Б.Балжинням: Хэн байхыг хүснэ түүнд зориулсан цор ганц загварыг би бүтээдэг

С. Батзаяа
2020/10/19

Үзэл бодолдоо үнэнч, дотоод ертөнцтэй, ажил мэргэжилдээ эзэн болсон залуу үеийн төлөөлөл Б.Балжиннямтай ярилцлаа. Тэрбээр загварын ертөнцөд өөрийн брэндээ үүсгэн байгуулаад ердөө хоёрхон жил болж буй ч “акул”-уудын түвшинд очиж, “Гоёл-2020” наадмаас гран-при шагнал хүртжээ. Хувцас дизайн, загварын ертөнцөд хаалга тогшилгүй орж ирж хүлээн зөвшөөрөгдөж буй тэрбээр олон улсын зах зээлд Монгол брэндээ гаргаж, өв соёл, үүх түүхээ шингээсэн загваруудаараа өрсөлдөх амбицтай. Энэ амбицынх нь төлөө түүнтэй ярилцмаар санагдсан юм.

-Хувцас загварын чиг хандлага жил бүр хувьсан өөрчлөгдөж байдаг. Түүнийг дагаад энэ чиглэлийн мэргэжилтнүүд хөгжиж байх ёстой юм шиг. “Bortua” брэндийг үүсгэн байгуулж байхдаа ямар зорилго тавьж байв, одоо түүндээ хүрсэн үү?

-Эхлээд би өөрийгөө танилцуулах хэрэгтэй болов уу. Намайг Б.Балжинням гэдэг. Би 2012 онд “Их засаг” олон улсын их сургуулийг хувцас дизайны чиглэлээр төгссөн. Мэргэжлийн хувцас дизайнер хүн.

Өөрийнхөө брэндийг бий болгохоор Bortua-г үүсгэн байгуулаад явж байна.Санаагаа олчихоод нэлээд хэдэн жил явсан. Ингээд 2018 оны сүүлээр брэндээ бий болгоод, ажиллаад явж байна. Хүүхэд байхаасаа хувцас дизайнер болно гэж мөрөөддөг байв. Бүр дөрөвдүгээр ангийн хүүхэд байхдаа зорилгын дэвтэртээ дизайнер болохоо бичиж байсан мөрөөдөл маань биелсэнд баяртай байдаг. Өөрийнхөө сонирхлоор энэ мэргэжлийг сонгосондоо хэзээ ч харамсдаггүй. Багаасаа үндэсний хувцас сонирхдог хүүхэд байлаа. Үндэсний брэндүүд ялгаатай байдаг. Зарим нь европ, спортын, чөлөөт, оффис гээд янз бүр байна. Харин манайх бол үндэсний хувцсыг орчин үеийн хэв маягт шингээж, тодорхой хэмжээнд урлаг тал руу нь хөгжүүлж хийдгээрээ давуу талтай. Би брэндээ үүсгээд удаагүй байхдаа 2019 оны “Гоёл” наадамд оролцож, шилдэг залуу дизайнер шагнал хүртэж байв.

-Үндэсний хувцсыг урлаг болгох чиглэлд хөгжүүлдэг гэж байна. Энэ хэв шинжээ давуу тал болгож, дахин давтагдашгүй бүтээл болгохын тулд ямар арга техник ашигладаг вэ?

-Улирал бүр нэг коллекц гарах ёстой. Арт буюу өвөрмөц стилийн хувцсыг би тухайн хүнд нь зориулж хийж өгдөг. Манай брэндийн “Цор ганц байх хүсэлтэй хүн бүрд зориулав” гэсэн уриа бий. Хүн бүрийн дотоод ертөнцөд өөрийгөө илэрхийлэх илэрхийлэмж байдаг. Заримдаа хүнд хэлэх гэсэн санаагаа хэлж чаддаггүй зориг дутах үе гэж байдаг шүү дээ. Түүнийг хувцсаар илэрхийлж, тухайн хүнд нь зориулж ганц хувийг урлаж өгөх дуртай. Магадгүй хэн нэгний шүүмжлэлээс илүүтэй тэр хүн өөртөө илүү таалагдах ёстой. Үүний хажуугаар уламжлалт хувцсыг орчин үеийн хэв шинжтэй болгоод давхар урлаад явдаг. Энэ чиглэлээ хөгжүүлээд, 2020 оны “Гоёл” наадам оролцсон. Үүний өмнө олон улсын загварын долоо хоногт оролцохоор ОХУ явсан. Загварын салбар нэг жилээр түрүүлж явдаг. Жишээ нь, 2019 оны “Гоёл” наадам 2018 онд болдог. Нэг ёсондоо дараа жилийнхээ загварыг тодорхойлж байна гэсэн үг.

-Олон улсын наадамд оролцсон гэлээ. Ямар амжилт гаргасан бэ?

-Мэргэжлийн загварын дизайнеруудын дунд болдог уралдаан л даа. Амжилттай оролцож, Монголынхоо нэрийг өөрийнхөө хэмжээнд харуулаад ирсэн гэж боддог. Эндээс ирээд 20 гаруй хонож байтал “Гоёл” наадам болж, оролцсон. Уг наадмын хамгийн том шагнал болох н.Түвшин агсны нэрэмжит “Гоёл-2020” наадмын гран-при шагналыг хүртсэн. Тус наадамд 60 бүтээл, өдөр тутам, уран сэтгэмж, өвлийн загвар гэсэн гурван коллекцоор орсон.

-“Гоёл” наадмын түүхэнд байгаагүй амжилт гаргажээ. Загварын ертөнцөд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүрчээ гэдгийн нэг илэрхийлэл юм болов уу?

-Өөрийн брэндээ үүсгэн байгуулаад ердөө хоёрхон жилийн дотор бие дааж “Гоёл” наадамд ороод гран-при авсан нь миний хувьд маш том амжилт. 2020 оны “Гоёл” наадамд олон улсын шүүгч нар ирсэн байсан. Өмнө нь тэр бүр олон улсын шүүгч ирээд байдаггүй. Энэ шүүгч нараас хамгийн өндөр оноог авсан гэж сүүлд сонссон. Хэн байхыг хүснэ, тэр хүнд зориулсан цор ганц гэсэн бүтээлээ “Гоёл” наадамд сойсон. Ингэхдээ үндэсний хувцасны судалгаан дээр ажилласан. Би өөрөө энэ чиглэлд судалгаа хийдэг. X-XII зууны үед Монголд титэм олдсон байдаг юм билээ. Нэг ёсондоо, титэмний гарал үүсэл Монголоос эхтэй. Би үүнийг нотлохын тулд “Гоёл” наадамд оролцсон бүх хувцсаа титэмтэй гаргасан. Өөрөөр хэлбэл, титэм манай улсаас гаралтай гэдгийг би хувцас, загвартаа шингээж, тамгалж үлдээсэн гэсэн үг. Ингэхдээ орчин үеийн хэв маягт оруулсан. Түүхийн судалгааны ажлыг нэлээд түлхүү оруулсан учраас шүүгчдээс өндөр оноо авахад нөлөөлсөн болов уу.

-Одоо та ямар хүмүүстэй хамтарч ажиллаж байна вэ. “Цол дагаж бяр” гэгчээр “Гоёл” наадмын гран-при хүртсэнээс хойш загварт нь ахиц дэвшил гарсан биз дээ?

-Маш олон уран бүтээлчтэй хамтарч ажилладаг. Тухайн хүнд нь зориулаад цор ганцыг хийдэг учраас уран бүтээлчид үйлчлүүлэх дуртай байдаг болов уу. Хэдий уран бүтээлч ч гэсэн надад өөрийн гэсэн өнгө төрх бий. Үндэсний онцлог шингээсэн хувцсаа олон улсын зах зээлд гаргах л миний зорилго. Тэр чиглэлд түлхүү ажиллаж байна.

-2021 оны “Гоёл” наадамд та ямар кололекцоор оролцох вэ. Таны ойрын зорилго тань юу вэ?

-Би энэ жилийн “Гоёл” наадамд оролцохгүй. Яагаад гэвэл, хамгийн том шагналыг нь авчихсан учраас бусдадаа боломж олгоно гэж бодож байна. Тэр шагналыг авах мөрөөдөлтэй, зорьж буй залуус олон бий. “Гоёл” наадмын гран-при шагналыг авах гэж зорьж, 7-8 жил оролцож буй дизайнер байдаг. Энэ хүмүүсийн хөдөлмөрийг би үнэгүйдүүлж болохгүй. Бусдад үргэлж боломж олгох ёстой. Нэг шагналын төлөө удаа дараа тэмцээнд орох зохимжгүй. Магадгүй би дараа жил ахисан түвшинд оролцож болно шүү дээ. Одоо би өөрийнхөө брэндийг түлхүү хөгжүүлэх чиглэлд ажиллаж байна. Үйл ажиллагаагаа өргөжүүлж, “Bortua” нэрийн дэлгүүрээ нээх зорилготой ажиллаж байгаа.

-Загварын төрлөө нэмэх шаардлага үүсэх нь ээ?

-Ганц үндэсний бус бүх төрөлд хувцасны загвараа хийе гэж бодож байна. Тухайн трэнд болж байгаа загварыг хийж, дэлгүүртээ худалдана.

-Загварын ертөнц дэх таны хэтийн зорилгыг тань сонирхож болох уу?

-Бодож, төлөвлөсөн зүйл олон байна. Миний мөрөөдөл олон улсын зах зээлд бүтээлээ гаргах гэж түрүүнд би хэлсэн шүү дээ. “Ковид-19”-өөс болоод бүх зүйл хумигдаж байгаа. ОХУ-д болдог олон улсын наадам ч энэ жил болоогүй.

-“Гоёл-2020” наадмын гран-при шагнал хүртсэн үндэсний хувцсанд титэм шингээсэн загвар тань олон улсын зах зээлд нэлээд жин дарах бүтээл болох байх. Үндэсний онцлог шингэсэн энэ мэт загвараа та олон улсад гаргах бодол бий юү?

-Улс орон бүрт дизайнер байгаа. Тэгвэл Монголын дизайнер юугаараа ялгарах ёстой вэ. Надаас гарч байгаа бүтээлүүдэд өв соёлоо хадгалж авч үлдсэн хэв шинж байх ёсой. Энэ чиглэлийн загваруудаараа олон улсад танигдахыг мөрөөдөж байна.

-Дизайнер мэргэжлийн сайхан нь юу юм бэ. Хамгийн их урам авдаг зүйл мэдээж бий л болов уу?

-Бүтээл төрөх агшин л байдаг. Бид онгодоор хөглөгдөж, ажилладаг хүмүүс. Хийсэн бүтээснээ хараад заримдаа ханадаг, хөглөгддөг, дараа дараагийн бүтээлийн санаа төрнө. Аливаа зүйлээс жижиг юмсыг ч олж харах нүдтэй болчихдог. Загваруудаа, эскизүүдээ тоолж үзээгүй, тоогоо алдсан байх.

-Bortuaбрэндийг үүсгэн байгуулахаасаа өмнө хаана ажиллаж байв даа?

-Сургуулиа төгсөөд би “Монгол костюмс”-д ажилд орсон. Энэ газар үндэсний хувцасны академи байж таарсан. Би тэр газрын хаалгыг татаж орсноо маш азтай хэрэг гэж боддог. Гараа сайн бол бариа сайн гэдэг. Тэр газраас би маш их зүйл сурсан. Манай компани дизайнеруудаа хөгжүүлэх, яаж бүтээл гаргах вэ гэдэгт их зүйл заасан. Тэндээс үндэсний хувцасны гарал угсаа гээд олон зүйлийг мэдэж, үргэлжүүлэн судалсаар өнөөдөрт ирсэн. Намайг “Гоёл-2020” наадмын гран-приг авсны дараа “Монгол костюмс”-ын захирал байгууллагынхаа шинэ жилд урьж, надад халуун баяр хүргэж, шагнасан. Ингэхдээ Б.Сувд захирал “Гоёл наадмыг би үүсгэн байгуулж байсан хүний нэг. Энэ наадмыг 1989 онд зохион байгуулж байхад анхны бүрэлдэхүүнд нь би байсан. Манайд ажиллаж байгаад гарсан дизайнер энэ шагналыг хүртсэнд баяртай байна” гэсэн нь маш том урам зориг надад өгсөн.

-2021 оны загварын чиг хандлагыг хэрхэн харж байна вэ?

-“Ковид-19”-өөс үүдэж масктай загвар үргэлжлэх байх. Манай улс дотооддоо алдаагүй учраас тайван байгаа. Дэлхийн чиг хандлагаа харвал, маскыг хувцастай хослуулж хийхээр харагдаж байна.
-Хувцас урлахад материал хамгийн чухал. Материал сонгохдоо та юуг голчлон анхаардаг вэ?
-Өөрөө явж үзнэ, харна. Загвараа дотроо бодчихдог учраас нэг бүрчлэн очиж харахгүй бол болохгүй. Энэ загварт ийм материал таарна гэж бодоод материалаа имэрч үзээд л явна шүү дээ (инээв).

-Чөлөөт цагаараа та юу хийдэг вэ?

-Байгалийн сайханд амарч, аялах дуртай. Тэндээс эрч хүч авдаг. Хоббигоо би мэргэжил болгосон. Шинэ уран бүтээл төрөх бүрд түүнээсээ сэтгэл ханамж авдаг. Тийм ч учраас ядарснаа бараг мэдэрдэггүй гэх үү дээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.16.68
    2020/10/21

    ИЗИС-ийн харьяа Дүрслэх урлаг дизайн технологийн дээд сургууль олон шилдгүүдийг төгсгөсөн сургалт сайтай сургууль шүү.

    Хариулах