АНУ-ТАЙ ЭРЧИМ ХҮЧ, ХӨДӨӨ АЖ АХУЙ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ЧИГЛЭЛД ХАМТАРНА

Г. Болортуяа
2020/10/01

С. Бүжин

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Р.Помпео Гадаад харилцааны сайд Н.Энхтайвангийн урилгаар манай улсад айлчлал хийх гэж байгаа аж. Энэ талаар Гадаад харилцааны яамны Америк, Ойрх дорнод, Африкийн газрын захирал Д.Гансүх “Хоёр тал айлчлалын хугацааг тохироод байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын манай улсад хийх айлчлал энэ сарын 7-нд болно. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Р.Помпео дагалдан яваа төлөөлөгчдийн хамт аравдугаар сарын 7-нд ирээд тухайн өдрөө буцна. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад бараалхан Монгол-АНУ-ын хамтын ажиллагааны талаар яриа өрнүүлнэ.

2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн АНУ-д хийсэн айлчлалын үеэр тус улстай стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон. Түүнээс өмнө 2018 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус улсад айлчлал хийж, хоёр орны эдийн засгийн харилцааг өргөжүүлэх тухай замын зураглалын баримт бичгийг тохиролцсон. Энэ айлчлалуудын үеэр ярилцсан хамтын ажиллагааны асуудлуудыг энэ удаагийн айлчлалын үеэр хөндөж ярих төлөвлөгөөтэй байгаа.

2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн АНУ-д хийсэн айлчлалын үеэр тус улстай стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон. Түүнээс өмнө 2018 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус улсад айлчлал хийж, хоёр орны эдийн засгийн харилцааг өргөжүүлэх тухай замын зураглалын баримт бичгийг тохиролцсон. Эдгээр өндөр, дээд түвшний айлчлалуудын үеэр ярилцсан хамтын ажиллагааны асуудлуудыг энэ үеэр хөндөж ярих төлөвлөгөөтэй байгаа” гэв.

-Айлчлалаар ирэх төлөөлөгчдөөс коронавирусийн шинжилгээ авах уу. Халдвараас хэрхэн сэргийлэх вэ. Айлчлалын багийнхантай уулзсан хүмүүсийг тусгаарлах уу?

-Шинжилгээний талаар нарийвчлан мэдээлэх боломжгүй байна. УОК болон холбогдох ажлын хэсэг ажиллаж байгаа. Манай улсад мөрдөгдөж байгаа дүрэм, журмыг нөгөө талд тайлбарлаж, харилцан тохиролцоод явж байгаа. Айлчлалт оролцсон хүмүүс тусгаарлагдана.

-Айлчлалын үеэр ямар ямар хэлэлцээ хийх вэ?

-Монгол-АНУ хооронд эдийн засгийн түншлэлийг өргөжүүлэх тухай замын зураглал гэдэг баримт бичиг байгаа. Түүн дотор эрчим хүч, хөдөө аж ахуй, мэдээллийн технологийн чиглэлд хамтран ажиллана гэдэг чиглэлүүд байгаа. АНУ-ын зүгээс Мянганы сорилтын сангийн 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх тухай томоохон төсөл хэрэгжиж байна. Мөн АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг гэдэг байгууллага буцаж Монгол Улсад төлөөлөгчийн газраа нээж байгаа. Эдгээр асуудлыг хэлэлцэнэ.

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг манай улсад 1990-ээд оноос эхэлж ажиллахдаа хувийн хэвшлийг бэхжүүлэх, эдийн засгийг шилжүүлэхэд ихээхэн дэмжлэг үзүүлж ирсэн. Тус байгууллага нь энэ удаад ч өнөөгийн Монголын эдийн засгийг оновчтой, тогтвортой байлгах чиглэлээр жижиг, дунд бизнесийг дэмжсэн төслүүд хэрэгжүүлж эхэлж байгаа.

-Дараагийн айлчлал хийх төлөвлөгөө гарсан болов уу?

-“Ковид-19”-өөс болоод олон улсын түвшинд харилцаа бага байсан. Сүүлийн үед улс орнууд айлчлалуудаа эрчимтэй хийж эхэлж байна. Манай улс ч гэсэн ялгаагүй айлчлалуудаа эрчимжүүлнэ.

-АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Р.Помпеог дагалдан ямар төлөөлөгчид ирэх вэ?

-Хорио цээртэй холбоотойгоор айлчлалын бүрэлдэхүүн маш цомхон байгаа. Манай хоёр орны хооронд Эдийн засгийн бодлогын зөвлөлдөх уулзалт гэж болдог. Уг уулзалтын энэ сарын 20-нд хийхээр тохирсон. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Р.Помпеон айлчлалын ажлын албаных нь албан тушаалтнууд явж байгаа.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна