ЗАХИРАЛДАА ХАЛГААТАЙ 116 ДУГААР СУРГУУЛЬ

Админ
2020/10/08

П. Даваажаргал

Улсын хэмжээнд харааны бэрхшээлтэй хүүхдэд боловсролын үйлчилгээ үзүүлдэг цорын ганц байгууллага бол 116 дугаар тусгай сургууль. Гэвч энэхүү байгууллага гаргасан амжилт, гавьяа зүтгэл гэхээсээ илүү жагсаал цуглаан, хэвлэлийн бага хурлаар хэдийн олны танил болсон. Өнгөрсөн мягмар гарагт тус сургуулийн зарим багш, ажилтан захирлын томилгоо, хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийсэн юм. 

Тодруулбал, БШУЯ-наас өнгөрсөн наймдугаар сарын 26-нд Д.Мөнхбаатарыг 116 дугаар сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. Гэвч тус сургуулийн багш ажилтнууд шинээр томилогдсон захирлаа тусгай хэрэгцээт боловсролын мэдлэггүй учраас хичээлийн хэрэглэгдэхүүнийг хог хэмээн андуурч хогийн саванд хаях, харааны бэрхшээлтэй багш нарын хэрэглэдэг брайл үсгээр бичсэн зүйлийг шилэн самбарын араар хийх зэргээр бидний ажилд хүндрэл учруулж байна. 

Хамгийн гол нь, 2014 оноос хойш есөн захирлын үүрэг гүйцэтгэгчийн нүүр үзлээ. Ийнхүү удаа дараа хэрэгцээ шаардлагад нийцээгүй, захирал болох хүсэлтэй хүмүүсийг томилж, манай сургууль дээр дадлагажуулахаа болиоч. Энэ бүхэн БШУЯ-тай шууд холбоотой хэмээн мэдэгдсэн юм. Бид энэхүү мэдээллийн мөрөөр бодит байдлыг тодруулахаар сурвалжиллаа.

Б.БАТБОЛД: ТУСГАЙ СУРГУУЛЬ БОЛ ХЭН ДУРТАЙ НЬ ИРЭЭД ДАДЛАГА ХИЙДЭГ ГАЗАР БИШ

Албан тушаалын томилгоо, халаа сэлгээний нөлөөгөөр сургууль дээр үүсээд буй нөхцөл байдалтай танилцахаар Сүхбаатар дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт байрлах 116 дугаар сургууль дээр очлоо. Өдгөө тус сургуульд 22 бүлгийн 130 хүүхэд сурч, хүмүүжиж буй. Нийт 79 багш ажилтантай. Сургуулийн гадна талбай ил хуль байх бөгөөд төв хаалганы дэргэд 10-аад багш зогсож харагдана. Сургуулийн үйл ажиллагааны талаар мэдээлэл авах хүсэлтээ илэрхийлэхэд, “Улавч өмсөөд II давхарт гараарай” гэж чиглүүлэв. 

Тус сургуулийн сургалтын менежер н.Нүрзэдээс үүсээд буй нөхцөл байдлын талаар тодруулахад “Багш, ажилтнууд үзэл, бодлоо илэрхийлж байгаа учраас миний зүгээс зөв, буруу гэх дүгнэлт хэлэх боломжгүй. Хичээл, сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүй байх тал дээр анхаарч байна. Жижүүр багштай хамтран багш нарын хичээлийн цагт хяналт тавьж байгаа. Одоогоор сурагчдын хоол унд, хүнсний тал дээр доголдсон зүйл байхгүй. Захирлын асуудлаарх нарийн ширийнийг мэдэхгүй. Надад яамнаас мэдээлэл ирээгүй. Эцэг эхчүүдээс гомдол санал ирсэн зүйл алга. Багш нарын брайл үсгээр унших, бичих чадвар хангалттай” гэсэн юм. 

Энэ мэдээллийг бататгахаар сурагчидтай уулзаж, ярилцахыг хүссэн ч “Заавал эцэг эхээс нь зөвшөөрөл авах ёстой. Манай хүүхдүүд асуумж, судалгаа авахад ч дургүйцдэг” хэмээн тайлбарлав. Гэвч харааны бэрхшээлтэй ч бусадтай ижил ярьж, сэтгэдэг хүүхдүүдийн нийгмийн харилцаанд орох, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг ийн журамлах нь учир дутагдалтай мэт. Үүний дараа хөгжмийн багш Б.Батболдыг сурагласаар очив. 

Тэрбээр сургуулийн захирлын томилгооны асуудлаар нийгэмд дуу хоолойгоо илэрхийлж, салбарын яамандаа шаардлага хүргүүлээд буй багш нарын төлөөлөл. Мөн шаардлагаа шийдвэрлүүлэхийн тулд энэ сарын 21-25-нд өлсгөлөн зарласан юм. Түүнээс ямар учраас захирлын үүрэг гүйцэтгэгчийг эргүүлэн татахыг шаардаж байгаа тухай тодруулахад “Энэ бол ганц Д.Мөнхбаатар гэдэг хүнийг эсэргүүцээд байгаа асуудал биш юм. Удаа дараалан ёс зүй, төлөвшилгүй, ур чавдараар дутмаг, биднээс доогуур мэдлэгтэй хүмүүсийг захирлаар томилсныг эсэргүүцэж байгаа. Тусгай сургууль бол хэн дуртай нь ирээд дадлага хийдэг газар биш. Манай сургуулийн үйл ажиллагаанд төрийн болон ТББ, албан тушаалтнууд хөндлөнгөөс оролцож багш, ажилтан, захирлыг халж, сольсоор ирлээ. 

Бид наймдугаар сараас эхлэн БШУЯ- нд “Сургуулийн өнөөгийн байдал, харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах орчин нөхцөлийн талаар хэлэлцүүлэг хийе, хүндрэлтэй байдлаас хамтдаа гарцгаая” гэж удаа дараа хүсэлт тавьсан. Гэтэл бидний санал, сэтгэгдлийг сонссонгүй. Бидний хүндлэлийг хүлээж чадах хүнээр удирдуулмаар байна. Түүнээс биш биднийзахирлаар томилсон хүнтэй ажилла. Чадахгүй бол өргөдлөө өгөөд гарч болно шүү гэж тулгамааргүй байна. Наймдугаар сарын 27-ндД.Мөнхбаатарыг ирэхэд “Манай хамт олонтой уулзаж, хэтийн үзэл бодлоо хуваалцаж, зөвшилцсөн тохиолдолд оруулна” гэж бид үүдэн дээр хааж зогссон. 

Гэвч хичээлийн шинэ жил эхлэх дөхсөн тул есдүгээр сарын 15 хүртэл ажиллахыг зөвшөөрч оруулсан. Үүнийг яамны ажлын хэсгийн ахлагч н.Ганцэцэг гэдэг нөхөрт дуулгасан. Д.Мөнхбаатар орж ирэнгүүтээ, өмнөх захируулдын алдааг давтсан. Жишээлбэл, ёслолын үйл ажиллагаанд зарим багш нарыг санаатай оруулаагүй. Эмэгтэй багш нарын биед дураараа хүрсэн. Эмнэлэг, сурган хүмүүжүүлэх комиссоо байгуулж чадахгүй байсан. Тиймээс хамтарч ажиллаж чадахгүй. Түүнийг сургууль руу оруулахгүй байгаа” хэмээн ярив. Багш ажил т н у удын шаардлагыг хүлээж аваагүй тохиолдолд энэ сарын 12-ноос эхлэн ажил хаялт зарлахаар төлөвлөжээ. 

Уг үйл ажиллагаанд багш нарын 85 хувь нэгдэхээ илэрхийлсэн гэсэн юм. Та бүхний хөдөлмөрлөх эрхтэй холбоотой асуудал үүсээгүй байхад ажил хаялт зарлах нь үндэслэлгүй бус уу гэхэд “Та нар дандаа хууль, дүрмээр далайлгадаг. Миний яриаг бүтнээр нь оруулахгүй бол би ярилцахаа болилоо” хэмээн ундууцав. Мөн түүний амнаас бусдыгаа үймүүлж, самарч байдаг хоёр гурван багш бий. Хамт олны нэр хүндийг унагаж, өөрсдийн бодлогоо хэрэгжүүлж ирсэн. 2017 онд Энхзул захирлын үйлийг нь үзэн байж халуулсан. 

Гэтэл эргээд бидний эсрэг ажиллах болсон гэх мэт үгс цухалзана. Түүнээс тодорхой мэдээлэл өгөхийг хүссэн ч татгалзсан юм. Тэдгээр үгс 116 дугаар сургуулийн багш, ажилтнууд дотоод зөрчилтэй байж магадгүй гэх олны таамгийг батлах шиг. Түүнчлэн өмнө нь захирлын орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан хоёр хүн өдгөө сургуульдаа ажиллаж буй. Тухайн цаг үедээ оновчгүй томилгоо, сургуулийн захирлаар ажиллахад нийцэхгүй, ашиг сонирхлын зөрчилтэй гэх мэт гомдол, саналын дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Д.НАРАНЗУЛ: СУРГУУЛИЙН БАГШ, АЖИЛТНУУД ЯМАР Ч УДИРДЛАГА ОЧСОН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРДӨГГҮЙ

Юуны учир сургуулийн захирлыг ойр ойрхон сольж, оновчгүй томилгоо хийгээд буйг тодруулахаар БШУЯ-ыг зорилоо. Энэ талаар тус яамны Бага дунд боловсролын газрын шинжээч Д.Наранзул “116 дугаар сургууль 2016 онд яамны харьяанд шилжиж ирэхдээ л удирдлагын хямралтай байсан. Зургаан жилийн хугацаанд есөн захирлын орлон гүйцэтгэгч солигдсон гэлээ. Үүний 2-3 нь яамны харьяанд ирэхээс өмнөх асуудал. 

Түүнчлэн яамны зүгээс захирлыг ойр ойрхон сольж, үйл ажиллагаанд
хүндрэл учруулж байна гэдэг. Гэвч сургуулийн багш, ажилтнууд ямар ч удирдлага очсон хүлээн зөвшөөрдөггүй. Ерөнхий сайд, УИХ- ын дарга, яам гээд холбогдох бүхийл байгууллагад “Энэ захиралтай хамтарч ажиллаж чадахгүй. Ийм ч зөрчил, дутагдалтай” хэмээн өргөдөл, гомдол ирүүлдэг. Хамгийн сүүлд Д.Мөнхбаатарыг захирлын орлон гүйцэтгэгчээр томилоход “Хамтарч ажиллаж чадахгүй. Мэргэжлийн бус” гэх шаардлага тавьж байна.

 БСШУЯ-ын 2019 оны тавдугаар сарын 3-ны А/282 дугаар тушаалын II хавсралтад тусгай сургуулийн захирлын албан тушаалд тавигдах шаардлагыг тодорхой заасан байдаг. Энэ шаардлагад нийцсэн хүнийг захирлын орлон гүйцэтгэгчээр тавьсан. Учир нь, өнгөрсөн онд Төрийн албаны салбар зөвлөлөөр гурван удаа сонгон шалгаруулалт явуулсан. Шалгуурт тэнцээгүй, огт хүн бүртгүүлээгүй гэдэг шалтгаанаар захирал жинхлэн томилох боломжгүй болсон” хэмээх тайлбар өгсөн юм. 

Түүний хэлсэн А/282 тушаалыг лавлан харвал, тусгай хэрэгцээт сургуулийн захирал нь дээд боловсролтой, бакалаврын зэрэгтэй, согогзүйч, тусгай хэрэгцээт боловсролын багш болон багш мэргэжилтэй, мэргэжлээрээ наймаас дээш жил, үүнээс гурваас доошгүй жил удирдах ажил эрхэлсэн байна гэж заасан байв. Түүнчлэн 2016 оноос хойш томилогдон ажилласан, зургаан захирлын талаарх өргөдөл, гомдол боодол хэртэй бичгийн цаас шиг тэвхийж байсан юм. 

Тэдгээрийн зарим нэгээс сөхөж харвал, “2018 оны аравдугаар сарын 9-ний өдөр. БСШУЯ-ны сайд Ц.Цогзолмаа танаа хүсэлт гаргах нь: Нийслэлийн 116 дугаар сургуульд 2018 оны тавдугаар сарын 21-ний өдөр Л.Баярсайхан захирлаар томилогдон ирсэн. Энэ хугацаанд сургуулийн үйл ажиллагаа хэвийн, хамт олны уур амьсгал эерэг, тайван байдалд орсон. Гэтэл сургууль, цэцэрлэгийн удирдлагын сонгон шалгаруулалтад манай сургуулийн захирлын ажлын байр багтсан байна. Энэ нь сургуулийн хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрч байна уу гэж бид бүхэн айдастай байна. 

Иймд захирлын сонгон шалгаруулалтыг хойшлуулахыг хүсье. Жич, тус сургуулийн сургалтын менежерээр ажиллаж байсан, одоо АТГ, аудитаар шалгагдаж байгаа н.Нүрзэд, 70 дугаар сургуулийн сургалтын менежерээр ажиллаж байгаа, ёс зүйн зөрчилтэй н.Наранчимэг нар сонгон шалгаруулалтад өрсөлдөх магадлалтай байгаа талаар тус сургууль дээр шум мэдээ тархаж үүнээс үүдэн сургууль дээр эмх цэгцгүй байдал үүсээд байна. Иймд бидний тавьсан дээрх асуудлыг харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн сайн сайхны төлөө зөвөөр шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна. 

Эс тэгвээс ХБХ-ийн язгуур эрх ашгийн төлөө төрийн ба төрийн бус байгууллагуудтай хамтарч тэмцлийн бүхий л хэлбэрийг сонгон тэмцэх болно” хэмээжээ. ГэвчЛ.Баярсайханыг сайн ажиллаж байгааг цохон тэмдэглэсэн энэхүү бичгээс ердөө дөрвөн өдрийн өмнө түүний хэрхэн алдаа дутагдал гаргаж, сургуулийн үйл ажиллагааг доголдуулж байгааг дэс дугаарландурдаж, хамтран ажиллаж чадахгүй бөгөөд цаашид бүхий л хэлбэрээр тэмцэхээ илэрхийлсэн мэдэгдэл хүргүүлсэн байх юм. Өнгөрсөн хугацаанд захирлаар ажилласан хүн бүрд утга, агуулгын зөрчилтэй,цаг хугацааны давхцал бүхий энэ мэт гомдол, шаардлагууд өчнөөн. 

Өдгөө ч тэд ахин захирлын томилгооны асуудлаар хэвлэлийн бага хурал хийж, өлсгөлөн зарлах хэмжээнд эсэргүүцлээ илэрхийлээд буй. Зарим өргөдөлд гарын үсгээ дараалуулан зурсан, зарим ньхамт олны төлөөлөл хэмээн нэрээ нууцалсан байх аж. Харамсалтай нь, тэдний өргөдөл, гомдлын сул үг, утга найруулга, дүрмийн алдаа тоймгүй. Нөгөөтэйгүүр шаардлагын үндэслэл учир дутагдалтай.

Д.МӨНХБААТАР: ӨӨРӨӨ ӨРГӨДЛӨӨ ӨГӨӨД ГАР ГЭЖ ДАРАМТАЛЖ БАЙНА

Мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс 116 дугаар сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Мөнхбаатартай холбогдсон юм. Тэрбээр “Намайг сургууль руу огт оруулахгүй байгаа.Би БШУ-ны сайдын тушаалаар энэ сургуулийн захирлын орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Өдгөө боловсролын байгууллагад 23 дахь жилдээ ажиллаж байна. 2013 оноос хойш “Ирээдүй” цогцолбор сургуульд сургалтын менежерээр ажилласан. 

Миний ажлын туршлага, мэдлэг тусгай хэрэгцээт сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолтод нийцэж байгаа. Үүрэгт ажилдаа томилогдсоноос хойш 10 гаруй хоног ажиллах боломж бүрдсэн. Энэ хугацаанд тодорхой хэмжээнд сургуулийн орчин нөхцөл, шийдвэрлэх асуудлыг судалсан. Засаж залруулах зүйл олон байна. Жишээлбэл, Хөдөлмөрийн гэрээг огт шинэчлээгүй. Гэрээгээ шинэчилье гэхэд нэг удаа гэрээ хийсэн бол өөрчилдөггүй гээд хөдлөөгүй. Хугацаагүй гэрээ байгуулж болдог ч шинэчилсэн тогтоол, журмыг тусгах ёстой. Мөн сургалтын төлөвлөлт алдаатай байсан. Ажилдаа орсны дараа анги танхимаар явж, нөхцөл байдалтай танилцан, шаардлага тавьсан юм.

Тодруулбал, үүдээр ормогц, монгол бичгээр алдаатай бичсэн самбар, дотуур байрны үүдэнд “сурагчдийн” гэж буруу бичсэн самбар өлгөсөн байсан. Эдгээрийг хэлж, засах нь зөв биз дээ. Энэ мэт ажлын шаардлагыг хуулиар далайлгаж, сүрдүүллээ гэж хүлээж авдаг. Ерөөс намайг дотоод үйл ажиллагаанд оролцуулах сонирхолгүй. Буруу, зөрүү юман дээр нь нүдээ аниад тамга даруулаад суулгах сонирхолтой. Тус сургууль 2019 он, 2020 оны хагас жилийн аудитаар сөрөг үзүүлэлттэй гарсан байгаа. Энэ бол олон захирал солигдсоны уршиг. Үүнийг засаж залруул гэж намайг томилсон байх ” хэмээсэн юм. Мөн тэрбээр “Б.Батболд багшийг утсаар дарамтлуусан гэх мэдээлэл явад байгаа. Надад Санчир гэдэг нэртэй багын найз байхгүй. Энэ бол миний нэр төрийг унагах гэсэн үйлдэл. 

Цагдаагийн байгууллага шалгаж, үнэн мөнийг нь тогтооно биз. Мөн сургалтын хэрэглэгдэхүүнийг хаясан. Эмэгтэй багшийн биед хүрсэн зүйл огт байхгүй. Намайг ажлаас гарах өргөдлөө өг гэж дарамталж байгаа. Өмнөх захирлуудыг ч хавчиж, шахсаар өргөдлийг нь бичүүлсэнбайх. Боловсролын байгууллага ийм завхарсан тогтолцоотой байж болохгүй. Ажил мэргэжилдээ хайртай, хүүхдийн төлөө багш нар бий. Гэвч хувийн ашиг, сонирхлоо урдаа баригсад олон юм” гэв. Д.Мөн хбаатарыг ажил хүлээлцэх үеэс л эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн бөгөөд есдүгээр сарын 15-нд БШУ-ны томилгоог хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул цаашид хамтарч ажиллах боломжгүйг мэдэгдэж, 2020 оны есдүгээр сарын 17-ны өдрийн ажлын найман цагт ажил үүргээ хүлээлгэн өгөхийг шаардаж байна гэх бичиг хүргүүлжээ. 

Түүнчлэн 17-нд дээрх шаардлагыг биелүүлэхгүй бол тэмцлийн бусад хэлбэрт шилжихээ мэдэгдсэн байна. Энэхүү эсэргүүцэл нь өдгөө ийн үргэлж буй юм. Түүнчлэн тус сургуулийн зарим багш, ажилтнаас ирсэн өргөдөл, гомдлын дагуу БШУ-ны сайдын тушаалаар Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, өнгөрсөн сарын 23-25-нд 116 дугаар сургуулийн удирдлага, санхүү, сургалт, багшийн үйл ажиллагаанд үнэлгээ хийж, дүгнэлт өгөх шийдвэр гарчээ. Гэвч сургуулийн багш ажилтнууд хаалга хаан зогсож, ажлын хэсгийнхнийг сургууль руу оруулахгүй эсэргүүцсэн байна. 

Ийнхүү холбогдох албаныхан харьяа сургуулийнхаа үүднээс гурван өдөр хөөгдөж, тэмцэлдсэний эцэст арайхийн нэвтэрсэн гэнэ. Ажлын хэсгийн дүгнэлтээр сургуулийн багш ажилтнуудын 20 гаруй хувь нь брайл үсгээр уншиж, бичиж чаддаггүй, 70 гаруй хувь нь хичээлийн бэлтгэл хангаагүй зэрэг дүн гарчээ. Түүнчлэн захирлын үүргийг гүйцэтгэгч Д.Мөнхбаатарын томилогдон ажилласан хугацаа богино ч үүрэг, чиглэлээ хангалттай гүйцэтгэсэн гэж үзжээ.

Энэ талаар хөгжмийн багш Б.Батболд “Дэмжин туслах нэрийдлээр ажлын хэсэг ирдэг. Гэхдээ хэзээ ч асуудлын голыг олдоггүй. Баримтаар нотлоод байхад, үгүйсгэж явсаар өдий хүрсэн. Ажлын хэсгийнхэн эсэргүүцэл илэрхийлж байгаа багш нарыг сонгон “Ур чадваргүй” хэмээн үнэлсэн байсан. Ингэж биднийг доромжилж болохгүй” хэмээсэн юм. Тус сургуулийн багш ажилтнууд 2017 онд төрийн байгууллагын үйл ажиллагаанд төрийн бус байгууллага хөндлөнгөөс оролцож, удирдлагын асуудалд оролцлоо хэмээн жагсаж байсан. Өдгөө салбарын яамныхаа шийдвэрийг эсэргүүцэн хаалга үүдээ түгжиж сууна.

Сонгон шалгаруулалт зарлаад хүн ордоггүй. Орсон нь тэнцдэггүй. Орлох хүнийг нь зохих хууль журмын дагуу томилоод явуулахаар хүлээн зөвшөөрдөггүй. Санаатай, санаандгүй шахаж, шаардсаар захирлын үүрэг гүйцэтгэгчээ явуулчихдаг. Дараа нь дахиад л захирал нэхдэг. Ийм нэг эмгэнэлтэй дүр зураг хэчнээн жил үргэлжлэв. Үнэхээр Монголын боловсролын салбарт ерөнхий боловсролын сургууль удирдаад явах боловсон хүчин байдаггүй юм уу. Аль эсвэл тусгай сургуулийн захирал гэх сэнтийн цаана тийм их эрх ашиг байдаг юм уу. Сандал суудлаа булаацалдсаар байх зуур хүүхдүүдийн сурч хөгжих, эрх зөрчигдсөөр.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.18.50
    2020/10/16

    Новшийн чөтгөр шиг юмнууд газрын хаанаас яаж нэгнээ олоод нэг газар цугладаг байнаа. 9 хүнийг сольж байна гэдэг чинь энэ сургуулийн чөтгөр шиг багш нарт өөрсдөд нь гол асуудал байна гэсэн үг. Тэр Нүрзэд гээч хутгуурыг нь зайлуулаач ээ

    Хариулах