П.Оюунчимэг: МИНИЙ АМЬДРАЛ ТЭР ЧИГТЭЭ ТЭМЦЭЛ БАЙСАН. БИ ХЭЗЭЭ Ч БУСДЫГ АЯЛДАН ДАГАЖ БАЙГААГҮЙ

С. Батзаяа
2020/10/19

С. Батзаяа

Пүрэвийн Оюунчимэг гэх шулуун шударга яриатай, хэний ч өмнө айж эмээхгүйгээр үгээ хэлчихдэг өөрийн гэсэн харизмтай эмэгтэйтэй ярилцах завшаан тохиов.Хүний эрхийн төлөө дуугардаг, бас адлуулдаг түүний ертөнцтэй уншигчдаа танилцуулъя.

-Таны нэрний өмнө хүний эрх гэх тодотгол дагалддаг болжээ. Хэвлэлд өгсөн ярилцлагуудыг тань харахад хүний эрх гэсэн малгайн дор асуудлуудыг өргөн хүрээнд ярьжээ. Уншигчдад П.Оюунчимэг гэж хэн бэ, ямар замнал туулж өнөөдөрт ирсэн нь сонин байх болов уу. Таньтай илэн далангүй ярилцлах гэсэн юм. Болох уу?

-Ажлаа ярихад л болно биз дээ. Миний хувийн амьдрал хүмүүст сонин биш байлгүй дээ.

-Өөрт оногдсон ажлаа чимээгүй хийгээд явах сайхан л даа. Гэхдээ үнэн, худал нь мэдэгдэхгүй яриануудад заримд нь тухайн цаг үед нь тайлбар өгөөд явах ёстой юм шиг. Он цагтаа л үлдэнэ гээд орхиж болох ч яагаад гэх бодол дотроос хатгаад болдоггүй.Тийм учраас таныг зорьж ирлээ.

-Хүнд сонирхуулаад онцгойроод байх зүйл надад байхгүй. Гэхдээ нэгэнт зориод ирсэн учраас ярилцах саналыг чинь зөвшөөрье. Би хотод төрж, өссөн. VI дугаар 10 жил, дараа нь Хууль цаазын дунд сургууль, Эрхүүгийн их сургуулийн Хуулийн факультетыг төгссөн хүн. Сургуулиа төгсөж ирээд прокурорын байгууллагад прокуророор ажилд орсон. 

Монгол Улсын прокурорын салбарт 10 жил зүтгэсэн байна. 2001 онд Монгол Улсад Хүний эрхийн үндэсний комисс гэж байгууллага анх байгуулагдах үеэс ажиллаж эхэлсэн. Энэ байгууллагын тулгын чулууг тавилцсан хүмүүсийн нэг. Түүнээс хойш энд тасралтгүй 20 жил ажилласан байна. Мэргэшсэн чиглэлээрээ би эрүүгийн байцаан шийтгэх чиглэлийн хуульч хүн. Олон улсын эрх зүй энэ салбарын бүхий л эрүү, эрүүгийн байцаан шийтгэх үйл ажиллагааг насаараа судалж байна гэж ойлгож болно. Товчхондоо миний намтар ийм.

-Прокурорын ажлыг баргийн эмэгтэй хүн хийж чадахгүй санагддаг. Өрөвдөнө, энхрийлнэ, сэтгэл санаа хямарна гээд амаргүй байдаг биз?

-Прокурорын байгууллагад ажилласан туршлага, олж авсан мэдлэг, хатуужил, хүний зовлон, жаргалд хамт байж үзсэн маань Хүний эрхийн үндэсний комиссын ажлыг хийхэд надад маш их туршлага болж байсан. Зарим хүн “Хүний эрх гээд агаарын юм яриад байдаг” гэдэг. Гэтэл эрх нь зөрчигдсөн хүнтэй яг ижил түвшинд баярлаж, шаналж, зовж байж тухайн хүний асуудал гарч ирдэг болохоос биш сонсоод ажил хийнэ гэж хэзээ ч байхгүй. 

Прокуророор ажиллаж байхад залуу ч байж. Тэр үед хэрэг гарсан газар дээр цагдаагийн байгууллагаас цогцост үзлэг, задлан шинжилгээ хийхэд эмэгтэй хүн бүрийн үзээд байдаггүй хатуу ширүүн зүйлд манай прокурорууд явдаг байв. Тиймдээ ч прокурор хүүхнүүд үнэхээр хатуужилтай болсон байдаг. Баргийн зүйлд барьц алддаггүй. Би маш сайн санадаг. 1993 онд ач хүү нь хэрэгт холбогдсон 70 гаруй насны хүн над дээр ирсэн. Тэр хүн орж ирээд “Таны хяналт дээр миний хүүгийн хэрэг байна, миний ач” гээд уйлсан. Тэгэхэд би “Яагаад би ийм настай хүнийг урдаа уйлуулаад сууж байдаг юм. Энэ ямар ажил юм бэ” гэж бодсон. Хариулт нь ерөөсөө энэ ажлыг хийхэд сэтгэлийн хөдлөл байх ёсгүй юм байна гэдгийг мэдэрсэн явдал. Тэгэх л юм бол хэт нэг тал руугаа хазайсан шийдвэр гаргах юм байна. Эсвэл хэргийн бодит байдал алдагдахад хүрдэг гэдгийг тухайн үед би ойлгосон. 

Прокурорын байгууллага надад ийм хатуужил өгсөн. Энэ хатуужил, энэ тэсвэр тэвчээр, шалгуурууд өнөөдрийн ажлыг хийхэд нөлөөлсөн. Нэг ёсондоо, хууль түүнийг хэрэгжүүлэх арга барил, хэргийг уншихад үүнийг мэдэж байх ёстой юм байна гэдэг практикийн анхан шатны бүх боловсролыг би прокурорын байгууллагаас олж авсан. Тийм учраас би одоо ч хүмүүсийн жаргал, зовлонг сонсоод хүнийг үзэн ядах сэтгэл хөдлөл гардаггүй. Энэ хүнийг яаж задалж өгөх вэ гэдгийг бодохоос биш, хүн уйлахад дагаж уйлаад, баярлахад дагаж хашхираад байж болохгүй.

-Аав, ээжийн тань өгсөн хүмүүжил бас нөлөөлсөн юм биш үү?

-Нэг талаараа тийм. Тэр үеийн нийгмийн хүмүүжил ч тийм байсан. Хүнийг араар нь муулж, нүүрэн дээр нь хэлж чаддаггүй муухай зан надад байдаггүй. Тийм болохоор би олон дайсан өөртөө бий болгочихжээ. Яагаад гэвэл, хүнд тал засаж сураагүй, долигонож бүр чадахгүй. Хүүхэд байхын эвлэл, пионерын байгууллагаар хүмүүжсэн, чөлөөт цаг гэж бараг байдаггүй, бүхий л зүйлээ цагийн хуваарийн дагуу хийдэг цаг үед хүүхэд нас минь өнгөрсөн. 

Манай зургадугаар 10 жил улсын хэмжээнд хоёрт ордог сургууль байсан. Намайг хүмүүжүүлж өгсөн үе үеийн багш, пионерын удирдагч, эвлэлийн дарга нар бие хүн болж төлөвшихөд “Ийм зүйлийг анхаарах ёстой шүү” гэдгийг зааж өгчээ гэж одоо би боддог. Түүнээс биш одооных шиг задгай байсан бол өөр байх байсан биз. Яах вэ, намайг хүмүүс хоцрогдсон социализмын юм ярьдаг гэж бодох л байх. Гэхдээ үнэн нь тэр. Хүмүүс сурлагын төлөө явдаг. Дээд сургуульд орохын төлөө улайрдаг. Мэргэжилтэй болохын төлөө цаг наргүй хөдөлмөрлөж, хичээдэг байсан. Би өөрийгөө азтай гэж боддог. Ш.Гаадамба гуайгаар Монгол хэлний хичээл заалгаж байлаа. 

Бидний үед нийгмийн ухааны сургуульд конкурс өгөхийн тулд заавал монгол хэл, орос хэл, түүх гэсэн шалгалт өгдөг байсан. Би жирийн л айлын хүүхэд. Ш.Гаадамба багш дээр очоод гуйхад надад таван өдөр хичээл заасан. Олбог дээр суусан урт цагаан сахалтай хүн байлаа. Гэр нь Улсын их сургуулийн хажууд байсан. Тэр хүн надад “Энэ авиа зүй гэдэг зүйлийг насандаа мартахгүй болтлоо сурлаа шүү чи” гэж хэлж байсан нь санаанаас гардаггүй. Одоо ч би мартаагүй.

-Эмэгтэй хүн хуульч болно гэхэд аав, ээж тань яаж хүлээж авч байв. Аав, ээжийнхээ тухай ярихгүй юу?

-Би өвөө, эмээ дээрээ өссөн. Ээж, аав ажил хийдэг. Миний өвөө намайг хуульч болгосон. Өвөө маань Завхан аймгийн Яруу сумын харьяат хүн байсан. “Та нар хичээлээ хийх ёстой, талхны мөнгөө өөрсдөө олох ёстой. Улс, нийгэмд бие хүн болох ёстой, худлаа хэлж болохгүй” гэж бидэнд сургасан. Өвөөдөө ч би амалсан. Манай өвөө шүүхийн зарлага байсан юм билээ. Тэгээд “Чи хуульч болно. Өөр мэргэжилтэй болгохгүй” гэсэн. Намайг эсэргүүцэх аргагүйгээр хүмүүжүүлж өсгөсөн тэр харцан дор би хуулийн мэргэжлийг сонгосон.

-Харамсдаггүй биз дээ?

-Хэзээ ч харамсдаггүй. Би ажилдаа амжилт гаргах эсвэл асуудлыг хоолойдоо тултал шийдүүлсэн үедээ сэтгэлдээ байнга өвөөгөө дурсаж, мөргөж явдаг. “Би таны хүчээр, таны хүссэнээр ачийг тань хариулахыг хичээж явна шүү” гэж залбирдаг. Магадгүй миний зан араншинд өвөө маань тааруулсан ч байж мэднэ. Ер нь би шартай, шазруун хүүхэд байсан. 

Миний хажууд сууж байсан хүүхэд түүхийн тухай хоёр зүйл надаас илүү мэдсэн байхад би тэр номыг нь олоод, “Энэ ном дээр байсан байна” гээд тэр номыг эргүүлээд өөр өнцгөөс нь ярьдаг тийм л хүүхэд байв. Энэ чанар надад дараа хэл сурахад их хэрэг болсон. Би хүмүүстэй адилхан гадаадад их, дээд сургуулийг нь төгсөж англи хэл сураагүй. Ажлын төвшиндөө сурч, хэрэглээнд оруулсан. Гадаад хүнтэй ярьж байхад миний мэдэхгүй үг гарлаа гэхэд орой нь гэртээ очиж толь бичгээс харан маргааш нь тэр үгийг тэр хүнд хэрэглэж, ярилцдаг байв.

-Таны тэр зан чанар өнөөдөрт хүрэхэд маш том нөлөө үзүүлжээ дээ. Аливааг илүү сурчих юм сан гэж хичээдэг, мэрийдэг, дайчин чанар байна шүү дээ. Маш их атаа хорсол, хэл ам албан тушаал ахих тусам ирдэг юм биш үү?

- Хийсэн гэм, үйлдэл байхгүй учраас айж эмээгээд яваад байх асуудалгүй. Хүн юу тарина, түүнийгээ л хураадаг. Хэр баргийн зүйлд эмзэглээд байдаггүй. Би бие хүн, давтагдашгүй цор ганц. Яагаад хүн бүрт таалагдах албатай юм. Энэ дэлхий дээр байгаа хэдэн тэрбум хүн бүгд өөр, бусдаасаа ялгарах онцлогтой төрдөг биз дээ. Хүний давтагдашгүй өгөгдлүүд тусдаа шүү дээ. 

Тэгэхээр би заавал хүнд таалагдах албагүй. Би хэн нэгэнд таалагдах гэж хэзээ ч ажил хийж байгаагүй. Ажлыг өгсөн үүрэг даалгавар гэж хичээж хийж ирсэн. Хүний эрхийн ажил үр дүн нь шууд хүн дээр гарч байдаг учраас хуулийн байгууллагынхаас тэс өөр. Нэг биш нийтийг харсан эрх ашгийн төлөөх ажил. Гэтэл нэг удаа хүний зовлон сонсож үзээгүй, нэг удаа хүнтэй ярьж сууж үзээгүй, нэг удаа тэр хүний төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй хүн “Та нар юу хийсэн бэ” гэж асуухаар би үнэхээр хариулмааргүй байдаг. Надад хариулах шаардлага байхгүй. 

Гарын таван хуруу урттай, богино байдагтай адил хүний амьдрал ч тийм байдаг. Тийм учраас хүн болгон өөр өөрийн гэсэн өнцгөөс үүнийг тайлбарлана. Бусдын зовлонг өөртөө тусгаж бодож үздэггүй. Зөвхөн амин хувиа хичээсэн хүмүүсийн гаргаж байгаа араншин юм даа. Хүний төлөө нэг хуруугаа ч хөдөлгөөгүй байж бусдыг амаа ар дээрээ гартал муу хэлээд ямар хэрэгтэй юм. Тэгсэн мөртлөө тэр муулаад байгаа хүмүүс нь огт уулзаж байгаагүй, танихгүй хүмүүс байх жишээтэй.

-Та түрүүнд хүмүүст шууд хэлдэг учраас их олон дайсанг өөртөө бий болгожээ гэж байна. Түс тас зан тань олон хүнийг гомдоож байв уу?-Би дотроо ингээд хэлбэл яах бол гэж боддоггүй. Хүн цалинг нь авч байгаа ажлаа сайн хийх хэрэгтэй. Тэр хүнд өрөө тасалгаа бүх хэрэгцээт зүйл нь байна. Цалин авч байгаа ажлаа хий гэхээр одоо дайсан болдог болсон байна шүү дээ.

Би залуу байхдаа ахмадуудадаа юу сурсан түүнийгээ үзүүлнэ гэж ажиллаж байсан болохоос биш “Энэ намайг загнаад байна, дараа нь тэгж хандана даа” гэж бодож байсангүй. Одоо ч тухайн үед надтай хамт ажиллаж байсан бурхны оронд очсон гарын 10 хуруунд багтах мундаг прокуроруудаа дурсан санаж явдаг. Хүн мууллаа гээд миний амьдрал дээшлэхгүй. Хүнд ач санаж, хүний төлөө явдаг олон хүнбайгаасай гэж боддог. Би хүний, өөрийн гэж ялгалгүйгээр олон хүнд тусалсан. Мэдэх нэг нь намайг мэднэ. Бас мэдэхгүйд нь би мэдүүлэх гэж явдаггүй. Албатай биш шүү дээ.

-Би ганц хувь гэж хэлж байна. Ингэж ярьдаг мөртлөө энэ үгнийхээ утгыг ойлгодоггүй хүмүүс олон байдаг. Энэ үгийг итгэлтэйгээр хэлж чадаж байгаа таниас өөрийгөө олох, сэтгэлгээний эрх чөлөөний тухай асуумаар байна?

-Миний амьдрал тэр чигтээ тэмцэл байсан. Би хэзээ ч бусдыг аялдан дагаж, орчин үеийнхний хэлдгээр даргын үүд сахиж, цүнх барьсан удаа миний амьдралд нэг өдөр ч байхгүй. Хүмүүсийн хэлдгээр намын гишүүн, танил тал надад байгаагүй. Би хаана ч үүнийг бардам хэлнэ. Би улс төр мэдэхгүй, би аль ч намын гишүүн биш. Миний төрд ажилласан хугацаанд сүүлд гарсан хуульд намын гишүүнээс түдгэлзэнэ гэж орсон. Тийм зүйл мэдэхгүй бид “Энэ хэргийг яаж явуулах уу, үүнийг яаж буцаахгүй шийдэх вэ, энэ хүнд яаж туслах вэ” гэдэг арга барил, тэмүүлэл байсан учраас нам гэдэг зүйлийг анхаарлын гадуур орхисон. Гадуур орхисон учраас би өнөөдрийг хүртэл нам, улс төр сонирхож байгаагүй.

-Энэ нийгэмд нам дагахгүй бол албан тушаалд очдоггүй тогтолцоо бий болчихлоо шүү дээ?

-Энэ бол гажиг. Бидний үед аль болох мэдлэг боловсролоо дээшлүүлэх ёстой, нийгэмд зөв хүн байх ёстой гэдэг байлаа. Гэтэл өнөөдөр ийм зүйл алга болсон. Нэг, хоёр хүний буруу үлгэр дууриалал нийгмийн сэтгэлгээнд яаж хүрч чадаж байгаагийн тод жишээ энэ. Залуус нам гэх болж. Гэтэл албан бичгийнхээ 10 өгүүлбэрийг зөв бичиж чадахгүй байж дарга болно гэдэг байж болохгүй. Яг үнэндээ дарга бол тийм хүсээд байх ажил биш. Маш их ачаалалтай ажил. Тийм учраас сайн гүйцэтгэгч байх ёстой. Сайн гүйцэтгэгч байхдаа салбартаа өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх толгойтой байх ёстой. Толгойгүй хүн хэчнээн гарч ирээд ямар ч амжилтад хүрдэггүй. 

Хүн мэдлэгтэй, мэдээлэлтэй байх ёстой. Түүнийгээ дүгнэж, цэгнэн өөртөө хэрэгтэйг авдаг, түүнийгээ ажилтайгаа уядаг байх ёстой. Дараа дараагийн үедээ түүнийгээ хүнд түгээдэг байх нь чухал. Түүнээс биш би 10 ном уншчихаад түүнийгээ дотроо бодоод яваад байвал ямар ч хэрэггүй. Үүнийгээ хэрэгтэй хүмүүст нь хэлж байх ёстой. Тийм ч учраас миний өнөөдөр хийж байгаа нэг том ажил бол хүний эрхийн сургагч багш нарыг бэлтгэх байлаа. Салбар салбарын сургагч багш нарыг бэлдэж байгаа. Тэр хүмүүсээр дамжуулж, тухайн салбаруудад хүний эрхийн ойлголтыг өгөх ёстой. Энэ улсын хэмжээнд анх удаа үнэлэгдсэн том ажлуудын нэг. Одоо хүртэл энэ ажил үргэлжилж байгаа.

-Прокурорын байгууллагад 10 жил ажиллахдаа өнөөдөрт хүрэх дадлага, туршлагаа хуримтлуулсан гэлээ. Нийгэмд хуульч мэргэжлийнхээ хэргийг гаргасан ямар ажлуудыг та хийсэн бэ?

-Прокурорын байгууллага өөрөө хуультай. Гэмт хэрэг гарлаа гэхэд цагдаа мөрдөнө. Прокурор хяналт тавина. Тэр хэрэг үнэн, зөв байна уу гээд одоо эргээд харахад нэг ч хүнийг хэлмэгдүүлээгүй. Тэр л ажил. Биднийг ажиллаж байхад цаазын ял Монголд үйлчилдэг байсан. 

Цаазаар авах ялаар шийтгүүлсэн хүний нэр төр, алдар хүнд хэзээ ч эргэж сэргээгддэггүй. Хамгийн харгис ял. Би хүн амины хэрэг хянаж, цаазын ял улсын яллагчийн нэрийн өмнөөс санал өгч байсан. Энэ бүх тохиолдлууд хэрэг хяналтын явцууд хилсээр ял эдлүүлсэн тохиолдол нэг ч байхгүй. Эрүү шүүлттэй тэмцэх ажлыг 2006 оноос эхлүүлсэн. Эрүү шүүлтийн эсрэг Элчин сайдаар 2014-2016 онд бүсийн хэмжээнд ажилласан. АНУ-ын департаментаас шалгаруулдаг манлайллын хөтөлбөрт шалгарч оролцож байсан. Харин үндэстний цөөнхийн эрхийг хамгаалах ажлыг 2003 оноос эхлүүлсэн, эрх нь зөрчигдсөн иргэдийн эрхийг сэргээлгэхээр шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргадаг туршлага нэвтэрлээ гэх мэт яривал та бидний яриа дуусахгүй, хэдэн өдрөөр үргэлжилж мэднэ. 

Хүний эрхийн төлөө ажиллаж байгаа хүмүүс зоригтой байхгүй бол хэзээ ч хүний эрхийг хамгаалж чаддаггүй. Хамгийн наад захын жишээ гэхэд, Мартин Лютер Кинг хар арьст баптист сүмийн номлогч байсан. Америкийн хар арьстнуудын эрхийн төлөө, арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын төлөө тэр хөрөнгөтний нийгэм дотор дуу хоолойгоо хүргэж, өнөөдөр дэлхийн анхаарлын төвд орж нэрээ мөнхөлж үлдээсэн байна. Түүнд зориг бас тэмүүлэл байсан учраас тэр олон хүний эрхийг ялгаварлан гадуурхалтгүйгээр эдлүүлэхэд өөрийгөө зориулсан. Бид халуун, хүйтэн, хад асга, намаг, уул, ус гээд байгалийн хатуу ширүүн нөхцөлд морьтой, машинтай олон мянган километрийг туулж хүний эрхийг хамгаалдаг.

-Монголд хүний эрх ямар түвшинд байгаа вэ?

-Анх хүний эрхийн байгууллагатай болж байхад хүмүүс мэддэггүй байсан. Энэ олон улсын байгууллага ороод ирсэн байна гэнэ. 2000 онд манай хууль батлагдаад 2001 онд байгуулагдсан. 1992 онд Үндсэн хуулиндаа хүний эрх, эрх чөлөөтэй заалт, бүлгийг оруулж өгсөн. Үүнээс найман жилийн дараа Хүний эрхийн үндэсний хуулийг батлахад Б.Дэлгэрмаа, Ц.Оюунбаатар нарын хоёр гишүүн үнэхээр зүтгэсэн. Үүнийг хүмүүс зайлшгүй мэдэж байх ёстой. Энэ байгууллага анх 12 хүнтэй байгуулагдсан. Ширээ тойрч суугаад Хүний эрхийн үндэсний комиссын үйл ажиллагаа юун дээр төвлөрөх вэ гэдгийг ярьцгаасан. 

Тэр үед цагдаагийн байгууллага, шорон, өлсгөлөн гээд үнэхээр замбараагаа алдсан байсан. Хүний амьд явах эрхийг түгээмэл тунхаглалын заалтын дагуу үзье, үүн рүү чиглэе. Үүнийг системтэй болгохгүй бол дуртай нь хүн зодож хэрэг хүлээлгэдэг, дуртай нь хүмүүсийг шоронд оруулж, хорьж, цагддаг болчихжээ гэж бид ярилцсан. Хүмүүс “Хүний эрхийн байгууллага юу хийж байна, та нар татан буугдах ёстой” гээд ярихаар хүмүүс манай үйл ажиллагааг мэддэг болсон юм байна гэж боддог. Ажил хийдэггүй бол хэн ч мэдэхгүй. Ажил хийгээд ирэхээр сайн, муугаар хүний хор шарыг хөдөлгөнө шүү дээ. 

Хэн хийж байгаагаас үл шалтгаалан “Энэ ямар ч байсан нэг зүйл хийгээд байгаа юм байна” гэдэг дүр зураг гарч ирж байна гэж би 20 жилийн ойн босгон дээр бодож сууна. Нөгөө талдаа хэн дуртай хүний амны зугаа болдог байгууллага биш. Хэн дуртай хүний зүүдэлж боссоноо ярьдаг байгууллага манайх биш. Энэ бол үндэсний хэмжээний том байгууллага. НҮБ-д бүртгэлтэй, Ази Номхон далайн бүсийн хэмжээнд тодорхой үйл ажиллагаандаа жишиг болгож чадсан байгууллага. Хүний эрхийн комисст ажиллаж байсан үе үеийн дарга, гишүүд, залуус, ажилтнуудын хүчээр энэ байгууллагын нэр, төрийн байгууллагуудын жагсаалт дотор тодорхой байр эзэлдэг болсон гэж би боддог. Энэ ажлыг ажлын найман цаг хийгээд гэртээ хариад байдаг уу, гэвэл үгүй. Хүмүүс тэгж бодоод байх шиг. Та бүхэн андуурсан байна, уучлаарай.

-Андуурсан тэр ойлголтыг тайлбарлаж өгөхгүй юү?

-Жилийн 12 сард бид 15-16 аймагт ажиллаж байна. Энэ дөрвөн ханан дотор суудаг өдөр цөөхөн байдаг. Дандаа шалгалт, сургалт, судалгаа, мониторинг, уулзалттай. Бид өрөөнд суудаг яам, тамгын газрын ажилтнууд шиг биш. 20 жил явсан км-ээ тооцвол хэдэн сая км гарна. Дөнгөж саяхан бид 4500 км яваад ирсэн. Бид хамгийн багадаа 2000-3000 км, дээд тал нь 6000-7000 км явж ажлаа хийдэг. Энэ бүрд дандаа шахагдсан ажлуудтай.

-Үүний хүчинд өнгөрсөн 19 жилийн хугацаанд томоохон ахиц дэвшил гарчээ дээ?

-Их зүйл хийсэн. Биднээр эрхээ хамгаалуулсан, хамтарч ажилласан хүмүүсийн олон бодит жишээ бий. Монголын практикт байгаагүй хэд хэдэн ажлыг хэрэгжүүлж хэвшүүлсэн. Хамгийн том ажил нь төр нь иргэнээ хохироосон бол иргэн эрхээ сэргээлгэж, нөхөн төлүүлэх ёстой гэсэн шүүхийн практикыг бид 2006 оноос эхлүүллээ. Гэхдээ тэр хүмүүсийн зовлонгийн хажууд төрөөс гаргаж өгч, шүүхээр шийдвэрлэж байгаа мөнгө, үнийн дүн 10 хувьд л хүрч байгаа. Түүнээс 90 хувь болох бие, сэтгэл санааны хямралыг нөхөн төлөх ямар ч боломжгүй. Хүний амьдралын зовлон, жаргалыг хэзээ ч мөнгөөр хэмжиж болохгүй.

-Янз бүрийн хүмүүстэй уулзахад сэтгэл санаагаа барих ёстой гэж та түрүүн хэлсэн. Уулзсаны дараа сэтгэл санаа хямрах нойргүйдэх асуудал гардаг уу?

-Хэрвээ тэгж хүлээж аваад байвал энэ ажлыг хийж чадахгүй шүү дээ. Би ардаа амьдралтай, үр хүүхэдтэй хүн учраас өөрөө эрүүл байх ёстой. Гэтэл тэр бүх хүний зовлонг өөрөө нуруун дээрээ даагаад бодоод байвал ажлынхаа ард гарч чадахгүй. Тийм учраас энэ ажлыг хийхэд сэтгэл зүйн хатуужил маш их хэрэгтэй. Нэг хүн орж ирээд зовлонгоо гурван цаг ярьчихаад явна. Нөгөө талд зарим нь орж ирж хашхирч, бухимдаж байгаад гарна. Тэр болгоныг бодоод, гэртээ авч орно гэвэл хүн галзуурна биз дээ. Хүн ажил, амьдралын ялгаагаа маш сайн мэдэрч байх ёстой. Тэгж байж ажил хэвийн явагдана.

-Анх ажилд орж байгаа хүмүүст та энэ чиглэлд зөвлөгөө өгдөг үү?

-Манай Өргөдөл гомдлын хэлтэст орж байгаа хүн бүрт энэ шаардлагыг тавьдаг. Тийм ч учраас энэ хэлтэст ихэвчлэн залуус ажилладаг. Хавар, намарт хүмүүс ажил дээр орж ирээд орилно, чарлана, хутгатай ч байх нь бий. Тэр болгонд харуул хамгаалалт байхгүй. Тэднийг сонсоно. Тэд өөрсдийнхөө хүссэнээр юм хэлүүлэх гэнэ. Бие, эрүүл мэнд нь хэвийн биш нөхцөлд амь насанд ч аюул учирч болох магадлалтай. Маш их мэдрэмж шаарддаг ажил. Яагаад гэвэл, над дээр хэд хэдэн тийм тохиолдол гарч байсан. Хүний эрхийн төлөө ажиллаж байгаа энэ хүмүүст өнөөдөр хамгаалалт байхгүй.

 Би 2006 онд эрүү шүүлтийн хянан шалгалтын ажлыг хийж яваад осолд орж байсан. Нэлээд хүнд авто осол байсан. Тухайн үед ажиллаж байгаад гэмтсэн бол гадаад, дотоодод эмчлүүлдэг тухай заалт Төрийн албаны тухай хуульд байсан. Тэр заалт хэрэгжээгүй. Гэхдээ мундаг эмч нар, сайн ханийнхаа буянд босож чадсан. Хамгаалалтанд орж байна гээд хүн дагуулаад яваад байх шаардлагагүй шүү дээ. Төрийн ажил хийж байгаа бол төрийн хамгаалалт байх ёстой. Тийм хамгаалалтгүйгээр энэ ажлыг хийж байгаа.

-Энэ талаар хууль эрх зүйн орчныг бий болгоё гэдэг асуудлыг та бүхэн тавьж байв уу?

-Хүний эрхийг хамгаалагчийн тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар өргөн барьсан байгаа. Манай комиссын хуульд төрийн хамгаалалттай обьектуудад /хорих ангид/ шалгалт хийж байхад тухайн байгууллагууд хамгаалалтыг хариуцна гэсэн заалттай.Хамгийн тод жишээ гэхэд долдугаар сарын 1 байлаа шүү дээ. Би долдугаар сарын 1-нд ямар ч цаг наргүй ажиллаж байсан. Ганц худаг буюу цагдан хорих 461 дүгээр анги руу өглөө 09:00 цагт ороод 17:30 минутад гарч ирэхдээ би 181 камерын 1000 хүнтэй нэг удаа сандал дээр суулгүй уулзаж, хүнд нөхцөлд ажиллаж байсан. 

Яах вэ, хүмүүс намайг андуураад байдаг юм билээ. Ганц худгийн үүдэн дээр телевиз цуглуулаад юу ч хийгээгүй байж мэдэгдэл хийсэн. Энэ авгай хүний эрх зөрчөөгүй гэж телевизээр ярьсан гэж. Гол нь би биш байхгүй юу. Хүмүүсийн санах ой өөр байдаг юм уу, яадаг юм, би мэдэхгүй. Ямар ч байсан долоон сарын 1-нд бид 3-4 өдөр тэгж л ажиллаж байсан. Тухайн үед олон л үйл явдал болж байсан. Утсаар дарамт шахалт ирээд л.

-Хүний эрхийн салбарт ажиллаад олон янзын хүмүүстэй тааралдаж байжээ. Санаанаас гардаггүй тохиолдлыг сөхнө гэвэл та юуг онцлох вэ?

-Завханы Эрдэнэ-Очирын гэх хэрэгт хилсээр шийтгүүлсэн хүний асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд бүтэн жил хагасын хугацаа зарцуулсан. Төлөөлөн нэхэмжлэл гаргаж, зөрчигдсөн эрхийг сэргээлгэж байлаа. Мөн Хөвсгөлийн тайгад амьдарч байгаа тува иргэдийн асуудлыг төр засгийн анхааралд хүргэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг гаргуулсан явдлыг онцолно. Тэр хүмүүсийн аж байдлыг судлахын тулд идэр өвлийн хүйтнээр 150-160 км машин явахгүй газарт алхахдаа алхаж, морь малаар туулж зорьж очдог байлаа гээд яривал түүх зөндөө бий.

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг хэсэг таны тухай баахан шуугилаа. Ямар учиртай юм бэ?

-Яах вэ шуугиж л байг. Иргэд хоорондын маргаан дээр үл ойлголцол үүссэн байдаг. Тэр үл ойлголцол дунд манай хэвлэл мэдээллийн байгууллагууд мөнгөөр худалдагдсан байдаг юм билээ. Худалдагдсан сэтгүүл зүй, сэтгүүлч гэдэг бол амьд хүнийг үхдэл болгож байгаа гэсэн үг. Нэг хүний цаана хэдэн хүний амьдрал хувь заяа байдгийг эд нар ер нь мэддэг болов уу. Гэтэл тэр гараад байгаа мэдээ мэдээллүүд надтай хамааралтай юм уу гэхээр миний огт мэдэхгүй зүйл байх жишээтэй. Би хэзээ ч гэр бүлийнхээ хүний хийж байгаа бизнес, ажилд хутгалддаггүй. Яагаад гэвэл, энэ миний мэдэх асуудал биш. Бид тусдаа, бие хүмүүс. Миний хувьд энэ яваа насандаа бизнес хийж үзээгүй, мэдэхгүй. Бизнесийн орчин ямар байдгийг ч мэдэхгүй. Энэ миний ажил гэж хүний эрхийн төлөө ажиллаж явсан болохоос биш би робот биш. 

Түрүүн хэлсэн шүү дээ, 15-16 аймгаар томилолтоор яваад, энэ дөрвөн хананы дунд байхгүй, завсаргүй явж байгаа хүн хэдий завандаа нөхрийнхөө ажлыг удирдаад сууж байдаг юм бэ. Манай нөхөр сэтгэцийн, бие махбодын хувьд эрүүл. Тэр хүн ажлаа хэнээр ч заалгахгүй аваад явж чадна. Чи анзаарсан бол тэр яриад байгаа нэвтрүүлэг дээр манай нөхрийн нэр ерөөсөө байхгүй байгаа биз дээ. Яагаад ярихгүй байгаа юм бэ. Гол нь би тэр хүмүүст бул хар чулуу нь байсан байхгүй юу. Тийм ч учраас хүмүүсийн хийж буй ажил, бизнесийн бүх л зүйлийг намайг хийсэн мэтээр гаргасан. Бид хэнээс ч гуйгаагүй, хэнийг ч луйвардаагүй өнөөдрийг хүрсэн. Нэгдүгээрт, бид тэдний хууль бус бүх зүйлийг нь мэдэж байсан учраас энэ авгайг зайлуулчих юм бол болно гэсэн сэтгэлгээ байсан. 

Хоёрдугаарт, ажлаа мэддэггүй, чаддаггүй хүнээс үг сонсож, өөрийгөө боловсруулж сураагүй хүн өөр хүний хувийн ашиг сонирхлын зөрчилтэй зүйлийг мэргэжил рүүгээ оруулж байна шүү дээ. Түүний л гай. Нийгэм өнөөдөр ямар мэдээг хүлээж аваад алийг нь хүлээж авахгүй байна гэдэг цензур ямар түвшинд байгаа нь үүн дээр харагдсан. Бид зөндөө судалгаа хийдэг. Судалгаа, бодит амьдрал хоёр уг нь таарах ёстой. Гэтэл энэ зөрүүтэй байсан. Би бүрдүүлсэн имиджтэй, олж авсан мэргэжилтэй, намайг өсгөсөн гэр бүлийн орчиндоо хэзээ ч хуурамч байгаагүй. Тийм учраас би бүтэн нойртой хонодог. Би хэзээ ч нойроо хугаслаж аливаад шаналдаггүй.

-Эд нар гэдэг нь?

-Намайг гүтгэж харлуулсан хүмүүс. Хүний амьдрал хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн. Энэ хүмүүс үр хүүхдийнхээ өмнө юу хийгээд яваад байгаа юм бол оо гэж заримдаа би боддог. Надад хуцсан нохой болгоны өөдөөс шороо цацаад сууж байх сонирхол, зав ч алга. Надад үүнээс илүү тавьсан том зорилт, хийж гүйцэтгэх ажил байна. Нэг хүнтэй зууралдах биш нийгэмд илүү ихийг хийхийн төлөө ажиллах нь чухал. Тэр хүмүүс надаас уучлал гуйсан. Цагаан дээр хараар бичээд бариад ирсэн, манайд хохирлоо ч бүрэн барагдуулсан.

-Танай гэр бүлийн хүн ямар мэргэжилтэй юм бэ?

-Хуульч.Бид оюутан байхдаа гэрлэсэн. Хамт сургууль төгсөж ирээд манай хүн бизнес хийе, би мэргэжлээрээ ажиллая гэж тохирсноос хойш олон жил болж байна. Манайх гурван хүү, таван ачтай.

-Ийм асуудал үүсэхэд хүүхдүүд тань “Ээж, наад ажлаа болиоч” гэсэн үү. Юу гэж байх юм?

-Тэгж хэлэх хүн зөндөө байсан. Надад болих шалтгаан байгаагүй. Би буруу зүйл хийсэн бол болъё гэж болох байв. Гэвч надад хийсэн гэм алга. Харин ч намайг хатуужуулсан зүйл бол миний ажил. Би хэзээ ч илүү харж, билүү долоож байгаагүй. Надад тэгэх шаардлага ч байгаагүй. Эцэг өвгөд, хань ижлийн буян, нутаг усны авшиг байна. Би нэг юмыг хоёр болгож харж сураагүй. Чадах ч үгүй. Тиймдээ ч би бүтэн нойртой хонодог гэж түрүүнд хэлсэн шүү дээ

-Та бясалгалд сууж байсан уу?

-Үгүй.

-Монголд хүний эрхийн зөрчил хэр их байдаг юм бэ?

-Маш их. Яг энэ салбар болж байна шүү гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ бид тэгээс эхэлсэн шүү. 19-20 жилийн хугацаанд гарсан ахиц дэвшил зөндөө бий. Бүгдийг буруутгаж болохгүй. Заавал юм бүхэн хар байх албагүй. Сайн сайхан харыг дарж л байдаг. Хүн ажлаас гарчихаад “Яана аа” гээд тойрох хуудсаа авлаа гээд явдаг байсан бол өнөөдөр тэмцдэг болсон байна. Хилс хэрэгт холбогдвол “Би үнэхээр хийгээгүй” гэж тэмцсээр байгаад үнэнийг олдог болсон байна. 

Бид НҮБ гээд дэлхийн хамтын нөхөрлөлийн улс орон шүү гээд түүний хүрээнд ярьж байна. Өмнө нь НҮБ рүү гомдол гаргалаа гэдэг хүн хэд байсан юм бэ. Одоо цаг өөр болсон шүү дээ. Хөгжил хаашаа явж байна, хүн тийшээ явдаг. Эрх зүй хаашаа явж байна, хүн түүнийг дагадаг. Хүн болгон хуульч байх албагүй. Гэхдээ хүн ямар нэгэн байдлаар “Би болохгүй байна” гэдгээ мэдэрч байвал хүний эрхийн асуудал дандаа хөндөгдөж байдаг. Ерөөсөө бүх юмны суурь нь хүний эрх. Хүн байгаа газар л хүний эрх ярина. Хүн хөгжиж байна нийгэм, эрх зүй хөгжиж байна. Энэ гурав хэзээ ч салдаггүй салбар. Салчих л юм бол утгаа алддаг. Зарим хүн “Энэ авгайг зайлуулах хэрэгтэй, хоцрогдсон” гэдэг. Би хоцрогдсон байж болно. Ерөөсөө дэлхий нийтэд хэдэн зууны туршид хоцрогддоггүй зүйл бол хууль байдаг. Хууль, хуулийн хэрэгжилт хоёр хэзээ ч хоцрогддоггүй.

...Хийсэн гэм, үйлдэл байхгүй учраас айж эмээгээд яваад байх асуудалгүй. Хүн юу тарина, түүнийгээ л хураадаг. Хэр баргийн зүйлд эмзэглээд байдаггүй. Би бие хүн, давтагдашгүй цор ганц. Яагаад хүн бүрт таалагдах албатай юм. Энэ дэлхий дээр байгаа хэдэн тэрбум хүн бүгд өөр, бусдаасаа ялгарах онцлогтой төрдөг биз дээ...

-Та бүхэн хүний эрхийн зөрчил энд байна гээд хэлэхэд түүнийг биелүүлдэггүй том толгойтой нөхөд их байдаг уу?

-Одоо тийм зүйл байхаа больсон. Ямар ч байгууллага гарсан зөрчлийг заавал засч, өгсөн зөвлөмж шаардлагыг биелүүлдэг болсон. Бас нэг амжилт. Миний ганц ярьдаг зүйл бол эхлээд үйл ажиллагаа эхэлнэ, дунд нь өрнөл явна, сүүлд нь үр дүн. Үр дүнгээ л аваад ир, өөр юм надад хэрэггүй гэдэг. Энэ ажлыг хийж л байгаа бол би үр дүнгээ харна. Гэхдээ хугацаа шаарддаг юм билээ. Би 2002 оноос эхлэн шүүхийн шийдвэрийнхэнтэй зууралдаж байгаа. 

Миний 18 жилийн хөдөлмөрийн 80 хувь нь шүүхийн шийдвэр, цагдаа руу орсон. Өнөөдөр сэжигтэн, хэрэгтнийг пааранд гавлаад зоддог цагдаа байхгүй. Энэ чинь болохгүй шүү, эрүү шүүлт шүү гэж тэд ойлгодог болсон. Би өнөөдөр шүүхийн шийдвэрийн ажилтнуудыг шоронгийн үнэргүй хувцастай гэрт нь хариулах ажлыг хийсэн. Нөхцөлийг нь бий болгож өгсөн гэсэн үг. Хачин юм байдаг байсан шүү дээ. Одоо хүнд яривал итгэхгүй. Нэг өрөөнд 22-25 хүн хорьдог. Одоо дээд тал нь нэг өрөөнд найман хүн л хорьж байгаа. Ажиллах нөхцөл, албан өрөөнүүд нь өөр болсон. Тийм учраас тэдэнд “Та нарыг шоронгийн үнэргүй гэрт чинь хариулах ажлыг бид хийсэн шүү” гэж хэлдэг. Бүх хорихын, үе үеийн шүүхийн дарга нар биднийг яаж улайрч ажиллаж байсныг мэднэ. 

Миний ажлын зовлон, жаргал юу вэ гэж хашхирах үе надад байсан. Тэгж сөрж, тэмцэж байж энэ ажлыг хийсэн. Үүн дээр Ц.Нямдорж сайдүнэхээр зоригтой шийдвэрүүдийг УИХ-аар гаргуулж чадсан. Хөрөнгө мөнгө, шүүхийн шийдвэрийн хангамж, үйлчилгээний байр гээд энэ хүний зүтгэлийг үнэлэх хэрэгтэй. Яагаад заавал бүх хүн муулах ёстой юм бэ. Мэдээж тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан ЦЕГ-ын дарга, Хууль зүйн сайдууд шүүхийн шийдвэрийн дарга нар гээд хамтын хүч байсан. Прокурорын байгууллага ч үүнд оролцож байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, хорих ангиудын орчин нөхцлийг шалгах зуурт тэнд ажиллаж байгаа алба хаагчдын асуудал ч хөндөгдөж, түүнийг ч тодорхой хэмжээнд өөрчилж, ахиц гаргаж чадсандаа сэтгэл өег байдаг.

-Ажлын стрессээ та хэрхэн тайлдаг вэ. Таны өрөө дүүрэн цэцэгтэй юм. Цэцэг тарих таны хобби юу?

-Энэ хэдэн цэцэг стресс тайлна. Эдэнтэйгээ ярина, усална, цэвэрлэнэ, арчилна, нэгээс нь нөгөөд суулгана.

-Чөлөөт цагаараа та юу хийж байна вэ?

-Надад чөлөөт цаг байдаггүй. Яагаад гэвэл би айлын эхнэр.

-Тэгвэл эхнэрийн үүргээ хэр гүйцэтгэж байна?

-Эзэгтэйн үүргийг 100 хувь гүйцэтгэнэ. Би их сонин хоббитой.Угаалгын бодис цуглуулдаг. Гэр цэвэрлэх хоббитой хүмүүс байдаг шүү дээ. Цэвэрлэгээ хийхээр миний стресс алга болчихдог. Стресстэй үед гэрээ цэвэрлэнэ, угаана, ном уншина. Гэртээ очоод хоолоо хийж,цэвэрхэн орчинд байж таашаал авдаг.

-Хүүхдүүддээ амьдралдаа ямар зарчим баримтал гэж та зөвлөдөг вэ?

-“Хөдөлмөрлө” гэдэг. Жаргаж, зовж үз. Хоолтой хоно, хоолгүй хонож үз. Амьдралаа өөрөө босго, тийм амьдрал амттай байдаг гэж захидаг. Бидний үед тийм л байсан. Социализмын үеийн ээж, аав нар бүгд ажил хийдэг. Бүгд л ээж, аавдаа хүүхдээ орхиод төрөөд 45 хоноод ажилдаа ордог. Бид эмээ, өвөөгөөрөө хөтлүүлээд сургуульд ордог байсан. Одоогийнх шиг машинаар сургуульд хүргэж өгөөд авдаг зүйл миний амьдралд хэзээ ч байгаагүй. 

Биднийг тансаг амьдралд дунд хүмүүжүүлээгүй нийгэм байлаа. Хоёрдугаарт, “Хэл устай бай” гэж хүүхдүүддээ хэлдэг. Хүний өөдөөс таван үг зөв эвлүүлээд ярьдаг. Тэгээд ээж, аав, ах, дүүсээ хэзээ ч мартаж болохгүй байхад болно. Хорвоо мөнх бус гэдгийг хүн нас яваад ойлгоно. Тэр олон жил хамт байсан аав, ээж, өвөө, эмээгийн бидэнд үлдээсэн орон зай, хэлж байсан сургааль үг, үйлдэл, туршлага өдөр тутам байнга санагдаж, юугаар ч нөхөж чадахгүй орой зай үүсдэг. Тийм учраас тэр орон зайг харамсаж өнгөрөөхгүй байх ёстой.

-Та тийм орон зайг бий болгож чадсан уу?

-Би ээж, аав, эмээ, өвөөдөө хэзээ ч харамсах үг хэлж, гомдоогоогүй. Тэр зүйлийг нь дутуу хийсэн шүү, тэгдэг байж дээ гэдэг орон зай надад байдаггүй.

-Дурсамжаараа амьдрах үе хааяа танд байдаг уу. Тэр үед гоё байжээ гэж?

-Бие хүн учраас санаж, дурсах юм надад байлгүй яах вэ. Баярлах, уйтгарлах ч үе байна. Ямар төмрөөр хийсэн биш дээ. Заримдаа ч хүнд хүрч ойлгуулж, муу зуршлыг нь сайн болгож чадахгүйдээ харамсах үе байдаг. Хүн болгон муу биш, муухай л дадалтай. Муу хүн гэж байхгүй. Бурхан яагаад хүний гарын арван хурууг урттай, богинотой бүтээснийг мэдэх үү. Хүн, хүний амьдрал тийм л байдаг. Хүн хэн байгаад хэн болсноо байнга санаж явах хэрэгтэй. Тоотой насандаа хүнд гай болчихгүйхэн шиг амьдармаар байна. Мэргэжлийнхээ жаргал, зовлонг ойлгож байж, үнэ цэнийг нь мэдэрдэг. Тиймдээ ч аливаа зүйлээр хялбархан сольж арилждаг арилжааны хэрэгсэл шиг байх ёсгүй. Нэг ч гэсэн хүнийг бид гэгээрүүлмээр байна. Бид хэлэх ёстойгоо, хийх ёстойгоо хэнээс ч айхгүй хийж тэмцэх болно.



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.129.141.12
    2020/10/21

    Хүний эрхийн комисс анх байгуулагдахад нь орж ажиллан хөдөөгүүр маш их явж осолд орж байсныг нь мэднээ Хүний хийсэн бүтээснийг бүгдийг харлуулж болохгүй байх шүү.

    Хариулах
  • 66.181.161.67
    2020/10/20

    Хабу зочид буудлаа тайлбарлаад өгөөч

    Хариулах
  • 202.170.66.18
    2020/10/20

    П.ОЮУНЧИМЭГ: ГЭХДЭЭ ЧАМ ШИГ ГУЙЛГАЧИН ОРЖ ЧАДАХГҮЙ Л ДЭЭ ... Би хоёр тэрбум төгрөгөөр буудлынхаа дор нэг ийм клуб хийлээ. Оросоос хоёр тайчигч авчирсан. Тогооч нь Италиас ирсэн. Гэхдээ миний клубт чам шиг гуйлгачид орж чадахгүй. Учир нь маш үнэтэй. Хамгийн хямдхан багцтай ширээ нь л гэхэд 500,000 төгрөгийн үнэтэй хэмээн ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг надад бааварлаж билээ. Энэ явдал 2017 оны 6-р сард “Хабу” зочид буудлынхаа B1 давхарт (хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр тайчих үзүүлбэр үзүүлж, охидын биеийг үнэлүүлдэг нөгөө клуб) болсон юм. Тэр үед би ХЭҮК-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан ажилтан байсан тул надаар хувийн компанийнхаа нээлтийн үйл ажиллагааны зургийг даруулахаар аваачихдаа тэгж хэлсэн хэрэг. Охид эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлж, тэднийг садар самуунд уруу татаж, 18-хан настай баян эрийн өвөр дээр нүцгэн бүжиглүүлэх замаар мөнгө олдог, тэрбумтан, авлигач П.Оюунчимэг гэх ой гутам авгай “Үндэсний шуудан” сонины өчигдрийн дугаарт өөрийгөө магтсан баахан худал үгсийг ам хуурайгүй бурах үедээ намайг худалдагдсан сэтгүүлч, манай байгууллагыг худалдагдсан сэтгүүл зүй хэмээн доромжилсныг хараад үнэхээр бухимдлаа. Хэрвээ би худалдагдсан сэтгүүлч байсан бол авлига, албан тушаалтнуудын бузар булайг илчилсэн эрэн сурвалжлах нэвтрүүлгүүдээ хийхгүй байх байсан. Би төрөөс тэрбум тэрбумаар нь хулгайлж хагартлаа баяжсан дарга нар дээр очоод таны ийм баримт надад байна. Та тэдэн төгрөг өгчих. Тэгвэл би нэвтрүүлгээ гаргахаа болилоо хэмээн шантаажлах замаар хөрөнгө мөнгө босгож, хэн хүнээс илүү баян болох боломж байсан. Гэхдээ би тэгээгүй. Улсаасаа хулгайлж баяжсан, уваагүй хулгайч нартай би нэр төртэй тэмцэж байгаа. Тэдний хөрөнгө мөнгө, хүч чадал, эрх мэдлийг сөрж тэмцэх амар хялбар байгаагүй ч би хугарч няцаж, хулчийж айж байсан удаа үгүй. Тиймдээ ч П.Оюунчимэг гэх авлигач авгай ХЭҮК-ын төсөв, данснаас олон зуун сая төгрөгийг өөрийнхөө эзэмшил болох “Хабу” зочид буудал руу шилжүүлж авсныг, Эрдэнэ үйлдвэрт 519 мянган ам.долларын шахаа хийснийг, хууль бусаар тайчих үзүүлбэр үзүүлж, охид эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлэх замаар ашиг орлого олдгийг, ундаа үйлдвэрлэх эрхтэй компаниараа Налайх дүүрэгт хагас тэрбумын өртөгтэй нүүрс нийлүүлэх тендерт шалгарч чадсаныг нь илчилсэн. П .Оюунчимэг татвар төлөгчдийн мөнгөнөөс сарын 3,000,000.0 төгрөгийн цалин хангамж авахын зэрэгцээ албан хэрэгцээндээ байгууллагынхаа ланд-200 маркийн машиныг хөлөглөдөг. Тэр машинаараа ач зээ нарыгаа сургууль цэцэрлэгт нь хүргүүлэх зэргээр амин хувийнхаа зорилгод ашигладаг. Улсаасаа уут уутаар нь хулгайлдаг энэ тэрбумтан авгай өөрийгөө өндөг мэт өөгүй, өчнөөн хүний амьдралд баяр жаргал авчирсан хэмээх худал суртал ухуулга хийж эрх байхгүй. Ер нь тэгээд охид эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлж мөнгө олдог хүн охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаална гэж юу байх вэ дээ. Яаж ч бодсон. Бусдыг занасан бол зажилж дуусгахаас нааш зогсдоггүй энэ сэжгийн авгайн гар хөлүүд намайг ална, зэрэгдэглэнэ хэмээн заналхийлж байхад Монголын цагдаа хөдлөөгүй шүү дээ. Хүний эрхийг хамгийн ноцтойгоор зөрчдөг атлаа ХЭҮК-ын эрх мэдэлд үхэн хатан шунамхайрч буй энэ аймар авгайг монголын төрөөс эгнэгт зайлах хүртэл би тэмцлээ зогсоохгүй ... 2020.10.20

    Хариулах
  • 202.70.34.70
    2020/10/20

    мундаг шүү. хүчний байгууллагынханыг ганц баздаг ийм зангарагтай комиссын гишүүн өмнө байгаагүй л байхгүй уу. Хүмүүс худлаа удсан болохлээр л дургуй гээд байдаг болохоос хийсэн бүтээснийг нь мэдэх хэрэгтэй тэгчээд хуцаж бай

    Хариулах
  • 43.250.126.90
    2020/10/20

    Шударга хүн болохоор элдэв хүний хэл аманд өртдөг бололтой. аль ч цагт шударга хүн адлагддаг юм дөөө

    Хариулах
  • 64.119.19.97
    2020/10/20

    bishirj bn

    Хариулах
  • 64.119.19.97
    2020/10/20

    aguu hun ym

    Хариулах
    • 124.158.69.65
      2020/10/22

      jinhene luviarchin hulgaich huuhen shalguulaach ee