Тод мөртэй дурсамжууд

Г. Болортуяа
2020/09/30

С. Сэргэлэн

Дурсахад сэтгэл сэргээж, басхүү хөнгөн харуусал будруулдаг хүүхэд насныхаа тухай ардын жүжигчин Б.Жавзандулам, соёлын гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн ухааны доктор, профессор Ч.Дагвадорж, дуучин Э.Оюумаа нар хэрхэн ярьсныг хүргэе. Хүүхэд насны дурсамжид ээж, аавын эзлэх байр суурь их. “Ижий минь хүүдээ тэгж захьдагсан”, “Аав минь намайг урлагийн замт хөтөлсөн” гээд л том болсон үрс нь аанай л жаахан хэвээрээ эцэг, эхийгээ үгүйлэн дурсана.

АРДЫН ЖҮЖИГЧИН БОЛСОН МОНХООН

Ардын жүжигчин Б.Жавзандулам гуайг өндөр хамартай болохоор нь үеийнхэн нь ийн хочилдог байжээ. Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн тэрбээр “Алтан загасны үлгэр”, “Улаан малгайт”-ыг хамгийн анх уншиж байжээ. Харин наснаасаа олон дуу дуулсан тэрбээр ямар дуунд онцгойлон дурладаг байснаа санасангүй. “Хүүхэд болохоор бүх л дууг дагаж дуулдаг байсан биз ээ” гэсэн юм. Эрэгтэй хүүхдүүд ээжийгээ илүү дууриадаг гэдэгтэй тэр санал нэг байсан. “Хоёр хүү минь миний гэх бүх л араншинг дууриасан. Намайг ямар хүн гэдгийг олон түмэн мэднэ” хэмээн ярьсан.

Тэрбээр эмээгийнхээ гэрт өссөн болохоор хүүхэд насны дурсамжаас нь хөгшин ээж нь уяатай. Эмээ нь гахай, тахиа тэжээдэг, мал ахуйтай ажилсаг нэгэн байжээ. Долоон нас хүртлээ эмээтэйгээ амьдраад гэртээ иржээ. Аав нь тухайн үедээ сангийн аж ахуйн дарга байсан учраас аавынхаа шинээр байгуулсан сургуульд суралцдаг байсан гэнэ. Б.Жавзандулам багаасаа л сайхан дуулдаг хүүхэд байсан учраас ах нь түүнийг дагуулан хотод авчирч, урлагийн хүн болгосон гэдэг.


ДАРУУ ХҮН ДАНДАА ЗАВГҮЙ

Хөвсгөл аймгийн уугуул Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор профессор Ч.Дагвадорж гуайн зохиосон олон сайхан дууг монголчууд мэднэ. Тэр дундаа “Ээж минь дээ” дуу нь хүмүүсийн сонорыг олон жилийн турш мялааж яваа билээ. Ч.Дагвадорж гуайн ээж нь түүнд онц сурахыг бус олны хүүхэдтэй эвтэй явахыг сургадаг байсан гэдэг. Бага насаа нутагтаа үдээд, том болох хүслээ тээсээр Улаанбаатар хотыг зорьж байсан тэр үеэ Ч.Дагвадорж гуай дурсахдаа “Нутаг минь сэтгэлээс мөнхийн уяатай байдаг. 

Холхон явбал нутгаа жигтэйхэн их санадаг. Тийм болохоор Дэлгэр мөрнийхөө чулуугаар хөөрөг хийлгэчихээд, хүмүүстэй тамхилж явдаг юм” хэмээн ярьсан. Багаасаа даруу, томоотой байсан тэрбээр дэгж, дэрвэж, сахилгагүйтэж байсан удаагүй гэсэн. Тэр ч бүү хэл “Бага залуу насандаа илүү их зүйлийг амжуулах байсан юм” гэж одоо ч харамсдаг гэсэн. Бага насны дурсамжтай нь хамгийн тод уяатай нь ээжтэйгээ хамт аргал түүж явсан нутгийн намхан бор толгод, цагаан дэрстэй, хужир шүүтэй хөндий гэнэ.

Тэрбээр 15 настай байхдаа анхны шүлгээ бичсэн аж. 20 гарсан хойноо ахиж шүлэг бичихгүй гэж амлаад бүх шүлгээ найздаа бэлэглэж явсан гэдэг. Гэхдээ шүлэг түүний амьдралтай үргэлж холбоотой. Сэтгэл хөдлөн уран бүтээлээ найздаа бэлэглэснийхээ маргаашнаас л дахин шинэ шүлгүүдээ бичиж, дэвтэрт зузаалсан гэх юм билээ.

ААВ УРТЫН ДУУЧИН БОЛГОНО ГЭЭД, БИ БОЛОХГҮЙ ГЭЖ ЗӨРҮҮДЛЭЭД ЯВЖ БАЙЛАА

Дуучин Э.Оюумаа 15 настайдаа дунд сургууль, 20 настайдаа СУИС төгссөн юм билээ. Түүний аавыг Д.Энхээ гэдэг. Алдарт алиалагч Данзангийн хүү, удам залгасан циркийн жүжигчин. Дуучин болох замд түүнийг аав нь хөтөлжээ. Охиноо тавдугаар ангид байхад нь Монголын Хүүхдийн ордны уртын дууны дугуйланд оруулсан байна. Э.Оюумаа уртын дуу дуулахгүй гэж баахан зөрүүдэлсэн ч “Уртын дуу л дуулаад сурчихвал өөр ямар ч дууг дуулж чадна” гэж ятгаж байсан гэнэ. Тэрбээр Монголын хүүхдийн ордны Уртын дуу болон Шанзны дугуйланд сурч байгаад тэр жилдээ Өсвөрийн уртын дуучдын уралдаанаас шагнал авч урамшаад дуучин болохоор сэтгэл шулуудсан аж. Хүүхэд байхдаа хүртсэн анхны шагналын бай нь 1500 төгрөг байжээ. Аав нь түүнд хадгаламжийн данс нээлгэж, шагналыг нь хадгалуулж байсан нь бага насны сайхан дурсамжийнх нь нэг хэсэг.

Дунд сургуульд байхдаа сургуулийнхаа урлагийн бүхий л арга хэмжээнд оролцдог байсан энэ охин аавыгаа дагаж, циркийн байранд өнжих нь элбэг. Э.Оюумаа циркийн амьтдыг харах илүү дуртай байжээ. Аавынхаа сургаж, тоглуулдаг байсан илжгэнд байнга лууван аваачиж өгдөг байсан тухайгаа тэр ярьсан юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна