М.Батболд: Жүжгийг нэг үзсэн бол ахиад мянган өөрөөр үзэж болно

Админ
2020/10/21

М. Дэвээжаргал

Энэ удаа “Үндэсний шуудан”-гийн зочноор “Фауст” постдрамын жүжиг болон “Хайр, хайр, хайр” сэтгэл зүйн драмын найруулагч Мягмарнарангийн Батболдыг урин ярилцлаа. Театрын урлагт түүний сэлбэж буй тунгалаг агаар бол чөлөөт сэтгэлгээ, эрэл хайгуул бөгөөд нэн шинэ үеийн гэх тодотголтой “Альфа” театр юм.

-Таныг Ганхуяг багшаар хичээл заалгаад хоёр жил болсныг Мягмарнаран гуай (аав тань) мэдээгүй гэж ярьжээ. Яагаад нууцлав?

-Би сэтгэцийн эмч байсан. Тухайн үед найруулагч болно гээд шийдчихсэн. Бүх сургуулиа судлаад, Москва явж сурах юм байна. Тийшээ явахад ийм, ийм зүйл хэрэгтэй болох нь гэдгээ тооцоолчихсон байлаа. Хорин тавтайдаа, гэрийнхнээсээ нууцаар СУИС-д шалгалт өгөөд Ганхуяг багш тэнцүүлж байсан юм (инээв.сур). Тэнцснийхээ дараа хэлсэн. Гэрийнхэн “Чи чинь солиорчихсон юм биш үү, яачихсан юм, халуун нь зүгээр байгаа даа Зүв зүгээр ажиллаж байж, гэнэтхэн СУИС-д орчихдог” гэж гайхаад л. Алсын зорилго бол ГИТИС байв. Би ч тэрийгээ хэлэхгүй шүү дээ. Ганхуяг багш жүжигчин, найруулагч ямар байх “А” үсгийг зааж өгсөн. Чин сэтгэлийн угаас талархаж явдаг даа.

-Яагаад, М. Булгаковын “Мастер Маргеритта” зохиол дээр ажиллаж байсан нь “Фауст”-ыг найруулан тавих шалтгаан болсон юм бэ?

-Би сэтгэлгээний болон уран сэтгэмжит зохиолд их дуртай. Тайзан дээр найруулан тавихыг хүсдэг байлаа. Москвад байхдаа М.Булгаковын “Мастер Маргеритта” зохиолыг онцолж тавьж байсан. Тэр зохиол дээр ажиллаж байхдаа авсан тэр мэдрэмж, Фаустыг уншихад сэрсэн. Энэ хоёр зохиолын надад өгсөн мэдрэмж төстэй. Логикийн хувьд ойлгохоос гадна сэтгэл зүрхнийхээ гүнээс ойлгоход ойртсон л доо. Тэгээд л би Фаустыг мэдэрсэн.

-Та сэтгэл зүйч, сэтгэцийн эмч мэргэжилтэй. Энэ нь сэтгэл зүйн зохиолыг сонгон найруулахад нөлөөлдөг үү?

-Ер нь тийм. Би сэтгэцийн эмчийн мэргэжлээрээ ажиллаж байсан юм. Тэгээд найруулагчаар сурахаар явсан. Хэрвээ сэтгэцийн эмчээр ажиллаж, сэтгэл зүйн талаар судлаагүй байсан бол би “Фауст”-ыг тавьж чадахгүй. Мөн илүү мэргэжлийн, өндөр түвшний найруулагч болж чадахгүй байсан болов уу. Нэг л юмыг сурахын тулд олон талаас судалсан гэсэн үг. Сэтгэцийн эмч байсан гэдэг нь байнга сэтгэцийн асуудалтай хүмүүсийг бодож байсан гэсэн үг биш. Эрүүл хүний сэтгэл зүйг их судалсан. Зохиол бол ерөөсөө л хүний сэтгэл зүй шүү дээ. Хүн хоорондын зөрчил. Энэ бүгдийг мэдсэн учраас өөртөө бардам байдаг.

-Өнгөрсөн онд “Фауст”-ыг үзсэн. Магадгүй, постдрамын жүжиг болохоор ямар нэгэн утгатай л байсан байх. Гэхдээ комедиан залуус дэлгэцнээ гараад ирэхэд нуулгүй хэлье, гайхсан?

-Постдрам гэдэг нь өөрөө орчин үеийн театр. Орчин үеийн мэдээллийн хурдад нийцсэн театрын хөгжлийн үе. Жүжигчнээс маш их чадвар шаарддаг. Найруулагчаас янз бүрийн шийдэл шаарддаг. Тэдний хувьд яах вэ, найруулагчийн нэг шийдэл. Жүжигчин биш тайз гэж ойлгож болно. Тэгэж харах ёстой. Харин комедиан залуус тухайн үзэгдэл, оноосон хэсгийг тун сайн хийсэн. Донж нь таараад сайн нийцсэн гэж боддог. Хоёр зуугаад жилийн өмнө мөртлөө өнөөдрийн алт, үнэт цаасны асуудлыг урьдчилж харсан мэт бичсэн. Түүний оронд мэргэжлийн жүжигчид байсан бол нийгмийн захиалга ч юм шиг, нийгэм рүү хандсан бүдүүлэг орилоон ч юм шиг харагдах магадлалтай. Тийм учраас зайлсхийж Монголын нийгмийн эмзэг асуудлыг хөндсөн.

-Фаустыг эмгэнэлт байдлаар нь тавихыг хүсээгүй гэж ярьсан байна билээ. Аз жаргалтай төгсгөсөн үү, төгсгөсөн. Тэгэхээр өнөөх, байдаг л нэг үзэгчдийн хүсээд байдаг төгсгөл энэ биш гэж үү?

-Миний хувьд, урлаг, контент юу ч бай, аз жаргалтай төгсөх ёстой. Театрт орж ирсэн бол гутраад, солиороод, эмгэнээд, өөртөө итгэлгүй болоод гарахыг би үзэн яддаг. Хүн, театраас гарахдаа итгэлтэй болоод, гал цог нь бадарч, хайраар бялхаад гарах учиртай. Тийм ч учраас театр бол нэг төрлийн сэтгэл зүйн эмчилгээ болох ёстой, байх ч ёстой. Албаар тэгж төгсгөсөн юм. Зохиол дээр бол үхээд дуусч байгаа шүү дээ. Цаанаа үхэж байгаа биш төрж байгаа.

-Тайзан дээрх “Куб”-ууд янзтай шийдэл байсан даа?

-Түүнийг ерөнхий зураач Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Ганбаатар ах санал болгоход би цочирдож хүлээн авсан. Яаж хийхээ мэдэхгүй, тайзан дээр тавьж, өрж, хөдөлгөж үзсэн. Аймар гоё үр дүнд хүрсэн. Одоо ч баярлаж явдаг.

-Драмын театр бол кино театр биш. “Альфа” театр юугаараа онцлог, юугаараа шинэлэг орчин үеийнх юм бэ?

-Хүн ороод ирэхэд маш тав тухтай орчин. Байрлал хамгийн сайхан. Эргэн тойронд нь бүх зүйл байна. Заалны орчин үеийн шийдэл, гэрэлтүүлэг. Хамгийн гол нь найруулга. Энэ бол найруулгын театр, найруулагчийн театр байхгүй юу. Нэн шинэ үеийн театр, сэтгэлгээний театр гэх мэт. Сайн сайхныг тоочоод барахгүй. Энд цоо шинэ ертөнц үүсч байна.

Үзэгчийн ертөнцийг өөрчилж чадаж байгаа бүхэн тийм хэмжээний, түүнээс ч илүү үнэ цэнэтэй. Хүн бүр сэхээтэн байх ёстой. Энэ театр сэхээтний театр. Цаад зорилго бол хүн болгон мөнгөтэй, хүн болгон оюунлаг байх. Хүн төрөлхтөн мөхлөө ч хамгийн сүүлд театр л үлдэнэ. Баттай хэлнэ. Бид өглөө босоод толинд харахгүй гарч чаддаггүйтэй адил нийгэмд театр тийм л хэрэгтэй.

-Та нэг ярилцлагадаа “Театр бол тасралтгүй үргэлжлэх бизнес” гэсэн байсан. Тэгвэл үзэгчид тасралтгүй хөгжиж барах уу?

-Нэг талаар театр бизнес байх ёстой. Энэ нь зөвхөн мөнгөн утгаараа биш. Юу гэсэн үг вэ, гэхээр бизнес гэдэг хариуцлага. Театрт ажиллаж байгаа хэн бүхэн маш хариуцлагатай ажиллах учиртай. Жүжгээ цагтаа эхлүүлэхээс эхлээд найруулга, шийдлүүд алдаагүй байх хүртэл. Нөгөө талаас үзэгчид заавал ирж үзэх ёстой, хариуцлагатай байх ёстой, наад зах нь хувцаслалт. Нэг ёсондоо хамтын гэрээ шиг. Үүнээс үүдээд ингэж харж болно. Дэлхийн зарим театрууд жүжгээ үнэгүй үзүүлдэг. Тэр мөнгийг нь театрт улс гаргаж өгдөг. Улс том, том жүжгүүдийн тендер зарлах хэрэгтэй. Үзэгчид мөнгөнд түүртэхгүйгээр театрыг зорьдог байх нь чухал. Энэ нь их соён гэгээрлийн ажил л даа. Театрт ажиллаж байгаа хүмүүс ч ашигтай ажиллах, амьдрал нь хангалуун байх ёстой шүү дээ.

-Жүжигчид нь солигдохоос гадна энэ удаа тавигдах “Фауст” жүжиг өмнөхийнхөө сайжруулсан хувилбар уу?

-Түүхэн хөгжлийн явцдаа дуурь ч болоод, жүжиг ч болоод явж л байна. Энэ л мөнхийн. “Фауст” бол мөнх. Харин түүнийг нээх жүжигчин, найруулагч нь солигдож болно. Солигдох шалгаанууд ч өөр өөр. Жүжиг өөрөө, хаана, хэдэн удаа тавигдахаа шийддэг болчихоод байна. Төсөл дуусч жүжиг босоод ирлээ. Амьтай болно оо доо. Үзэгчдээ хүртэл сонгож эхэлнэ. Нийгэм захиалж байгаа учраас тасралтгүй хөгжиж явах ёстой. Гол дүрд нь тоглож байсан жүжигчин боломжгүй бол ахиад л өөр жүжигчин тоглоно. Энгийн байж болох асуудал. 

Гэхдээ байнга шинэчлэгдэн сайжирч төгс төгөлдөр рүү тэмүүлэх ёстой. Жүжгийн нэг онцлог бол өчигдөр ингэж тавьсан бол өнөөдөр оройдоо янзлаад маргааш ингэж тавъя гэж болдог. Тухайн хүний сэтгэлгээ минут, секундээр өөрчлөгдөн хувьсдаг учраас театр түүнтэй ижил хувьсч өөрчлөгдөж байх нь бий. Үүгээрээ гайхамшигтай урлаг. Киног нэг үзлээ, нэг л үзнэ. Жүжгийг нэг үзсэн бол ахиад мянган өөрөөр үзэж болно. Яагаад гэвэл жүжигчид өдөр бүр өөр, өөр мэдрэмж авч, голын урсгал мэт урсаж байдаг. Үзэгчид ч ялгаагүй.

-У.Шекспирийн жүжгийг найруулах төлөвлөгөөтэй байгаа гэв үү?

-Миний төлөвлөгөөнд У.Шекспирийн гурав, дөрвөн жүжиг бий. Одоохондоо задалмааргүй байгаа. Юун түрүүн, дараа жил барьж авах жүжгийн зохиол бол “Лир ван” юм. “Б.Баатар сан”-г эхнэр, хүүхэд нь байгуулсан. Амьд сэрүүндээ Б.Баатар гуайн найруулан тавихыг хүсэж байсан жүжиг нь энэ. Тэр хүсэл тэмүүллийг амилуулж, тэр хүсэл зоригийг биелүүлэхийн тулд “Лир ван”-г тавих хүсэлтийг надад тавьсан. Би зөвшөөрсөн. Одоо судалгааны түвшинд явж байна. Ойрын өдрүүдээс чимээ сонсогдох вий. Маш сонирхолтой зохиол. 

Зарим хүн “Лир ван” зохиолыг “гэнэн” гэж ярих нь бий. Уильям Шекспирийн зохиолыг “гэнэн” гэж харж болохгүй л дээ. Түүний цаана баялаг түүх, үйл явдал байгаа. Тэр их баялагийг ухаж төнхөж, тааж, мэдэрч, төсөөлж уудлах ёстой. Өнгөцхөн уншихад “Гэнэн” гэж харагдах нь аргагүй. Гүнзгий, гүнд нь нэвтэрч унших хэрэгтэй. Тэгвэл жинхэнэ газрын доорх баялаг. Адаглаад, жүжиг эхлэхэд Лир хаан, гурван охиндоо газраа хуваадаг. Яагаад, яагаад гэдэг чинь их том асуулт. Зүгээр, газраа хувааж өгөхөөр болсон гэж тавивал жинхэнэ, гэнэн тэнэг, мэргэжлийн бус хандлага. Харин цаад учрыг ойлгож, эрж хайх юм бол сонирхолтой.

-Монголоосоо тавихгүй юу, жүжгийн зохиолч хүнд найруулагчийн чадвар байх ёстой шиг найруулагч хүнд зохиолчийн чадвар бий болов уу?

