Б.Отгонтөгс: Өвлийг өнтэй давахгүй бол ядуурал улам гаарах эрсдэлтэй

Г. Болортуяа
2020/10/01

МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш, эдийн засгийн ухааны доктор, профессор Б.Отгонтөгстэй “Ковид-19” цар тахлын үеийн эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-“Ковид-19” цар тахлын нөлөөгөөр манай эдийн засаг эхний улиралд-10.8, хоёрдугаар улиралд -9.7 хувиар агшсан. Шинжээчид эдийн засгийн өсөлтийг L буюу аажмаар өснө гэж төсөөлж буй. Таны хувьд өсөлтийг хэрхэн харж байна вэ?

-Эдийн засгийн уналт, өсөлт V хэлбэрийнх байна гэсэн ч оны хоёрдугаар улиралд L буюу шууд буурч, энэ цэгтээ тодорхой хугацаанд байна гэдгийг эдийн засагчид хэлж байна. 2020 оны эхний улирал буюу нэгээс гуравдугаар сарын үйлдвэрлэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад -10.8 хувь гарсан. 

Энэ нь 10 тэрбум ам.долларын эдийн засаг есөн тэрбум ам.доллар болж агшсан гэсэн үг. Хоёрдугаар улирал буюу дөрвөөс зургадугаар сард ДНБ-ий үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс -9.7 хувь болж агшлаа. Одоо гуравдугаар улирал болох долоогоос есдүгээр дүгээр сарын дүн мэдээ энэ сарын эцсээр гарна.

Үүгээр өсөлт бага ч болов эерэг гарах болов уу. Учир нь Засгийн газрын шийдвэрээр дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээ, сургалт, соёлын газруудын хоригийг тавьсан. Дээрээс нь төмс, хүнсний ногоо, улаанбуудай, хадлан, тэжээл гээд газар тариалангийн салбарт үйлдвэрлэл явагдана. Мөн нүүрсний экспорт нэмэгдэхийн сацуу үнэ ханш унаагүй байгаа нь тааламжтай нөхцөл байдал бүрдүүлж байна. Ингээд дүгнэвэл, 2020 оны эдийн засаг агших нь агшина, гэхдээ оны эцэст 3-4 хувийн агшилттай гарах байх гэсэн эерэг төсөөлөл байна.

-Өсөлтийн тухайд ярих хэрэггүй боллоо. Гэхдээ оны эцсээр эдийн засгийн агшилт ямар хэмжээнд хүрэх бол?

-Бид алт, нүүрс, зэс, ноолуурын түүхий эдийн үнэ ханшийг өөрсдөө тогтоож чаддаггүй, зөвхөн дэлхийн зах зээл дээрх тогтсон үнийг хүлээж авдаг эдийн засагтай улс. Цар тахлын үед экспорт хийж, эдийн засгийг 3-4 хувийн агшилттай гаргана гэдэг эерэг дүн. Гэтэл бусад орны эдийн засаг үүнээс ч хүндхэн байна шүү дээ. Тэрчлэн гаднын улс оронд мөнгөн дүнгээр хэмжээлшгүй хүний амь нас эрсэдсэн байхад манайх гарз хохирол бага байна гэдэг нь “Ковид-19”-ийг тун дажгүй давж байна гэсэн үг.

 Гэхдээ анхаарах зүйл бий. Хувийн хэвшлүүд үүд хаалгаа барьж буй энэ үед ажилгүйдлийн түвшин нэмэгдэж, ядуурал газар авах эрсдэл үүслээ. Энэ бол ямар ч улс төр биш, эдийн засгийн бодит байдал. ДНБ-ий өсөлт 3-4 хувиар агшина гэдэг бүх салбарт хамаатай. Ерөөс энэ агшилт том, жижиг гээд бүх салбарт хамаатай. Энгийнээр тайлбарлавал, ДНБ-ий өсөлт буурснаар 100 төгрөгтэй хүн 900 төгрөгтэй болж байна гэсэн үг. 10 төгрөгийн юм зардаг байсан бол долоо, найман төгрөгийн юм зарах болж байгаа юм.

-Засгийн газраас цар тахлын эсрэг 5.4 их наяд төгрөгийн арга хэмжээ авсан. Энэ арга хэмжээг Та хэр оновчтой гэж бодож байна вэ?

-Засгийн газар “Ковид-19” цар тахлын эсрэг 5.4 их наяд төгрөгийн арга хэмжээ авсан. Үр дүнд нь 710 орчим мянган хүний цалингийн 21 хувь болох НДШ, ХАОАТ-ыг чөлөөллөө. Энэ бол маш том дэмжлэг. Мөн ААН-үүдийн татвар төлөлт, ипотекийн болон хэрэглээний зээлийг хойшлууллаа. Хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгож нэмсэн нь орлого багатай айл өрхүүдэд том дэмжлэг үзүүллээ. Энэ бүх арга хэмжээг авсны үр дүнд эдийн засаг маань бүр мөсөн нурчихсангүй. Нөгөөтэйгүүр, L хэлбэрийнх буюу өсөлт нэг шугамд байна гэж буйн учир шалтгаан нь дотоодын эрэлт өсөхгүй, бизнесүүд хөгжихгүй байгаатай холбоотой. Тиймээс 2021 оны мөнгөний болон төсвийн бодлогод хувийн хэвшил, ЖДҮ, экспортыг дэмжсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй.

Эрээнээс очиж бараа авахдаа нэг юанийг 400 биш 380 төгрөгөөр солиулбал 20 төгрөгийн хэмнэлт гарч, ЖДҮ-чид тэндээс тоног төхөөрөмж, түүхий эдээ татаж, бүх хүнд ашигтай байна шүү дээ.

-Засгийн газраас “Ковид-19” цар тахлын эсрэг хэрэгжүүлсэн арга хэмжээний 5.4 их наяд төгрөг хаанаас гарсан бол. Сангийн сайд хэлэхдээ таналтаас гэж тайлбарлаж байсан шүү дээ?

-Засгийн газар Монголбанкнаас зээл авах хэлбэрээр энэ мөнгийг хэвлэж гаргасан. Сангийн сайд дотоод нөөц бололцооноос гэж тайлбар өгсөн байдаг. Хэмнэлт гаргалаа гэхэд найман тэрбумын төсөвтэй улсад нийт төсвийн талаас илүү хувийг дотоод нөөцөөс бүрдүүлнэ гэж байхгүй.

-УИХ-аар ирэх оны төсөв хэлэлцэх хугацаа дөхлөө. Таныхаар хувийн хэвшил, ЖДҮ, экспорт дээр төвлөрч төсөв, мөнгөний бодлогоо гаргах хэрэгтэй гэсэн үг үү. Гэхдээ улсын төсөв улайссан энэ үед ямар дэмжлэг байвал зүгээр вэ?

-Хувийн хэвшил дундаа томоохон бизнесүүдийг харж үзэх хэрэгтэй. Тэд маш олон хүнийг ажлын байраар хангаж, өндөр татвар төлдөг. Тиймээс хөнгөлөлттэй зээл олгох, Засгийн газар хоорондын тусгай зөвшөөрлийг хөнгөвчлөх, экспортын стандартыг хангасан үйлдвэрлэлийг дэмжих гэх мэтчилэн татаас, төсөв хөрөнгө үл шаардах чиглэлд бодлогоор дэмжвэл бизнесүүд хөл дээрээ босно.

Хоёрдугаарт, хөл дээрээ тогтсон 21 аймаг, есөн дүүрэг дэх ЖДҮ-чдэд олгодог бага хүүтэй зээлийн хүүг бууруулах, бүр чадахгүй юм гэхэд хугацааг нь уртасгах нь зөв. Эхний нэг жилд үндсэн зээлээс нь чөлөөлж, зөвхөн хүүг нь авах гэх мэт зохицуулалт байж болох. Гуравдугаарт, экспортод бараагаа гаргаж буй ААН, ялангуяа, уул уурхайн компаниудад дэмжлэг үзүүлэх. Энэ хэцүү үед биднийг авч гарах салбар бол уул уурхай. “Оюу толгой”, “Таван толгой”, “Эрдэнэс таван толгой”, “Энержи ресурс” гээд нийт экспортын 90-96 хувийг эзэлдэг компанийг төрөөс дэмжих нь зүйтэй. Ингэхдээ БНХАУ-тай хийх хэлэлцээртээ манай экспортын тээвэрлэлт, эрүүл ахуйн ариун цэвэр, аюулгүй байдал, түүхий эдийн гарц зэргийг шуурхай ярилцлаж, улмаар үүнийгээ Гадаад харилцаа, Сангийн яамны хэмжээнд том ажил болгох ёстой. Энэ дөрвөн том компаниас гадна дунд түвшний олборлолт хийж буй олон газар байна. Тэр бүхэнд маш сайн дэмжлэг үзүүлвэл L хэлбэрээс V хэлбэрийн өсөлт рүү гарах боломжтой.

-Манай улсын зээлжих эрхийн зэрэглэл ямар түвшинд байна вэ. “Саарал жагсаалт”-аас энэ ондоо гарч чадах болов уу?

-Манай улсын зээлжих зэрэглэл 2020 оны байдлаар “B”дээр байгаа. ФАТФ-ын 11 шаардлагын дөрвийг нь Монголбанк, гурвыг нь СЗХ сайжруулахаар ажиллаж байна. Нээлттэй тайланг нь харахад, цахимаар танилцуулсан бөгөөд ФАТФ-аас төлөөлөгчид манай улсад ирж, олон талт уулзалт хийж, эцэст нь дүгнэлтээ гаргана. Энэ сарын сүүлээр ФАТФ-ын хурал болно. Эндээс шийдвэр гарахгүй ч гэлээ төлөөлөгчдийн тайлан эерэг гарвал 2021 оны эхний улиралд “Саарал жагсаалт”-аас гарах боломжтой болов уу. Хэрэв ингэж чадвал зээлжих зэрэглэл “B”-ээс “B+”болох магадлалтай. Ирэх оны гуравдугаар сарын 1-нээс бондын өр төлөх хуваарьтай. Энэ өрийг төлөхийн тулд дахин бонд гаргаж таарна. Цаашлаад 2022-2023 оны бондын төлбөр бий. Тиймээс ДНБ-ий өсөлт цар тахлын үед +1-2-той гарч байж алдагдал багатай даван туулна.

-Судлаачийн хувьд та хэрхэн төсөөлж байна вэ?

-Инфляцийн түвшинг “+-2” нэгжийн интервалд зургаан хувьд барина гэсэн амлалт, үүрэг авч байгаа юм билээ. Тэгэхээр зургаан хувь бол баригдах байх. Гэхдээ “+-” гэдэг хамгийн ихдээ найм, эдийн засгийн боломжтой байвал дөрвөн хувь болно гэсэн үг шүү дээ. Угаас эрэлтийн гаралтай инфляци буурна. ДНБ-ий өсөлт буурсан учраас их хэмжээний бараа, бүтээгдэхүүн худалдаж авах боломжгүй, тэр хэмжээний эрэлт байхгүй болно. Тиймээс эрэлтээс үүдэлтэй инфляцийн түвшин бага гарна. Харин эсрэгээрээ нийлүүлэлтийн шалтгаанаар бий болдог инфляцийн түвшин их байх болов уу.

Өнөөдөр цар тахлын эсрэг эдийн засгийн арга хэмжээний 5.4 их наяд төгрөгийн нэлээд хэсгийг нефть импортлогч компаниудад олгож, үнийг 200-240 төгрөгөөр бууруулсан. Хэрэв энэ арга хэмжээг аваагүй байсан бол нефтийн импорт багасаж, дагаад эрэлт нэмэгдэж, хомсдол үүсэж, үнэ нь огцом өсөх байсан. Улсын нефть импорлогч компани гэж байхгүй учраас бүгд л зардлаа олохын тулд үнээ нэмж таарна. Тиймээс 2021-2022 онд эрэлтийн талын инфляцаас илүүтэй, нийлүүлэлтийн талынх зонхилно гэсэн судалгааг “Хүртээмжтэй хөгжлийн хүрээлэн” тинк, танкийн судлаачид гаргасан байна лээ.

Түүнчлэн 2021 оны өвөл өнтэй сайхан болоосой гэж найдаж байна. 2000-2002 онд зуд турхан болж, нийт малынхаа 14.8 хувийг алдаж байсан түүхтэй. Малаа барсан иргэд хот руу нүүдэллэсний улмаас 2003 оноос нийслэлийн хүн ам огцом өсөж, агаар, хөрсний бохирдол, түгжрэл үүссэн. Бүх зүйл эдийн засгийн уялдаа холбоотой байдаг. Мал аж ахуй нийт ажиллах хүчний ¼-хувийг эзэлж байдаг. Иймд 2021 оны өвлийг гарз, хохирол багатай даван туулахын тулд тийш чиглэсэн бодлого байх нь маш чухал. Яг л шатахуун импортлогчид олгосон шиг татаас өгөхгүй бол 2000-аад оных шиг байдал давтагдвал цар тахалтай байгаа энэ үед ядуурал үлэмж хэмжээгээр өсөх байх гэсэн айдас эдийн засагчдын дунд байна.

-Уул уурхайн түүхий эдийн үнэ ханш харьцангуй тогтвортой байгаа нь бидэнд таатай боломж олгож байх шиг?

-Бидний гол найдвар бол уул уурхайн экспорт. Төсвийн орлогыг тасалдуулахгүй, төгрөгийн ханшийг унахгүй байх, улмаар иргэдийн бодит орлогод хэмнэлттэй байх юм. Өөрөөр хэлбэл, Эрээнээс очиж бараа авахдаа нэг юанийг 400 биш 380 төгрөгөөр солиулбал 20 төгрөгийн хэмнэлт гарч, ЖДҮ-ийн наймаачид тэндээс тоног төхөөрөмж, түүхий эдээ татдаг бүх хүнд ашигтай байна шүү дээ.

-Татвар болон гаалийн шинэчлэл бизнесүүдэд хэр өгөөжтэй, хөрсөн дээр буусан байна вэ?

-Уул уурхайн экспорт болон томоохон бизнесүүдийг дэмжих хамгийн том хөшүүргийн нэг нь хууль эрх зүйн зохицуулалтын бодлого байдаг. Хууль, түүнийг хэрэгжүүлэх журам, дагаад батлагдах стандарт чухал. Энэ бүхэн нэгдэж, араа шүд нь таарч байж органик байдлаар үйлчилнэ. Түүнээс нэг хуулийн заалт нөгөөтэйгөө мөргөлддөг байж болохгүй. Уул уурхай, Сангийн яам, эсвал Татварын ерөнхий газар нь мэдэхгүй, төөрөгдөл, үл ойлгогдох байдлыг намар, хаврын чуулганаар арилгах хэрэгтэй. Засгийн газарт хувийн хэвшил нь сайн түншлэлтэй байгаад их хэмжээний татвар төлж байвал ашигтай байна биз. Бизнесүүд татвараа төлөөд, бараа бүтээгдэхүүнээ экспортлоод явна, харин төрийнхөн хүнд суртал бүү үзүүлээч гэж гуйж байгаа шүү дээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна