СУРАГГҮЙ АЛГА БОЛОГСДЫН ЭРЭЛД

Г. Болортуяа
2020/10/01

П. Даваажаргал

Цагдаагийн байгууллагад жилд дунджаар 3500-3600 орчим иргэн оршин суугаа газраасаа сураггүй алга болсон тухай гомдол, мэдээлэл бүртгэгддэг

Мэдээллийн санд бүртгэгдсэн сураггүй алга болсон гэх иргэдийн 80 орчим хувийг цагдаагийн байгууллагын алба хаагчид эрэн сурвалжилж, дунджаар 1-7 хоногийн дотор олж тогтоон ар гэрт нь хүлээлгэн өгч байна. Зарим тохиолдолд алга болсон гэх хүн өөрөө ар гэрийнхэнтэйгээ холбоо барьж, хаана яваа болон байгаа газраа дуулгаснаар цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах үйл ажиллагааг зогсоодог. Харин насанд хүрээгүй хүүхдийн хувьд эцэг эхийн хараа хяналт муу, гэр бүл, асран хамгаалагчдын нийгэмд хүлээх хувь хүний хариуцлага сул байдгаас шалтгаалан сураггүй алга болсон тохиолдол элбэг.


Үрээ ор сураггүй алдсан эцэг, эхийн сэтгэлийг зүйрлэх шаналан энэ орчлонд үгүй биз ээ. Бүхий л амьдралынх нь утга учир болсон бүлтгэр үрээ үхсэн, амьдыг нь үл мэдэвч, өглөө оройдоо залбирч, үгүйлэхдээ цагаахан инээд, гэгээн дүрийг нь сэтгэлдээ тодруулан дүрсэлж, чинад алсын итгэлээрээ
хацрыг нь илбэн суугаа нь дамжиггүй. Утсанд нь дуудлага ирэх бүрд дэнсэлж, охиных нь сургийг дуулгах болов уу хэмээн горьдлого тээн “Байна уу” гэж итгэл муутайхан дуугарна. Ийм нэгэн дүр зураг хэчнээн хаалганы цаана өрнөж буйг төсөөлөхөд гол зурна Сүүлийн жилүүдэд гэрээсээгараад ор сураггүй болсон хэн нэгний тухай мэдээлэл олонтаа сонстох болсон. 

Тодруулбал, Цагдаагийн байгууллагад жилд дунджаар 3500-3600 орчим иргэн оршин суугаа газраасаа сураггүй алга болсон талаар гомдол, мэдээлэл ирүүлдэг Тэдгээрийн ихэнх тохиолдол нь охид, эмэгтэйчүүд эзэлж байна. 

“Гэрээсээ гараад ор сураггүй алга болсон тул харсан хүн холбоо барьж, сураг гаргаж тусална уу” гэх хайлтын илэрцийн доор дурайх цагаахан инээд цалгиасан охид, зүс гоо бүсгүйчүүдийн зураг үүнийг бэлхэн гэрчилнэ. Хамгийн сүүлд, 14 настай охин гэрээсээ гараад сураггүй алга болжээ.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн XIII, XIV хорооны нутаг дэвсгэр Таван буудал, XVII сургууль орчмоос Ц.Үүрцайх охин есдүгээр сарын 22-ны өдөр алга болсон бөгөөд одоог хүртэл олдоогүй байна. Тэрбээр ардаа цагаан бичигтэй хар өнгийн малгайтай цамц, цагаан канттай биеийн тамирын хар өмд, зузаан ултай алаг пүүзтэй гарчээ. “Хайж байна” гэх гарчигтай хөх өнгийн дэвсгэр дээр, охины зургийг байршуулж, доод талд нь “Онцлох шинж: 160-165 сантиметр өндөр, махлаг биетэй, улаан хацартай, баруун нүднийхээ дор мэнгэтэй, тайрмал хар үстэй хэмээн бичиж, холбоо барих утасны дугааруудаа эгнүүлэн бичсэн байх юм. Ямар сайндаа үр хүүхдийнхээ нас зүсийг ийн олны өмнө зарлах билээ. Энэ тухай ар гэрийнхнээс нь тодруулахад “Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. 

Эрэн сурвалжилж байгаа.Одоохондоо тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Сэжиг, таамаг дэвшүүлж, мэдэх юм алга” гэж сулхан дуугаар хариуллаа. Мөн энэ оны долдугаар сарын 31-ний өдөр 22:30 цагийн үед Тэрэлжийн Мэлхий хад, “Тэнгэрийн энерги” бясалгалын төв орчмоос 25 настай эмэгтэй ор сураггүй алга болсон гэх мэдээлэл цахим орчинд түгсэн.

Тэрбээр алга болох өдрийнхөө орой “Намайг эндээс ирээд аваач” хэмээн ээж рүүгээ утсаар ярьсан байдаг. Энэ дагуу ээж нь охиноо авахаар очтол “Танай охин нэлээд эрт явсан” гэх хариулт өгчээ. Сураг тасрахаасаа өмнө ээждээ амжиж хэл дуулгасан ч бүсгүй одоог хүртэл олдоогүй байгаа юм. Түүний аавтай утсаар холбогдоход “Олдоогүй байгаа, өнөөдөр яг 60 хонож байна даа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг их юм яримааргүй байна” гэсэн юм.

Түүнчлэн одоогоос гурван жилийн өмнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас найман настай охин ор сураггүй алга боллоо гэх мэдээлэл олныг цочирдуулсан. Хэргийг эргэн сануулбал, охин тус оны арваннэгдүгээр сарын 2-ны 12:00 цагийн орчимд гэрээсээ гарч яваад одоог хүртэл сураггүй байгаа. Цагдаагийн байгууллага, охины ар гэрийнхэн бүх боломж, бололцоонд тулгуурлан эрэн хайсан ч тусыг эс олов. Хүүхэд алга болсон тухай мэдээлэл гарахад бид хэдэнтээ шуугиж, халаглаад өнгөрдөг гэлтэй. Халаглаж, харамсахаас илүүтэй хамгаалах, хүүхэд, иргэндээ ээлтэй нийгмийг бүрдүүлэхэд анхаарах нь зүйтэй юм.

Түүнчлэн эцэг эхчүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, “Аз жаргалтай” нийслэл хотынхоо булан тохой бүрийг аюулгүй болгох шаардлага бидний өмнө гарц, гаргалгаа нэхэн улаан гэрэл анивчуулж байна.

Д.Отгонтамир: 1996 ОНООС ХОЙШ НАСАНД ХҮРЭЭГҮЙ 13 ХҮҮХДИЙГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА

Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн Эрүүгийн цагдаагийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Д.Отгонтамираас ор сураггүй алга болсон, эрэн сурвалжлагдаж буй иргэдийн талаар тодрууллаа.

-Сүүлийн үед цахим орчинд “Гэрээсээ гараад сураггүй алга болсон тул харсан үзсэн хүн холбоо барьж тусална уу” гэх зар, мэдээллүүд цөөнгүй харагдах болсон. Одоогийн байдлаар танай хэлтэст бүртгэлтэй ор сураггүй болсон, эрэн сурвалжлагдаж байгаа эчнээн хүн байна вэ?

-Энэ оны эхний есөн сарын байдлаар Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах санд оршин суугаа газраасаа сураггүй алга болсон 2363 хүнийг зарлан мэдээлж, эрэн сурвалжилсан. Үүнээс 2237 хүнийг олж, тогтоон ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. Илрүүлэлт 94.6 хувьтай байна. Гэрээсээ гараад сураггүй алга болж байгаа хүмүүсийн ихэнх нь өмнө нь удаа дараа алга болж байсан, өөрсдийн хүсэл сонирхлоо дагаж гэр бүл ойр дотнын хүмүүстээ хэлэлгүй хөдөө орон нутаг явах, гэр бүлийн таарамжгүй харилцаа, зөрчил, хэрүүл, маргааны улмаас болж орон гэрээсээ дайжсан байдаг. Түүнчлэн насанд хүрээгүй хүүхдүүд компьютер тоглоомын газраар хэсүүчлэн, олон хонох тохиолдол элбэг.

-Цагдаагийн байгууллагад энэ төрлийн дуудлага , мэдээлэл жилд хэд орчим ирдэг вэ. Үүнээс хэдэн хувь нь илэрдэг вэ?

-Цагдаагийн байгууллагад жилд дунджаар 3500-3600 орчим иргэн оршин суугаа газраасаа сураггүй алга болсон талаар гомдол, мэдээлэл ирдэг. Үүний 95 орчим хувийг цагдаагийн байгууллага олж тогтоодог. Зарим үед сураггүй алга болсон гэх иргэд 2-3 цагийн дараа илрэх тохиолдол ч байдаг. Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах “ASAP” санд 2019 онд оршин суугаа газраасаа сураггүй алга болсон 3205 хүний мэдээллийг эрэн сурвалжлах санд бүртгэж зарласнаас 3065 хүнийг эрэн сурвалжилж олж тогтоосон.

Ийнхүү өнгөрсөн онд улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажлын илрүүлэлт 95.6 хувьтай гарсан. Энэ оны тухайд одоогийн байдлаар илрүүлэлт 94.6 хувь байгааг дээр хэлсэн.

-Сураггүй алга болсон хүмүүсийг насны бүлгээр нь авч үзвэл хэдээс хэдэн насныхан зонхилж байна вэ?

-Эрэн сурвалжлах санд оршин суугаа газраасаа сураггүй алга болсон төлөвт 26-35 насны хүмүүс зонхилж байна. 

Тэдгээрээс онцолбол, 1996 оноос хойш насанд хүрээгүй 13 хүүхдийг эрэн сурвалжилж байгаа. Үүний тав нь нийслэлд найман тохиолдол нь орон нутагт бүртгэгдсэн. Сураггүй алга болж, цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн үеийн насаар хүүхэд гэх ангилалд авч үзэж байгааг тайлбарлах нь зүйтэй байх. Хүйсийн хувьд таван эрэгтэй, найман эмэгтэй хүүхэд байна. Харин насны ангиллаар авч үзвэл, 2-5 насны тав, 6-17 насны найман хүүхэд байгаа юм. Шалтгаан нөхцөлийн тухайд дээрх 13 хүүхдээс гэмт хэргийн хохирогч болсон байж болзошгүй тав, төөрч, осолдсон байж болзошгүй дөрөв, гол, усанд осолдсон байж болзошгүй, цогцос олдоогүй дөрвөн тохиолдол бий.

-Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах үйл ажиллагааг хэдий хугацаанд, ямар үе шаттай зохион байгуулдаг вэ. Тухайн хүнийг олдтол хайдаг уу. Эсвэл мөрдөн шалгах тодорхой хугацаа байдаг уу?

-Цагдаагийн байгууллага алба хаагчийн эрэн сурвалжлах үүргээ гүйцэтгэх, эрх, үүрэг хариуцлага, мэдээлийн сан бүрдүүлэх, үйл ажиллагаандаа ашиглахтай холбоотой тусгай журам бий. Энэ журмын дагуу оршин суугаа газраасаа сураггүй алга болсон иргэдийг шуурхай, тасралтгүй эрэн сурвалжлах ажиллагааг явуулдаг. Өөрөөр хэлбэл, сураггүй алга болсон хүнийг олж, илрүүлэх хүртэл эрэн сурвалжлах үйл ажиллагаа үргэлжилнэ. Түүнээс тэд хоног хайгаад олдохгүй бол эрэн сурвалжлахыг зогсооно гэх ойлголт байхгүй.

-Сураггүй алга болсон иргэдийн шалтгаан, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн тоо баримт бий юү?

-Мэдээллийн санд бүртгэгдсэн сураггүй алга болсон гэх иргэдийн 80 орчим хувийг цагдаагийн байгууллагын алба хаагчид эрэн сурвалжилж, дунджаар 1-7 хоногийн дотор олж тогтоон ар гэрт нь хүлээлгэн өгч байна. Зарим тохиолдолд алга болсон гэх хүн өөрөө ар гэрийнхэнтэйгээ холбоо барьж, хаана яваа болон байгаа газраа дуулгаснаар цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах үйл ажиллагааг зо гсоодо г. Харин насанд хүрээгүй хүүхдийн хувьд эцэг эхийн хараа хяналт муу, гэр бүасран хамгаалагчдын нийгэмд хүлээх хувь хүний хариуцлага сул байдгаас шалтгаалан сураггүй алга болсон тохиолдол элбэг. Дээрх тохиолдолд цагдаагийн байгууллага хүн, хүч, цаг хугацаа зарцуулан эрэн сурвалжилж хүүхдүүдийг олж тогтоон эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгдөг. Гэвч хүүхдүүд дахин ар гэрээсээ дайжин, явж удаа дараа эрэн сурвалжлагдах асуудал нэлээд байна. Мэдээж, энэ бүхний ард олон шалтгаан бий.

-Траншейний нүхэнд унаж нас бараад хэзээ хойно олдсон түүх яриа ч байдаг. Иймэрхүү золгүй тохиолдлоор амь эрсдэж, удаан хугацаанд эрэн сурвалжлагдах тохиолдол олон уу?

-Өмнө нь траншейн дотроос нас барсан хүний цогцос олдох асуудал нэлээд байсан. Гэхдээ улс орон хөгжиж дэвшихийн хэрээр нийслэл хотын гудамж талбайд онгорхой траншейны нүх, суваг багассантай холбоотойгоор сүүлийн жилүүдэд траншейнд унаж нас барсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй байна.

-Урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар үйл ажиллагаа явуулдаг вэ. Мэдээж, иргэдийн оролцоо дэмжлэг, чухал байх? 

-Иргэд, бага насны хүүхдийг оршин суугаа газраасаа ор сураггүй алга болохоос урьдчилан сэргийлэх, иргэдийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зорилгоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан “Цагдаагийн дуудлага” нэвтрүүлэг болон бусад төрлийн санамж, сэрэмжлүүлэг хүргүүлэн ажиллаж байна. Мөн эцэг эхчүүдийн үүрэг хариуцлага, болгоомж, сэрэмж туйлын шаардлагатай.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна