Сайхан айлын хийморьтой хүү

Г. Болортуяа
2020/09/30

Намрын налгар, найрын дуутай өдрөөр Архангай аймгийн Тариат сумыг зорив. Тэрхийн цагаан нуурын зүүн хойд эрэгт байх нэгэн айлаас зам асуухаар түр зогсов. Гэрийн эзнийг Н.Эрдэнэбаяр гэнэ. 

Мотоциклийнх нь шатахуун дуусаад унаагаа юүлэхээр иржээ. Гутлаа солиод гарах гэж байсан тэрбээр зочломтгой монгол хүний зангаар биднийг гэртээ тухлахыг уриад шинэ шөлөөр дайлахыг эхнэртээ үүрэгдээд “Эргээд ирэхэд байж байгаарай” гээд гарав. Судалгааны ажлаар явсан бидний хэдэн уран бүтээлч энэ сайхан сэтгэлд “үгүй” гэж хариулах эрх байсангүй. Эзэгтэй Г.Баасанжаргалтай яриа дэлгэн, түүний бага охин Э.Очирмаатай “буу халлаа”. Охин хот руу сурахаар явсан ахыгаа их санаж байна гэснээр бид ахынх нь тухай нэлээд тодруулж асуув.

Хамгийн сонирхолтой нь Н.Эрдэнэбаярын ууган хүү Э.Ариунболд бол “Хийморь” уран сайхны киноны гол дүрд тоглосон авьяастан байж таарсан. Дүүг нь төрдөг жил эднийх эмнэлэг бараадан хотод өвөлжжээ. Тэр жил нь киноны сонгон шалгаруулалт болж таараад Э.Ариунболд хүү тэнцэж “жүжигчний” замналаа эхлүүлжээ. Хүү нь энэ жилээс хотод сурч байгаа бөгөөд долдугаар сургуулийн есдүгээр ангийн сурагч юм. Халуун дотно уулзалт, сэтгэл дэвссэн ярианы дараа бид ч буцаж, Н.Эрдэнэбаяр, Г.Баасанжаргал хоёр маань гар далласаар үлдсэн. Кинонд тоглохдоо хүү морь хоёр бие биедээ ээнэгшин дассан болохоор найруулагч Г.Эрдэнэбилэг Э.Ариунболдод хүрэн морио бэлэглэжээ. Энэ уулзалт болсноос хойш гурван долоо хоногийн дараа жүжигчин хүүтэй холбогдож, цөөн хором ярилцсан юм.

Э.Ариунболд хотод шилжиж ирээд олон найзтай болсон төдийгүй ангийнх нь хүүхдүүдийн найрсаг зан хамгийн их таалагдаж буй гэсэн. Биеийн тамир, математикийн хичээлдээ илүү сонирхолтой ч ирээдүйд жүжигчин болохоор шийдчихсэн юм билээ. Хөдөө гэрийн ажилдаа туслан, малд яваад завгүй зусдаг хүү хотод ирсэн хойноо ч хичээлдээ түрүүлж очвол ойлгоогүй бусдаас мэдэж, давтан сайжрахаар шамдаж яваа аж. Гар утсаар тоглох тийм ч дуртай биш гэнэ лээ. Харин сагсан бөмбөг, воллейбол, хөл бөмбөг тоглох дуртай.

Хүрэн морины эзэн шүү дугуйланд явахаар төлөвлөжээ.

Энэ ташрамд дуулгахад “Хийморь” уран сайхны кино АНУ-д болж буй “OURAY” олон улсын кино наадмын шилдгээр шалгарснаас гадна үзэгчдийн нэрэмжит шагналыг хамтад нь хүртжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна