МОНГОЛ УР ЧАДВАР ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨНӨ

Админ
2020/10/09

Б. Нямдорж

Дэлхийн ур чадварын 46 дахь удаагийн “Шанхай- 2021” тэмцээнд оролцох оролцогчдыг шалгаруулах “Монгол ур чавдар-2020” мэргэжлийн түвшин тогтоох үнэлгээний I шатны уралдаан өчигдөр Барилгын политехникийн коллежид боллоо. Тэмцээнд Мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төв, политехник коллежийн 80 гаруй оролцогч модон эдлэлийн мужаан, сантехник, цахилгаан, өрөг угсрагч, гагнуур, токарь, тогоочийн мэргэжлээр өрсөлдөж буй. 

Тус тэмцээнийг 2014 оноос эхлэн Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Монголын барилгачдын нэгдсэн холбоо, Мастер тогоочдын холбоо хамтран зохион байгуулж байна. Барилга политехникийн коллеж, Техник технологийн политехникийн коллеж, Налайх дүүрэг дэх Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Өмнөговь аймаг дахь политехникийн коллежийн чадамжийн төвүүдэд
зохиогдож байв.

Тэмцээний үйл явцыг сурвалжлахаар Барилгын политехникийн коллежийг зорилоо. Энд тэмцээний барилгын өрөг угсралт, сантехник, цахилгааны төрлүүд зохиогдож байна. Мэргэжлийн сургалт  үйлдвэрлэлийн төвөөс долоо, политехник коллежоос 22 оролцогч байгаагаас төрөл тус бүрээс эхний гурван оролцогчийг шалгаруулж, II шатанд үндэсний ялагчийг тодруулах аж.

Тус тэмцээнийг 2014 оноос эхлэн барилгын үндсэн дөрвөн мэргэжлээр гурван үе шаттайгаар зохион байгуулж иржээ. Тэмцээнээс шалгарсан оролцогчид “Бразил-2015”, “Абу-Даби-2017”, “Казань-2019” тэмцээнд амжилттай оролцож, ур чадвараа ахиулсаар ирсэн байна. Тэмцээний шүүгчээр барилгын салбарын зөвлөх болон мэргэшсэн инженер, эксперт багш, үнэлгээ баталгаажуулалтын мэргэжилтнүүд ажилласан юм.

Барилгын мэргэжлийн дадлагын газрын өрөг угсрагчийн өрөөнд орлоо. Тэмцээнд оролцож буй оролцогчид өгсөн даалгаврыг хугацаандаа, зөв гүйцэтгэхээр дор бүрнээ хичээж байгаа нь харагдана. Ажлын талбайд оролцогчдын багаж хэрэгсэл болох булан чиг, горим гаргагч, тэгш ус зэргийг эгнүүлэн тавьжээ. Өмнөх жилүүдэд 20 гаруй оюутан оролцдог байсан ч энэ жил таван оюутан оролцож байна. Дэлхийн ур чадварын тэмцээн нь зохиож буй улсынхаа үндэсний хэв шинжийг агуулсан даалгавар гүйцэтгүүлдэг аж. 2021 оны тэмцээн нь Шанхайд болох учраас 2020 гэсэн тооны дээр Хятадын цагаан хэрмийг таван цагийн дотор өрөх аж. Энэхүү даалгаврынзургийг тэмцээнээс нэг сарын өмнө удирдамж дээрээ гаргажээ.

Дэлхийн ур чадварын тэмцээний жишгээр даалгаврыг зурган дээрээсээ 30 хувь өөрчилсөн байна. Өрөөнд тэмцээний оролцогчид, шавар зуурч буй оюутан, шүүгч буюу үнэлгээний ажилтнуудаас өөр хүн байсангүй. Өрөөний баруун талын буланд дөрвөн оюутан шавар зуурч, дор бүрнээ л завгүй байгаа нь харагдана. Түүнээс хоёр нь зуурсан шавраа оролцогчдод сэрээ тэргээр хүргэж өгч байсан бол нөгөө хоёр нь өрөөстэй цементнээс аван зуурч байлаа. Барилга политехникийн коллежийн хоёрдугаар курсийн оюутнууд оролцогчдын ашиглах шаврыг зуурч, хүргэж өгч буй нь энэ юм. Нэг оролцогчид 20 литрийн хувингаар 7-8 шавар хэрэгтэй. Тийм учраас тэд тэмцээнийг дуустал ачаалалтай ажиллах аж.

Дэлхийн ур чадварын тэмцээнд шавраа зуурч, тоосгоо хуваах гэх мэт бүх ажиллагааг оролцогчөөрсдөө хийдэг байна. Харин Монголд багаж хэрэгсэл, техникийн хүрэлцээ муу учраас тоосго зүсэх гэх мэт бэлтгэл ажлуудаа өмнөх өдөр нь хийдэг гэв.

Оролцогч нарын урд хананд гүйцэтгэх даалгаврын зураг, дугаарыг наажээ.Нэгдүгээр хэсэгт Баянхонгор аймгийн политехник коллежийн III курсийн оюутан А.Оюунмөнх даалгавраа маш нухацтай гүйцэтгэж байлаа. Тэрбээр ур чадварын тэмцээнд анх удаа орж байгаа нь гэнэ. Харин хоёр дахь хэсэгт Барилгын политехникийн коллежийн техникчийн ангийн I курсийн оюутан О.Наранбаатар даалгавраа бусад оролцогч нараасаа илүү хурдтай гүйцэтгэж байлаа. Түүний хувьд өмнөх жилийн ур чадварын тэмцээнд II байранд шалгарч байжээ. Ийнхүү амжилтаа ахиулж, түрүүлэхийг зорьж буй нь энэ юм. Хоёр дахь жилээ оролцож байгаа болохоор бусад оролцогч нараасаа илүү хурдан, нямбай хийж байгааг шүүгчид ч онцлов. 

Хэдий дуусах хугацаа болоогүй ч оролцогч нар байн байн цаг харна. Заримынх нь хөлс урсаж байгааг харвал даалгавраа сайн гүйцэтгэхээр хичээж буй нь илт. Тэмцээний дүнг геометр, түвшин, босоо шугам, деталь, гадаргуугийн зэрэг 5-6 нарийн хэмжилтийг хийж, дүнг багш, оролцогчийн хамт гаргах юм.

Өрөөний голд шүүгчийн ширээн дээр тэмцээний хөтөлбөр, үнэлгээний хуудас, хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгаа, эмийн санг дэлгэн тавьжээ. Таван оролцогч байгаа учраас хоёр үнэлгээний ажилтан, нэг хөндлөнгийн шүүгч ажиллах аж. Ерөнхий шүүгч Г.Даваасүрэн “Би 2015 оноос хойш шүүгчээр ажиллаж байна. Үндэсний оролцогчид дэлхийн тэмцээнд оролцож, ур чадвараа дээшлүүлсээр байна. Тэмцээнийг үндсэн шалгуур үзүүлэлтээр нарийн шалгадаг.

Оролцогчдын хувьд ур чадвар ойролцоо ч зарим нь хэмжилтээ буруу хийж байгаа нь харагдаж байна” гэлээ. Тэрбээр Барилгачдын нэгдсэн холбоог төлөөлөн ерөнхий шүүгчээр ажиллаж байгаа гэнэ.

“САНДРАЛГҮЙ, ТЕХНОЛОГИЙН ДАГУУ ЗӨВ ХИЙГЭЭРЭЙ”

Оролцогч нараас илүү сандарч, догдолж байгаа хүмүүс бол багш нар байв. Тэмцээний журмаар багш орж болохгүй учраас тэд оюутнуудаа шилэн хаалганы цаанаас харан зогсоно. Өмнөговь аймгийн политехникийн коллежийн багш Ж.Баяржаргал “Ур чадварын уралдаанд анх удаа оролцож байна. Хаалганы цаанаас сэтгэл догдлоод л харж байна. Оюутандаа даалгавраа “Сандралгүй, технологийн дагуу зөв хийгээрэй” гэж хэлсэн. Сургалт, дадлагадаа сайн байсан учраас сонгож бэлдсэн” гэв.

Дархан-Өргөө политехникийн багш Б.Бэрцэцэг “2018 онд миний бэлдсэн оюутан III байр эзэлсэн. Түүнээс хойш хоёр дахь удаагаа оролцож байна. Оюутнаа дадлагад гарчихсан байхад нь чөлөө авч, долоо хоног л бэлдлээ. Хэдий богино хугацаанд бэлдсэн ч сургууль дээрх дадлага, техник сэтгэлгээг нь харсан болохоор итгэж байна” гэсэн юм. Түүний хувьд барилгын мэргэжлийн өрөг угсралтын багш нарын анхны улсын уралдаанд тусгай байр эзэлж байсан туршлагатай.

ӨМНӨХ ЖИЛИЙН ҮНДЭСНИЙ ЯЛАГЧ СУРГУУЛЬДАА БАГШ БОЛЖЭЭ

Тус тэмцээний 2019 оны ялагч болж, “Казань-2019” тэмцээнд оролцсон Г.Анх-Учрал одоо Барилга политехникийн коллеждоо багшаар ажиллаж байна. Тэрбээр “Тэмцээнийхээ эхний өдөр сандарснаасаа болж алдсан ч хоёр дахь өдрөөсөө сайн гүйцэтгэсэн. Өрлөгөө 30 минутын өмнө, заадсаа цаггаа дуусаж байсан. Байранд ороход долоон оноо дутсан л даа. Гэхдээ байр эзлээгүй ч маш их туршлага хуримтлуулсан. Дараа дараагийн оролцогчид даалгавраа сандралгүй хийх юм бол боломж байгаа шүү” гэсэн.

Дэлхийн жишгээр уралдааныг зохион байгуулбал оролцогч тус бүр тоосго зүсэх машин, зураг гаргадаг талбайтай байх ёстой байна. Эксперт багш Л.Эрдэнэчулуун “Сургуулиуд жилээс жилд бэлтгэлээ сайн хангаж ирдэг болжээ. Энэ бол сургуулиудын хоорондын өрсөлдөөн биш Монгол Улсын нэр хүндийг гаргах тэмцээн гэж боддог. “Абу-Даби-2017”-д анх ороод гаргасан алдаан дээрээ дүгнэлт хийсний үндсэн дээр “Казань-2019” тэмцээнд даалгавраа амжилттай дуусгаад ирсэн. Манай хүүхдүүдэд ур чадвартай. Хамгийн гол дутагдаж байгаа зүйл нь тэмцээний сэтгэлзүй гэж ажиглагдсан” гэж ярилаа. Түүний үүрэг бол Монгол Улсын ялагчийг дэлхийн ур чадварын тэмцээнд бэлдэх. Түүний хувьд “Шанхай-2021” тэмцээнд гурав дахь удаагаа эксперт багшаар ажиллажээ.

САНТЕХНИКИЙН МЭРГЭЖЛИЙН ҮНЭЛГЭЭГ 39 ҮЗҮҮЛЭЛТЭЭР ШАЛГАНА

Ийнхүү цааш яван сантехникийн дадлагын өрөөнд орлоо. Хананд оролцогчдын нэр, тэмцээний гүйцэтгэх даалгавар, мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох үнэлгээ зэргийг наажээ. Оролцогч тус бүр ханандаа даалгавраа гүйцэтгэж байлаа. Политехникийн коллежийн найм, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хоёр оролцогч үндэсний ялагчийн төлөө ийнхүү өрсөлдөж байгаа нь энэ. Харин багш нар үүдэнд нь өөрсдийн бэлдсэн оюутнуудаа ажиглан зогсох нь харагдав. Тэд цэвэр, бохир, халуун усны шугамын угсралтыг найман цагийн дотор хийх аж. Өмнөх жил 24 оролцогч орж байсан бол энэ жил 10 болж цөөрчээ. Оролцогчид яагаад бага байгааг “Хагас жил карантийлсан учраас сургуулиуд бэлтэлгүй байгаагаас шалтгаалсан болов уу”гэж зохион байгуулагчид ярилаа.

Оролцогчид бүгд шил, чихэвч зүүж даалгавраа тун хянуур хийж байв. Чанга дуу чимээнд сатаарахгүйн тулд чихэвч зүүдэг юм байна. Үнэлгээний хувьд 39 төрлөөр нарийн хэмжилт хийж, үнэлдэг байна. Гурван мм алдсан тохиолдолд алдаанд тооцдоггүй. Харин түүнээс дээш алдвал тал оноо өгдөг аж. Өмнөх жилүүдэд нэгдүгээр шатанд тав, хоёрдугаар шатанд хоёр оролцогч тунаж ялагчаа тодруулдаг байсан бол энэ жил нэгдүгээр шатанд гурван оролцогч авахаар болжээ. Шүүгч, Монгол Улсын зөвлөх инженер О.Занданхүү “Би зургаа дахь жилдээ энэ тэмцээнийг шүүж байна. Хүүхдүүдийн ур чадвар сайжирч, өрсөлдөөн ихтэй болжээ. 

Тийм болохоор илүү нарийвчлалтай шүүж л дүнгээ гаргана даа” гэв. “Ховд хөгжил” политехникийн коллежийн багш С.Дашдэрэм “Монголын ур чадвар-2019” тэмцээнд түрүүлж, дэлхийн ур чадварын тэмцээнд орж байсан бол энэ жил оюутнаа бэлдэж оролцож байгаа нь онцлог байлаа. Түүний хувьд 2016 онд гагнуурчны ангийг, дараа жил нь сантехникч мэргэжлээр суралцаж мэргэжлээ дээшлүүлжээ. 

Тэрбээр “Өмнөх жил дэлхийн аваргын тэмцээнд оролцож, туршлага хуримтлуулж ирсэн. Энэ тэмцээний хувьд эхлээд удаагүй болохоор гүйцэтгэл нь ямар явааг мэдэх боломжгүй байна. Энэ жилийн хувьд даалгавар хүндэрчээ. Манай улсад зэс, ган хоолой байдаггүй учраас энгийн цагаан хоолойгоор бэлтгэл хийдэг. Оролцогчдынхоо бэлтгэлийг олон улсын жишгээр хийвэл дэлхийд амжилт гаргах боломжтой. Ноднин оролцож явсан бол энэ жил шавь бэлдлээ. Өөрийнхөө алдааг давтуулахгүйг хичээж байна” гэсэн юм.

Барилгын политехникийн коллежийн багш Ц.Мөнгөншагай “Зохиогдоод олон жил болж байгаа болохоор оюутан, багш нарын ур чадвар сайжирчээ. Жил ирэх тусам багаж хэрэгсэл ч сайн болжээ. Энэ жил “Ковид-19”-өөс шалтгаалаад цөөхөн оролцогч ирж. Миний бэлдсэн оюутан ноднин хоёрдугаар байрт орж байсан. Энэ жил бид хоёр түрүүлэхийн төлөө зорьж байгаа. Даалгавар өмнөх жилийнхтэй зарчим нь ижил ч хэмжээ нь өөрчлөгдсөн байна” гэж тус тэмцээний онцлогийг дурдлаа.

Ийнхүү “Монголын ур чадвар”-ын тэмцээний I шатны шалгаруулалт өнөөдөр дүнгээ гаргах юм. Харин II шатны шалгаруулалт тодорхой хугацааны дараа зохиогдох аж. Монголын оролцогчид “Шанхай-2021” дэлхийн ур чадварын тэмцээнд өмнөх амжилтуудаа ахиулж, дэлхийн аварга болох болтугай. Ур чадвараа дэлхийд үнэлүүлэх залуусын зүтгэл тод мөртэй байх нь гарцаагүй ээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна