879 хүний сорьцод шинжилгээг хийхэд бүгд СӨРӨГ буюу коронавирусийн халдвар илрээгүй

Г. Болортуяа
2020/10/16

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр, Аравдугаар сарын 14, 15-нд ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Сэлэнгэ аймаг дахь салбар лабораторид нийт 879 хүний сорьцод шинжилгээг хийхэд бүгд СӨРӨГ буюу коронавирусийн халдвар илрээгүй. 

Тодруулбал:

  • 2020 оны аравдугаар сарын 1-ний өдөр Сиэтл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 243 хүний давтан шинжилгээ
  • Есдүгээр сарын 25-ны өдрийн Сидней-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 213 хүний давтан шинжилгээ
  • Замын-Үүд боомтоор орж ирсэн 194 хүний давтан шинжилгээ
  • Дорноговь аймагт тусгаарлагдсан есөн хүний шинжилгээ
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээ
  • ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдсан зургаан хүний шинжилгээ
  • Сайн дураар шинжилгээ өгсөн дөрвөн хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй.
  • Тандалтын зорилгоор 26 хүний сорьцод шинжилгээ хийсэн. Сорьцыг Сэлэнгэ, Өвөрхангай, Улсын Гуравдугаар төв эмнэлэг, ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Багануурын эрүүл мэндийн төвөөс авсан.
  • Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдаж буй 59 хүний шинжилгээ
  • Үүрэг гүйцэтгэж байгаа 37 эмч, ажилтанд хийсэн хяналтын шинжилгээ бүгд сөрөг гарсан.
  • Мөн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 86 жолоочийн шинжилгээний хариу сөрөг гарсан” хэмээн мэдээлэв.

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтод ХӨСҮТ-тэй адил төвшний лабораторийг байгуулсан. Боомтын хойд хаалганд лаборатори ажиллаж буй бөгөөд шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн лабораторид баталгаажуулж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад COVID-19-ийн батлагдсан тохиолдол 320 байна. Үүнээс 311 нь эдгэрч, эдгэрэлтийн хувь 97 байгаа нь өндөр үзүүлэлт хэмээн ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү онцоллоо.

Эдгэрсэн хүмүүсээс сувиллын ажиглалтад 14, гэрийн ажиглалтад дөрвөн хүн байгаа бол 297 хүний ажиглалт тандалтын хугацаа дууссан байна.

Коронавирусийн халдвар авсны улмаас ХӨСҮТ-д 9 хүн хэвтэн эмчлэгдэж байгаагаас долоо нь хөнгөн, 2 хүн нь хүндэвтэр байгааг ХӨСҮТ-өөс мэдээлэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна