Д.Хурцбаяр: Улсын нэгдүгээр төв эмнэлэг бөөрний эдийн шинжилгээний 90 хувийг оношилж байна

Б. Бямбасүрэн
2020/10/21

Сүүлийн жилүүдэд бөөр, шээсний замын өвчлөл хүн амын дунд зонхилж буй. Тэгвэл энэ өвчлөлөөр улсдаа цогц үйлчилгээ үзүүлж буй Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөрний төвийн их эмч Д.Хурцбаяраас бөөрний өвчин, гемодиализийн аппарат, донор гээд өргөн хүрээний сэдвийн хүрээнд асууж, ярилцсанаа хүргэе.

-Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд бөөрний өвчинтэй хэдээс хэдэн насны хүмүүс байна вэ?

-Одоогийн байдлаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөрний төв болон Бөөрний нийгэмлэг дээр улсын хэмжээнд бөөр орлуулах эмчилгээ, гемодиализ, хэвлийн диализид орж буй хэчнээн хүн байгаад, хэдэн аппарат ажиллаж буй, бөөрний дутагдалд хүргэсэн өвчлөлийн учир шалтгааны талаарх судалгаа, дата мэдээллийг гаргасан.

Улсын хэмжээний судалгаа, тоо баримтыг сайн мэдэхгүй байна. Энэ дата мэдээллийг гаргахын тулд бүх аймгаар явж судалгаа хийх шаардлагатай. Ямартай ч зонхилон тохиолдох таван өвчин дотор жил бүр бөөрний өвчин багтаж буй. Энэ нь манай улсад бөөрний өвчлөл маш өндөр байгаад зогсохгүй буурахгүй, жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байгааг харуулж байгаа хэрэг. Манай багш, эмч нарын хийсэн бөөрний дутагдалд хүргэж буй шалтгаан нөхцөлийг судалсан судалгаагаар түүдгэнцэрийн үрэвсэл хамгийн их буюу 40 орчим хувийг эзэлж байгаа. Дараа нь тэвшинцэрийн үрэвсэл, улмаар даралт ихсэх, чихрийн шижин, уйланхайтах өвчин ордог.

-Бөөрний өвчнөөр ид ажиллаж, бүтээх насны залуус өвчилж байгаа нь харамсалтай байна. Нас, хүйсийн хувьд нарийвчилсан судалгаа хийсэн үү?

-Бөөрний өвчин дотроо олон төрөл. Бөөрний дутагдалд хүргэдэг гол өвчин нь бөөрний түүдгэнцэрийн архаг үрэвсэл гэж хэллээ шүү дээ. Үүний дараа бөөрний тэвшинцэрийн үрэвсэл болон шээсний замын халдвар, уйланхайтах өвчин орно. Сүүлийн үед чихрийн шижин өвчин толгой дараалж бөөрийг гэмтээж байна. Ингэхдээ шээсээр уураг алдах, даралт ихсэх хам шинжээр илэрч байгаа бөгөөд 10-20 жилийн дараа бөөрний дутагдалд хүргэж байна. 

Гол өвчин болох бөөрний түүдгэнцэрийн архаг үрэвслээр ид ажиллаж, хийж бүтээх насны, ялангуяа, эрэгтэй хүмүүс илүү өвчилж байгаа нь үнэн. Түүдгэнцэрийн үрэвсэл дотроо бүтцийн маш олон хэлбэртэй. Аль нь вэ гэдгээс шалтгаалан бөөрний дутагдалд орох тавилан нь янз бүр. Шээсний замын халдвараар хүүхэд гаргах насны, нөхөн үржихүйн эмэгтэйчүүд илүү өвдөх магадалал өндөр. Мөн бага насны эмэгтэй хүүхдүүд энэ өвчнөөр өвчилж байна. Эцэг эхчүүд маань эрүүл ахуйн дадлыг хүүхдэдээ сайн сургаагүйгээс болж буй.

-Ахуйн замаар халдвар авч байна гэж ойлгох уу. Та эцэг эхчүүдэд сэрэмжлүүлэх үүднээс илүү сайн тайлбарлахгүй юу?

-Эцэг эхчүүд хүүхдээ хүндээр бие зассаных нь дараа бөгсийг нь арчиж өгдөг бол яваандаа хүүхдүүд өөрсдөө арчдаг болдог. Энэ үед нь сайн зааж зөвлөөгүйгээс үүдэн хүүхэд өтгөн гардаг сүвнээсээ шээс ялгаруулах сүв рүүгээ арчиж, улмаар шээсний сүвээр дамжуулан бөөр рүү бактери оруулчихдаг. Уг нь бол урдаас хойш нь арчих ёстой шүү дээ. Дээрээс нь охидын бэлэг эрхтэнийг сайн угааж, цэвэрлээгүйгээс бөөрний өвчин тусах эрсдэл нэмэгдэж байна. 

Түүнчлэн улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд бэлгийн замын халдварт өвчин ихсэж буй. Энэ нь шээс дамжуулах замын үрэвсэл гэсэн үг. Шээсний сүвээс давсагаар дамжих заг хүйтэн, тэмбүү, мөөгөнцөр зэрэг халдвар нь давсаг, бөөрийг үрэвсүүлдэг. Гэхдээ зөвхөн бэлгийн замын халдвараас гадна өөр олон төрлийн бактериар үүсгэгдэж, бөөр үрэвсэж байгаа. Залруулахад, түүдгэнцэрийн үрэвсэл бэлгийн замаар халдах нь харьцангуй бага байдаг.

-Амны хөндий, хоолойн өвчнөөс шалтгаалж бөөр үрэвсдэг гэж ойлгодог. Яг зонхилох шалтгаан нөхцөл нь юу вэ?

-Ер нь бөөрийг үрэвсүүлдэг олон хүчин зүйл бий. Тухайлбал, цаг агаарын онцлог байдал. Даваа гарагт дулаан байсан бол мягмар гарагт цочир хүйтэрчихлээ шүү дээ. Ингээд хүмүүс дулаан байна гэсэн ойлголтоор хувцаслаж гараад дороосоо даарч, бөөрөө өвтгөдөг. 

Хоёрдугаарт, амьдралын хэв маяг нөлөөлж байна. Таргалалт, буруу хооллолт, ялангуяа, архи, тамхины хэрэглээ бөөрний өвчнийг даамжруулдаг. Мөн бага залуу байхад авсан суурь өвчнүүд бөөр гэмтээж буй. Үе мөч, хоолой, шүд гээд системийн өвчнүүд үүнд зонхилно. Монгол Улс элэгний өвчлөлөөр дэлхийд тэргүүлдэг. Элгийг гэмтээж буй вирус нь давхар бөөрийг гэмтээдэг учраас элэгний вирусээс үүдэлтэй бөөрний өвчнүүд маш их байх боллоо. Үүсгэгчээс гадна архаг бөөрний үрэвслийг энэ мэт системийн өвчин сэдрээдэг. 

Жишээлбэл, бөөрний архаг өвчтэй хүн намжмал байдалтай байлаа гэхэд нэг удаа даарч, хоолой идээлэхэд үрэвсэл нь сэдэрч, шээсээр уураг алдах нөхцөл байдал үүсдэг. Энэ мэт хүчин зүйл нь үүсгэхээс гадна сэдээгч хүчин зүйл болж байна.

-Түүдгэнцэрийг үрэвсэл 100 хувь эмчлэгддэггүй, тавилангаараа явсаар бөөрний дутагдалд хүргэдэг гэдэг. Удаан хугацаанд намжмал байдалтай байлгахын тулд ямар эмчилгээ хийдэг юм бол?

-Эмчлэгдэхгүй гэж хэлж болохгүй. Түүдгэнцэрийн үрэвслийн дийлэнхийнх нь шалтгаан тодорхой бус байдаг гэж онолын хувьд дэлхийд үздэг. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухаан энэ үрэвслийг бүрэн дүүрэн судалж, ийм шалтгаан нөхцөлийн улмаас үүдэж байна гэж 100 хувь тодорхойлж одоогоор чадаагүй байгаа. Гэхдээ түрүүнд хэлсэнчлэн маш олон тооны морофологийн хэлбэрүүд бий. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Улсын нэгдүгээр төв эмнэлэг бөөрний эдийн шинжилгээ хийж байгаа. 

Эдийн шинжилгээгээр түүдгэнцэрийн тэр олон хэлбэрийн аль нь вэ гэдгийг тогтоож чадвал бүгд эмчилгээний арга зүйтэй байдаг. Заримд нь дархлаа дарангуйлах хүчтэй эм уулгадаг бол, зарим нь бөөр хамгаалж, даралт ихэсгэхгүй байх гэх мэт арга бий. Биобси хийлгэж оношоо бүрэн дүүрэн тогтоовол яг өөрт таарсан эмчилгээгээ хийлгээд явна гэж ойлгох нь зүйтэй. Харин цочмог түүдгэнцэрийн үрэвслийг цаг тухайд нь эмчилбэл эдгэрнэ. Эхний таван жил сэдрээхгүй зөв эмчилбэл эдгэрнэ. Харин ханиад томуу хүрч, хоолойгоо өвтгөн сэдрээж, архагшуулаад байвал төгс эдгэхэд хүндрэлтэй. Эцсийн дүндээ гам, дэглэмээ маш сайн барих хэрэгтэй.

-Биобси буюу эдийн шинжилгээг хийхдээ Улсын нэгдүгээр төв эмнэлэг нэг үзүүлэлтийг нь хардаггүй гэх шүүмжлэл гардаг. Танайх яг ямар үзүүлэлтийг нь дутуу хийдэг юм, 100 хувь шинжлэхийн тулд ямар аппарат нэмэх шаардлагатай байна вэ?

-Гадаадад бөөрний эдийн шинжилгээ хийлгэхэд маш өндөр зардалтай. 10-аад жилийн өмнө Эрхүүд бөөрний биобси хатгах дамжаанд суралцаж байх миний үед зөвхөн хатгуулахад 2000 ам.долларын өртөгтэй байсан. Одоо хэд болсныг мэдэхгүй юм. 

Манайхан БНХАУ болон БНСУ руу их явдаг. Тэндхийн өртөг ОХУ-ынхаас өндөр л байж таарна. Зөвхөн хатгахад 2000 ам.доллар шүү дээ. Үүн дээр нэг хүн дагаж явах шаардлагатай бөгөөд орон байр, тээвэр, эмнэлгийн ор хоног, эм тариа зэрэг зардлыг тооцвол 5-10 мянган ам.доллар болох байх. Харин манай эмнэлэг ямар ч үнэ төлбөргүй эдийн шинжилгээ хийж байгаа. Дэлхийн хэмжээнд биобсиг шинжилдэг гурван арга бий. Нэгдүгээрт, электрон микроскопи, хоёрдугаарт, иммунофлюорос ценци, гуравдугаарт, гэрлийн микроскопийн арга. 

Монгол Улсад гэрлийн болон иммунофлюорос микроскопийн аргаар шинжилж байна. Энэ шинжилгээ оношийн 90 хувийг гаргадаг. Гэхдээ электрон микроскопийн аргаар харахгүй бол онош эргэлзээтэй байх ганц, хоёр тохиолдол гардаг. Энэ үед гадаадад суралцсан багш нартаа хандан оношоо лавладаг. Гэрлийн микроскопи маш өндөр өртөгтэй учраас бид янз бүрийн төсөл бичих замаар авах гэж оролдож байгаа. Уг нь улсын хэмжээнд ганцхан ширхэг байхад л болно. Гэрлийн микроскоп авчихвал эдийн шинжилгээг төгс хийдэг болно.

-Өнөөдөрийн байдлаар хэдэн хүн биобси хийсэн бэ?

-Улсын нэгдүгээр төв эмнэлэг биобси хийгээд дөрвөн жил болж байна. Одоогоор 300 гаруй хүнд эдийн шинжилгээ хийсэн. Бид долоо хоногт 2-3 хүн шинжилж байгаа бөгөөд хариу нь 14 хоногт гардаг. Дахиад хэлэхэд, энэ бол эмчилгээгээ зөв сонгож хийхийн тулд хийгддэг шинжилгээ.

-Бөөрний дутагдалд орж, гемодиализийн аппаратанд орж байгаа хэдэн хүн танай эмнэлэгт байна вэ. Сүүлийн үед хэвлийн диализанд оруулдаг болсон гэж байна. Нэг нь судсаар, нөгөөх нь гуурсаар явдаг бололтой. Энэ хоёр ямар ялгаатай вэ, эмчилгээний хувьд?

-10 жилийн өмнө Улсын нэгдүгээр төв эмнэлэг гурав, дөрөвхөн гемодиализийн аппараттай байсан бол сүүлийн үед төр засгаас энэ тал дээр анхаарсны үр дүнд ихэнх аймаг, дүүрэг гемодиализийн аппараттай боллоо. Дээрээс нь хэвлийн диализ эмчилгээг 2014 оноос манай эмнэлэгт нэвтрүүлсэн. Улсын хэмжээнд 1000 гаруй өвчтөн гемодиализийн аппаратанд, 100 гаруй өвчтөн хэвлийн диализийн эмчилгээнд орж байна. Мөн нийт 600 орчим диализийн аппарат ажиллаж байгаа. 

Манай эмнэлэгт 30 орчим аппарат бий. Одоогоор 20 гаруй нь ажиллаж байна. Үлдсэнийг нь сэлбэхээр зэхэж байна. Гэхдээ бөөрний дутагдалд орсон хүмүүс маш их байгаа учраас аппарат хүрэлцэхгүй байх тал бий. Тиймээс бид хэвлийн диализ эмчилгээг сүүлийн үед эмчилгээндээ нэвтрүүлж байгаа. Энэ хүрээнд төр засагтай зөвшилцөн ирэх жилийг хэвлийн диализийн жил болгон зарлахаар болсон. Бүх аймагт энэ эмчилгээг хийгээд эхэлбэл хүртээмж нэмэгдэж, аппаратанд орж чадахгүй дугаарлаж буй хүмүүс эмчилгээнд ороод явах боломж нээгдэнэ.

Эмчилгээний ялгааны тухайд, улс орон бүрийн бодлого янз бүр байдаг. Зарим улсад хэвлийн диализ зонхилдог бол заримд нь гемодиализийн эмчилгээг илүүд үздэг байх жишээний. Ер нь эхний сонголт хэвлийн диализ байвал сайн гэж номонд заасан. Ингээд хэвлийнхээс гемодиализид шилжиж болдог.

Бөөр шилжүүлэн суулгах хүмүүст хэвлийнхээр орвол илүү үр дүнтэй гэсэн судалгаа гарсан. Хэвлийн диализийг хийхдээ гэдсэнд нь гуурс тавьж, түүгээрээ хоёр литр орчим шингэнийг хэвлийд нь хийж, 3-4 цаг байлгана. Энэ үед хэвлийн гялтан хананы судаснаас хортой бодисыг тухайн уусмал нь физикийн хуулиар татан авч гадагшлуулдаг. Энэ эмчилгээг өдөрт дөрвөн удаа хийдэг. Мөн хэвлийн диализийн автомат диализийн арга гэж бий. Энэ нь электрон жин шиг жижигхэн аппаратан дээр программ сануулчихвал шөнө унтаж байхад нь дээрх процесс явагдана.

Гемодиализ нь, хүний биеэс цусыг нь татан диализийн аппаратанд хийж, хортой бодисыг шүүгээд буцаагаад юүлдэг учраас судсаар хийгддэг. Судсанд хатгадаг зүү нь бүдүүн хэмжээтэй учраас артерийн болон венийн судсыг залгаж оёод, венийн судсыг өргөтгөөд хатгадаг. Нэг орохдоо дөрвөн цагаар долоо хоногт гурван удаа ордог. Энэ нь долоо хоногт гурван удаа эмнэлэг дээр 12 цаг байна гэсэн үг. Хэвлийн диализ нь гэртээ юмуу шөнө хийдгээрээ давуу талтай бөгөөд хажуугаар нь ажил хөдөлмөр эрхлэх боломжтой.

-Үнэ өртөгийн хувьд ямар байдаг вэ?

-Гемодиализ, хэвлийн диализийн үнэ өртөг ойролцоо. Гэхдээ аппарат эвдэрнэ, засвар хийнэ, сэлбэг авна гээд нэмэгдэл зардалтай. Аль ч зардлыг улсаас 100 хувь дааж байна. Бүх зүйл улсын нуруун дээр байгаа учраас аппаратанд орох хүний тоо нэмэгдэх тусам аппаратны хүрэлцээ, түүнтэй холбоотой гарах зардал өснө. Тиймээс уг эмчилгээний зардлыг олон улсын жишигт хүргэхгүй бол бүх зүйлээ улсаар даалгаад байх зовлонтой. Гаднын улсад тодорхой хувийг нь өвчтөн өөрөө даадаг жишигтэй. Алсаа бодвол энэ жишиг рүү ойртох л хэрэгтэй байх.

-Бөөрний өвчний оношийг цус, шээсээр тодохойлж байна уу. Нуруу өвдөж байна гэтэл бөөр нь үрэвссэн хүмүүс байдаг шүү дээ?

-Амбулаторийн үзлэгийн тал хувь нь нурууны өвчинтэй хүмүүс байдаг. Гэхдээ тэр хүмүүст буруу өгч болохгүй. Өвдөж байгаа дээрээ ирж үзүүлээд оношоо тодорхойлж байгаа нь зөв хэрэг. Манайд нурууны өвчтэй хүмүүс маш их байдаг. Шинжилгээний хувьд, шээсний замын халдварыг шээсний ерөнхий болон бактерлогийн шинжилгээгээр гаргадаг. Ингэхдээ, ямар бактериар үүсгэгдсэн байна, түүнийг нь олоод, ямар антибиотикт тэсвэртэй байгааг нь тодорхойлоно. 

Сүүлийн үед антибиотикийн зохисгүй хэрэглээ их болсон. Хүн бүр дуртай эмээ нэг нэгэндээ зөвлөдөг боллоо. Түүнээс болж бактериуд нь эмэнд тэсвэртэй байна. Сүүлийн хоёр жилд жороор өгдөг болсноор хэрэглээг журамлаж байгаа. Энэ нь ганц Монголд биш дэлхий дахинд бактерийн тэсвэртэй чанар яригдаж байгаа. Тиймээс эмийн зүй зохистой хэрэглээ маш чухал.

 Мөн заавал өвдөж байж арга хэмжээ авах бус өвдөхөөс өмнө урьдчилан сэргийлж, дархлаагаа дэмжих нь зөв. Ялангуяа, томчуудад хэлэхэд, үр хүүхдээ бага балчир дээр нь янз бүрийн өвчин эмгэгт ороолгүй сэргийлж байхыг зөвлөмөөр байна. Ханиад томуугаас эхлээд бусад өвчний үүсвэр болж, том болсон хойно нь ганц бөөр биш төрөл бүрийн өвчин илэрч байна.

-Сүүлийн чухал асуулт бол донор болон бөөр шилжүүлэн суулгах мэс засал. Манайд энэ үйл явц ямар түвшинд явж байгаа вэ?

-Эрхтэн шилжүүлэн суулгах нь тусдаа нэг багийн ажил байдаг. Ерөнхийд нь хэлэхэд, бөөр шилжүүлэн суулгах мэс засал маш үр дүнтэй явагдаж байгаа. Энэ мэс заслыг манай эмнэлгийн эрхтэн шилжүүлэн суулгах багийнхан долоо хоног бүр хийж байгаа. Эрхтэн шилжүүлэх үйл явц нь амьд донороос болон тархины үхжилттэй донороос авдаг хоёр аргатай. Манайд голдуу амьд донороос буюу ах дүү, хамаатан садангаас авч байна. Бөөрөө өгөх хүн эрүүл саруул байхын зэрэгцээ шинжилгээгээр бүх зүйл нь таарсан байх ёстой. Мөн ялгаагүй улсаас үнэ төлбөргүй эрхтэн шилжүүлэн суулгадаг. 

Мэдээж, мэс засалд шаардлагатай тариур, эм зэргийг авахад 7-8 сая төгрөгийн зардлыг эмчлүүлэгч гаргадаг. Гадаадад бол энэ мэс засал маш үнэтэй байдаг. Хоёрдугаарх нь тархины үхэлтэй донор байна. Аваар осолд орж, тархи нь ажиллахгүй болсон хүнээс авдаг юм. Нэг тийм хүнээс хоёр бөөр гарахын зэрэгцээ элгийг нь авч болдог. Мөн нойр булчирхайн донор авах чиглэлд ажиллаж байна. Ийм хүмүүс мэр сэр байдаг, гэхдээ маш цөөн. Манай улсад автомашины осол аваар маш их гардаг. Ингээд харвал донор болох хүн олон байж болох хэдий ч манайхан шашин шүтлэгтэй учраас хойчийнхоо биеийг сэвтээхгүй байх үзэлтэй. Уг нь донор болбол маш олон хүнд буян болно.

-Түүдгэнцэрийн үрэвсэлтэй хүний хоёр бөөр хоёул өвчилсөн байдаг уу. Солихоор бол хоёуланг нь сольдог юм уу?

-Түүдгэнцэрийн үрэвсэлтэй байгаад бөөрний дутагдалд орсон хүний хоёр бөөр хоёулаа өвчилсөн байдаг. Ингээд бөөр шилжүүлэн суулгахдаа, гурав дахь бөөрийг өрөвссөн хоёр бөөрөн дээр нэмж суулгадаг юм. Шинэ бөөр тавьж байна гэсэн үг. Гэхдээ ингэж тавьсан бөөр ховхордог. Энэ нь ганц манай улсад биш дэлхий дахинд нийтлэг үзэгдэл байдаг. Гадаадад ховхрохоор нь ахиж суулгадаг.

-Ярилцсанд баярлалаа.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.183.115
    2020/11/03

    Маш их алдаатай бичсэн байна доо.

    Хариулах
  • 66.181.187.33
    2020/11/02

    Баярллаа

    Хариулах
  • 66.181.188.21
    2020/10/23

    Mash todorhoi medeelel ogson bayrlalaap

    Хариулах
  • 202.9.40.127
    2020/10/21

    Д

    Хариулах
  • 202.9.40.86
    2020/10/21

    Тодорохой мэдээлэл сайтай, сайн ярилцлага байна. Урьдчилан сэргийлэх л танд хамгийн чухал зам юм даа.

    Хариулах