АРДЫН СУРГУУЛИЙН ЯНЖМАА

Админ
2020/10/12

М. Дэвээжаргал

“Ерийн малчны хотноос
Ертөнцийн дэвжээнд гаргасан
Ерхөг найгасан талаас
Есөн гаригт хүргэсэн
Багш та, хүүхэд шуугисан их өргөөний эзэн юм.
Багш та, хүсэл долгилсон ирээдүйн замын эх юм...”
Ш.Сүрэнжав

Эрдмийг заасан шавь нь сайн явахад өөрөөс нь илүү баярлаж, амьдрал туршийнхаа өндөрлөг дээрээс өөрийн үр мэт харуулдан суудаг нэгэн бол яах аргагүй “Багш” юм. Бүхнийг таниагүй балчир жаалуудын оюун болоод сэтгэлийн мэлмийг нээсэн хүний талаар бичихэд цав цагаахан “Хайр” хэрэгтэй. Зарим хүн, багшийн ажлын амрыг ам уралдан ярьдаг. Гэвч үр хүүхдээ зөв үг, зөв үйлдлээр үлгэрлэхгүй бол аль зүг рүү хазайж, аль замаар явахыг хэн ч таашгүй. Юуны учир Ш.Сүрэнжав гуай багшийг магтан дуулж, найраглал хүртэл бичсэн юм бэ.

Бөөн саарал үүлсийг ярж наран гийхийн адил ямагт гэрэл гэгээ рүү тэмүүлж явах тэнхээг өгдөг багш хүний эгэл амьдралыг онцолж байна.

Түүнийг Галдангийн Янжмаа гэнэ. 1960 онд Увс аймгийн Тэс сумын нутагт айлын отгон охин болон мэндэлжээ. Гэсэн ч айлын отгон охин гээд амьдрал түүнд алгаа дэлгэсэнгүй. Аравхан настай байхдаа аав ээжээсээ өнчирч, ах эгчийнхээ бараанд өссөн гэж ярих нь цаанаа нэг л гунигтай. Сонголтгүй ирсэн сонголтуудын өмнө дур зоргоороо аваачдаг, энэ хурдны галт тэрэг аль өртөөн дээр зогсч, хэнийг түрүүлж буулгахыг хэн ч мэдэхгүй. Мэдэхгүй гээд туулах үнэнээсээ бултаж зүрхлэхгүй юм даа.

Хань Рааштайгаа 37 жилийн жаргал, зовлонг тэнцүүлэн үүрсэн. Одоо арван хүүхдийн аав, ээж. Тэднийгээ эрдэм, боловсролтой болгохыг эрхэмлэн одоо арав дахь оюутнаа сургаж байгаа аж. “Гурван ихэр хүүхэдтэй болохоо өөрөө ч мэдээгүй. Эмч ч мэдээгүй. Хоёулаа гарчихлаа, тариагаа хийе гэхтэй зэрэгцээд эх баригч эмч, ахиад нэг байна гэхэд итгээгүй юм. Цээж рүү маань түрчихсэн байсан болохоор мэдэгдээгүй байх. Ихрүүдээ долоохон сартай, нялх байхад ажлаа хийж л байсан. Миний хүүхдүүд борог амьдралд хүн болсон доо” гэж ярих нь сэтгэл хөдлөмөөр. Хүүхдүүддээнэр хүнд, албан тушаал бол чиний хичээл зүтгэлийн шагнал төдий, харин чи ямар төлөвшилтэй, ямар хүмүүжилтэй болох нь чиний насан туршийн таних тэмдэг юм шүү гэдгийг таниулж, хоорондоо болон түмэнтэйгээ эвтэй, аливаа зүйлд хүлээцтэй хандаж, зөв боловсон байж, хамгийн гол нь хүн чанараа битгий орхиорой гэж сургадаг нь хэр зарчимч багш, хэр ухаалаг ээж болохыг гэрчилнэ.

Магадгүй, өөрийн хүүхдүүдэд хүсдэг сайн сайхан бүхнээ өрөөлийн хүүхдэд ч хүсч чаддаг хүний л хийх ажил энэ биз. Түүний ярианаас хүүхэд гэдэг хиргүй, цагаахан ертөнцөд ямар өнгө нэмэх нь бага ангийн багшаас шууд хамаардаг. Тухайн мэргэжлийн үнэт чанар бол "Багш аа" гээд инээгээд ирэх тэр хөөрхөн царай, итгэл дүүрэн харцнаас нь урам авч, өнөөдрөөсөө илүү сайн байхыг бодож, хичээж явдагт оршино. Унтахдаа хүртэл тэднийхээ тухай л зүүдэлнэ. Маргааш тэр сурагчдаа тоог нь арай өөрөөр заая даа, тэрний маань аав ээж ирсэн болов уу, их санаж байгаа шинжтэй, гэх мэтээр үргэлж л бодолд нь уяатай явдаг байсныг мэдэрч байлаа.

Бүх зүйл өөрийн гэсэн гоо сайхантай. Хорвоогийн энхэл донхол, элстэй, шандтай ямар ч замыг туулж чадах, давж чадах “Хүн”-ийг багш нар мэдлэгийнхээ хэмжээ, мэдсэнийхээ үнэнээр бүтээдэг. Гайхамшигтайг сэтгэж чадахгүй бол гайхамшигтайг ярьж чадахгүй. Хэнийг ч өөрийн үгээр хайрцагладаггүй хүмүүс сэтгэл хангалуун, элбэг дүүрэн амьдардагт итгэдэг.

...Хүүхдийнхээ сэтгэлийг угаар нь тайрдаг эцэг эхчүүдийг хорин нэгдүгээр зуун хүлээн зөвшөөрөхгүй...

АРДЫН СУРГУУЛЬТАЙ АМЬДРАЛАА ХОЛБОСОН ГУЧИН НЭГЭН ЖИЛ 

Архангай аймгийн багшийн сургуулийг төгссөн залуухан бүсгүй 1982 онд Увс аймгийн Тэс сумын 2-р бага сургуулиас ажил, амьдралын гараагаа эхэлсэн гэдэг. Тухайн үед байшин гэж мэддэггүй бяцхан хүүхдүүдийг дааж авсан бөгөөд хаалга хайж, хана тэмтрэн зогссон хүүхэд ч бий хэмээн дурсаж байлаа.Сумын сургуульд 15 жил багшлаад аймгийн төвийн 5-р сургууль руу шилжиж 2013 он буюу тэтгэвэрт гарах хүртлээ Улаангомын ахлах 3-р сургуульд ажилласан. Боловсролын салбарт гучин нэгэн жил ажиллахдаа найман бага ангийн, 240 гаруй хүүхдийг ирээдүйн зүг хөтөлжээ. Түүний шавь нар, хаана ч газардахгүй, эзэмшсэн мэргэжилдээ чин сэтгэлээ зориулж явааг бахархан ярьсан юм. Өнөөдөр, багш Янжмаа хийх цагтаа хийхээ хийсэн хүний ёсоор аж төрж байна.

Хүн ер нь дасан зохицох чадвар сайтай гэгддэг. Гэсэн ч 31 жил хийсэн ажлаасаа хөндийрөхөд ямар мэдрэмж төрсөн нь сонирхол татаж байлаа. “Хүүхдүүдтэй ажиллана гэдэг хүүхэд шиг болно гэсэн үг” хэмээн ярихын сацуу “Эхэн үед хичээлээ орохгүй, шавь нараа харахгүй байх нь уйтгартай санагддаг байсан ч яваандаа өөр зүйл, өөр ажилд дасдаг юм билээ.Тийм боловч тэр маань яаж явдаг бол, ажил нь хэр байгаа бол, хоорондоо холбоотой байгаа болов уу” гэх мэт элдвийг дурсаж суугаагаа санаашрангуй хэлэв.Хүсэл мөрөөдөл нь тогтоогүй, гэгэлзэн дэрвэгч олон ертөнцийн дунд, тэдний эд эс шиг эмзэг энхрий, хайр дүүрэн гучин нэгэн жилийг өнгөрөөжээ.

Мэргэжлийнхээ тухай бүгд л сайхныг ярина. Харин Янжмаа багш:

“Багш хүний нэг зовлон, хичээгээд сайн сурч байгаа, сурах хүсэлтэй хүүхдээ сургуулиас гаргадаг эцэг эхчүүд. Ирээдүйд ямар хүн болохыг хэн ч мэдэхгүй шүү дээ. Гэтэл хөдөө мал дээр гаргана гээд хүүхдээ ирээд авчихдаг, заримыг нь хөөцөлдсөөр байгаад авч үлдэж л байлаа.Шавь нь сайн явбал багш нь баярлаад л байдаг, гундуухан явбал сэтгэл зовнидог” гэсэн юм. Хүүхдийнхээ сэтгэлийг угаар нь тайрдаг эцэг эхчүүдийг хорин нэгдүгээр зуун хүлээн зөвшөөрөхгүй.

Хэний ч бай, хүний л үрсийн сурах үйлсэд ган дөрөө мэт бат суурийг тавьж, үл тасрах жирэм мэт үнэт үгсээ харамгүй хэлж ирсэн нь туйлын үнэн. Тэрбээр одоо хувийн бизнес эрхэлж байгаа бөгөөд гавьяаныхаа амралтанд гарсан гээд хойш суусангүй.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.71
    2020/10/12

    Багшдаа эрүүл энх сайн сайхныг хүсье.

    Хариулах