Б.Галаарид:ЁС СУРТАХУУНГҮЙ, ХҮМҮҮЖИЛГҮЙ ХҮНИЙ ҮЙЛДЭЛ ЗАРИМДАА СЭТГЭЦИЙН ЭМГЭГТЭЙ ХҮНИЙХЭЭС Ч ДОЛООН ДОР БАЙДАГ

Г. Болортуяа
2020/10/01

Г. Болортуяа

Бөө мөргөлийн сэдвээр судлаач Б.Галааридтай ярилцлаа. Тэрбээр “Онгод тэнгэрийн зараалаар”, “Бөө мөргөл, тэнгэр шүтлэг”, “Мөнх тэнгэрийн ухаан” зэрэг ном бичиж эмхэтгэсэн, парапсихологи, далд ертөнцийн талаар сонирхон судалдаг юм.

-Монгол бөөгийн гарал үүсэл хаанаас эхтэй вэ?

-Балар эртний шүтлэгийг амьтан ургамал шүтэх тотемизм, сүнс шүтлэг буюу анимизм, мөн шаманизм буюу бөө мөргөл гэхчлэн ялгаж үздэг. Гэхдээ ялгараад сүйд болоод байх юмгүй харилцан уялдаатай ойлголтууд л даа. Монголчуудын бөө мөргөл бол нэн эртнээс улбаатай уугуул шүтлэг. Үүссэн цаг хугацааны хувьд Эхийн эрхэт ёсны үетэй холбож үзэх нь илүүтэй байдаг.

-Монгол бөөгийн онол, гүн ухаан нь юу вэ?

-Онол гэх юм юу байхав, урт удаан хугацааны туршид бүрэлдэн бий болсон оршихуйн ухаан гэвэл илүү зохих байх. Бүхнийг тэнгэр мэднэ, газрын бүхэн тэнгэрийн хуулиар зохицуулагдана, тэнгэрийн хуулийг зөрчигсөд зохих шийтгэлээ хүлээх ёстой гэж үздэг, аливааг тэнгэрийн таалалд нийцүүлэн үйлдэхийг хичээсээр ирсэн. Энэ л гол нь.

Тийм ч болохоор Бямбын Ринчен гуай “Бүх шашны дотроос хамгийн шударгуу нь бөө мөргөл” гэж хэлсэн биз.

-Бөөгийн эрдэм гэж ямар ойлголт байна вэ. Монголын бүх ёс жаяг, хэл яриа, хувцасны соёл, дуу бүжиг, үзэл санаа бөө мөргөлтэй хамт уламжлагдсаар ирсэн байдаг?

-Дэндүү том асуулт байна. Бөөгийн увдис чадварын талаар яривал дуусахгүй. Харин үндэсний хэл соёл, урлаг, үзэл санааг тээгч гэдгийн хувьд санал нэг байна. Бөөгийн онгодоор дамжуулан энэ бүхнийг ухаж судлах боломж бий. Даанч аргазүйн хувьд шинжлэх ухаанч биш л дээ.

-Түмэдийн Алтан хан, Автай сайн ханы үед бурхны шашин түрэн орж ирж, бөө лам нарын тэмцэл эхэлсэн. Бөө нар уугуул шүтлэг, зан заншлаа алдахгүй гэж тэмцсэн гэдэг. Бөө нарын тэмцэл ямар байсан бэ?

-Монголчууд өмнө нь ч бурхны шашинтай байсан түүхтэй. Автай ханы үеийн тухайд бөө мөргөл өөрөө шинэчлэгдээгүй, зан үйл нь балар эртнийхээрээ хатуу харгис байсан нь нэг том шалтаг болсон. Харын шүтлэгийн орыг аядуу зөөлөн шарын шашин эзэлснээр “цусан далайг сүүн далайгаар сольсон” гэж лам нар тайлбарладаг. Үнэндээ бол Монголын хан ноёдууд нэг нэгнээсээ цол чимэг, улстөр болоод шашны нөлөөгөөрөө илүүрхэх гэсэн явцуу тэмцлийн улмаас төр нь шарын шашинтай нийлж байгаад л уугуул шүтлэгийг гишгэх газаргүй болгочихсон хэрэг. Дундад зууны Европын инквизаторуудтай яг адилхан алж, шатааж, нутгаас нь хөөж харгислан дарсан гэдэг юм.

-Бөө мөргөлд хүнийг харсан тэнгэр гэж байдаг гэж үздэг үү?

-Харсан тэнгэр гэж юм байдаг, хүний ёсноос гажууд явбал тэр чинь хаячихна шүү, зөв шударга амьдар гэж сургадаг байсан юм билээ. Тэнгэр харж байгаа, уул усны эзэд харж байгаа, өвөг дээдсийн чинь сүнс харж байгаа гэж сургадаг, захидаг байж.

-Бөөгийн эмчилгээний талаар тайлбарлаж өгнө үү? Уламжлалт эмчилгээнээс ялгаатай юу. Эмчилгээний гол арга барил нь юу вэ?

-Хүний өвчин зовлонг оношлох, шалтаг шалтгааныг нь арилгах, улмаар эмчилж эдгэрүүлэх зан үйлийг бөө нар хийдэг. Уламжлалт мэдлэг, онгодын шидлэг чадварын аль аль нь хэрэг болдог байх.

-Гал тахих ёс бөөд хамгийн чухал байдаг. Мөн галаар эмчилж, засдаг ёс ч байдаг. Яагаад галыг чухалчилдаг вэ?

-Гал дээдлэх ёс ганц бөө мөргөлд ч биш, ер нь олон шашинд байна. Галын тэнгэр, галын бурхан гэж бий. Шашны янз бүрийн зан үйлд галыг их ашигладаг. Галын засал гэж байдаг. Монголчууд голомтныхоо галд их ач холбогдол өгдөг, галдаа өргөл өргөж, сэвгүй ариун байлгахыг хичээдэг уламжлалтай. Энэ нь дээд удмаасаа таслалгүй уламжлан авч яваа, нэг ёсондоо айл гэрийн амин сүнс нь гал гэж үздэгтэй холбоотой. Лам, бөөгийн аль аль нь галын засал хийж, гал тахидаг.

-Бөө нар хүний оюун ухаантай холбогдож бодол санааг нь өөрчлөх чадвартай төдийгүй хүний заяа төөргийг ч өөрчилж чаддаг гэдэг. Үүний арга нь юундаа байна вэ?

- Хүн, амьтан, байгалийн үзэгдэл, бусдын бодол санаа, заяа төөрөгт нөлөөлөх увдис чадвар гэдэг дан ганц бөөд байдаг юм биш. Нууц тарнийн ухаанд суралцсан, бясалгалын ачаар “би” үзлээсээ ангижирч чадсан хэнд ч болов шидийг бүтээхүйн үүд нээгддэг ёстой. Гэхдээ үүнийг хүссэнээрээ үйлдэж болдоггүй. Ялангуяа, хүний оноолт заяаг өөрчлөх гэдэг хүсмээр эд биш. Үйлийн үрийн мөн чанарыг ухаарсан хэн ч ийм зүйлээр оролдохыг хүсэхгүй. Түүнээс биш арга технологийн хувьд таны ярьсан бүхэн боломжтой юу гэвэл боломжтой. Гэхдээ хийж болдог үйл, болдоггүй үйл гэж байна. Дээр нь бөө болгон, онго болгон чадаад байдаг зүйл биш. Үйлдэж болдог үйл, болдоггүй үйл гэж ялгаа зааг бас бий.

-Бөө мөргөлд далд хүч, байгалийн хүч, увдис хэмээх ойлголт чухал бололтой. Эдгээрийг шинжлэх ухааны үүднээс юу гэж тайлбарлах боломжтой вэ?

-Шинжлэх ухааны аргаар тайлж тайлбарлах боломжгүй зүйл дэндүү их байна. Тэр бүхнийг шинжлэх ухаанч биш, хуурамч шинжлэх ухаан гэдэг ай савд хамаатуулан үздэг. Парапсихологи, эзотерикийг бүхэлд нь тэгж үзэж байна. Тийм болохоор эрдэмтэн судлаачид маань шинжлэх ухаанч биш харагдаж хэлэгдэхгүйн тулд эдгээр сэдвээс их цэрвэдэг юм. Тэгээд ч лабораторийн аргаар, туршилт хийн баталж нотлох боломжгүй нь дэндүү олон.

-Буриад бөө шарын шашинтай гүнзгий холбогдож уншлага тарни, сахиус шүтээн, зан үйл нь нийлж холилдсон гэдэг. Энэ тухай таны бодол?

-Хүн төрөлхтөн түүхийн урт удаан хугацаанд байгаа байгаа газраа хилээ хаагаад суугаад байгаагүй учраас харилцан бие биенийхээ шашин соёлд асар их нөлөөлсөн. Тийм болохоор аль шашны ямар зан үйл нь ямар учиртай, хаанаас эхтэйг тогтооход бэрхшээлтэй. Бурханы шашин, бөө мөргөлийн хувьд ч ялгаагүй бие биенээсээ авсан, өгсөн юм ихтэй. Ямар ч шашин шинэ газар нутаг, ард түмэнд нэвтрэхдээ уугуул шүтлэг, өмнөх шашнаас нь өөриймшүүлж байж тухайн ард түмний сэтгэлийг илүү амар хялбар татдаг. Одоо манай христ итгэлтнүүд гэхэд л “Тэнгэр бурхан” гэдэг нэр томьёо бий болгочихсон явж байна. Бурхны шашны Догшид буюу номын сахиуснуудын уг эх нь уул усны эзэд байх жишээтэй. Тэгэхээр шарын бөө бол гайхаад байх зүйл биш л дээ.

-Бөө мөргөлд нөгөө ертөнц болон дахин төрөл авах тухай үзэл байдаг. Энэ ойлголт шарын шашныхаас юугаараа ялгаатай вэ?

-Чинагуух ертөнцийн тухай бөөгийн ойлголт нь илүү энгийн, харин бурхны шашных илүү нарийн. Реинкарнаци буюу дахин төрөх тухайтад бараг адилхан. Аль аль нь л үйлийн үртэй холбож үздэг.

-Сүнс болон бөөгийн онгод хоёрын ялгаа юу вэ?

-Бөөгийн онгод тэнгэр гээд байгаа зүйл ер нь бол сүнс. Удмын онгодоо зална гэдэг өөрийн дээд удмын аль нэг үед байсан хүний сүнсийг улаачийн биед оруулж харьцаж байна гэсэн үг. Хүн үхэхээр яс махан бие нь устаж үгүй болдог, сүнс буюу оюун санаа мөнхөд оршдог гэж үздэг. Тэр оюун санаатай л харьцаж байна гэсэн үг. Эндээс тэнгэрийн буюу сүнсний орон гэсэн ойлголт гарч ирдэг. Зөв сайн явсан хүний сүнс эзэн нь үхэхээр тэнгэрт гардаг, уул усанд сайн үйлт эзнээр суудаг гэж үздэг. Буруу муу явдалтны сүнс доод ертөнцөд очиж шийтгэлээ эдэлдэг, эсвэл орох газаргүй тэнүүлч зуйгуул болдог гэж үзнэ. Янз бүрийн шалтгаанаар завсрын оронд саатагсад бас үүнд хамаарна. Үүнээс болоод сайн, муу сүнсний тухай ойлголт үүснэ. Завсрын муу юманд эзлүүлсэн, ад тийрэнтэй бөө гэдэг ойлголт үүснэ. Тийм бөө бол бөө биш, хар муу юмны унаа хүлэг нь болж яваа ядарсан амьтан л гэсэн үг дээ.

-Нисэх чадвартай бөө нар байсан гэдэг. Энэ хэр үнэний ортой вэ?

-Хүн газраас хөндийрч хөөрөх, нисэх паранормал үзэгдлийг levitation гэж нэрлэдэг. Энэ бол байдаггүй биш, байж болдог үзэгдэл. Бөө хүн онгодын шидээр хөөрөх, тарнич бясалгагчид номын хүчээр хөөрөх бол байж болно. Одоо гагцхүү тийм чадалтай нь ховор байх шиг. Түрүү үед, чойжин буулгахдаа хөөрөхгүйн тулд хөлнөөсөө хүнд юм дүүжлүүлдэг, бүр төмөр гинжээр хүртэл бэхлүүлдэг гүртэнгүүд байсан тухай аман түүх, гэрчүүдийн яриа тааралдаж л байдаг. Хөвсгөлийн нисдэг долоон бөөгийн тухай домог яриа оргүй хоосноос гараагүй байх гэж санагддаг.

-Бөө нар нас барсан хүмүүстэй ярилцаж, эсвэл амьтадтай ойлголцдог гэдэг талаар тайлбарлаж өгөөч?

-Хий биеттэй ярилцах, бодол санаа солилцох, амьтны хэлийг ойлгох гэх мэтийн итгэмээргүй үзэгдлүүд дан ганц бөөтэй холбоотойгоор яригддаггүй. Гоц мэдрэхүйтнүүдэд ийм түүх их. Номын авшигтай хүмүүс ч ийм тохиолдлын талаар өгүүлдэг. Бөө ч бай, гүртэн чойжинч ч бай аль аль нь бодит ертөнц хийгээд чинад ертөнцийн хоорондох зууч, гүүр нь болдог учраас ийм ийм чадвартай байдаг бололтой. Гагцхүү нэг нь онгодын хүчээр, нөгөө нь номын шидээр үүнийг үйлддэгт л ялгаа нь байгаа юм.

-Онгод сахиус хилэгнэх гэж ямар ойлголт вэ?

-Ламын ёсонд сахиус гэж байна. Бөөд онго гэж байна. Аль алийг нь аргадаж, эвийг нь зөв олж явахгүй бол хилэгнэнэ гэж үздэг. Тэгээд дуртай зүйлсээр нь тахил өргөл байнга өргөж байдаг. Тэгж аргадахгүй бол хилэгнэж догшроод эздэдээ муу болж мэднэ гэж үздэг. Жишээ нь, бурхны шашны чойжин сахиусууд бол бурхнаас доогуур эрэмбэтэй, бурхны номыг хамгаална гэж ам өгсөн уул усны эзэд голдуу байдаг. Тэднийг бичин жилд бил үү дээ нэг удаа заавал аргадах дом хийдэг гэх юм билээ.

-Бөө нарын хувцас өмсгөл болон хэц, хэнгэрэг ямар бэлгэдэлтэй вэ?

-Чинад ертөнцтэй харьцагсад бүгд өөр өөрийн гэсэн утга бэлгэдэлтэй хувцас хэрэглэлтэй байдаг. Тэр болгоныг тайлбарлавал дэндүү урт яриа болно. Бөөгийн, гүртэнгийн, жочийн өмсгөл хэрэглэл бүгд өөр өөр тайлбартай.

-Монголын олон угсаатны бөөгийн нийтлэг болон өвөрмөц шинж чанарууд юу вэ?

-Дэлхий дахины бөө нарт нийтлэг юм бий, өвөрмөц онцлог бий. Монголынхыгоо дархад, буриад гэхчлэн ялгаад яривал жижиг жижиг ялгаа бас байна аа. Гэхдээ сүүлийн үед ингэж угсаа гарвалаараа ялгарахаас илүүтэй аль галын хэн гэдэг бөөгийн шавь нар вэ гэдгээрээ өмсөх хувцас, хийх зан үйл нь ялгаатай болж эхэлж байна. Нэгдсэн ойлголт, нийтлэг зүйл багатай байна. NewAge шиг үзэгдэл нөхдийн дунд бас яваад байна уу даа.

-Монголын бөө мөргөл шинжлэх ухааны онолтой хэр дүйцдэг вэ?

-Хэцүү шүү дээ. Бөө мөргөл нь өөрөө нэгдмэл үзэл санаагүй байна, хэлбэршиж чадахгүй. Шинжлэх ухааны аргаар судалж дүгнэх боломжгүй байна. Боломжгүй гэдэг чинь шинжлэх ухаан хүлээн зөвшөөрөх юм багатай гэсэн үг. Одоо та бид хоёрын яриаг ч гэсэн мухар сүсэг гэж шүүмжлэх хүмүүс захаас аван байгаа.

-Монголын төрт ёсонд бөө ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

-Ямар үүрэг гүйцэтгэж байсан бэ гэж өнгөрсөн цаг дээр асуувал эерэг, сөрөг түүх олон бий. Тэнгэр үзлийн ачаар үндэстнийг нэгтгэх, хүчирхэг дайчин байлгахад эерэгээр нөлөөлж байсан үе бий. Одоо бол Монголын төрд тэнгэр шүтлэгийн зан үйлээс төрийн тахилга, хар цагаан сүлд зэрэг бага сага үлдэц байна, гэхдээ зан үйлийг нь голдуу ламын ёсоор гүйцэтгэж байх шив дээ.

-Бөө мөргөл нийгэмд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

-Аливаа шашин шүтлэг бол ард түмний оюун санааг нэгтгэгч, иргэдийнхээ ёс суртахуун, хүмүүжил төлөвшилд нөлөөлөгч гол хүч байх ёстой. Бэлэн жишээ гэвэл АНУ байна. Ерөнхийлөгч нь Библийн судар дээр гараа тавьж байгаад тангараг өргөдөг биз дээ. Бөө мөргөл түүн лүгээ нэгэн адилаар тэнгэр шүтлэгтнүүдэд зөвийг заадаг, ёс суртахуун, хүмүүжилд нь эерэгээр нөлөөлдөг болж чадвал сая нийгэмд гүйцэтгэх үүргээ биелүүлж байна гэж хэлж болно. Монгол бөөгийн үзэлд нэг сайн юм байсан нь, ямар ч ард түмний шашин шүтлэгт хүлцэнгүй ханддаг, өөрсдөө бол тэнгэр үзэлдээ үнэнч байсан. Энд би Их Монгол улсын үеийг ярьж байна. Ирээдүйдбас тийм болоосой гэж хүснэ.

-Бөө мөргөлд хараал жатгыг хувь хүний эсрэг биш, харин их үйл хэрэг буюу дайны гол зэвсэг болгон ашигладаг байсан гэдэг. Гэтэл одоо ам зөрсөн хүн болгондоо хараал хийлгэх болжээ. Хандсан хүн бүхэнд хүссэн хараал жатгыг нь хийж өгөх нь зөв үү?

-Та бидний өвөг дээдэс “Хараал явсаар хар толгойд” гээд тов тодорхой захиж сургасан байдаг. Муу үйл сэдсэн хүн үр дагаврыг нь эцсийн эцэст өөрөө л хүртдэг гэдгийг өвгөдийн захиас сануулаад байна биш үү? Болохгүй шүү дээ. Жатга гэдэг хоосон юм биш. Үр дагаврыг нь хэн ч тооцоолох аргагүй. Бас хараалыг хариулдаггүй, дардаг гэж үг бий. Хүн чулуу шидэнгүүт хариулаад арай том чулуу шидэж, эцэст нь учир утгагүй шидэлцээн болж хувирвал онцгүй биз дээ? Ингэж болдоггүй юм гэдгийг ухвар мөчид хүмүүст тэр бөө, лам нар, дом шидтэнгүүд хэлж ойлгуулаад явуулж байх хэрэгтэй. “Өсийг өсөөр тайлдаггүй, өршөөлөөр тайлдаг” гэдэг дээ.

-Бөө тодруулах зан үйл бизнесийн сүлжээ болжээ гэдэгтэй санал нийлэх үү?

-Нэг хэсэг ч замбараагаа алдах шиг болсон. Харин сүүлийн үед жаахан намжаа юу.Мөнгөөр хэмжиж, нартын амьдралын жамаар зохицуулж болдоггүй юмаар оролдоод олон ч бөө буруутсан байх. Одоо жаахан ухаарч, тэнгэрийн үйлийг мөнгөний машин гэж андуурснаа ойлгосон юм болов уу.

-Бөөгийн өвчний илрэх шинж тэмдэг ямар байх вэ. Сэтгэл мэдрэлийн өвчинтэй төстэй тал бий юу?

-Shamanic illness буюу бөөгийн өвчин гэж нэр томьёо бий. Дээхэндээ үүнийг сэтгэцийн өвчний төрөлд хамаатуулдаг байв. Сүүлийн үед бөө болох оноолт харин ч сэтгэцийн хувьд эрүүл саруул, төрөл дотроо оюуны чадамж өндөр хүмүүст илэрдэг гэж гадаадын судлаачид үздэг, сурах бичиг энэ тэрдээ бичдэг болсон байна билээ. Өөрөөр хэлбэл, онгод орох гэж өгч байгаа тэмдэг дохиог сэтгэцийн эмгэгтэй андуурч болохгүй ээ гэсэн үг. Гэхдээ олон бөө дунд янз бүрийн л хүн байгаа шүү дээ. Сэтгэцийн өвчин гэдэг харьцангуй ойлголт. Хэт хөөрч баясдаг, эсвэл гуньж гутардаг, гэхдээ бусдад гэм халгүй эмгэг хүртэл байдаг. Харин ёс суртахуунгүй, хүмүүжилгүй хүмүүсийн үйлдэл заримдаа сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийнхээс долоон дор байдаг.

-Бөө мөргөлд үнэ хөлс гэдэг зүйл байх ёстой юу?

-Аль ч шашинд сэтгэлийн өглөг гэж байдаг. Үнэ тариф тогтоох бол тухайн бөөгийн л хийж байгаа ажил байх. Зарим бөө өргөө цагаан гэр, ийм тийм бодын өргөл онгод нэхэж байна гээд түүнийгээ өнөөгийн ханшинд хөрвүүлэн мөнгө нэхэж байгаа харагддаг. Онгод бол хий биетэй, хийсгэлэн дүртэй эд. Тэр гэрийг ачаад явахгүй, тэр малыг туугаад явахгүй, тэр мөнгийг өвөртлөөд мордохгүй. Тийм болохоор нэхсэн өргөлийг нь цаас даавуугаар ч болов орлуулж үйлдүүлээд, мэдүүлж хүргэдэг гэж учир мэдэх бөө нар ярих юм билээ.


Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.96
    2020/10/01

    Хүний сүнс дээш гарах, доош унах гээд бүгд онол, үзэл гээд байгаа нь оносон үг учир онол болно.

    Хариулах
  • 66.181.161.96
    2020/10/01

    Бөө-д онол бий.Тэр онолыг олж судлаагүй байна.йм дулимаг байж болохгүй.

    Хариулах
    • 202.9.40.37
      2020/10/11

      ergv bandi

  • 66.181.161.96
    2020/10/01

    Галиарид бас л дутуу ойлгож байна. Маш айн ойлгож уугуул ёс заншлаа суртчлах хэрэгтэй.

    Хариулах
    • 202.9.40.11
      2020/10/03

      hha hutsaj aldwaa

  • 66.181.161.96
    2020/10/01

    үнэ

    Хариулах
    • 202.9.40.64
      2020/10/05

      shaa