцахыг хүссэн байна.

Япон

Японы Засгийн газар хунтайж Акишиног хаан ширээ залгамжлагчаар тунхаглах ёслолын ажиллагааг ирэх арваннэгдүгээр сарын дундуур явуулахаар төлөвлөжээ. “Риккоши но рэй” хэмээн нэрлэдэг энэхүү ёслолыг дөрөвдүгээр сарын хоёрдугаар хагаст явуулахаар төлөвлөж байсан боловч “Ковид-19” цар тахлын улмаас олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хязгаарласантай холбоотойгоор хойшлуулсан. “Хойшлогдсон ёслолын ажиллагааг явуулах өдрийг хараахан эцэслэн товлоогүй байна. Халдварын тархалттай холбоотой өнөөгийн нөхцөл байдлыг харгалзана” гэж Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Кацунобу Като мэдэгджээ. Өдгөө 54 настай Акишино 2019 оны тавдугаар сарын 1-нд хаан ширээнд заларсан Японы шинэ эзэн хаан Нарухитогийн дүү юм. Тэрбээр одоо хаан ширээнд суух анхны хүн болж байгаа бол угсаа залгамжлах хоёр дахь нь түүний хүү, 13 настай хунтайж Хишахито юм.

Зимбабве 

Зимбабве улсад нянгийн гаралтай пастереллёз өвчний улмаас өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээс хойш заан олноороо үхсэн гэж тус улсын Дархан цаазат газар, зэрлэг амьтдыг хамгаалах газрын ерөнхий захирал Фултон Мангваниа мэдэгджээ. “Өнөөдрийг хүртэл хийсэн судалгааны бүх үр дүн заануудын үхлийн шалтгаан нь пастереллёз буюу цусан халдварт өвчин болохыг харуулж байна” гэжээ. Фултоны мэдээлснээр, одоогийн байдлаар 34 заан үхсэн бөгөөд энэ өвчнөөр дахин олон амьтан үхэж магадгүй аж. Пастереллёз өвчний үүсгэгч бичил биетэн бөгөөд гэмтсэн арьс эсвэл хазуулсан хэсгээр дамжин цусанд орж, дотоод эрхтнүүдийн цус алдалт үүсгэдэг бөгөөд энэ нь улмаар үхэлд хүргэдэг байна. Пастереллёз нь Африкийн өмнөд хэсэгт амьтдын дунд түгээмэл тохиолддог. Зимбабвед наймдугаар сарын 29-нд Виктория хүрхрээний ойролцоох Хванге дархан цаазат газраас 12 заан үхсэн байдалтай олдсон байна. Үүний дараа хорь гаруй үхсэн зааныг олж илрүүлжээ. Тус улсын эрх баригчид үхсэн амьтдын эд эсийн дээжийг дэлхийн хэд хэдэн шилдэг лабораторид илгээж, олноороо үхсэн шалтгааныг тогтоосон байна.

Хонконг

БНХАУ байгуулагдсаны ой болох аравдугаар сарын 1-ний үндэсний баярын өдөр Засгийн газрыг эсэргүүцсэн зөвшөөрөлгүй жагсаал болж магадгүй учраас Хонконгийн цагдаа нар эмх журам сахиулахад зургаан мянган ажилтныг дайчилна. Халдварт өвчин тархах аюултай гэсэн шалтгаанаар өмнө нь эрх баригчид сөрөг хүчнийхний томоохон жагсаал цуглаан хийх хүсэлтийг хүлээж аваагүй. Хонконгт хууль зөрчигчдийг эх газрын Хятадад шилжүүлэн өгөх боломж олгох хуулийн төслийг батлахыг эсэргүүцсэн жагсаал өнгөрсөн оны зургадугаар сард эхэлж, эмх замбараагүй байдал дагуулсан билээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна