ТҮЛЭГДСЭН ХҮҮХДҮҮДИЙН ТӨЛӨӨ ХЭН Ч ДУУГАРАХГҮЙ БАЙНА

Г. Болортуяа
2020/10/01

П. Амгаланбаяр

Түлэнхийн төв эмнэлгийн С блокын газар дээр 12 давхар орон сууц барьж байна гэсэн мэдээллийн мөрөөр “Энхрий үрс халуун сэтгэл” ТББ-ын тэргүүн О.Энхмаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Яагаад “Энхрий үрс халуун сэтгэл” ТББ-ыг үүсгэн байгуулах болсон бэ?

-Би мэдээгүйжүүлэх эрчимт эмчилгээний эмч. Өмнө II төрөх эмнэлгийн эмч байхдаа шинэ бүтэц, зохион байгуулалттай эмнэлэг ашиглалтад оруулахыг зорьсон. Мэргэжлээрээ ажиллах хугацаандаа хүмүүс өвдөж, шаналж, эмнэлэг хүрэлцээгүй байгаа, зүрх эмзэглэм дүр төрхийг олон харсан. Энэ бүхэн нүдэн дээр минь өрнөдөг байлаа. Тиймээс ч эмч хэмээх энэ мэргэжлийг эзэмшиж, тангараг өргөсөн хүний хувьд ийнхүү ажиллаж байна. “Энхрий үрс халуун сэтгэл” ТББ зургаан жилийн өмнө хүүхдийн эрүүл мэндийн төлөө яармагийн IV төв эмнэлгийг ашиглалтад оруулах аянг санаачилсан. Хүч хөдөлмөр, цаг хугацааны үр дүнд эмнэлэг маань үүдээ нээсэн. Гэвч өнөөдөр төрийн эрх баригчид ард иргэдийнхээ санаачилсан ажил, хөлс хөдөлмөрийг үнэлэхгүй байна.

-Яагаад?

- Үүн дээр хэд хэдэн жишээг хэлмээр байна. Нэгдүгээрт, Яармаг дахь эмнэлгийн ашиглалтад оруулахын тулд би 12 жилийг зарцуулсан. Энэ хугацаанд эмнэлгийг хувийн эмнэлэг болгохын тулд буруу зураг гаргасан. Үүний төлөө би долоон удаа хэвлэлийн хурал зарлаж, таван телевизээр хэлэлцүүлэг өрнүүлж, хоёр ерөнхийлөгчийн нүүрийг үзлээ. 

Авлигатай тэмцэх газарт ажлын хэсэг байгуулж ажилласны үр дүнд яармагийн эмнэлгийн 9.7 тэрбум төгрөгийн хээл хахуулийг илчилж хариуцлага тооцуулж чадсан. Ингэж тэмцсэний үр дүнд эмнэлэг ашиглалтад орсон. Мөн СХД-ийн XXII хорооны нутаг дэвсгэр болох Тахилтад 150 ортой (төрөх мэс засал, нярай хүүхэд, лаборатори) цогц шийдэлтэй эмнэлгийг ард түмнээсээ тусламж аваад ашиглалтад оруулсан.Уг эмнэлгийн зорилго нь СХД-ийн алслагдсан хороодын иргэдэд эмнэлгийн тусламжийг ойртуулах, хүртээмжтэй хүргэх байв. 

Мөн эрүүл мэндийн салбарт шинэ технологийг нэвтрүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой. Гэвч Хууль зүйн сайд Х.Нямбаатар сонгуулийн шоу болгож “2016 онд энэ газрыг шийдсэн, 2020 онд төсвийг батлана” гэж ярьж байна. Өнөөдөр долоо, найман зуун сая төгрөгийн бүтээн байгуулалт хийчихсэн байхад цуцлуулна гэж ярьж байна.

-Өнөөдөр нийгэмд хөндөгдөж буйнэг асуудал бол түлэнхийн эмнэлгийн барилгын C блок дээр 12 давхар хувийн орон сууц барьж байна гэсэн. Энэ ямар учиртай вэ?

- Өмнө XI хороололд хоёр давхар түлэнхийн төв эмнэлэг байсан. Анх 2012 зургаан сард хуульч н.Бат-Ялалт түлэнхийн төв эмнэлэг дээр анхаарал хандуулахыг санал болгосон юм. Мэдээж энэ нийгэм дэх анхаарал хандуулах чухал салбарын нэг. Түлэгдсэн хүүхдүүдийн эрх ашгийн төлөө хэн ч дугарахгүй байгааг хэлсэн юм. Тухайн үед түлэгдэлтэй хүүхэд, томчууд их ирдэг байсан. 2016 онд гэхэд жилд 4446 гаруй хүн түлэгдэж эмнэлгийн тусламж авсан байдаг. Одоо ч энэ тоо буураагүй. 2012 улс түлэнхийн эмнэлэггүй болж “Мөнгөн гүүр” хувийн эмнэлгийг түрээсээр ажиллуулж эхэлснийг бид мэднэ. 

Миний байр суурь бол түлэнхийн төв эмнэлгийн газрыг чөлөөлж, Улсын эмнэлгийн үйл ажиллагаагаар ашиглах ёстой гэж боддог. Тус ондоо A,B, C гэсэн гурван блоктой эмнэлэг барих төлөвлөгөөтэй байсан. Өнөөдөр эмнэлгийн A блок 80, B блок 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Гэсэн ч хотын захирагч Амарсайхан,Н.Сарангэрэл сайд Улсын түлэнхийн эмнэлэгийн газрыгхувийн компани хамтын хэвшил хууль бусаар захирамж олгож, хувийн өмч гэж нотолсон. 

Тэгээд өнөөдөр эмнэлгийн С блокын газар дээр 12 давхар орон сууц баригдаж, барилгын гүйцэтгэл нь 65 хувьтай явж байна. Барилгын ажил дээр “Нутгийн зам” компани ажиллаж байгаа. Өнөөдөр түлэнхийн эмнэлгийн нөхцөл байдал хэцүү байна шүү дээ.Түлэнхийн нэг тасагтай. Түлэгдсэн хүүхдүүд, томчууд бүгд нэг тасагт ямар хүнд байдалд үйлчлүүлж байгааг харах хэрэгтэй. Тиймээс тэр алга дарам газарт эрх мэдлээ ашиглаж, хууль бусаар халдаж байгаад сэтгэл эмзэглэж байна.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.21.164
    2020/10/09

    Ард Түмнийхээ төлөө тэмцсэн Энхрий үрс халуун сэтгэлийн үгийг ил гаргасанд баярлалаа

    Хариулах
  • 122.201.21.164
    2020/10/09

    Ц,Амгаланбаяр сэтгүүлчдээ баярлалаа Ажилд нь маш том амжилтыг хүсэн ерөөе

    Хариулах