ҮГЭНД ЖИГҮҮР УРГУУЛАГЧ

Админ
2020/10/12

М. Мөнхтунгалаг

Бүтээж туурвихаар, бусдын оюун санааг нээхээр мэндэлсэн, төрмөл авьяастнууд бишгүй ч хясаанд нуугдсан сувд шиг нууц, хэн бүхний мэлмий, сонороос далдхан байсаар насаа элээхийг харах яагаад ч юм харамсал төрүүлдэг. Ийм хүмүүнтэй таарч ярилцах, туулсан замналынх нь аархал, алдаа оноог сонсох дуртай. Тэдэнд ижил төсөөтэй зан чанар байдаг нь суу билэгтнүүд олны өмнө өөрийн замналаа тоочоод явдаггүй, “Би хийчихсэн юм шүү, миний тархи, зүрхнээс гарсан шүү, энэ бол миний цаг хугацаа, чи бол хэн ч биш гэж зарлан тунхагладаггүй” хачин дотогшоо байх нь элбэг. 

Тэдний ихэнх нь залуу халуун насныхаа бардамналаар ачааны хүндийг нуруундаа үүрэн байж бүтээл, туурвилаа үнэлүүлэх цагаа тулахаар төрөөс хайр нэхэж, ач санадаггүй гавьяатай ч гавьяатгүй буурлууд байх нь бий. Ийм л эгэл даруу ч зүгээр сууж, тархи, ухаанаа амраадаггүй хүмүүнийг Нисэхийн эцэс дэх гэр хорооллын дундаас олсондоо олзуурхаад барахгүй сууна. Ийм л хүмүүстэй ярилцах дуртай.

Тэдний цуцашгүй хөдөлмөрлөж явсан цаг үеийг цаасан сонин л авч үлддэг учраас дурсамж, сэтгэлийнх нь мухарт ямар гээчийн үйл явдал, цаг хугацааны эрчлээс нуугдааг онгичих сайхан байдаг юм. Ийм л хүмүүнтэй уулзах бүрд оюун санааных нь охь яндашгүйг бахддаг аа.

Драмын театрын алтан үеийнхэн гэгддэг АЖ Г.Хайдав, Д.Жаргалсайхан, МУГЖ В.Оросоо, хүүхдийн дууны хатан В.Долгор, нэрт удирдаач, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай хөгжмийн зохиолч Ж.Чулуун, “Алтан гургалдай” хэмээн алдаршсан А.Загдсүрэн, Төрийн хошой шагналт, XX зууны манлай хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, С.Гончигсумлаа нарын өндөр боловсрол, нарийн дэг ёс, хатуу шүүлтүүрт нийцэж, “Төрмөл авьяастан” хэмээн өргөмжлүүлж явсан Б.Цэнджав багшийг сониныхоо хойморт урилаа. 

Тэрбээр хүүхдийн дуу, ирээдүй хойчийнхоо урлагийн боловсрол, хөгжмийн мэдлэгийг өргөжүүлнэ, бидний ирээдүй гэрэлтэй, урлагийн өндөр боловсролтой өсөх ёстой, өнө хойчоо танихгүйгээр театрын урлаг хөгжихгүй гэдгийг тэртээ 1990-ээд оны үеэс ойлгожээ. 

Ингээд өөрийн хүсэлтээр театраа орхиод, ерөнхий боловсролын сургуульд багшлах хүслээ гүйцээсэн нь “Уран хас”-ын Чулуун багшийнхаа өөдөөс сөрөх том шалтгаан болжээ. ДБЭТ гэх их айлын хөгжмийн бүхий л тоглолтыг, дуучдынх нь ард голлодог шижир авьяастнаа эгэл жирийн захын сургууль руу алдаж байгаадаа Ж.Чулуун удирдаач ихэд харамссан ч урлагт хайртай, урлаг ойлгодог залгамж халаа, үр хойчоо бэлтгэнэ гэсэн том амбийцийг нь дэмжсэн учраас дэргэдээсээ явуулсан байдаг. Б.Цэнджав гэж очир алмааз шиг буурал багшийн туулсан амьдрал, туучаад гарсан зам мөр алдар цуутнуудын дэргэдээс жим болон салаалж, өөрийн зүгт чилийжээ.

 Тэрбээр “Агсал”-аас эхлээд 20 гаруй бүжиг дэглэж, “Тусч хүү”, “Болжмор”, “Хулгана”, “Шинэ жил”, “Цасны баяр”, “Таван зүс” зэрэг 100 гаруй уран бүтээл туурвиж, хүүхдийн урлагийг хөгжүүлэхэд ухамсарт амьдралынхаа 34 жилийг зориулжээ. Академик боловсрол эзэмшиж, хил давж урлагийн сургуульд сураагүй ч өөрийн байгалиас заяасан авьяасаа хөдөлмөр, зүтгэлээрээ нээж, хөгжим бичиж, ая зохиож, шүлэг амилуулж, бүжиг дэглэж, соён гэгээрүүлж яваа Батаагийн Цэнджав багштай уулзуулж байна.

-Таныг МУГЖ дуучин В.Оросоотой ойр дотно нөхөрлөж, нот зааж, “Дуурийн театрын холбоотой хоёр морь” гэж хэлүүлтлээ хэлхээтэй явсан гэх юм билээ. Монголын ард түмний хайртай дуучин, анд нөхрийнхөө тухайд дурсаач гэвэл юу хэлэх вэ?

-Монголын ард түмний дунд Оросоо гэж мундаг, төрмөл дуучин байсныг бүгд мэднэ. 1970-аад оны тэртээ Оросоогүй баяр болдоггүй байлаа. Оросоо тайзан дээр гарсан л бол 7-8 удаа дахиулж байж үзэгчдийн сэтгэл амарна. Эцэж цуцахыг мэддэггүй, хоолойн өнгө нь их өвөрмөц, төрмөл авьяастан байв. Оросоо гэдэг чинь намхан, бор хүн байлаа. Архустын сангийн аж ахуй гэж одоогийн Эрдэнэ суманд юм. Атар газар эзэмших залуусын эгнээнд багтаж, нүдгүй шуурсан улаан шороон дунд тракторч болж очсон байдаг юм. Оросоо Архангай аймгийн Цахир Цойруутад төрж, өссөн хүн. 

Сангийн аж ахуйд байхад нь Хөдөлмөрийн баатар, АЖ Д.Лувсаншарав багш үзлэгээр явж байгаад Оросоог олж харж, Дуурийн театрт найрал дуунд татаж авчирсан байдаг. Оросоогоос хойш тийм эрс өөр өнгөөр дуулж байгаа дуучинг би ер олж сонссонгүй дээ. Анх “Гарын арван хуруу”-г симфонитой дуулж байхыг би радиогоор сонсчихоод, ёстой жинхэнэ монгол ардын хоолой мөнөөс мөн гэж шүүрс алдаж байлаа. Би тэр үед танилцаагүй явсан юм аа. Бид сүүлд биенээ олж нөхөрлөсөн. Байгалиас заяасан, төрмөл авьяастанд миний нот заана гэж юу байхав. Оросоо бол Монголын дууны урлагт цоо шинэ өнгө байдгийг харуулаад, буцсан тод од. Эдээр яривал цалин цагаан мөнгөн хоолойтон юм.

-Таны хувьд УДБЭТ-тай хэзээ, хэрхэн холбогдов. Монголын алтан үеийн чадварлаг Баянхуур хөгжимчин гэдгийг нэг бус хүнээс сонссон?

-Би 1966 онд цэрэгт явсан. Улиастай дахь 016 дугаар ангийн цэргийн хөгжмийн салаанд хуваарилагдсан. Тэнд үлээвэр хөгжмийн ангид Баянхуураа барьдаг байв. Цэргээс халагдсан даруйд аав минь бурхан болж, хориодхон настай миний нуруун дээр ээжийгээ тэжээх том үүрэг ирсэн. Ингээд л юу чаддаг вэ, түүгээрээ хоолоо залгуулах гэж хичээсэн. Гарт минь Баянхуур хөгжмөөс өөр юу ч байгаагүй. Ингээд хаана л улаан буланд тоглолт байна, хаана л хөгжим хэрэгтэй байна, тэнд очдог болсон. Улаанбаатарыг тойрсон улаанбулан, уран сайханчдын тоглолт, оройн үдэшдэгүүдийг дүүргэсэн. 

Тийм тоглолт, жижиг урлагийн үзлэгүүд ихэвчлэн хотын захын жижиг клбут их болно. Хөлийнхөө улыг эргэтэл, хөгжмөө үүрээд алхдаг байлаа. Ингээд овоо хэд хэдэн газарт очдог, тэндээсээ арав, хорин төгрөг авчихдаг боллоо. Яг л энэ зарчмаар Улиастай орчимд байдаг нэг сургууль дээрх үдэшлэгт очоод, Баянхуураа тоглолоо. Тэгтэл ер зүс үзээгүй, өндөр, цагаан эмэгтэй Долгор гэж өөрийгөө танилцуулаад, миний хаана сургууль төгсснийг асууж байна. “Хаана ч сураагүй” л гэлээ. Тэгтэл “Чи эгчийнхээ дуулах дууг тоглоод өгч чадах уу” гэж байна. Ямар дуу юм гэтэл, “Казах вальс” гэнэ. Чаднаа л гэлээ. Надруу гайхаж харснаа “За байз...” гээд нэг юм хэлэх гэснээ больчихлоо. 

Тэгэхээр нь та тийм өнгөнөөс дуугаа эхлээд, ийм өнгө хүртэл дуугарах юм байна гэтэл “Чи яаж мэдэж байгаа юм” гэж асууж байна шүү. Таны хоолойн өнгө, ярианаас мэдлээ гэчихлээ. Өнөөх эмэгтэй “Чи яасан сонин хүүхэд вэ, Маамуу нааш ир дууг тоглож чадах уу” гэнэ. Чадна гээд, яг хэмжээнд нийцүүлж тоглож өглөө. Хожмоо өнөөх эмэгтэй маань хүүхдийн дууны хатан, алтан гургалдай В.Долгор болохыг мэдсэн. Ингэж энэ агуу хүний хараанд өртөж, сонирхлыг нь татсанаар театр гэх их айлын нэгэн ам бүл болж байв.

-МУГЖ В.Долгор агсантай таарсан хувь ерөөл таныг театрын хүн болгосон ч алтан үеийнхний дэргэдээс та юу сурав. Сонгодог урлаг гэдэг хүссэн бүхэнд нээлттэй хаалга биш, хатуу, нарийн шүүлтүүртэй шүү дээ?

-В.Долгор үдэшлэг тараад надтай уулзсан. “Маргааш театрын арын хаалга дээр уулзъя. Чамайг нэг хүнд шалгуулмаар байна. Чиний байх ёстой газар театр шүү” гэсэн. Ингээд би маргааш нь хэлсэн ёсоор яг цагтаа очтол намайг хүлээж байсан. Нэг их гоё газар руу орж байгаадаа итгэж өгөхгүй, нүд баясаж байлаа. Анх удаа сэтгэл цалгим их гайхашрал дунд их театрын босгоор алхсан нь энэ байсан. Хоёрдугаар давхарт гараад, нэг хаалга тогшоод “Чулуун багш аа, нөгөө хүүхэд ирлээ” гэж байна. Яваад орлоо. Энэ бол АЖ, Хөгжмийн удирдаач, “Уран хас”-ын Чулуун гэж хүний өрөө байсан юм. 

Байгалийн гоц авьяастан, хөгжмийн урлагт биеэ дааж боловсорсон, шижир алт шиг хүн байсныг багш гэж хүндэтгэн явахдаа ойлгосон. “Чи юу ч хамаагүй нэг ая тогло” гэж байна. Тэгэхээр нь “Ээж намайг зургаан настайд нэг ая зааж өгч байсан. Миний ээжийн нутгийн дуу юм гэнэ лээ. Түүнийг тоглоё” гээд өөрийн Баянхууртаа зориулж, найруулсан хэлбэрээр тоглож үзүүллээ. “Үүнийг чи өөрөө найруулсан уу” гэж үү хэмээн лавлаж байна. “Тийм ээ” л гэлээ. Найруулгаа тайлбарлаач, эхлэл, өрнөл, төгсгөлд нь юу юу болж байгаа юм бэ гэж асууж байна. Тэгээд л төсөөллөө задалж хэллээ. Эхэндээ үүр цайж байгаа юм, дараа нь нар цухуйсан, зуны цагт хонь, ямаа хотноосоо босож байна, хуц, ухна хоёр мөргөлдөж байгаа юм, түүнийг харсан жороо морьтой хүн мөргөлдөж байгаа хуц, ухныг салгахаар ергөж яваа юм” гэчихлээ. Гэтэл “Чи Свердловскийн оросын үндэсний хөгжмийн сургуульд байсан юм биш үү, чи “Подмосковные вечера”-г ганц бадаг тогло” гэв. 

“Өө би сурах нь бүү хэл, хил давж үзээгүй” гэж хэлээд, өнөөхийг нь тоглож үзүүллээ. “Үгүй ээ, сонин юм аа, сургуульд сураагүй байж яг л оросын хөгжмийн сургуулийн сургалтаар л тоглоод байх юм. За чамайг зургаан жилийн хугацаатай дагалдангаар авлаа. Цалин бага, 370 мянган төгрөг шүү” гэж байна. Би гэдэг хүн бөөн баяр, юун тэр цалингийн хэмжээг голох вэ. Ингээд 1968 онд цэргээс халагдсан даруйдаа театрт орсон түүхтэй.

-Ер нь театрын урлаг жинхэнэ хүчээ авч, Монголын урлагт од болон гялалзсан эрхмүүдээс сорчилж яримаар, онцолж дурсмаар хүн байна уу. Та бол бидний дунд домог мэт яригдах ч бурхны оронд заларсан сод бүтээгчдийн талаар хамгийн бодит үнэнийг ярих “архив” юм байна шүү дээ?

-Их олон сайхан алдартнуудтай мөр зэрэгцэн ажиллаж амьдарсан. Мэдээж авьяастнууд Монголын урлагт нар мэт мандаж, өдгөө ч үнэ цэнээ алдаагүй дүрээ мөнхөлж, зуун зуунаар судлах бүтээлээ үлдээжээ. Онцгой энэ хүмүүсээс АЖ Б.Дамчаа гуайг нэрлэж болно. Төмөр замын соёлын ордноос эхлээд л бид хамтдаа явсан даа. Миний баруун гар талд сууж, трамбай (татах бүрээ) үлээдэг байлаа. Дамчаа гуай бол ид шидтэй, байгалийн төрмөл авьяастан байлаа. Москвад хоёр жил сургуульд явж ирээд,“Монгол кино үйлдвэр”-т жүжигчнээр орсон. Ингэхдээ Монголын маш чухал чухал, түүхэн кинонд том том дүр бүтээсэн. Тэр дан ганц жүжигчин байсангүй, бие дааж найруулагчийн ажил ч хийдэг байлаа. Хүнийг ер дугаарлаж үзэхгүй. Илүү дутуу үг ярихгүй, суурь ухаан сайтай, уран хүн байсан юм.

-Зарим урлаг, соёлын зүтгэлтнүүд энэ салбар бол их сайхан гэх, гэхдээ тун хатуу шүү гэдгийг мастерууд олонтаа хэлдэг. Урлагийн хатууг мэдэрч байв уу?

-Мэдэрч байлаа. Тухайн үед Монгол орны бүх аймаг, сум, бригадад тоглодог байв. 1969 онд Говь-Алтайд бригадаар явж нэгдсэн тоглолт хийж байв. Гэтэл “Цэнджав гэж хүн байна уу, ээж чинь нас барсан гэж холбоо ирлээ” гээд тээр холоос нэг хүн орилж байна. Тухайн үед тоглолтын 3000 билет зарагдчихсан, би бүх хөгжмийг тоглодог байлаа. Гэтэл тийм уйт мэдээг хүлээж аваад, дотор чичрээд л, нүд харанхуйллаа. Бригад авч явсан Дагванамжил гэж гавьяат жүжигчин хүн биднийг авч явдаг байсан юм. Өнөөх хүн “За тасалбараа буцаая. Ийм гашуудал сонсчихоод чи яаж тоглох юм” гэж байна.

 “Үгүй буцаахгүй, миний гар хуруу, тархи толгой зүгээр. Ганц хүний гашуудлаас болж ажил завхруулж, олон хүнийг хохироогоод яах вэ, тоглоё, мэргэжил бол мэргэжил, ажил бол ажил, би чадна” гэсэн. Тоглолтын хугацаанд анхаарлаа сарниулж, гунигтай байгаагаа нэг ч үзэгчдэд мэдрүүлэх эрх байгаагүй. Энэ бол урлаг хатуу гэдгийг харуулах ганцхан жишээ. Энэ мэт тоглолтоор зуны гутал, хувцастайгаа явж байгаад цаг агаарын таагүй нөхцөлд саатах, цасанд суух үйл явдал бишгүй. Энэ бүхнээс халширч, зүрхшээх эрх байдаггүй. Гэхдээ жаргалтай, сайхан ч явдал өрнөнө.

-Үг гэдэг өөрийн ая дан, хөгтэй гэдэгтэй та санал нийлэх үү?

-Нийлнэ. Тухайн шүлгийг уншихад л ая нь давхар зурсхийгээд ороод ирдэг. Ийм байдлаар нэлээд олон дуу амилуулсан. Үг гэдэг жигүүртэй. Жигүүр нь ая, эгшиг шүү дээ. Ийм жигүүртэй дуу хүний оюун санааг цэлмүүлэхээс гадна, сэтгэл зүрхийг долгиотуулдаг. Үүнийг би мэдэхийн дээдээр мэддэг учраас толгой холбосон бүхэнд ая хийдэггүй. Би яруу найрагч ч биш, мэргэжлийн хөгжмийн зохиолч ч биш. Гэхдээ би үг, аяыг үргэлж бодож, хүний сэтгэлд хүрэх үгийг таньдаг. Ийм л учраас би нэгэн хүүхдийн нэвтрүүлгийн найруулагчид “Би хүүхдэд дуу заахаас гадна чихийг нь онгойлгодог” гэж хэлээд шоолуулж байлаа.

 “Та чинь хүүхдийн чих мушгидаг юм биш биз” гэж надаас асууж байсан удаатай. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, хүний хөгжмийн сонсгол зүүн чихнийхээ дээд талд 9 см, 36 хэмийн налууд байдаг юм. Сонсголын энэ хэсэг хөгжөөгүй, хатуу байгаа хүн өөр өнгөөр дуугардаг. Үүнийг бид солгой хоолойтой гэж нэрлээд байдаг. Гэтэл солгой хоолой гэж байхгүй. Тухайн аяыг буруу хүлээж аваад байгаа учраас хүн солгой өнгө гаргаад байгаа юм. Ийм чихийг “онгойлгож” болдог. Энэ арга дэлхийд байхгүй. Миний олж мэдсэн энэ сэдвээр миний охин “Уруулын будаг” хамтлагийн гишүүн Дэлгэрмаа Солонгост докторын зэрэг хамгаалсан.

-Та хүний ой тогтоолт, хөгжмийн мэдрэхүйг их нарийн судалжээ?

-Би хүүхэд байхаасаа л боддог байсан. Энэ лам нар яаж энэ номыг цээжлээд байна вэ гэж. Тэгэхээр аливаа юмыг тогтоох чадварыг хөгжүүлэх, хүүхдийн тархины чадварыг нэмэгдүүлэх нь миний багшлах арга зүйн нэг онцлог. Би хэзээ ч хүүхдэд сурах бичгийг нь харуулдаггүй. Үг бичүүлдэггүй. Хөгжмөө тоглоод, зэрэг зэрэг үгээ хэлж давтаад, дууны шүлэг, аяыг нь цээжлүүлдэг. Энэ бол хүүхдийн тогтоох чадварыг хөгжүүлэхээс гадна өнөөх чихийг нь “онгойлж” байгаа хэрэг шүү дээ.

-Та олон сайхан шавьтай болов уу. МУГЖ дуучин С.Эрдэнэцэцэг, Улсын Филармонийн гоцлол дуучин, “Voice” хамтлагийн ахлагч, С.Баттулга нар таны шавь гэх юм билээ?

-Тийм ээ. Би гэдэг хүн өөрийн хүслээр театраа орхиод, багш болсон шүү дээ. Ерөнхий боловсролын 41 дүгээр сургуулийн дуу хөгжмийн багшаар ажиллаж эхэлж байсан юм. Нэг өдөр дөрөвдүгээр ангийн алаг нүдтэй охин намайг тойруулаад л хараад байх юм. Би тэр охиноо ажиглаад л яваад байв. Нэг удаа ангид нь хичээл орох болоод, өнөө охиныг дуулуулаад үзтэл ёстой хөөрхөн дуулж байна. Хоолойн өнгө нь ч их тансаг. Ингээд сургуулийн найрал дуунд авчихаад удаагүй би 41 дүгээр сургуулиасаа шилжиж 45 дугаар сургуульд багшаар ирлээ. 

Тэнд идээшиж байтал өнөөх охин намайг олоод ороод ирлээ. Хаана, юу хийж байна болоод асуутал “Драмын театрт цэвэрлэгч хийж байна. Ардын богино дууны уралдаанд хоёрдугаар байрт орлоо” гэж байна. Тэ гэхээр нь цаашаа шатлаад, суралцахыг бод гээд явууллаа. Дахиад хэд хоногоос “Багш аа, СУИС-д орох боллоо, сонгодог дууны ангид орох уу, ардын дууны ангид нь элсэх үү” гэж асууж байна. “Ардын дуугаа бараадсан нь дээр байх. Чиний хоолойн өнгө ардын дууных шүү дээ” гэтэл миний үгээр ангиа сонгосон. Энэ алаг нүдтэй, охин бол МУГЖ С.Эрдэнэцэцэг юм. Энэ мэт шавь нараа олсон, энд тэнд тэдэнтэйгээ таарсан олон жишээ бий. Юм их сонин. Уржнан би Дарханд оччихоод “Энхбаатар гэж эмч хүн байна уу” гээд сураглалаа. 

Хүмүүс ч өнөөх Энхбаатарыг маань их сайн таньж байна. Энэ ямар учиртай хүн юм гэхээр нэгдүгээр ангийн хүү байхад нь би “Агсал” бүжиг заагаад, тэр бүжгээр Болгарт явж бүжиглэж байсан, миний шавь юм. Ингээд утасны дугаарыг нь олоод залгатал Дарханы төв эмнэлгийнпрофесор, мэс  заслын том эмч болчихсон, гэр бүлийнхээ хүнтэй над дээр ирээд үнсүүлсэн. Энэ мэтээр шавь нар минь сайн сайхан явахыг харах багш хүний бахархал байдаг. “Зүрхний уяа” дуугаар нь хүмүүс их сайн мэднэ дээ, С.Баттулгыг. Мөн л зургаа, долдугаар ангийн хүү байхад нь би дуулах эрдэмд сургаж, багш шавь гэлцэж явсан. Одоо ч багш аа гээд ярьдаг.

-Хөрш айлын өвөө маань 

Адуугаа хураагаад явж байна 

Хөөрхөн унагаа барихад нь амдаж очоод тусалъя даа

Өвгөн ааваас минь өөрц юун 

Өвөө надад баярлана даа... гэж шүлэгтэй дуу таных. Тухайн үеийн цэцэрлэгийн багачууд дуулж өссөн. Энэ дуу хэрхэн төрсөн юм бэ?

-“Тусч жаал” гэж дуу л даа. Миний хувьд хүүхдийн дууг бүтээхдээ худлаа үг ашиглаж, худал үгээр бичиж болохгүй гэсэн зарчим баримталдаг. Тухайлбал, наран, саран ээждээ хайртай ч гэдэг юм уу...наран, саран ээж гэж байхгүй шүү дээ. Энэ бол хэтэрхий үгийг гоёчилж байгаа хэрэг. Хүүхдийн уран бүтээлч  байна гэдэг тэдний үг хэлний онцлог, төсөөлөн бодох чадвар, сэтгэл зүйг таньж мэдэхийг шаарддаг хамгийн хэцүү төрөл. 

Тийм учраас энд тэнд явахдаа хүүхдийн хэл, сэтгэхүйд таарсан шүлэг их хайна. Нэг өдөр телевизийн хүүхдийн нэвтрүүлгийн найруулагч Т.Жамъяансүрэн гэж яруу найрагч байсан. Түүний өрөөнд яваад ортол ширээгээрээ дүүрэн шүлэг дэлгэчихсэн сууна. Захаас нь нэг шүлэг аваад хартал “Тусч жаал” гэж шүлэг байсан. Шүлгийг нь унштал ая нь аманд ороод ирлээ. Би чамд 40-өөд жилийн тэртээ зохиосон дууны төрсөн түүхийг яриад байгаа юм шүү дээ. Тэгээд хэллээ. “Жамъяан энэ шүлэг дуу юм байна. Аятай юм” гэтэл өнөөх чинь гайхаж харснаа итгэхгүй байгаа бололтой, лавлаж байна. Тэгээд тэр дор нь аялаж өгтөл “Үгүй ээ чи мөн сонин, ойлгомжгүй хүн юм” гэж билээ. 

Ая гэдэг чинь шүлгийн жигүүр юм шүү дээ. Ийм байдлаар төрсөн, 100 гаруй хүүхдийн дуу байна. Би энэ миний дуу, би үүнийг хийсэн гэж өөрийгөө магтаж, дөвийлгөх дургүй. Яагаад гээч, хүн зөвхөн нэр төрийн төлөө явах юм бол оюун санааны хоосролд орно. Хүнд хэрэгтэй, хүртээлтэй, өгөөжтэй бүтээл хийхийн төлөө л цаг хугацаагаа зарцуулах хэрэгтэй. “Би би” гээд даналзаад яваад байсан чинь 10 жилийн дараа ичмээр юм хийсэн байвал яана гэж үргэлж эмээж явдаг юм. Тийм болохоор хархан залуу байхаасаа өөрийгөө мундаг, чухал ажил хийлээ гэж ер бодож байсангүй. Өөр нэг дурсамж сөхөхөд, 

Дэлхий дэлхий нарыг тойрон эргэхдээ 

Дандаа гэрэлтэй байхаар насан туршдаа дагажээ 

Заавал байх ёстой гэрэл сүүдэр хоёрыг 

Замбуу тивийн цээжинд галт наран илгээжээ... гэсэн үгтэй дуу хийж байв. Тухайн үедээ хүний амьдрал гэдэг үргэлж жаргалтай байдаггүй гэхдээ хэзээ ч зовлонтой байдаггүй, сайн муу солигддог гэдгийг ахлах ангийн, өсвөр насныханд зориулсан. Амьдралд саад бэрхшээл, гэрэл гэгээтэй, харанхуй өдрүүд тохионо. Энэ үед алдаж онохгүй яваарай гэдгийг өсвөр насныханд ойлгуулах бодолтой хийсэн уран бүтээл л дээ. Энэ дууг хаана ч заагаагүй байхад пионерийн зусланд залуус дугуйрч  суугаад, гитартай дуулж байхыг сонсож билээ. 

Үүнийг хараад би ихэд баярлаж, дэлгүүр рүү гүйх гэсэн халаасанд мөнгө байдаггүй, тэгэхээр нь гал тогоо руу гүйгээд “Та нар өнөөх үнэтэй чихрээсээ 17 ширхэгийг өгчих” гэж тогооч нараас гуйтал “Цэнджав багш аа, та яах нь вэ” гэнэ. Хүүхдүүд миний дууг дуулаад байна, тэдэнд өгмөөр байна гэтэл, “Өө та 17-г байтугай ав ав” гэсэн. Энэ мэтээр уран бүтээл зориулсан эзэндээхүрсэн байхыг харах сайхан шүү. 

...В.Долгор үдэшлэг тараад надтай уулзсан. “Маргааш театрын арын хаалга дээр уулзъя.
Чамайг нэг хүнд шалгуулмаар байна. Чиний байх ёстой газар театр шүү” гэсэн. Ингээд би маргааш нь хэлсэн ёсоор яг цагтаа очтол намайг хүлээж байсан. Нэг их гоё газар руу орж байгаадаа итгэж өгөхгүй, нүд баясаж байлаа. Анх удаа сэтгэл цалгим их гайхашрал дунд их театрын босгоор алхсан нь энэ байсан. Хоёрдугаар давхарт гараад, нэг хаалга тогшоод “Чулуун багш аа, нөгөө хүүхэд ирлээ” гэж байна..

-Та ингэхэд яагаад театраа орхиод захын дүүргийн ерөнхий боловсролын сургуульд багшлах шийдвэр гаргасан бэ?

-Ардын урлаг бол хүн байхын учир утгыг зааж, ухааныг тэлж өгдөг увидас, гайхамшигтай шидтэй. Урлаг гэдэг бол юмыг энэрэх, хайрлах ухааныг өгдөг. Тиймээс л урлагаар дамжуулж олдог энэ төлөвшлийг олон хүүхдэд таниулж, мэдүүлэхийг хүссэн. Ингээд өөрийн саналаар театраасаа гараад багшилсан. Намайг 45 дугаар сургуульд багшилсан 15 жилд манай сургуулийнхан найрал дууны хотын аварга болсон түүх бий. 

“Төвийн сургуульд явдаг сэхээтний хүүхдүүд авьяастай байдаг юм. Захын сургуулийн хүүхдүүд бүрэг, даруу” гэж нэг хүн дэмий ярьсан үгэнд хариу барих гэсэн хэрэг. “Ажилчны хүүхэд ямар байдгийг үзнэ” гэж зөрүүдлээд, 41, 45 дугаар сургуульд багшилжээ. Ингээд ганцхан жилийн хугацаанд миний шавь нар цойлж, дүүрэгтээ төдийгүй, улсад урлагийн бүхий л төрлөөр төвийн хүүхдүүдийг өмнүүрээ алхуулаагүй. Би ДБЭТ-т байхдаа бүжгээ ч дэглэчихдэг байсан нь их хэрэг болсон. Сонгодог бүжиг бол гайхамшиг. Дуунд гардаг ухааныг бүжгийн хэлээр илэрхийлнэ гэдэг нарийн. Энэ хугацаандаа би 100 гаруй дууны шүлэг зохиожээ. Үгээ бичиж байхдаа аяыг нь бодчихдог байв. 

Гэхдээ би үүнийг хийсэн шүү гээд цээжээ дэлдэж, өөрийгөө тодруулдаггүй явснаа хаана ч хэлнэ. Үүний цаана, бүтээлээ хэн бүхнээс харамлаж байгаа юм биш, ардынхаа ухааныг гүйцээгүй бол яана, бүтээл маань урт наслахгүй өнгөрвөл яана гэж зовдог хэрэг. Хэдхэн сар, хэдэн өдөр дуулагдаад, мартагддаг уран бүтээл бишгүй. Тэдний л нэг байвал би өөрийгөө тодруулсны хэрэг байна уу гэж боддог.

-Таныг сурагчдад уртын дуу заадаг гэж сонссон?

-Хүүхэд уртын дуу дуулдаг. “Хөөрхөн халиун”, “Эрдэнэ засгийн унага”, “Шалзат багахан шарга” зэргийг хоолойд нь тааруулж найру улаад, заада г. Ингэснээр хүүхэд номхорч, суурилаг, амьсгалын хөгжил нь бүтэн болдог. Эвтэй, эвгүй хоёр эгшигээр ой тогтоолт, тархийг нь хөгжүүлж байгаа юм.

-Таны аав, ээж урлагийн хүмүүс үү. Та аль нутгийн уугуул юм?

- Би Төв аймгийн Борнуурт 1945 онд төрсөн. Ээж минь хөдөө явж байхдаа өвдөж, хамгийн ойрхон айл олж амаржсан гэдэг. Ингээд Удганханд гэж хүн намайг эх барьж авчээ. Намайг төрөөд долоо хонож байтал Ялалтын баяр болж байсныг ээж минь хэлдэг байлаа. Миний ээж ардын биелгээг мэргэжлийн юм шиг бүжиглэдэг, ардын болон урт, богинын дууг сайхан дуулдаг хүн байсан. Би чинь их танхи өссөн. Долоон нас хүртлээ ээжийнхээ мөөмийг хөхсөн учраас нэг насаараа 35 үсэгнээс нэгийг нь дутаажярьдаг болсон хүн. Энэ шулга хэлийг сонссон хэнд ч намайг ямар эрх байсныг гадарлана байх. Миний ээж надад бүхнээ зориулсан хүн байлаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна