САРЫН ДОТОР БЭЛЭН БОЛЖ, ЗУУН ДАМЖСАН “УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ

Г. Болортуяа
2020/10/01

Н. Чингүүнжав

Бүтээл төрөх агшин хормын төдийд байж болох ч мөнхрөх хугацааг таахын аргагүй. “Учиртай гурван толгой” дуурийн түүх ч ижил. Төрийн шагналт зохиолч Донровын Намдаг нэгэн дурсамжидаа “Учиртай гурван толгой” дуурийн зохиол хэрхэн бий болж, үзэгчдэд хүрсэн тухай тэмдэглэсэн нь бий. Түүнд бичсэнээр бол тун завгүй ажилтай байсан их зохиолч Д.Нацагдоржийг гуйж энэ зохиолыг бичүүлсэн байдаг. Тэгэхдээ театрт жүжгийн зохиол ус, агаар мэт хэрэгтэйг илүү ухаарч, Д.Нацагдорж найзыгаа шавдуулан, яаруулан гүйсээр жүжгээ нэг сарын дотор бэлэн болгож, үндэсний сонгодог дуурийн эхлэлийг тавьжээ. 

Жүжгийнхээ дууг ардын дуунаас сонгож, зохиолоо Юндэн гөөгөө хэмээх сайхан залуугийн хайр дурлалын түүхээс сэдэвлэн бичсэн байна. Тэгэхдээ энэ жүжгийн үйл явдал хөдөө талын гурван толгойн дунд өрнөдөг учраас нэрийг нь ийн сонгожээ. Харин гол дүрд болох Юндэн, Нансалмаа, Хоролмаа, Балганы хоорондох хайр дурлалын ээдрээт үйл явдал жүжгийн дөрвөн бүлэгт багтдаг. Өдгөө энэ дуурь гурван бүлэг, таван үзэгдэлтэй болжээ. Анхны Юндэнд Ц.Цэгмэд, Нансалмаад Т.Хандсүрэн, Балганд Жадамба, Хоролмаад Дэвээ тоглосон хэмээн тэмдэглэсэн байна. Энэ бол дуулалт жүжгийг найруулсан Д.Намдаг гуайн ч анхны бүтээл төдийгүй өдгөө бидний “Алтан үеийнхэн” хэмээн нэрийдэх болсон жүжигчдийг ч хүмүүс таньж амжаагүй байсан үе юм.

Харин одоо бол үндэсний сонгодог “Учиртай гурван толгой” дуурийн гол дүрүүд болон дагуул, уртын дууч, бүүвэйчид тоглосон хүмүүс түүгээрээ бахархан уран бүтээлийнхээ нэрийн хуудас болгодог болжээ. Дэлхийн сонгодог театрыг улсдаа байгуулсан 1950 онд энэ дуурийн 1000 дахь тоглолт болж байсан гэдэг. Харин энэ онд Дуурь бүжгийн эрдмийн театр 70 “нас” хүрч буй учраас тус театрынхан “Учиртай гурван толгой” дууриар хүрэн хамбан хөшгөө нээх гэж байна. Аравдугаар сарын 3-нд Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурь тоглох бол, 4-нд Ж.Мэнд-Амарын “Үйлийн гурван толгой” балетыг толилуулах аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна