Сүхбаатар аймагт шинэ цэцэрлэг, сургууль ашиглалтанд орно

Г. Болортуяа
2020/10/12

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатар аймагт ажиллах үеэрээ БШУЯ-наас зохион байгуулж байгаа боловсролын салбарынхны сургалт-семинарт оролцлоо. 

Тэрбээр уг сургалтын үеэр “монгол хүний зан чанар, хүмүүжил, үндэсний түүх, хэл, соёл, зан заншил, эх оронч сэтгэлгээ, өв уламжлалаа дээдэлсэн “Монгол хүн”-ийг бэлтгэхэд бодлого, ажлаа чиглүүлнэ. Багшийн хөгжил, нийгмийн асуудлыг дэмжихийн тулд “Чадварлаг багш” арга хэмжээг хэрэгжүүлнэ” гэсэн юм.

Засгийн газар энэ хүрээнд Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулийн 933 багш, 1,700 гаруй ажилтан, албан хаагчдын мэргэжил, ур чадварыг тасралтгүй дээшлүүлж, шаардлагатай мэдээлэл харилцаа, технологийн тоног төхөөрөмжөөр хангаж, орон сууцных нь нөхцөлийг сайжруулах юм.

Өнөөдрийн байдлаар аймгийн цэцэрлэгт 5,500 орчим, ерөнхий боловсролын сургуульд 13 мянга гаруй хүүхэд сурч хүмүүжиж байна. Эдгээр хүүхдүүдэд чанартай боловсрол, сайн хүмүүжил олгох нь аймгийн хөгжлийн ирээдүй гэдгийг Ерөнхий сайд онцлон хэллээ.

Мөн дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед теле хичээл, цахим сургалт явуулж байсанд талархал илэрхийлж, боловсролын салбарын төсвийг бууруулахгүй байх зарчим баримталж байгааг дурдаад цаашид багш нар нэр хүнд, ёс зүй, хариуцлагаа дээшлүүлж, бусдыг манлайлан ажиллахыг уриалсан юм. Түүнчлэн аймагт баригдаж байгаа нэгдүгээр цэцэрлэг, тавдугаар сургуулийг богино хугацаанд ашиглалтад хүлээлгэн өгөхийг холбогдох хүмүүст үүрэг болголоо. 

Шэнээр цэцэрлэг, сургууль ашиглалтад орсноор Баруун-Урт хотын хэмжээнд цэцэрлэгт хамрагдалт 90 хувьд хүрч сургуулийн ачаалал 40 гаруй хувиар буурах тооцоо гарсан байна. Засгийн газар 2019-2020 онд 119 цэцэрлэг, 71 сургуулийг шинээр барьж ашиглалтад оруулсан.

Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 1,442 цэцэрлэг, 841 сургуульд 930 орчим мянган хүүхэд сурч байгаа нь өмнөх оноос 40 мянгаар нэмэгдсэн байна.

 ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна