А.Мөнхзул: 2021 ОНД ЛАВАНДА ЦЭЦГЭН СУУРЬТАЙ, УУСГАЛТТАЙ, ЦАЙВАР БОР ӨНГӨ ТРЭНД БОЛНО

Админ
2020/10/11

Б. Сүрэн

“Үс сайхан бол зүс сайхан” гэдэгчлэн хүний үс гэзэг нь бидний нүдэнд хамгийн тод харагддаг гайхамшигт гоо сайхны илэрхийлэл билээ. Энэ удаагийн “Шинэ танил” буландаа “La Boutique” салоны стилист А.Мөнхзулыг урьж, ярилцлаа.

-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Намайг А.Мөнхзул гэдэг. БНСУ-д стилист мэргэжлээр төгсөж, үсчин, гоо сайхны салбарт докторын зэрэгтэй мэргэшсэн. Солонгост суралцаж байх хугацаандаа тэндхийн телевизийн загварын болон реалити шоунд багаараа оролцож ажиллаж байлаа. Энэ хугацаанд гоо сайхан, трэндийн талаар маш их туршлага хуримтлуулсан. Солонгос улс нь гоо сайхан, загвар талдаа Азидаа тэргүүлэгч орон. Ялангуяа, K-POP урсгал дэлхийд танигдсан. Тиймдээ ч үсчин, нүүр будалт талдаа нарийн, нандин сэрэл мэдрэмж шаарддаг.

Тухайлбал, хүн, хамтлаг болгоны тус тусын дүрийн стиль, имиж нь өөр хоорондоо адилгүй байх ёстой. Тухайн хүний дүрийг бүтээхийн тулд тун нарийн шалгуур, шаардлага тавьдаг.

-Солонгосын ямар шоу нэвтрүүлгийн стилистээр ажиллаж байсан бэ. Хэзээ эх орондоо ирсэн бэ?

-Сургуулиа төгсөөд KBS телевизийн олон ангит драм киноны стилистийн багт ажиллаж байлаа. Тухайн үед хэцүү, хүнд санагдаж байсан ч сонирхолтой байсан. Дараа нь бодоход маш их зүйл шинээр сурсан шүү. Мөн Сөүлийн загварын долоо хоногт арын албанд нь багаараа ажилласан. Янз бүрийн орны хүмүүсийн үс гэзгийг янзалж, тийм гэж үгээр илэрхийлэхийн аргагүй мэдрэмж авсан. Солонгост практик дээр долоо орчим жил ажилласан. Эх орондоо ирээд дөрвөн жилийн хугацаа өнгөрч байна. Гэхдээ Сөүлийн загварын долоо хоногт оролцохоор байнга явдаг. Учир нь тэндээс суралцах, мэдэх, зүйн их. Цаг үе, хандлага, трэндээс хоцрохгүй байх том сургууль ч гэж болно.

-Хүний амьдралд дахин давтагдашгүй мэдрэмж авах боломж нэг их тохиодоггүй шүү дээ?

-Хүн өөрийнхөө давуу талыг олж харж чадвал маш олон боломж бий. Тиймээс өөрийн үйлчлүүлэгч нартаа дүр төрхөө өөрчлөхийг санал болгодог. Гэлээ гээд тэс хөндлөн, өөрт тохирохгүй өөрчлөлт хийж болохгүй л дээ. Заримдаа зүгээр л зоригтойгоор үсний өнгө, засал, загвараа өөрчилж үзэх хэрэгтэй. Солонгос улс хувцас загвар, стиль имижийн шинэ өнгө аясыг гаргаж ирж чадаж байна. Тэгэхээр бидэнд ч гэсэн өөрсдийн гэсэн хэв маягаа гаргаж, тодорхойлох боломж бий.

-Урт богино, өтгөн шингэн гээд хүмүүсийн үс төрөл бүрийн бүтэцтэй. Манайхны үсний өнгө, трэндийн зохицол хэр байна вэ?

-Монголчуудын үсний бүтэц солонгосчуудынхаас арай өөр буюу 40 жилээр хоцрогдсон органик байдаг. Солонгосчууд үсэндээ хоёр сард нэг удаа хими, сард нэг удаа будаг хийлгэдэг. Одууд нь долоо хоногт нэг удаа тэс өөр өнгөөр будуулдаг байх жишээний. Харин манайхны үс органик буюу харьцангуй эрүүл бүтэцтэй. Мөн нүүрний хэлбэр нь орон орны хүмүүс шиг, баригдмал биш. Гэхдээ дийлэнх нь өнцөгт царайны хэлбэртэй учир зөөлөн өнгө илүү гоё зохидог. Тэрчлэн манайхан Европын хэв маяг, стилийг илүүд үздэг. Гэвч зарим хүнд уг стиль нь тийм ч зохимжтой биш, арьсных нь өнгөнд таараагүй харагддаг.

-Эмэгтэйчүүдийн үсний өнгийг ямар мэдээлэлд тулгуурлан зөвлөдөг вэ. Мөн улирлын онцлогт тохируулан үсийг будах, эсвэл засах арга техник бий юу? 

-Манай салон будаг, химээр голчлон зөвлөгөө өгч, ажилладаг. Өөрийнх зан ааш, нас, биеийн хэлэмж, нүд хооронд, бүр нарийвчилбал, хөмсөг, уруул хамар, шанаа, хацар хоорондын зайг нь харгалзан зөвлөгөө өгдөг. Манайхан шанаа өргөнтэй учраас уусгалттай тайралт илүү зохимжтой. Аль болох нүүрний хэлбэрийг нь зуйван харагдуулж, улмаар өнгийг нь өөрт нь тохируулан буддаг. Нүдний хүүхэн хараа, хөмсөг, нүүрний хэлбэр төрхийг нь харж байгаад үснийх нь өнгийг гаргадаг. Тухайлбал, гэртээ байдаг бүсгүйчүүд цоглог, ажил хийдэг эмэгтэйчүүд ялдам имижтэй байх хэрэгтэй. Зөөлөн, ялдам байж гэмээн бусадтай харилцахдаа, тухайн хүндээ эерэг сэтгэгдэл төрүүлж, ажилдаа хариуцлагатай, дундаж гэсэн мэдрэмж өгнө. Түүнээс тас хар өнгөөр үсээ будаж, нүдээ контурдчихаад мянга зөөлөн инээгээд ч анхны сэтгэгдэл хүнд ширүүн хүн байна л гэсэн мэдрэмж төрүүлнэ шүү дээ.

-Хувцас загвар шиг үсний өнгөнд тухайн жилийн трэнд өнгө гэж байдаг уу?

-Дэлхийн жишгээр нийгмээсээ шалтгаалан үсний трэнд өнгө өөрчлөгддөг. Жишээлбэл, 1990 онд эдийн засгийн уналтад дэлхий нийтээр орсон үед хүүхнүүд богино юбка худалдан авдаг шиг үсээ маш их тайруулж байсан. Урт үс маань арчилгаа ихтэй, мөнгө их шаарддаг. Манайхан урт үсэндээ дуртай хэдий ч өнөө үед дунд зэргийн үсийг илүүд үзэж байна. Бизнес эмэгтэйчүүд маань цагаа хэмнэж, хурдан, хялбар аргаар үсээ арчлахын тулд богино үсэн дээрээ хими хийлгэж байна. Хоёр жилийн өмнөөс Монголд үсний трэнд өнгүүд эрчээ авсан. Таван хүн тутмын нэг нь этгээд өнгөөр үсээ будсан, сорлуулсан байх жишээний. Өнгөний хувьд Ази, Европын трэнд өөр байдаг. Энэ жилийн хувьд алтлаг өнгөн дээр суурилсан бор, экспресс боргол өнгө трэнд болсон. 2021 онд лаванда цэцгэн суурьтай, уусгалттай, цайвар бор өнгө трэнд болно. Энэ нь хүнийг эмэгтэйлэг, ялдам харагдуулна.Мөн черри суурьтай бор өнгө мода болно. Энэ өнгө химитэй үсэн дээр илүү хүчтэй, цоглог харагдуулна. 

-Бор, шар арьстай хүмүүс үсээ ямар өнгөөр будвал зүгээр вэ?

-Бор царайтай хүмүүсийн суурь өнгө бол алтан бор. Гэрэлтүүлж байж цайвар харагдана. Шар арьстай хүмүүст аль болох натурал, сүүн бор өнгө зохино. Харин цагаан арьсан дээр бүх төрлийн өнгө зохимжтой.

-Таныг манай улсын нэр бүхий загвар өмсөгч, жүжигчдийн стилистээр ажилладгийг мэднэ. Нууц биш бол хэн хэнтэй хамтарч ажиллаж байна вэ?

-Хүмүүс намайг стилист Жулиа гэдэг нэрээр минь мэднэ. Жүжигчин Р.Анхням эгчтэй хамтран ажиллаж байсан. Тэрбээр эмэгтэйлэг, энгийн имижтэй. Мөн Э.Одгэрэл эгч маань байна. Төрөлхийн ялдам дуу хоолойтой учир цайвар өнгө маш сайхан таардаг. Хийлч Ч.Дэлгэрцэцэг эгч болохоор туяатай бөгөөд хар өнгөнд илүү дуртай. Энэ мэтчлэн урлаг, соёлын салбарын олон эрхэм хүмүүстэй хамтарч ажилладаг.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.125.66
    2020/10/16

    Хүн ашигладаг хогын хүн

    Хариулах