-Монголд Б.Лхагвасүрэн гуайгаас хойш жүжгийн зохиолч байхгүй гэж хэлж болно. Орчин үеийн жүжгийн зохиолоос уншиж үзсэн. Яагаад жүжгийн зохиолч байхгүй байгааг бүү мэд. Жүжгийн зохиол гэдэг шинжлэх ухаан. Социализмын үеийн сайн зохиол байдаг. Түүнийг эргэж тавина гэдэг жаахан учир дутагдалтай. Бидний амьдарч буй нийгэмд биеэ үнэлэлт, садар самуун, нэгнээ хуурах үзэгдэл, авилга хээл хахууль, сул дорой, дээрэнгүй бүхэн байна. Энэ бүгд зохиолчийн урлан шүү дээ. Байхгүй байгаад гайхах юм. Манай театрын ажлын нэг бол жүжгийн зохиолчтой хамтарч ажиллах, бичихэд нь хамтарч сайн жүжгийн зохиол гаргаж ирэх төлөвлөгөө бий. 

Найруулагч бол сурдаг. Харин зохиолч бол төрдөг юм билээ. Би зохиолчийг хайдаг. Би сайн зохиолтой зохиолчийг шүтнэ. Тийм зохиолч төрвөл улс орон ч дагаад сэргэн мандана. Аливаа улсын сэргэн мандалт, үсрэнгүй хөгжлийн эхэн үед зохиолчид төрсөн байдаг. Яагаад, дэлхийн хэмжээний зохиолчид Монголд төрж болохгүй гэж. Магадгүй бидний дунд байгааг бид анзаараагүй байж мэднэ. Түүнийг олж илрүүлээгүй байна. Ялангуяа, залуучуудад ач холбогдол өгдөг. Би залуучуудтай ойр байхыг хүсдэг.

-Найруулагчид өөрийн мэдэрсэн “Фауст”, өөрийнхөө мэдэрсэн “Яго”-г тайзнаа дэлгэн харуулж байна. Үзэгчдэд багахан сиймхий үлдээж байна уу?

-Түүнийг үлдээхгүй бол жүжиг тавиад хэрэггүй л дээ. Найруулагч хүн үзэгчдэд орон зай үлдээх хэрэгтэй. Түүнээс биш би ингэж харж байна, би ингэж байна гэж болохгүй. Үзэгчид, өөрт оноогдсон орон зайдаа төсөөллийн найруулгаа хийх учиртай. Цонх байх ёстой л гэсэн үг. Жишээлбэл, Тарковскийн кино үзэгчдэд цонх өгдөг байхгүй юу. Түүний киног үзэгчид давхар тайлаад явж байдаг. “Толь” гээд киног Траковскийгоос илүү тайлбарлаад биччихсэн судлаачийн бүтээлийг би уншиж байсан. Жинхэнэ найруулга тийм л байх ёстой.

-“Фауст”, одоо үхэх болов уу?

-Хүн хэзээ ч үхдэггүй. Фауст үхэхгүй. Дүр гэдэг бол үзэл санаа. Үзэл санаа хэзээ ч үхэхгүй. Энэ утгаар хэлж байгаа юм шүү. Тэр үзэл санааг баталж, өнгөлөх хэрэгтэй. Найруулагчийн тавилт үзэл санаа. Театр бол үзэл санаа. Тэгээд л үхэхгүй.

-“Фауст” жүжгийн чөтгөрөөс бурханлаг чанар харагдсан?

-Чөтгөр аймар гоё залуу байж болно шүү дээ. Гүн ухаантан ч байж болно. Чөтгөрийн хийж байгаа зүйл нь л “чөтгөрлөг” болохоос биеэ авч яваа байдал нь сайхан байхыг үгүйсгэхгүй. Постдрам бол олон талаас нь харах сэтгэлгээний театр.

-Театрын хаалга мөнгөтэй хүний өмнө нээгдэж, мөнгөгүй хүний өмнө хаагдах нь ээ дээ?

-Яах вэ. Театрын зардал өндөр. Техник, жүжигчнээс эхлээд бүгд хөлстэй. Үзэгчийн ертөнцийг өөрчилж чадаж байгаа бүхэн тийм хэмжээний, түүнээс ч илүү үнэ цэнэтэй. Хүн бүр сэхээтэн байх ёстой. Энэ театр сэхээтний театр. Цаад зорилго бол хүн болгон мөнгөтэй, хүн болгон оюунлаг байх. Хүн төрөлхтөн мөхлөө ч хамгийн сүүлд театр л үлдэнэ. Баттай хэлнэ. Бид өглөө босоод толинд харахгүй гарч чаддаггүйтэй адил нийгэмд театр тийм л хэрэгтэй.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.189.53
    2020/10/22

    Юу юу гэнээ энэ...????????????

    Хариулах
  • 192.82.71.161
    2020/10/22

    тун сайн

    Хариулах
  • 64.119.27.9
    2020/10/22

    Гайхалтай авьяаслаг найруулагч төрөн гарч буйд баярлаж бн шүү!

    Хариулах
  • 66.181.177.138
    2020/10/21

    Сайхан ярилцлага байлаа.

    Хариулах