Үл хөдлөх хөрөнгө худалдан авагчийн 35 итгэмжлэгдсэн төлөөлөгч бэлтгэгдлээ

Ж.Солонго
2020/10/19

Үл хөдлөх хөрөнгө худалдан авагчидтай мэргэжлийн түвшинд ажиллах, тэднийг төлөөлөн ажиллах итгэмжлэгдсэн Олон улсын зэрэгтэй үл хөдлөх хөрөнгийн зуучлагч мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилготой “Худалдан авагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч” буюу Accredited Buyer’s Representative (ABR®)  олон улсын сургалт энэ сарын 12-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод анх удаа амжилттай зохион байгуулагдлаа. Тус олон улсын сургалтыг Монголын Үл Хөдлөх Хөрөнгө Удирдлагын Академи, АНУ-д төвтэй Үндэсний Реалторуудын Холбоо (National Association of REALTORS®)-той хамтран зохион байгуулжээ.

Монголын үл хөдлөх хөрөнгийн салбарт ажилладаг Олон улсын гишүүнчлэлтэй реалторуудыг (International Realtor® Membership) “Худалдан авагч  талын итгэмжлэгдсэн төлөөлөгч” болгон бэлтгэх, цаашлаад энэ салбарт ажиллагсдын олон улсын хамтын ажиллагааг нь өргөжүүлж, бэхжүүлэх, салбартаа улам мэргэшүүл боломж олгосон энэхүү сургалтад Century 21, RE/MAX болон бие даасан дотоодын үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаний нийт 35 реалторууд хамрагдсан байна.   

Мэргэшүүлэх сургалтын үндсэн сургагч багшаар Үндэсний Реалторуудын Холбооны Япон-Монгол орнуудыг хариуцсан Global Ambassador Ноён Марк Китабаяши ажиллаж байгаагаараа онцлог ба тус сургалт нь цаашид хоёр жилд нэг удаа зохион байгууллагдах аж. Энэ удаагийн сургалт Ковид19 цар тахлын нөхцөл байдалтай уялдан танхим болон цахим сургалтын хосолсон аргаар явагдлаа.

МАНАЙ САЛБАРТ ХЭН МЭРГЭШИЖ, ХӨГЖИЖ, СУРЧ ЧАДСАН НЬ АМЖИЛТ ГАРГАЖ, ТУНАЖ ҮЛДДЭГ”

Монголын Үл Хөдлөх Хөрөнгө Удирдлагын Академийн Гүйцэтгэх захирал Ч.Ундрах: Уг сургалт нь үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүдийг олон улсын түвшинд ажиллах мэдлэг, ур чадвар олгохоос гадна, дотоодын реалторуудыг чадавхжуулж, худалдан авагчийг төлөөлж ажиллахад шаардлагатай мэдлэг, ур чадваруудыг цогцоор нь сургаж байгаагаараа өгөөжтэй юм. Мөн түүнчлэн худалдан авагчдад зориулсан олон улсын чиг хандлагын талаар мэдлэг, мэдээллийг олгож байгаараа давуу талтай. Манай салбарт хэн мэргэшиж, хөгжиж, сурч чадсан нь амжилт гаргаж, тунаж үлддэг” гэж онцоллоо.

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД САЛБАРЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧИД БОЛОН ОЛОН УЛСЫН ЗЭРЭГТЭЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, БИЗНЕСИЙН ТААТАЙ ОРЧИН ХАМГИЙН ЧУХАЛ

Үндэсний Реалторуудын Холбооны Япон-Монгол орнуудыг хариуцсан төлөөлөгч, багш Марк Китабаяши: Бидний зүгээс олон улсын туршлага судлах явцад монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээрх үйлчлүүлэгчдийг хөгжүүлэх хэрэгцээ шаардлага үүссэн байгаа нь харагдаж байсан. Сургалтанд хамрагдсан үл хөдлөх хөрөнгийн зуучлагчидтайгаа цаашид хамтран ажиллах бодлого боловсруулна, тэд ч сургалтаас олж авсан мэдлэг, туршлагаа ажилдаа хэрэгжүүлэх, олон улсын туршлага нэвтрүүлэхээр хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Энэ сургалт нь зуучлагч, зуучлуулагчийн хоорондын харилцааг харилцан ашигтай хөгжүүлж, олон улсын тавцанд гаргах, харилцан туршлага судлах боломж олгож байгаагаас гадна монголд энэхүү олон улсын туршлага, мэдлэгийг нэвтрүүлэхээр дэмжиж ажиллаж байгаа МҮХХУА-ын хамт олонд талархал илэрхийлье.

МАНАЙ ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР ХУДАЛДАН АВАГЧИДТАЙ МЭРГЭЖЛИЙН ТҮВШИНД АЖИЛЛАНА ГЭДЭГ ШИНЭ ОЙЛГОЛТ

Century21 M.A.P брокер эзэмшигч У.Батцэрэн: Миний хувьд энэ сургалтаар худалдан авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болж олон улсын зэрэг авч байгаагаараа маш үр дүнтэй боллоо гэж бодож байна. Би үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр 6 дах жилдээ ажиллаж байна. Манай зах зээл дээр худалдан авагчидтай мэргэжлийн түвшинд ажиллана гэдэг шинэ ойлголт ба ихэвчлэн лист буюу өмчийн эзэдтэй гэрээ байгуулан ажилладаг. Миний бодлоор зөвхөн дотоодын зах зээл дээрээ биш гадаадын хөрөнгө оруулагч талтай ажиллахад энэ сургалтаас олж авсан мэдлэг хувь нэмрээ оруулна гэж найдаж байна.


Re/MAX HUB брокер эзэмшигч Г.Тэмүүлэн: АНУ-д төвтэй Үндэсний Реалторуудын Холбоо (National Association of REALTORS®)-ны сургалтанд сууж байгаадаа маш өндөр сэтгэгдэлтэй байна.  Яг үнэндээ сургалтанд суухаасаа өмнө ийм өр өгөөжтэй сургалт болно гэж төсөөлөөгүй байсан. Миний бие 9 дөх жилдээ үл хөдлөхийн салбарт ажиллаж харьцангуй туршлага мэдлэг хуримтлуулсан гэж бодож байсан ч энэхүү сургалтаас өргөн хүрээний мэдлэг, мэдээллийг сурч, мэдэж авлаа. Бидний оюунд хөрөнгө оруулалт хийж буй Монголын үл хөдлөх хөрөнгө удирдлагын академийн хамт олонд талархал илэрхийлье.

Ий Зи Эвентс ХХК-ны реалтор Н.Энхзул: Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд салбарын бизнес эрхлэгчид болон зэрэгтэй мэргэжилтнүүдийн хамтын ажиллагаа болон бизнесийн таатай орчин бүрдэх нь хамгийн чухал гэдгийг энэ өдрүүдэд ойлгож, мэдэрч байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна