Дэвшилтэд технологийн түүчээ ICT EXPO

Админ
2020/10/12

П. Даваажаргал

Олон шат, дамжлагатай төрийн үйлчилгээ иргэдийг ихээхэн бухимдуулдаг. Нэг бичиг баримт бүрдүүлэх гэж хэдэн өдөр цаг алдаж, ажил цалгардах бий. Ерөөс дан ганц төрийн үйлчилгээ ч бус хүн амын хэт төвлөрөлтэй хотод ажил хөөцөлдөнө гэдэг цаг, мөнгө, эд эс барсан явдал юм. Энэ бүхний хамгийн оновчтой шийдэл бол цахим үйлчилгээ билээ. Аливаа үйлчилгээг цахимаар хүргэх, найдвартай, чанартай эх сурвалжаас мэдээлэл авна гэдэг хамгийн хүртээмжтэй хувилбар. Манай улс ч энэ жишигт хөл нийлүүлэн алхах гэж хичээж явна. Үүний илэрхийлэл бол Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо мэдээллийн технологийн газраас жил бүр зохион байгуулдаг “ICT EXPO” юм. Энэ жилийн үзэсгэлэн “Цахим үндэстэн” уриан дор өнгөрөгч амралтын өдрүүдэд “Мишээл Эскпо” төвд болж өнгөрлөө. Уншигч танд “ICT EXPO-2020” үзэсгэлэнгээс дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

Спортын төв ордны эсрэг талын автобусны буудлаас “Багшийн дээд-Мишээл экспо. Үнэгүй үйлчилнэ” гэсэн бичиг бүхий цагаан өнгийн автобусанд суулаа. “ICT EXPO-2020” энэ сарын 9-11-нд үргэлжилсэн бөгөөд тус хугацаанд иргэд олон нийтэд үнэгүй унаагаар үйлчилж байгаа аж. 15:20 цагт автобусанд суухад дөрөв, таван хүн хөдлөх цагаа хүлээн цонхоор харан сууж байв. Даруй 10 минут өнгөрөхөд ахин гурван хүн нэмэгдэж, автобус хөдлөв. Зам дагуух автобусны буудлаас хүн нэмэгдсээр 20 орчим зорчигчтой боллоо. Жолоочийн арын суудалд суух хүүг А.Дөлбаяр гэдэг. Тэр ирэх хавар сургуулиа төгсөнө.Программ хангамжийн чиглэлээр мэргэжил эзэмших сонирхолтой тэрбээр үзэсгэлэн худалдаа орж шинэ бүтээлүүдтэй танилцах, туршлагатай ах, эгч нараас зөвлөгөө авахаар ийн зорьж яваа аж. Автобус “Мишээл экспо” төвийн гадаа зогслоо. Биднийг бууж амжаагүй байхад, үзэсгэлэнгээс буцаж яваа иргэд автобусыг бүчиж орхив. Энэхэн хэсэг дэх хүмүүсийн бөөгнөрлийг харахад хөл хөдөлгөөн ихтэй байгаа нь илт.

“Мишээл экспо” төвийн зүүн талд “ICT EXPO-2020” гэсэн хаяг бүхий төмөр хаалга, хулдаасан хэвлэл байршуулжээ. Тус хэсгээр орж, хоёр талаар нь өнгө өнгийн дарцаг өлгөсөн зам дагуу алхсаар үзэсгэлэн худалдааны танхимд орлоо. Үзэсгэлэнгийн сүүлийн өдөр бөгөөд хаалгаа барихад цаг хүрэхгүй хугацаа үлдсэн ч олны хөдөлгөөн татрах янзгүй харагдана. Өнгө, гэрэл, хөгжим, тайз засал, өөрсдийн оногдсон жижиг талбайгаа тохижуулсан интерьер, дэргэдүүр нь үйлчлэх хүнд бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлах залуусын эелдэг харилцаа гэх мэтчилэн нүд сэргээж, сэтгэл баясгам бүхэн энд багтжээ. 

Тус танхимын ачааллыг шинэ хичээлийн жил эхлэхийн өмнөх “Нарантуул” худалдааны төвтэй зүйрлэвэл онох биз. Түүнээс ялгаатай нь үзэгч, сонирхогч хэн бүхэн баярласан, бахархсан, сэтгэл хангалуун алхаж харагдана. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд цугларан харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд танилцуулдаг “ICT EXPO-2020” ийнхүү 14 дэх жилдээ үргэлжилж буй нь энэ. Өнгөрсөн жил 40 гаруй байгууллага оролцож байсан бөгөөд өнөөдөр цар хүрээгээ нэмжээ. Энэ тухай Харилцаа, холбоо мэдээллийн технологийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Уранцэцэг “57 байгууллага үзэсгэлэнд оролцож, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байна. Мөн фэйсбүүк, Huawei зэрэг олон улсын байгууллага анх удаа оролцож байна. Ерөнхий ивээн тэтгэгчээр үүрэн холбооны дөрвөн оператор, фэйсбүүк компани ажиллалаа” гэж ярив. Мөн тэрбээр энэ жил үйлчлүүлэгчид олонтой, үзэсгэлэнгийн цаг дуусаж, хаалгаа барьсан ч танхим дүүрэн хүнтэй байгааг онцолсон юм.

Түүнчлэн энэ жил гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор үзэсгэлэнд үнэ төлбөргүй оролцуулжээ. Тодруулбал, Харилцаа, холбоо мэдээллийн технологийн газраа есдүгээр сарын 1-10-ны хооронд технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй гарааны бизнес эрхлэгчдийн дунд сонгон шалгаруулалт зохион байгуулж, нийгмийн асуудлыг шийдсэн, иргэдэд хэрэгтэй бүтээгдэхүүн үйлдвэр, үйлчилгээ үйлдвэрлэгч 12 компанид үнэ төлбөргүй үзэсгэлэнд оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээ танилцуулах эрх олгосон байна. Тэдний нэг бол МУИС-ийн төгсөгч, оюутан залуусын байгуулсан “Ниргэ системс” ХХК юм. “Хэвлэхэд хялбар боллоо” гэх бичиг бүхий тус асрын өмнө нас насны хүмүүс бөөгнөрчээ. Тэд тайлбарлагч залуугийн яриаг анхааралтай сонсож, үйлдлийг нь дагуулан харна. 

Түүний урд байрлах банкны АТМ-тэй төстэй төхөөрөмж бол өөртөө үйлчлэх, ухаалаг хэвлэгч юм. Энэхүү бүтээгдэхүүнийг МУИС-ийн төгсөгч дөрвөн залуу санаачлан, хэрэгжүүлсэн бөгөөд уг үзэсгэлэнгээр дамжуулан олон нийтэд танилцуулж байгаа аж. Тус багийн гишүүн н.Сүхбатаас бүтээгдэхүүн, үйлчилгээнийх нь талаар тодруулахад “Манай баг дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй. Гэхдээ бидэнд зөвлөж, тусалдаг хүмүүс бий. Энэ төхөөрөмж 10 сар гаруйн хугацаанд бэлэн болсон. Төхөөрөмжийн бүх үйлдлийн системийг монгол залуус тооцоолж, боловсруулсан гэдгээрээ онцлог. Манай төхөөрөмж өөртөө үйлчлэх, ухаалаг хэвлэлийн үйлчилгээ юм. Өглөө эрт болон орой хэвлэлийн газар хайх шаардлагагүйгээр материалаа хялбархан хэвлэнэ гэсэн үг. Өнгөт болон хараар, нэг талдаа эсвэл ар, өвөргүй хэвлэх тохиргоотой. 

Төлбөрөө SocialPay, Qpay, картаар төлөх боломжтой. Хамгийн эхний төхөөрөмжөө маргааш МУИС-ийн Шинэ номын санд байршуулах эрхээ аваад байна. Цаашдаа бусад салбар сургууль болон 24 цаг ажилладаг байгууллагуудтай хамтран ажиллана. Төхөөрөмжөө илүү олон газарт байршуулж, хэвлэлийн үйлчилгээг хялбаршуулж, иргэдийн цаг завыг хэмнэхийн тулд бидэнд хөрөнгө оруулагч хэрэгтэй байгаа” хэмээв. Түүнчлэн хэвлэлийн үйлчилгээг флашаар материалаа зөөвөрлөн уг төхөөрөмжийг онлайн горимд ашиглах боломжтой аж. Ингэхдээ cloudprint.mn гэсэн веб хуудаст хандан, хэрэглэгчийн бүртгэл үүсгэн бүртгэлтэй мэйл хаягаараа дамжуулан QR код авч, түүнээ уншуулан хэвлэх юм.

Дараагийн зочилсон асар Үндэсний цахим үйлчилгээний нэгдсэн систем буюу Е-mongolia байв. Энэ системийг веб портал болон гар утасны аппликейшн хэлбэрээр ашиглах боломжтой. Одоогийн байдлаар төрийн байгууллагын 181 үйлчилгээг уг системд холбосон бөгөөд цаашид төрөөс цахим хэлбэрээр үзүүлж буй бүх үйлчилгээг нэг систем, нэг дэд бүтэц дор төвлөрүүлэх аж. Өөрөөр хэлбэл, иргэд 100 айл, Дүнжингаравт байрлах төрийн нэг цэгийн үйлчилгээний төв рүү явж цаг алдахгүй давуу талтай юм. Энэ талаар танилцуулга хийж буй ажилтан “Е-mongolia систем аравдугаар сарын 1-нд нээлтээ хийж, иргэд, олон нийт үйлчилгээ авах боломж бүрдсэн. Өнөөдрийн 40 мянга орчим хэрэглэгч тус aппликейшныг гар утсандаа татсан байна. Түүнчлэн үзэсгэлэнд оролцож буй иргэд зээлийн аппликейшнаас мөнгө авах гэсэн боловч шаардлагатай бичиг баримтгүй яваа тул үйлчилгээ авч чадахгүйд хүрч байна. 

Ийм шалтгаантай олон хүн манайд хандаж, гар утсандаа аппликейшн суулган зээл авч, цаашлаад дугаар, утас зэрэг худалдан авалт хийлээ. Иргэд маш сэтгэл хангалуун байгаа” гэж танилцуулав. Тус цахим санд Сангийн яамны Ebarimt, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Ehalamj зэрэг төрийн үйлчилгээ болон үүрэн холбооны операторууд нэгдээд байгаа гэнэ.

Гартаа өнгө, өнгийн танилцуулга барьсан хүмүүс музей үзэж буй аятай эргэн тойрноо анхааралтай ширтэж, алгуурхан байраа сэлгэнэ. “Юнител” группийн шинэ бүтээгдэхүүн болох чатбот дээр суурилсан Toki Mongolia аппликейшны танилцуулга бүхий шар өнгийн бөмбөлөг дүүрэн асрын үүдэнд зогсох 40 орчим насны залууг н.Даваа гэх бөгөөд программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тэр бусад компаниас туршлага судалж яваа аж. Тэрбээр “Би ICT EXPO-г жил бүр ирж үздэг. Энэ жил залуус их идэвхтэй оролцож байна. Зохион байгуулалт аятайхан санагдлаа” гэсэн юм. Цаашилбал “Үндэсний цахим мэдлэгийн сан” гэх гарчигтай улбар шар хулдаасан хэвлэл дээр “Ярьдаг ном. Монгол бичиг. Агуулгаас хайх" зэрэг дэд гарчиг бүхий бичвэр харагдана.

 Тус асрын дэргэд ширээ түшин зогсож, дэвтэртээ тэмдэглэл хийж буй ахимаг насны эмэгтэйтэй ярилцвал н.Гэрэлмаа гэж өөрийгөө танилцууллаа. Тэрбээр “Үзэсгэлэн маш сонирхолтой юм. Ялангуяа, төрийн үйлчилгээг нэг дороос, цахимаар авах боломжтой Е-mongolia систем маш их таалагдлаа. Мөн “Еsan” гэдэг цахим номын сан маш зөв санаачлага болжээ. Зөвхөн номноос гадна эрдэм шинжилгээний өгүүллэг, судалгаа байдаг юм байна. Энэ эрчээрээ хөгжүүлбэл ирээдүйд маш том цахим мэдээллийн сан болох шинжтэй. Хувийн байгууллагуудын янз бүрийн сонирхолтой контент, бүтээгдэхүүн үйлчилгээ ч олон байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.

Үзэсгэлэнг бүтэн тойрч, бүх бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцахад нэг өдөр багадах аж. Асар бүхний үүдэнд нүд булааж, сонирхол татсан зүйл дэлгээстэй. Танилцуулга хийж буй залуусын өнгө жавхаа, үйлчилгээний соёл саатаж сонсмоор эелдэг. Улаанбаатар хотын бүх үйлчилгээ энэ түвшинд хүрчихвэл хэн ч бухимдахгүй мэт. Харилцаа, холбоо мэдээллийн технолгийн дэвшил нэгэн дор цугласан үзэсгэлэн олны хөлд дараастай гурван өдөр үргэлжиллээ. Тус хугацаанд 40 мянга гаруй хүн үйлчлүүлсэн тухай албаныхан мэдээлсэн юм. Иргэдийн ихэнх нь төрийн үйлчилгээний чирэгдэл буурч, бичиг, цаас хэмнэж, дэлхийн жишигт нийцсэн ухаалаг, шинэлэг үйлчилгээний хэрэглэгчид болж байгаадаа талархаж байсан юм. Гагцхүү программын хөгжүүлэлт, тасралтгүй ажиллагаанд анхаарахыг онцгойлон захиж байв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна